Э.Бат-Үүлийг улс төрийн хилс хэрэгт ялласан хэмээн хүү Б.Чулуудай нь НҮБ-д хандаад байгаа. Түүний НҮБ-д хандсан хүсэлтээс харахад шүүх хэт нэг талыг барьсан гэдгийг онцолжээ. Тодруулбал, тэрбээр “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан үүргээ мөрдөгч, прокурорууд огт хэрэгжүүлээгүй. Хавтаст хэрэгт зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж, хэт нэг талыг баримталсан мөрдөн байцаах ажиллагаа явуулсны улмаас цагаатгах нотлох баримтууд бүрэн орхигдож, улмаар шүүхээс хэргийн үйл явдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож, үнэн мөнийг дэнсэлж чадаагүй ” хэмээжээ.
Түүнээс гадна “Миний аав Э.Бат-Үүл нь 2020 оны намар мориноос унаж, нуруугаа хугалж гэмтээсэн. Өнгөрсөн хугацаанд байнгын эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байсан. Энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж, нотлох баримтууд эмнэлгийн магадлагааг өгсөн. Гэвч түүнийг үл хэрэгсэж хорьсон. Үүнээс үүдэн түүний эрүүл мэндийн байдал муудаж, биед нь сөрөг үр дагавар гарч болзошгүй төдийгүй амь насанд нь аюул учрахгүй гэх баталгаагүй байна” гэв
М.АНХ-ЭНХ