Б.Анужин: Дуучин хүн тайзан дээр муухай харагдах ёсгүй
2020/06/30
Share |

Үзэгчдийн шимтэн үзэх дуртай “The Voice of Mongolia” шоуны энэ улирлын дугаарын шилдэг оролцогч Бат-Эрдэнийн Анужинтай ярилцлаа. Тэрбээр 2017 онд “Universe Best Songs” шоунд оролцож тэргүүн байрыг хүртэж байсан авьяаслаг оролцогч юм. Нандин нугалаа, торгомсог өнгө, чадалтай хоолойтой дуучин бүсгүй маань “The Voice of Mongolia” шоуны монгол дууны шатанд “Хөдөөгийн сайхан талд зорино” дууг дуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн билээ. Залуу уран бүтээлчийн цаашдын зорилго, хүсэл эрмэлзлэлийг хамтдаа сонирхоцгооё.


-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлье. Айлын хэд дэх хүүхэд вэ, ер нь багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Би айлын том, нэг эрэгтэй дүүтэй. Арван жилд сурагч насаа завгүй өнгөрүүлсэн. Урлагийн хүн болно гэж бодож байгаагүй ч, урлагт хамаатай хүн болно, мундаг дуучин болох юм сан гэж боддог байсан. Багадаа даруухан хүүхэд байлаа.

-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-15 настайдаа би Бээжин хотноо “Усан шоо” гэдэг нэртэй тэмцээнд орж байсан. Тэр тэмцээнд шилдэгт ороод маш их урам авсан. Энэ тэмцээнээс хойш би өөрийгөө хөгжүүлээд явах ёстой юм байна гэдгээ ойлгосон гэх үү дээ.

-Дуу хөгжим таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?

-Хүн хийж чаддаг зүйлтэй байна гэдэг гоё шүү дээ. Миний хувьд хамгийн сайн хийж чадах зүйл бол дуулах юм. Би энэ зүйлээс л аз жаргал, эрч хүч, эрх чөлөөг мэдэрдэг. Дуу дуулж байх үедээ би ийм зүйл хийх хэрэгтэй, үүнийг ингэх ёстой, би илүү хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авдаг. Тэгэхээр дуу хөгжим гэдэг миний хувьд амьдралын минь хамгийн гол хэсгүүдийн нэг. Одоо дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй байх аа.

-Яагаад “The Voice of Mongolia” шоунд оролцохоор шийдсэн бэ? Орох болсон шалтгаан нь юу вэ?

-Би “Voice” шоуны эхний улирлын хаалттай шалгаруулалтад оролцсон. Тэнцсэн эсвэл тэнцээгүй гэдгийг хэдэн сарын турш залгаж мэдэгдээгүй учраас яахаа мэдэхгүй байсан. Гэхдээ тухайн үед “Universe Best Songs” шоуны шалгаруулалт нь явагдаж байсан. 2017 оны тавдугаар сарын 31-нд “Universe Best Songs” тэмцээнд түрүүлсний маргааш өглөө нь “Voice” шоунаас "Чи тэнцчихлээ, ирээд тэмцээндээ оролцоорой" гээд ярьсан. Тэр үед би яалт ч үгүй нэг тэмцээнд оролцоод түрүүлчихсэн учраас одоо болохгүй байх гэдэг зүйлийг бодсон. Тийм болохоор орж чадаагүй нэг жил өнжсөн. Дахиад өөр гоё тэмцээнд орохыг маш их хүссэн учраас шаргуу бэлдэж эхэлсэн. “Voice” шоу намайг илүү туршлагатай, өөртөө илүү итгэлтэй, шинэ дүр төрх буюу арай өөр Анужинг бий болгоход тусалсан.

-Тэмцээн, уралдаанд оролцож байгаа хүн өөрийгөө нээх, тэмцээний ялагч болох зорилго тээж ордог шүү дээ. Таны хувьд энэ тэмцээнд ямар зорилго тавьж орсон бэ?

-Тэмцээнд оролцсоноор хүмүүс намайг үзээд  Анужин гэж яг ийм охин юм байна, ингэж дуулдаг юм байна гэдгийг олон хүнд мэдүүлэхийг хүссэн. Би 17 настай байх үедээ өөрийгөө хүмүүст сайн таниулж чадаагүй гэж боддог. Дөнгөж дуулж эхэлж байгаа хүүхэд л “Universe Best Songs” шоунд орж байсан. Түрүүлнэ гэж ерөөсөө бодоогүй. Хүмүүс “Universe Best Songs” шоунд орчихоод “Voice” шоунд орлоо гэж жоохон шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайн үед надад би хөгжих ёстой гэдэг зүйл л бодогдож байсан. Зүгээр л би дуртай зүйлийнхээ төлөө оргилд нь хүртэл зүтгэхийг хичээдэг. Монголын дээр үеийн том том дуучид 10, 20-н жил хөдөлмөрлөж байж олонд танигдах юм уу, нэг дуу нь хит болж байж л танигддаг байсан. Харин “Voice” шоу болон том том тэмцээнүүд Монголд зохиогдож эхэлснээр олонд танигдах илүү хялбар болсон юм шиг санагддаг.

-“The Voice of Mongolia” шоунд оролцсоноор юу сурч, ямар, ямар туршлага хуримтлуулж авсан бэ?

-Энэ шоунд оролцсоноор цаг баримтлах, хүмүүстэй харилцах харилцаа болон камертай яаж харьцах, урлагийн хүн ямар байх ёстой гэх мэт нандин зүйлсийг сурч авсан. “Voice” шоуны бүх зүйл, зохион байгуулалт нь яг мэргэжлийн түвшинд явагддаг. Урлагийн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүнд бүх зүйлийг нь эхнээс нь зааж, чиглүүлж өгдөг. Энэ  шоунаас гадна Д.Болд шүүгчээсээ маш их зүйлийг сурсан. Урлагийн хүнд байх ёстой бүх зүйл, бүх чанар Д.Болд шүүгчид маань байдаг.

-Эхний шатанд дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэсэн шүү дээ. Яагаад Д.Болд шүүгч, дасгалжуулагчийг сонгосон бэ?

-Би Д.Болд шүүгчийг багаасаа сонсож өссөн. Том болоод яг Д.Болд шүүгч шиг мундаг дуучин болохыг хүсдэг байсан учраас сонгосон. Нөгөө гурван шүүгч маань үнэхээр мундаг хүмүүс, болдог бол бүгдэнтэй нь хамтрахыг хүссэн.

-Та өмнө нь “Universe best songs” шоуны 2017 оны Гранпри шагналыг хүртсэн. Ялагч болсон нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

-17 нас хүрэхийнхээ өмнө түрүүлсэн болохоор би 16 нас гэж ярих дуртай. “Universe Best Songs” шоунд оролцохыг маш их хүссэн. Хүсэн хүлээсэн тэмцээндээ ороод түрүүлнэ гэдэг маш гоё, түрүүлсэндээ маш их баярлаж байсан. Түрүүлсний дараа хүмүүс намайг шагналаа авсан гэж боддог. Гэхдээ би өнөөдрийг хүртэл аваагүй. 500.000.000 төгрөгтэй тэнцэх "Продюсингийн эрх" болон гадагшаа сургуульд явах байсан. Яг үнэнийг хэлэхэд “Universe Best Songs” шоунд маш их хайртай, 16 настай, 11 дүгээр ангидаа бусдын чадаагүйг өөрийнхөө хэмжээнд чадаж түрүүлсэндээ өөрөөрөө маш их бахархдаг. Гэхдээ ганц юм нь шагналаа авж чадаагүйдээ сэтгэл дундуур байдаг. Тийм болохоор хүмүүс “Universe best songs” шоунд орчихоод “Voice” шоунд яагаад орж байгаа юм бол гэдэг. Ер нь бол “Universe best songs” шоун дээр бол хүмүүс намайг үнэлж харж чадаагүй. Миний зарим бичлэгнүүд чанаргүй орсон байсан. Тэрнээс болоод хүмүүс намайг янз бүрээр хүлээж авдаг болсон. “Voice” шоунд орсны дараах Анужин арай өөр түвшинд очсон, арай илүү бодлоготой болсон. Тэр шоунаас шагнал хүлээх биш би өөрөө хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. “Universe best songs” шоунаас ч, “Voice” шоунаас ч маш олон зүйлийг сурч авсан. Залуу байгаа дээрээ тэмцээнд орж өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь залуу насны хамгийн чухал дурсамж болж үлдэнэ гэдэг утгаараа би тэмцээнд орох дуртай. Хэрвээ дахиад нэг тэмцээн гараад ирэх юм бол орж ч магадгүй.

-Ямар мэргэжилтэй болохоор суралцаж байгаа вэ. Яагаад энэ мэргэжлээ сонгосон бэ?

-“Рояаль” Олон Улсын Дээд сургуулийн бизнесийн удирдлагаар суралцдаг. Одоо гуравдугаар курсийн оюутан. Бизнес өөрөө хөрвөх чадвартай хослодог мэргэжил учраас энэ мэргэжлээ сонгож байсан. Дээрээс нь өөрөө өөрийнхөө маркетингийг тухайн дуучин хийх ёстой гэж боддог. Гадаад хүмүүс од болох ч юм уу, урлагийн хүн болоход заавал хажууд нь менежер байдаг. Монголд болохоор ийм зүйл цөөхөн байдаг. Ялангуяа одоо үед гарж ирэх гэж байгаа залуучууд, охидууд яг яахаа мэддэггүй, чиглүүлж өгөх компани, энтертайнмент байдаггүй. Тийм болохоор надад хэрэгтэй зүйл нь маркетинг, бизнес юм байна гэдгийг би олж харсан. Монголын зах зээлд хоёр ажил хийхгүй л бол болдоггүй. Тэгээд би бизнесээ ч хийнэ, дуугаа ч дуулна. Ер нь бол энэ хоёрыг хослуулж явна.

-Амьдрал дээр болон уран бүтээл дээр таны үлгэр, жишээ авдаг хүн тань хэн бэ?

-Би хүмүүжлийн тал дээр аав, ээж хоёроосоо үлгэр жишээ авдаг. Гэр бүлтэйгээ чөлөөтэй, нээлттэй харилцаж чаддаг. Харин “Voice” шоунд орсноосоо хойш дөрвөн шүүгчээсээ хувь хүн болон урлагийн тал дээр үлгэр жишээ авдаг болсон. Үлгэр жишээ авдаг ганц хүн гэхээсээ илүү хүн болгоны зан чанараас сайн сайхан зүйлсийг нь суралцахыг эрмэлздэг. Хүн болгон л өөр өөрсдийн болон хэн нэгний хувьд мундаг хүн нь байдаг шүү дээ.

-Хүн болгонд өөр өөрсдийн гэсэн урам зориг, мотиваци авдаг зүйл байдаг. Та юунаас урам зориг авдаг вэ?

-Урам зоригоо дэлхийн алдартай дуучдаас авдаг. Бейонсе, Уитни Хьюстон гэх мэт олон хөдөлмөрч, алдартай дуучдыг багаасаа шүтэж өссөн. Урлагийн хүмүүсийн туулсан амьдралыг судлах, дуучдын тухай баримтат кино үзэх сонирхолтой байдаг. Ер нь бол уран бүтээлч хүн завгүй, хөдөлмөрч, бөгөөд тууштай байж, хийж бүтээсэн зүйлээсээ урам зориг авдаг байвал гоё. 

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?

-Чөлөөт цагаа аль болох найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Гэхдээ надад тийм ч их чөлөөт цаг, зав гараад байдаггүй. Арван жилд байхдаа хүртэл өдөрт гурваас дөрвөн ажил амжуулдаг байсан болохоор найзуудтайгаа уулзах цаг гардаггүй байсан. Ер нь чөлөөт цаг гарвал хааяа өөртөө зориулахыг хичээж байгаа.

-Шантармаар, хэцүү үе амьдралд тохиолддог. Энэ үедээ юу хийж, хэрхэн давж гардаг вэ?

-Би гаднаасаа ширүүн харагддаг ч дотроо бол зөөлхөн хүн. Мөн би өөрийгөө тууштай, хичээнгүй хүн гэж боддог. Хийж байгаа зүйлийнхээ заавал эцсийг нь үздэг. Хэцүү үедээ би мөрөөдөл, ирээдүйгээ бодох дуртай. Би иймхэн зүйлд шантраад яах вэ дээ, надад дахиад зөндөө зам байгаа, энэ чинь дөнгөж эхлэл шүү дээ гэж боддог. Хүн ер нь шантармаар хэцүү үедээ мөрөөдлөө бодвол илүү дээр болох байх. Миний зорилго юу билээ, би юу хийх гэж байгаа билээ гэх мэт асуултыг өөрөөсөө мөн асуугаад үзэх хэрэгтэй.

-Анужин тайзан дээр олон янз хувирч чаддаг. Дан ганц дуулахаас эхлээд жүжиглэх, бүжиглэх, биеэ авч явах байдал нь төгс харагддаг шүү?

-Баярлалаа. Урлагийн хүн бүх зүйлийг чаддаг байх ёстой. Тийм учраас дуу хоолой, бие цогцос, гадаад үзэмж, гоо сайхан гээд бүхий л зүйлдээ цаг гаргаж хөдөлмөрлөж байна даа. Дуучин хүн тайзан дээр муухай харагдах ёсгүй. Би хүмүүстэй сайхан харилцаж, гаднаасаа ч, дотроосоо ч  сайхан энергийг түгээхийг хүсдэг.
 

-“Voice” шоугаар хүмүүс илүү их мэддэг, таньдаг болсон байх. Сөрөг сэтгэгдэл хэр их ирж байна вэ? Ер нь сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Сүүлийн үед сөрөг сэтгэгдэл гэхээсээ илүү эерэг, сайхан сэтгэгдлүүд их ирж байгаа. Анх гарж байхад бол хүмүүс миний талаар аль аль талаас нь ярих байх гэж бодож байсан. Тийм болохоор өөрийгөө бэлдэж орсон. Ер нь сөрөг сэтгэгдлүүдийг өөр дээрээ тусгаж авдаггүй. Аль болох энгийнээр хүлээж авахыг хичээдэг. Тэр хүмүүс бичиж л байг. Угаасаа хүн болгон сайнтай, муутай. Бүх хүмүүс л муулуулдаг шүү дээ. Нэгэнт урлагт гарж л байгаа бол сайн, мууг даах, ялгах чадвартай байх ёстой.

-Амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой алхам?

-Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг бөгөөд хамгийн зоригтой шийдвэр маань “Voice” шоунд орсон нь байсан. Том шоунд орчихвол хүмүүс намайг ингээд ярьчих болов уу гэдэг ч юм уу тиймэрхүү айдастай байсан. Айдсаа ялж “Voice” шоунд оролцсондоо баяртай байгаа.

-Ирээдүйд заавал биелүүлэхийг хүсч байгаа зорилго?

-Ирээдүйд заавал маш том дуучин болж, урлагт маш хүчтэйгээр гарч ирэхийг хүсэж байгаа. Миний залхууралгүйгээр хийж чаддаг ганц зүйл дуулах. Тийм болохоор дуучих болох дээрээ илүү төвлөрч ажиллаж байгаа.

-Залуу байгаа дээрээ хийхийг хүссэн зүйл байна уу?

-Тууштай зорилгынхоо төлөө хөдөлмөрлөхийн хажуугаар залуу насаа дурсамжтай өнгөрөөмөөр байна. Залуу байгаа дээрээ л хөгжилдөхгүй бол сүүлд нь харамсах юм шиг санагддаг.

-Арван жилийн дараах Анужин ямар байх бол?

-Ямартай ч Азид танигдсан дуучин болчихсон байх гэж бодож байна.

-Сонсогч, дэмжигч, үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ? Зөвлөгөө өгвөл?

-Тууштай бөгөөд зоригтой байгаарай. Залуу байгаа дээрээ, өсвөр насан дээрээ өөрийнхөө мөрөөдлийг олж, түүнийхээ төлөө тууштай, хичээнгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Чи хэр том мөрөөднө, тэр чинээгээрээ мөрөөдөл чинь чамд биелэж ирнэ гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр шантралгүй мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл угаасаа биелдэг. Би бол тэмдэглэлийн дэвтэр хөтлөх дуртай. Тэмдэглэлийн дэвтэрт өөрийнхөө мөрөөдлийг бичээд эсвэл зураад тэмдэглэж үлдээгээрэй. Дараа нь тэр тэмдэглэлийн дэвтэрүүдээ уншихад мөрөөдлийн чинь дор хаяж 50 хувь нь биелсэн байх магадлалтай байдаг шүү.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Siha guunia mana guunia
2020-07-01 13:10:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.