УИХ-ын намрын чуулган өчигдөр хаалтаа хийлээ. Гишүүдийн олонх нь хийсэн ажил, батлагдсан хууль тогтоомжуудын ололтой талыг иргэдэд тайлбарлаж, тайлагнаж байна. Тэдний дотроос нэг гишүүн нэлээн учраа олохгүй яваа бололтой шүү. Тэр хүн бол УИХ-ын гишүүн П.Анужин.
П.Анужин “ар араасаа “үйлдвэрлэгдэн” гарч буй энэ олон хууль хүмүүсийн амьдралд сайн нөлөө үзүүлж чадаж байна уу? Хуулиуд мөн чанараараа хэрэгжиж, хуулийн засаглал хүн бүрт ижил тэгш үйлчилж байна уу? Ийм асуултуудад сайн хариулт олдохгүй байна” гэв. Хууль санаачилж, батлалцаж байгаа түшээд нь хуулиудаа ч ялгаж салгахгүй, хэрэгтэй хэрэггүйг нь мэдэхгүй сууна гэхээр харамсалтай ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.
Харин өөрийнх нь хувьд сурагчдын хоол үйлдвэрлэлийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж, Оюу Толгой, Эм эмнэлэгийн тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зэрэг чухал ажлын хэсэг, түр хороонд орж ажилласан юмдаг уу даа. Ямартаа ч өөрийнхөө орж ажилласан хуулиудыг тодорхой үр дүнд хүрсэн л гэж авч байна.
Мөн П.Анужингийн хүрээллийн сонгогчид УИХ-ын гишүүдээс дээвэр засаж, зам тавихыг биш, харин амьдралын чанарыг дээшлүүлэх өөдтэйхэн хуулиудыг л шаарддаг гэнэ шүү.
М.АНХ-ЭНХ