Хүмүүс: Батчулуун Маралжингоо | |
Анх “Номин , талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, дуучин К.Номинжин нарын хамт “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг дуулж олны танил болсон хүн бол Б.Маралжингоо.
“Натур саундс” дуулаачийн дамжаанд суралцаж, улмаар дуучин Б.Дашдондогийн тусламжтайгаар урлагийн ертөнцөд хөл тавьж байсан 17-хон настай авьяаслаг охин тухайн үед багагүй шүүмжлэлийг хүлээсэн нь нууц биш. Хоолойны цар сайтай хэмээн рок попын “акул”-уудад үнэлэгдсэн дуучин Б.Маралжингоо тухайн үед багагүй махлаг биетэй байсны дээр стиль имиж муутай гэгдэж явсан. Гэвч “В” продакшинд харьяалагдаж, хэсэг хугацаанд нам гүм амьдарсан тэрбээр аэробек, фитнессээр уйгагүй хичээллэж илүүдэл жингээ хассан төдийгүй гоо сайхны мэс заслын ачаар хэний ч санаанд оромгүй царайлаг бүсгүй болж хувирсан гэдэг. Гоолиг бие галбир, гоо сайхныг нь харсан залуус шүүрс алдаж “Нугасны , муухай дэгдээхэй хун боллоо” хэмээн шивэр авир хийлцэж, энэ хэрээр түүний нэр хүнд суга өссөн гэхэд хилсдүүлсэн болохгүй биз.
Нэвсгэр хувцастай бүдүүн охин энхрий ялдам үзэсгэлэнт бүсгүй болтлоо өөрчлөгдсөнд хэн хүнгүй гайхаж байсан ч дуучин Б.Маралжингоо энэ бүхэнд төдийлөн ач холбогдол өгөөгүй. Тэгтэл саяхнаас дуучин бүсгүй хөлд хүндтэй болсон талаар фенүүд нь шуугиж эхэллээ. “Гэр бүл байтугай, найз залуутай болох эсэхээ ч бодож амжаагүй байна. Би хар нялхаараа байна шүү дээ” хэмээн учирлаж явсан Б.Маралжингоо хэзээ мөдгүй ээж болох гэж байгаа юм байх. Сүүлийн үед жин нэмж, эрс таргалсан дуучныг хараад “Хуучных шигээ бүдүүн болох нь” гэж ирээд л жиг жуг хийлцсэн хүмүүс саяхан зохиогдсон хэд хэдэн арга хэмжээ, тоглолтыг нь үзсэнээс хойш бодлоо өөрчилж орхисон бололтой. Ихэвчлэн бариу шорт, даашинзаар гангарч олны өмнө гарах дуртай дуучин бүсгүйн гэдэс нэлээд томорч, нүүр нь сэвхтсэн учир ийнхүү түүнийг хөл хүндтэй болсон гэх хардлагыг төрүүлжээ. Уг мэдээллийг лавлахыг хичээсэн боловч тэрбээр олны нүднээс далд байхыг хичээж, амарч тухлахыг илүүд үзэж байгаа гэнэ. Юутай ч дуучин Б.Маралжингоо хөл хүндтэй болсон уу, аль эсвэл жин нэмсэн үү гэдэг нь таамаг хэвээр үлдлээ.