Хүмүүс: Х Бадамгэрэл | |
Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж буй "Азийн модель" агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэлтэй уулзаж ярилцлаа.
- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хүн бүхний сэтгэл зүрхэнд тод тодоос үлддэг хүүхэд насны тань тухай яриагаа эхлэе.
- Юуны өмнө Factnews.mn сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би бага байхдаа их даруухан, ичимхий хүүхэд байлаа. Одоогийнх шиг хүнтэй чөлөөтэй ярилцахад асуудал үүсдэг байсан. Намайг ичимхий зангаас минь задлаж өгсөн хүн бол миний ээж. Намайг төгөлдөр хуурын дугуйлан, бүжгийн дугуйлан гээд бүх л дугуйланд явуулсан. Өөрийгөө олж мэдэг гэж явуулсан нь надад маш их үр нөлөө үзүүлсэн болохоор загварын тайзыг сонгосон. Загварын тайз бол миний хамгийн хийх дуртай зүйлүүдийн минь нэг. Загвар надад маш их үр өгөөжөө өгч, зөв талаар нээж өгсөн. Тиймээс миний анхны багш болох Халиунаа болон Сэлэнгэ багш нартаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна.
- Манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач?
- Би аав, ээж, гурван дүүтэйгээ хамт амьдардаг. Манай хоёрдахь дүү маань Америкт сурч байна. Миний хувьд ч гэсэн гэр бүл зохиох ойрхон болсон. Саяхан сүй тавьсан байгаа. Тун удахгүй хурмаа хийж хөөрхөн хүүхэдтэй болох байхаа. Ер нь бол миний өмнө эзэгтэй болох бүх асуудал тулгарч ирсэн. Тиймээс эмэгтэй хүнийхээ үүргийг илүү нухацтай гүйцэтгэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
- Сүйт залуугийнхаа тухай яриач. Хэрхэн танилцаж байв?
- Манай нөхөр "Оюу толгой" компанид ажилдаг. Бас дуучин. Найз залуу маань "Ротаракт" гэсэн залуучуудын байгууллагыг удирддаг. Ерөнхийдөө нийгэмрүүгээ чиглэсэн сайн үйлсийн ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бид биенээ тав зургаан жилийн өмнөөс мэднэ. Гэр бүл болох хэмжээнд тодорхой цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн гэж бодож байгаа. Бид хоёрын үзэл бодол маш сайн нийлдэг. Миний төлөө бүхнийг хийдэг учраас би ханийхаа төлөө бүхнийг хийнэ.
- Найз залуу тань танд хэрхэн хайраа илчилдэг вэ ?
- Манай хүн их романтик хүн л дээ. Дуучин хүн болохоор тэр юм уу аливаа зүйлд их мэдрэмтгий хүлээж авдаг. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй. Одоо ч гэсэн өглөө болгон сэрэхэд баглаа цэцэг бэлгэлдэг. Ямар нэгэн зүйлээр надад гэнэтийн бэлэг барьдаг. Энэ бүхэнд миний сэтгэл догдлож, маш ихээр баярладаг. "Хайр"-аа, "ханиа" олсондоо өөрөөрөө олзуурхаж, омогшиж явдаг шүү.
- Нууц биш бол хэзээ хуримаа хийх вэ?
- Яг тодорхой тов гараагүйй байгаа.хуримаа маш гайхалтайгаар төсөөлдөг шүү. Тэрнээс наана сурахаар бас төлөвлөж байна. Бизнесийн чиглэлээр бид хоёр магистрт суралцахаар бэлдэж байна.
- Айл гэр болж амьдрал зохиох гэж байна. Хэр сайн эзэгтэй хүн болно гэж боддог вэ?
- Эмэгтэй хүн, эхнэр хүн болоод их зүйл сурдаг. Би эмэгтэй хүн байхыг ээжээсээ сурсан. Эзэгтэй хүн болохыг амьдрал зохиогоод тусдаа гарахаараа сурах байх. Одоогоор дутуу дулимаг байгаа ч бүсгүй хүн хүүхэд төрүүүлэхээрээ яг эмэгтэй хүн болдог гэж ярьдаг. Цаг нь ирж байгаа болохоор үүнд бэлтгэлтэй байгаа. Хүүхэд гэдэг чинь амьдралын баялаг болохоор олон хүүхэдтэй болно гэж боддог. Зөв хүмүүжүүлээд бусдад үлгэр дуурайлал болох сайн хүн болж байгааг харах үед эх хүн өөрөөрөө бахархах байх.
- Өөрт чинь ямар залуучууд таалагддаг вэ?
- Миний нөхөр болох хүн ноён нуруутай, боловсролтой ухаалаг эр хүн. Миний тавьж байсан бүх шалгуурт 100 хувь тэнцэж байгаа. Маш өндөр боловсролтой, амьдралын төлөө зорилго тэмүүлэлтэй. Түүнийхээ төлөө тууштай тэмцэгч, хөдөлмөрч. Яг л манай нөхөр шиг л залуучууд таалагддаг. Тиймээс энэ хүний хажууд байгаад урам дэм өгөөд хөгжих дэвжих хүч нь болж өгөхийг хүсдэг. Би өөрөө шаргуу хүн л дээ. Юмыг хойш тавиад залхуураад байгаа хүнийг ер нь ойлгоход хэцүү шүү дээ.
- Загварын тайзанд хэзээ хөл тавьсан бэ?
- 2005 оноос эхэлж загварын тайзнаа хөл тавьж байлаа. Намайг загварын ертөнцрүү урамшуулж өгсөн зүйл бол "Үнсгэлжин" наадам байсан. Тус тэмцээнд ороод түрүүлж, "Үнсгэлжин" охиноор шалгарах тэр үед цаашаа тэмүүлэх урам зоригтой болсон гэх үү дээ. Түүнээс хойш олон ч тэмцээн уралдаанд тасралтгүй орж, өдий зэрэгтэй явж байна.
- Тайзгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж байсан уу?
- Тайзгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж байгаагүй. Загвар бол насан туршийн ажил биш. Би эзэгтэй хүн болох үед мэдээж тайзыг бол тодорхой хэмжээнд орхих болно. Гэхдээ бүр орхино гэсэн үг биш. Хүүхэд төрүүлээд орхилгүй гэр бүлийн ажлаа мөн хажуугаар нь дуртай ажлаа ч амжуулах бизнесээ хийгээд яваад болоод байх гэж бодож байна. Ер нь багаасаа олон ажлыг зэрэг амжлуулаад хийгээд сурчихсан болохоор нэг их хойрголоод байдаггүй.
- Гадаадын дизнайнерын холбооноос өөрт тань загвар өмсөх санал ирдэг үү?
- Монголын моделиуд дэлхийн тайзнаа хүч үзэх цаг бол хэдийнээ болсон. Үзэсгэлэн гоо үзэмж төгөлдөр дээрээс нь бие бялдар, хэл боловсролоороо ч хангалттай түвшинд байдаг. Энэ дээр бардам хэлэхэд монголын моделиуд өөрөө хүсээд зориод хөдөлмөрлөж чадвал гадаадын аль ч агентлагтай холбогдоод ажиллаж болно. Тухайн оронд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг юм байна лээ. Би үүнийг сайн судалсан. Ирээдүйд надад хийнэ, бүтээнэ гэж төлөвлөсөн ажлууд их байгаа.
- Өнөө үеийн бүсгүйчүүд таны бодлоор хэрхэн биеэ зөв авч явж байна вэ ?
- Ер нь аль ч нийгэмд аль ч цагт сайн муу хоёр зүйл дандаа хамт явдаг. Миний бодлоор сайн зүйл арай их байгаасай гэж боддог. Сайн нь илүү болгохын тулд хүнээс тийм их хүч хөдөлмөр шаардахгүй. сэтгэл гаргах л шаардлагатай байдаг. Сэтгэл, цаг зав хөдөлмөр гаргасан байхад тэр хүн бусдад ямар нэгэн шатанд нөлөөлж зөв үлгэр дууриалал үзүүлж эргээд хөдөлмөрийнхөө үр шимийг заавал амсдаг гэж боддог. Манай залуучууд маш мундаг болж байгаа. Эрч хүч, зорилго тэмүүллээр дүүрэн болж байна. Цаг үргэлж тийм байгаасай гэж хүсдэг шүү.
- Тэгвэл эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
- Эмэгтэй хүн гэдэг бол миний бодлоор бусдад дандаа сайн сайхныг түгээж явдаг хүн байгаасай гэж боддог. Эмэгтэй хүний инээмсэглэлийг харсан хүмүүс сайхан зүйлийг боддог байх ч юм уу. Эмэгтэй хүн болгон гайхалтай, давтагдашгүй байдаг. Тиймээс энэ давтагдашгүй сайхан зан чанарыг инээмсэглэлээрээ мөн бусдад үлгэр дуурайлалтай байгаасай гэж хүсдэг.
- Хэр хор шартай вэ?
- Хор шартай шүү. Гэхдээ хэн нэгэнд хар муу санаад байдаггүй. Ямар нэгэн зүйлыг бүтээх гэсэн шаргуу зан чанартай. Зөв өрсөлдөөн заавал байх хэрэгтэй шүү дээ.
- Бадамгэрэлийн "Хобби" юу вэ?
- Зураг зурах дуртай. Ямар нэгэн юмыг хараад дуурайж зурдаг. Яг мэргэжлийн багшаар заалгаж сураагүй болохоор мэдээж дутагдалтай зүйлүүд байгаа. Хэрвээ үүнийгээ цааш хөгжүүлбэл тодорхой хэмжээнд амжилт гаргаж, нууц авьяасаа нээж магадгүй л юм. /инээв/
- Саяхан та кинонд тоглосон байгаа. Цаашдаа кино урлагт хүч үзэх бодол байна уу?
- Жүжигчин гэдэг мэргэжил бол хүнд мэргэжил гэж боддог. Урлагийнхан нарийн мэдрэмжтэй, авьяастай, өндөр эмоцтой хүмүүс байдаг. Би “Валентины захидал” кинонд Бадамгэрэл гэдэг хүнийг киноны дүрээр үлдээх боломж олдсон. Тэр киноноос их зүйл сурсан. Олон найз нөхөдтэй болсон. Сүүлийн үед киноны урилгууд олноор ирж байгаа. Одоохондоо мэргэжлийн жүжигчин биш болохоор тодорхой хэмжээний эмээлтүүд байдаг. Мэргэжлийн хүмүүс нь надаас илүү тоглох байх гээд саналуудыг буцааж байгаа шүү. Одоохондоо ямар нэгэн кинонд тоглох бодол байхгүй байна.
- Бүсгүйчүүд Бадамгэрэлийг ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг эсэхийг сонирхож байгаа байх?
- Надад монголын компаний бүтээгдэхүүн таардаг. Монгол хүний арьсанд тааруулж хийсэн болохоор ч тэгдэг юм уу. Сүүлийн хоёр жил тасралтгүй хэрэглэж байна. Хүний арьс бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болохоор энэ гоё гээд ямар нэгэн үнэтэй гадаадын бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу. Яагаад гэвэл өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүн олсныхоо дараа тухайн бүтээгдэхүүнд дүгнэлт өгөх хэрэгтэй. Миний хувьд "Монос" компаний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг. Яагаад гэвэл миний арьсийг чийгшүүлж, зөөлөн толигор болгодог. Хуурай болохоор тэжээл өгөх шаардлагатай болдог.
- Охид бүсгүйчүүд таргалахаас ихээхэн айдаг. Өөрийн тань үргэлж гоолиг байх нууц юу вэ?
- Миний ээж маш сайхан хүн байдаг. Би ээжийгээ дуурайсан юм болов уу даа. Дээр нь цагаан идээ, жимс ихээр хэрэглэдэг . Арьсанд болон дотор эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Оройд шарсан хуурсан зүйл хэрэглэдэггүй. Харин хоолыг хүссэнээрээ иддэг.
- Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхандаа ихээхэн анхаардаг болсон. Гоо сайхны мэс ажилбарыг хэрхэн хүлээж авдаг вэ?
- Гоо сайхны мэс ажилбарыг дэмжэх юм уу, буруу гэж боддоггүй. Тэр хувь хүний сонирхол, өөрийн мэдэх асуудал. Тиймээс би буруу, зөв гэж хэлмээргүй байна.
- Хүн бүр л бэлэг авах дуртай байдаг. Сэтгэлд тань хоногшисон ямар бэлэг байдаг вэ?
- Ээжийн маань хоёр, гурван сар өөрийн гараар оёж өгсөн хатгамал цахирмаа цэцэг байдаг. Хоёр шувуутай хатгамал нь сайхан хань ижилийг бэлэгдсэн. Тэр бэлгийг маш их бэлгэшээж хадгалдаг. Одоо манай гэрийн хойморьт өлгөөстэй байгаа. Тэр хатгамалаас маш их хайр халуун сэтгэл мэдрэгддэг.
- Олон ажлыг зэрэг хийхээр бухимдаж түйртэх тохиолдол зарим хүнд гардаг. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?
- Би их хатуу хүн л дээ. Ямар нэгэн тохиолдолоор бусдад уурлалаа гэхэд өөртэйгээ ярилцах юмуу, амттай зүйл иднэ. Мөн ээжтэйгээ, хайртай хүнтэйгээ уулзаад тайвширчихдаг. Түүнээс биш тэгж их уурлаад, хорсоод байдаггүй. Амархан уурлаад амархан уур маань гарчихдаг.
- Өнөө үеийн залуучууд шүүмжлэл хүлээж авах дургүй юм шиг санагддаг. Өөрөө шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
- Авдаг шүү. Гэхдээ шүүмжлэлийг яаж илэрхийлж хэлж байгаа нь чухал л даа. Шүүмжлэлийг шууд илэрхийлэх нь мэдээж тааламжгүй шүү дээ. Хүнийг шүүмжилэхэд их учир бий шүү дээ.
- Мөрөөдлөөсөө хуваалцаач?
- Миний мөрөөдөл биелээд яваад байдаг. Хүн том зүйл мөрөөдөх тусам зорилго нь мөн их том байдаг. Тэгэхээр миний дараагийн мөрөөдөл зорилго болж хэрэгжихэд тун ойрхон байгаа. Гэр бүлийнхээ хүнтэй хамтраад нэг зүйл хийхээр төлөвлөсөн.
- Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын тань ажилд өндөр амжилт хүсье.
- Баярлалаа.