Жүжигчин Ц.Ганзориг 3-5 жилийн ял сонсох болж, 'Маск'-ын ах нар нь нүүр буруулав

2008/05/13
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ц.Ганзориг 3-5 жилийн ял сонсох болж, 'Маск'-ын ах нар нь нүүр буруулав

Өмнө нь олны танил улс төрчид, бизнесмэнүүдээс "аавынд" ороод гарсан тохиолдлууд цөөнгүй. Харин урлагийнханы тухайд орлоо, барилаа гэсэн юм нэг их дуулддаггүй байсан ч, тэр цаг ард хоцорчээ. Өнөөдөр рок попын нэр сүртэй уран бүтээлчээс, хип хопын сөөсгөр пацаанууд ч хэд хэдээрээ тэнд байгаа. Тэгвэл тэндэх урлагийнхан улам бүр хүрээллээ өргөтгөж, хошин шогийнхон хүртэл нэмэгдээд авав. Тэр нь өнөөх "Овжин охид"-ын Сампилын дүрээр овоо танигдсан залуу жүжигчин Ц.Ганзориг. Түүнийг дөрөв хоногийн өмнө Ганц худагт хорьсон байгаа. Хэдийгээр зарим нэгэн хэвлэлд жүжиг Ц.Ганзориг продакшныхаа шинэ залуу жүжигчин Чулуунцэцэг гэгчийг бүлэглэн зодож танхайрсан гэж байгаа ч тийм биш аж. Үнэндээ бол энэ оны 2 дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 12 цагийн үед "Маск" продакшны жүжигчин Л.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, Чулуунцэцэг нар Кино үйлдвэрээс хальс авах зорилготой явж байсан аж. Тэгээд машинтайгаа Кино үйлдвэрийн урд ирж зогсоход нь хажууд нь шар өнгийн такси зогсож байсан аж. Таксин дотроос гурван эмэгтэй гарч ирэхдээ машиныхаа хаалгаар Л.Эрдэнэзааны машины хаалгыг хүчтэй цохиж, түүнээс нь асуудал эхэлжээ. Жүжигчдийн зүгээс хаалга үүдээ аятайхан хаасангүй гэхэд Я, Б, Б нарын гурван эмэгтэй өөдөөс нь сөргөсөн үг хэлжээ. Тэдний бие бие рүүгээ шидэлцсэн таагүй үгс нь зодооныг эхлүүлэхэд хүргэж, улмаар жүжигчин Ганзориг, Чулуунцэцэг нар нөгөө гурван эмэгтэйтэй зодолдсон байна. Харин Л.Эрдэнэзааны тухайд хамтлагийнхаа хоёр жүжигчнийг бодвол насаар ч, нэр сүрээр ч илүү гэсэндээ цохих, өшиглөхөд нь оролцолгүй, салгах арга хэмжээ авах гэж оролдож байж. Тийнхүү эхэлсэн зодоон өндөрлөх үед Я, Б, Б нарын гурван эмэгтэй хөнгөн гэмтэж, мөн жүжигчин Чулуунцэцэг ч хөнгөн гэмтсэн байна. Зодоон Баянзүрхийн нутаг дэвсгэр дээр болсон учраас тус дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдох таван хүнд эрүүгийн хуулийн 181,2,1 181,2,5 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэжээ. Нэг ёсондоо олон нийтийн газар, гудамж талбайд танхайрч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж танхайрсан гэдгээр 3-5 жилийн хорих ялаар шийтгэх зүйл анги аж. Гэхдээ нөгөө гурван эмэгтэйн хоёр нь хохирогч гэдгээр гомдол гаргасан байна. Эрүү үүсгэгдсэний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагаас Ц.Ганзориг, Чулуунцэцэг нарыг хоёр сар гаруй дуудсан боловч тэд ер ирж уулзаагүй. Байнга хөдөө гадаа явж байна гэж, эсвэл тэр гурван эмэгтэйтэй бид хэл амаараа зохицчихсон, цагдаа шүүхийнхэнтэй яриад байх асуудал байхгүй гэцгээжээ. Гэвч энэ байдал нь эсрэгээрээ мөрдөн байцаах ажиллагаанд саад болж, цаашлаад оргон зайлж магадгүй гэж ойлгогдохоор нөхцлийг бий болгосон учраас цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж, албадан ирүүлжээ. Харин Ганц худагт хорих шүүхийн захирамжийг Баянзүрх дүүргийн шүүхийн захирагч Б.Сарантуяа гаргажээ. Хэдийгээр жүжигчин Ц.Ганзориг өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байгаа ч тухайн үед зодооныг харсан гэрчүүд байгаа гэнэ. Мөн түүнийг зодоон хийх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж яригдаж байгааг хэрэг мөрдөн байцаалтын явцад шалгагдаж байгаа учраас тодорхойгүй гэж прокурор хэлж байна. Ямартаа ч түүнийг Ганц худаг руу хоригдохоор явах үед нь хамтлагийнх нь ах нар болох Мөнхсайхан, Л.Эрдэнэзаан, Баярмагнай гурав баахан хэл ам хийж, цагдаагийн ажилтантай зодолдохоо шахсан гэж буй ч бас л үгүй бололтой. Л.Эрдэнэзааны тухайд өөрийгөө зодоонд оролцоогүй цэвэр ариун хүн хэмээж, аль болох холбогдохгүйг хичээж буй гэнэ. Үнэхээр ч түүнээс хэрэг явдлыг тодруулж, хамтлагийнх нь дүү яагаад ийм байдалд орсныг тодруулах гэсэн ч тэрээр татгалзсан юм. Татгалзаж буй шалтгаанаа "Маргааш манай хамтлаг хөдөөгүүр аялан тоглолтоор явах гэж байгаа" хэмээн тайлбарлана лээ. Тэгэхээр авьяастай одтой залуу жүжигчнийг продакшндаа авч ажиллуулж, юм юмныхаа урд гүйлгэж ирсэн тэд, хүнд хэцүү байдалд орчихоод байхад нь орлого ашигаа бодож хөдөөгүүр зугаалдаг нь ямар учиртай юм бол. Лав л Ц.Ганзоригийг "Санан санан дурсана" телевизийн цувралд тоглосон жүжигчин бүсгүйтэй амьдардаг. Хөдөөнөөс нүүж ирсэн, хүн хүч, боломж бололцоо тааруухан айлын хүүхэд гэж дуулддаг. Үнэндээ бол хууль шүүхийнхний янзыг үзэж, шүдэнд нь зуулгасан түүнийг батлан даалтанд гаргахгүйгээр шүүх хурлыг нь хийх нь ойлгомжтой болж байгаа бололтой. Тиймээс ийм үед нь сэтгэл санаагаар ч болов дэмжих хүмүүс хэрэгтэй л баймаар. Тэгэх ёстой хүмүүс нь "Маск"-ынхан л байлтай.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.