Ц.Анандбазар Улсын хөрөнгө шамшигдуулж, жилд 1,5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан уу

2013/02/16
Share |
Хүмүүс:

Азтай гэх юм уу адтай ч гэх юмуу энэ хүний баяжсан түүх их сонин. Ц.Анандбазар 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол групп” гэх компанид анх ажилтанаар орохдоо чухам ямар санаатай орж ирсэнийг нь мэдэхгүй ч төд удалгүй хэний ч дэмжлэггүйгээр, хэний ч зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч нь болчихсон, авах өгөх ёстой мөнгийг нь өөрийн юм шиг гулгуулж байсан гэдэг. Хүний юман дээр хүүдэгнэчихээд хэнэг ч үгүй миний өмч гэж суугаа түүний бузар булхайн талаар “1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан “Сод Монгол” ХХК –ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан”, “Мөн “Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг “Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. “Сод Монгол” ХХК болон “Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн” гэж “Сод Монгол” ХХК-ийн захирал асан Д.Чинзориг мэдэгдэж байсан удаатай.

 

Бүхэл бүтэн компанийнг эзнийх нь дэргэд эзэлж авсан тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвших гээд бараагүй. Монголчуудын заяа нь түшсэн үү эсвэл мунхаг хүний үйлс нь хазайсан уу яг сонгуулийн үеэр шоронд хоригдож таарсанд нь өнөөдөр баярлах хүн цөөнгүй байна. Учир нь өнөөгийн дуулиан болоод байгаа улс төрийн болоод нийгмийн шинж чанартай томоохон гэмт хэрэгт түүний нэр нь холбогдоогүй хэрэг гэж үнэхээр алга. Ямар сайндаа л тэнгэрийн дуу нь холуур өнгөрөх МИАТ-д хүртэл хууль бусаар шатахуун сумлаж, тэдний удирдлагуудтай нийлж хөөрхөөн юм босгосон гэх мэдээлэл тараад байгаа нь үүний томоохон баталгаа. Гэхдээ яг үнэндээ түүний энэ хэрэг Өргөө 2 кино театрын дэргэд үнэхээр шул луйвар юм.  Ц.Анандбазар гээч хүн “Өргөө 2” кино театрын байрыг хууль бусаар авсан гэдэг талаар “жиргэсээр” ирсэн ч харамсалтай яг баттай баримтыг нь  таг нуучихаад байсан юм. Харин манай сайт Ц.Анандбазар гэдэг хүн чухам ямар хүн, энэ хүн улсын өмчийг хэрхэн үнэгүйдүүлж, өөрийн болгож, түүндээ мөнгө угаадгийг нь үнэнээр нь дэлгэх гэж байна.

 

Тэрбээр 2012 оны 1 сарын нэгний өдрийн Дугаар 54/43 Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ гэгчийг Төрийн өмчийн хорооны  ТГ-ын Хангамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд болох Б.Өнөрмаа, Д.Одмаа, Мэдээлэл технологийн үндэсний паркийн дарга Ё.Сүхбаатар, Сод монголын охин компани болох “Нью тур сафарис”-ийг төлөөлж Ц.Алтантөгс нартай байгуулжээ. Төрийн хоёрын хоёр байгууллага оролцсон энэ гэрээ бүхэлдээ хууль бус гээд боддоо. Тэгэхээр Төрийн өмчийн хоёр байгууллагыг мань хүн атгаж чадсан юм чинь, өөрт ашигтай гэрээ байгуулж чадсан гэсэн үг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд тодруулбал Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолд “Төрийн өмчийн ямар нэгэн байрыг түрээслэхдээ ам метрийг нь 18 мянган төгрөгөөс багагүй хөлсөөр түрээслүүлэх тухай” байдаг. Гэтэл хуулийг гуультай нь хамт уландаа гишгэсэн энэ нөхөр дээр дурдсан хууль бус гэрээгээрээ Төрийн өмчийг ам метрийг нь 6 мянган төгрөгөөр түрээслэсэн байх юм. Мэдээлэл технологийн үндэсний парк бол нийслэлийн хамгийн өндөр зэрэглэлийн байрлалтай газар. Тэнд өөр албан байгууллагууд ам метрийг 35-36 мянган төгрөгөөр түрээслэдэг. Тэгтэл нөхөр Ц.Анандбазар зах зээлийн үнээс 6 дахин бага буюу 6 мянган төгрөгөөр түрээслэж байна. Ямар хүний хүүхэд болоод ямар компанийн захирал болоод ийм эрх дарх эдлэж байна вэ?

 

 

Үнэндээ “Содмонгол”-ын Ц.Анандбазар гээч хүн улаан цагаандаа гарсан луйварчин төдийгүй, Төрийн өмчийг шамшигдуулан, үнэгүйдүүлэх маягаар өөрийн болгохоор санаархаж байгаа хүн гэчихэд нэг их хол зөрөхгүй. Орчин үеийн баяжигчид ийнхүү дотроосоо идэж, дотроосоо томордогийн тод жишээ энэ болж байна.

 

Түүгээр ч барахгүй дахин нэг баримт дурдая. Хэрвээ төрийн өмчийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх бол Төрийн өмчийн хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл Сод монголынхон тэр дундаа Ц.Анандбазар гээч хүн төрийн өмчийг дур мэдэн ашиглаж, Мобиком, Юнителд сарын 5,2 сая Броадвайд 3,9 сая, Wendy 2 сая төгрөгөөр түрээслүүлсэн байх юм. Хэрвээ Ц.Анандбазар үүнийг хууль журмын дагуу хийгээгүйгээс хойш бүх төлбөр нь улсад очих ёстой. Эдгээр байгууллагуудын сарын түрээс нийтдээ ойролцоогоор 15 сая төгрөг болно. Гэтэл улсад очих ёстой энэ мөнгөнөөс түрээсийнхээ төлбөрийг төлөөд бусад бүх урсгал зардлаа гаргаад авчихаж байгаа нь шударга ёс мөн үү таминь ээ.

 

 

“Содмонгол” гэдэг компани ямар маапаантай, Ц.Анандбазар гэж хүн ямар хулхины эзэн болохыг та харж байгаа биз. Хэрвээ тэрбээ Төрийн өмчийг хууль ёсоор түрээслэсэн бол зөвхөн энэ байгууллагаас улс жилд 1,5 тэрбум төгрөг олох байсан. Гэтэл энэ мөнгө өнөө маргаашаа харсан хулхины наймаачны гараар орж, дараа дараагийн хуйвалдаан, хууль бус үйлдлийн суурийг нь тавьж байна.

 

 

Энэ бүхний дараа Ц.Анандбазар хэн хэнтэй хуйвалдаж, хууль бус үйлдлүүдийг цэцэглүүлж байна гэх том асуулт гарч ирэх нь дамжиггүй. Ц.Анандбазар бол МАН-ын гишүүн. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд МАН-ын нөлөө бүхий хүмүүс Төрийн толгойд гарч, томхон гэх байгууллагуудыг захирч ирсэн. Тиймдээ ч хуйвалдаан амархан бүтжээ гэх хардлага төрж байгааг нуух юун. Учир нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байсан.

 

Мөн тухайн үед Мэдээлэл технологийн үндэсний паркийн даргаар Ё.Сүхбаатар гэх эрхэм ажиллаж байсан. Эдгээр эрхэмүүд нэг намын үй зайгүй нөхдүүд бөгөөд танилын нүүр халуун гэдэг шиг Төрийн өмчийг танилынхаа доор ийнхүү дэвсч өгсөн байх магадлалтай юм. Дээр нь энэ хэрэгт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нар хамаатай байх өндөр магадлал бий. Учир нь энэхүү хууль бус үйлдлийг үйлдэж байхдаа тэрбээр НИХ-ын тэргүүлэгч байсан бөгөөд энэ гар хөлөөрөө ч Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн байх магадлал байгаа юм. Үүнээс гадна бас нэгэн бас нэгэн асуулт гарч ирж байна. Төрийн өмчийн хороо Өргөө 2 кино театрын талбайг 3948 ам метр гэж гаргачихаад яг гэрээн дээрээ яагаад 1500 ам метр гэж тусгасан юм бол. Тэгэхээр энэ авилгалын сүлжээ юу аль эсвэл ажлаа хийж чадаагүй уньхаагүй төрх үү.  

 

Түүнчлэн “Содмонгол”-ын Ц.Анандбазар “Өргөө 2” кино театрын барилгыг хууль бусаар авсан гэж энд тэндэхийн хэвлэл мэдээллээр багагүй гарч байсан. Гэвч өнөөг хүртэл АТГ болон бусад хууль хяналтынхан шалгахгүй удаж, Ц.Анандбазар мэтийн төрөөс зулгаагсадыг зайлуулахгүй байгаа юм бол. Хороололд байдаг “Өргөө” кино театрыг ч гэсэн энэ далимаар нь шалгах хэрэгтэй. Иргэдийн нүдэн дээр улаан цайм төрийн өмчийг шамшигдуулсан тэрбээр Өргөө кино театрыг ч бас ийм аргаар гартаа оруулсаныг үгүйсгэхгүй. Эцэст нь баттай баримттай нь дэлгэж байгаа энэ нийтлэлийн дараа АТГ-ыхан цочоо авч, даварсан Ц.Анандбазар гэх эрхэмд даруулгыг чангахан шиг өгөх хэрэгтэй байна. Мөн манай сайт “Содмонгол”-ын Ц.Анандбазартай холбоотой өмнө нь хэвлэлээр гарч байсан болоод гарч байгаагүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар цувралаар хүргэх болно.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.