Дизайнер С.Ариунаа “Мерседес Бенз”-ийн шоунд оролцоно

2013/02/25
Share |
Хүмүүс:
Дизайнер С.Ариунаа “Мерседес Бенз”-ийн шоунд оролцоно

“Мерседес Бенз”-ийн загварын долоо хоног жилд хоёр удаа дэлхийн загварын төв болсон хотуудад болдог уламжлалтай. Нью-Йорк, Парис, Милан, Лондон, Токио хотод болдог энэ алдартай шоунд монгол дизайнер оролцож байсан удаагүй. Нью-Йорк хотод болох “Couture fashion week”-д загвар зохион бүтээгч Г.Золцэцэг оролцох гэж байгаа тухай Хэдхэн хоногийн өмнө бид мэдээлсэн.Тэгвэл “Ariunaa Suri” брэндийг үндэслэгч С.Ариунаа гуравдугаар сард Токио хотноо болох “Мерседес Бенз”- ийн загварын долоо хоногт оролцох эрхтэй болсноо өнөөдөр дуулгалаа. Германы Урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн түүнийг хэдэн жилийн өмнө “Говь” ХХК-ийн дизайнераар ажиллаж байсныг мэдэх юм. Мөн Германы алдарт загвар зохион бүтээгч Эвелин Брэндтэй хамтран ажиллаж байснаар нь түүний чадварыг үнэлдэг. Өдгөө тэрбээр “Ariunaa Suri” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Германд худалдаж багагүй амжилт олоод буй. Алдартай брэндийн бүтээгдэ хүүнийг танилцуулдаг учраас “Мерседес Бенз”- ийн шоунд шинэ брэнд, загвар зохион бүтээгчид оролцох нь ховор.Харин С.Ариунаа хийсэн бүтээснээ зохион байгуулагчдад нь танилцуулснаар гуравдугаар сарын 18-22-нд болох загварын шоунд оролцож, ирэх өвлийн өнгө төрхийг тодорхойлсон нэг коллекцоо танилцуулах эрхтэй болсон байна. Загвар зохион бүтээгч 20 хүнтэй баг бүрдүүлэн оролцохоор өнгөрсөн намраас ажлаа эхэлсэн юм билээ. Загварын долоо хоногт оролцох эрхээ хагас сарын өмнө хүлээн авчээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!