Манай дарга нарыг улаан нүүрээрээ улалзтал хэлээд өгөх зоригтон байна уу?

2013/01/09
Share |
Хүмүүс:
Манай дарга нарыг улаан нүүрээрээ улалзтал хэлээд өгөх зоригтон байна уу?

Вэб сайтуудын сэтгэгдлийг хянах шинэ журмыг шинэчлэлийн Засгийн газар гаргажээ. "Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем" гэсэн нэртэй. Энэ журмаар бол иргэн та интернэтэд сэтгэгдэл бичихдээ өөрийн кодтой байх нь. Кодоо авахдаа та гар утсаараа, иргэний бүртгэлээрээ авна. Овог нэр, байр байршил, ургийн овог гээд бүх тайлангаа өгч байж тэр кодыг авна. Тэгээд хэн ч юу ч бичиж болох нь, яаж ч зүхэж доромжилж болох нь. Харин доромжлуулсан, гүтгүүлсэн иргэн цагдаад гомдол гаргавал шалгана. Гар утас, иргэний бүртгэлээр нь хөөж хэн муухай юм бичсэнийг нь илрүүлж хэрэг хэлэлцэнэ, хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ийм системд энэ Засгийн газар шилжиж байгаа юм байна. Энэ бол монголчуудыг могодорлож байгаа хэрэг. Нэг шүүмжлэл бичсэн байхад алив хэн ингэв гээд бичүүлсэн бүхэн ухасхийх нь. Энэ хяналт нь "Манай дарга нарыг улаан нүүрээрээ улалзтал хэлээд өгөх зоригтон байна уу" хэмээн ам асууж байгаатай адил юм.

 

Өнөөдрийн нийгэмд хэн ч улаан нүүрээрээ хэлэхгүй, шүүмжилдэггүй. Яагаад нууц санал хураалт гэж явагддаг юм. Яагаад томилгоо нууц явагддаг юм. Нэрээ нууж шүүмжилнэ гэдэг бол энэ л гэсэн үг. Үүнээс яагаад айгаад байгаа юм бэ. Сэтгэгдэл дотор доромжлох тал бий. Бидний хэн нь ч бичсэн нийтлүүлснийхээ төлөө хараалгаад баймааргүй байдаг. Гэвч сэтгэгдэл байх ёстой гэж үздэг. Сэтгэгдэл доторх хараал зүхлийг техник, технологийн дэвшил шийдлээр шийдэж болно. Хараагаатах, хараасны чинь дараа гар утас, иргэний бүртгэлээр чинь хөөж илрүүлээд шоронд хийчихье гэсэн шийдвэр хэрэггүй. Сэтгэгдэл доторх элдэв муу үгс, наад зах нь тэр нэг п.., я... зэрэг бүх муу үг, үсгүүдийг сэтгэгдэл рүү орж болдоггүй, автоматаар устаад байдаг тийм программыг энэ Засгийн газар хийчих л дээ. Мэдээлэл технологийн чиглэлийн төрийн байгууллагуудаараа зохиолгочих л доо. Тэгээд түүнийгээ Шүүлтүүрийн технологи гэж нэрлээд амьдралд хэрэгжүүлж эхэл. Ингээд л бүх асуудал шийдэгдчихнэ. Хүмүүс сайтад ганцхан хараалгахыг л хүсэхгүй байгаа. Тэрнээс өөр хүсэх юм байхгүй. Ийм шийдвэрийг энэ Засгийн газар гаргах байтал шууд хянах гэнэ. Үүндээ хүрвэл үнэндээ интернэтэд 100 хувь хяналт тавьж чадахгүй. Интернэт аль ч улсын өмч биш. Хяналт тогтооё гэвэл Монгол даяар интернэтийг хаах, нээх Хятад, Хойд Солонгосын дэглэмд шилжинэ гэсэн үг. Регистрийн дугаараар шалгана гэвэл бүх хүний регистрийн дугаар хаа сайгүй бий. Бараг хүн бүхэн нэгнийхээ регистрийг мэднэ. Тиймээс өөр хүний нэр барьж бичих боломж маш их. Эсвэл ард нь зогсч байгаад өнөө кодыг нь цээжилчихнэ.

 

Энэ мэт явдал их өндөр түвшинд, улс төр бизнесийн орчинд явагдвал яана. Монголчуудын нэгэн муу чанар бол нэгнээсээ "Чи намайг тэгж хэлжээ, тэгж ярьжээ, тэгж бичжээ" гээд шууд асуучих зүрх зориггүй, ховын үгээр үг хийдэг, ажил амьдралдаа тусгаж авдаг. Үүн лүгээ нэгнийхээ нэр дээр занал зүхэл бичиж хорлох явдал газар авбал яана. Ийм эрсдэлүүд энэхүү коджуулах аянаас эхэлж мэднэ. Хакерууд гэж хамгийн аюулууд байна. Өнөөдөр технологийн хакеруудыг Америкийн тагнуул, Батлан хамгаалах яам, дэлхийн томоохон банкууд ч дийлэхгүй байна. Дэргэд нь Монголын "Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем" хүүхдийн тоглоом. Монголыг самрах, монголчуудыг хооронд нь дайсагнуулах эхлэл гэж харагдаж байна. Хамгийн аюул нь үүгээрээ шүүмжлэлийг байхгүй болгож байна. Иргэдийн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө болсон сэтгэгдлийг байхгүй болгож байна. Боомилж байна.

 

Бас сайтуудын редакц жинхэнэ ёсоороо ажиллахыг цаг үе шаардсан хэрэг боллоо. Редакц сайн ажиллаагүйгээс болоод доромжилсон нэрийн дор иргэн хүнийг хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх эрхгүй болгож байна. Бүх сайт хувийнх, хувийн өмч. Хувийн хэвлэл мэдээлэл рүү өнгөлзөх оролдлого энэхүү ардчилсан засгийн үед хэд хэд гарлаа. Хувийн хэвлэл мэдээллийг хянах, нийгэмчлэх оролдлогууд ардчилсан Засгийн газрын үед удаа дараа гарч байгаа нь харамсалтай байна. Үүнийг эзэд сонор соргог мэдэрч Үндсэн хуульд заасан өмчтэй байх эрхээ хамгаалах хэрэгтэй болжээ. Хувийн хэвлэл мэдээллийн эзэд бие биенээ дэмжиж, нэгдмэл байх хэрэгтэй байна.

 

Яагаад гэвэл ардчиллын үндэс нь чөлөөт хэвлэл мэдээлэл байдаг. Чөлөөт хэвлэл мэдээллийн үндэс нь хувийн хэвлэл мэдээллүүд байдгийг бид удаа дараа нийгэмд сануулж байгаа билээ. Бидний үлгэр авдаг, загвараа болгодог АНУ-ын Үндсэн хуульд хэвлэл мэдээллийн талаар ганцхан өөрчлөлт оруулсан байдаг. Энэ нь "...хэвлэлийн эрх чөлөө, хувийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг хууль гаргахыг хориглоно" гэсэн заалт юм. Монголд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай ардчиллын баатар Э.Бат-Үүлийн санаачилсан дөрвөн заалттай хууль бий. Энэ хуулийн үр дүнд өнөөдөр Монголд 500 шахам хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэндэлсэн юм. Энэ хууль байхад л хангалттай. Батлаад ганц нэг хонож байгаа сайтуудын сэтгэгдлийг зохицуулах журмын үзэл санааг дарга нар тайлбарлахдаа "Нэрээ нуулгүй, ил тод хэлдэг байлгах гэсэн юм" гэжээ. Яг жинхэнэдээ ил тод хэлдэг сонин, ил тод хэлдэг эрхлэгч, ил тодорхой бичдэг сэтгүүлч ганц хоёрхон байдаг юм. Бусад нь чадахгүй. Тийм учраас далд шүүмжлэхээс өөр аргагүй.

 

Бид "Шар сонин устаж чаралбаа хэвлэлүүд мэндэллээ" гэж сайтуудыг шүүмжилдэг. Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөнд ингэж халдаж байгаа үед бид чаралбаа хэвлэлээ өмгөөлөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл огт шүүмжлэлгүй байснаас нэрээ нуугаад дарга нарыг шүүмжилж байвал нийгэм эрүүлжинэ гэж үзэж байна. Нийгэмд ардчилал хөгжиж байна гэж үзнэ. Засгийн газрын түшмэд одоо ингэх нь л дээ, "Бид нарыг шүүмжилж байгаа хүн алга" гэж. Нэрээ нуух боломжгүй юм чинь хэн ч шүүмжилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нь дарга нар "За тээр, бид нарыг хэн ч шүүмжлэхгүй байна. Бид сайн ажиллаж байгаа хэрэг" гээд алдаа дутагдлаа олж харахгүй цааш явах нь л дээ. Энэ бүхнийг чинь одоо электрон коммунизм байгуулж байна гэхээс өөр юу гэх вэ дээ.

 

П.ХАШЧУЛУУН /ӨДРИЙН СОНИН/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.