Салсан эхнэрээ буудалд оруулаад боомилж алсан аймшигт хэрэг гарлаа

2013/02/28
Share |
Хүмүүс:
Салсан эхнэрээ буудалд оруулаад боомилж алсан аймшигт хэрэг гарлаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Саппорогийн автобусны буудлын ойролцоо байрлах “Өгөөмөр Алтай” зочид буудалд энэ сарын 25-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Нэгэн залуу салсан эхнэрийнхээ амь насанд хүрсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Мэдээллийн дагуу дээрх зочид буудалд юу болсон талаар тодруулахаар хэргийн газрыг зорилоо. Биднийг очих үед тус зочид буудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байв. Хаалгаар ороход үйлчлэгч эмэгтэй угтан авч шууд л “Хэдүүлээ явж байгаа юм. Өрөө байгаа” хэмээн үнийн саналаа хэлэх аж. Буудлын үйлчлэгч эмэгтэйгээс “Энд хүн амины хэрэг гарсан юм уу” хэмээн тулгаж асуулаа. Тэгсэн “Би мэдэхгүй. Миний гараан дээр тийм зүйл болоогүй” хэмээн сандарсан байдалтай хариулав. Улмаар зочид буудлын эзэн гэх эмэгтэйтэй уулзахыг санал болголоо. Ингээд бид буудлын захиралтай уулзав. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар яривал буудлын үйл ажиллагаанд саад болно” гэдгийг онцолж, мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Өгөөмөр Алтай” зочид буудалд өнгөрсөн даваа гаригийн орой  буюу 18.25 цагт 30 гаруй насны болов уу гэмээр эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирэн, буудлын үйлчлэгчээс “Өрөө байна уу” хэмээн асуусан аж. Тэд зочид буудлын өрөөнд орохдоо гялгар ууттай юм барьсан байжээ. Үйлчлэгчийн хэлж буйгаар ундаа, архи зэрэг байсан гэнэ. Буудлын үйлчлэгч журмын дагуу бичиг баримтаа шалгуулахыг сануулжээ. Гэтэл халаас, цүнхээ уудалж зогссоноо “Эргэж гарч ирээд бичиг баримтаа өгье” гээд регистр, овог нэрээ бичүүлсэн байна. Ийн өрөө рүүгээ оржээ.

Төд удалгүй буюу 20 гаруй минутын дараа нөгөө залуу нэлээн яарсан шинжтэй гарч иржээ. Буудлын хүлээн авагч бичиг баримтаа өгөхийг сануулахад үйлчлүүлэгч залуу ихэд уурлаж “Надад байна. Та нарт өгөх ёстой юм уу. Өгөхгүй” гэх зэргээр хэрэлдэж байснаа гараад гүйсэн агаад эргэж орж ирээгүй байна. Харин түүнтэй хамт орсон эмэгтэй өрөөнөөсөө огт гарч ирээгүй байна.

Ингээд буудлын үйлчлэгч, хамгаалагч нар түүний буй өрөөнд ороход эмэгтэй шалан дээр хэвтэж байжээ. Буудлынхан бүсгүйн амиа алдсаныг мэдэж цагдаад дуудлага өгч, цагдаа нар хэрэг гарсан өрөөг цагдаа нар битүүмжилсэн байна. Шүүх эмнлэгийн урьдчилсан дүгнэлтээр талийгаач эмэгтэйн үхлийн шалтгааныг “боолгуулж амиа алдсан” хэмээн тогтоожээ.

Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэгт түүнтэй хамт зочид буудлын өрөөнд орсон залууг сэжиглэн хэрэг гарсны маргааш гэрээс нь баривчилжээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач эмэгтэй хэрэгт сэжиглэгдэж буй залуу хоёр гэр бүлийн хоёр бололтой. Гэхдээ өнгөрсөн жилээс тус тусдаа амьдардаг болжээ. Тэд хүүхэдтэй гэх мэдээлэл ч байна.

Сэжигтэн этгээд мэдүүлэхдээ “Бид хоёрын дунд үл ойлголцох байдал үүсээд удаж байна. Үүнээс болж хэрэлдэж байгаад салсан. Хэрэг гарсан өдөр эвлэрээд зочид буудалд орсон. Тэгээд өрөөнд орчихоод уурлаад байхаар нь муудалцаад гарсан. Гэтэл амиа хорлосон байна лээ” гэжээ.

Харин хэд хэдэн удаа мөрдөн байцаасны эцэст “Түүнийг ороолтоор нь боосон чинь ухаан алдчихсан. Тэгэхээр нь айгаад гараад гүйсэн. Санаандгүй зүйл болчихлоо” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ. Эх сурвалж  эл хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нарын хэлж буйгаар тэд буудал руу авч орсон архиа талд нь ортол уусан байсан гэнэ.

Эх сурвалж:Мэдээ.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.