Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй

2013/04/03
Share |
Хүмүүс:
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын Гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

- Ардчилсан нийгмийн цоо шинэ үзэгдэл болох онлайн парламент, онлайн Засгийн газар байгуулагдах гэж байна. Та Засгийн газрын Тэргүүнээр ажиллаж байсан хүн. Онлайн Засгийн газар, онлайн парламентын талаар ямар бодолтой байна вэ?

- Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолой чөлөөтэй байх тусмаа тэр нийгэм зөв замаар явах боломжтой байдаг. www.Zindaa.mn сайтынханы санаачлагаар онлайн Засгийн газар, онлайн парламент байгуулагдах гэж байгааг сонслоо. Энэ нь гурван талаасаа бол маш чухал зүйл.

 

Нэгдүгээрт, төр засгийн гол зангилаа асуудлуудын талаар иргэд дуу хоолойгоо өргөн чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Энэ бол Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа асуудал. Бид урьд нь Оюутолгойн гэрээ ч байгуулж үзлээ, сонгуульд оролцох намуудын хөтөлбөр ч ярилцаж үзлээ. Ард түмний санал бодлыг илэрхийлэх суваг байгаагүй учраас бид олон талаараа алдаа хийсэн шүү дээ.

 

Хоёрдугаарт, одоогийн нийгмийн бүтэц улстөрийн тогтолцоог сайжруулахад хэрэгтэй. Одоо улстөрийн амьдралд намууд гэдэг бүтцүүд ноёрхоод, намууд маань олигархиудын мэдлийн хэрэгсэл болж хувирах хандлага хүчтэй байна. Улстөрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа баян чинээлэг хүмүүсийн бизнес төслийг нийгэмд тулгаж байна. Үүгээр ч зогсохгүй улсынхаа нэрийн өмнөөс, нийгмийн нэрийн өмнөөс гаднаас зээл авч улс орноо барьцаанд тавьчихаад цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчлэх хандлага гарч байна. Нөгөө талаас намууд гэдэг маань олон түмнийг хамрах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ёстой байгуулага боловч намыг тэжээж тэтгэдэг чинээлэг хүмүүсийн гарт орсноор нийгмийн дундаж давхарга түүнээс дооших хүмүүсийн санаа бодлыг бүдэг сонсох боллоо. Ийм нөхцөлд онлайн Засгийн газар, онлайн парламент нь нам гэдэг үхширмэл тогтолцооноос аажмаар салах гарц хайхад ач холбогдолтой.

 

Гуравдугаарт, онлайн парламент, онлайн Засгийн газар нь нийгмийн хамгийн өргөн давхаргад түшиглэж тэдний санаа бодлыг илэрхийлэх утгаараа нийгмийн эрүүл саруул хүчин болох ардчиллын тогтолцооны гурав дахь эгнээг бүрдүүлэх боломжтой гэж бодож байгаа. Энэ талаасаа бол маш чухал зүйл.

 

Гэхдээ онлайн парламент, онлайн Засгийн газар нь өөрөө маш том эрсдэл, хүнд сорилтуудтай тулгарах нь дамжиггүй. Учирч болох хамгийн том бэрхшээл нь улстөрийн намууд төдийгүй эрх баригчдын зүгээс ирэх бодлого байх болно. Яагаад гэвэл онлайн технологийг ашиглаж олон түмний санаа бодолд нөлөөлөх, улстөрийн зорилгоор ашиглах сонирхолоор хандаж болох талтай. Хэрэв ингэсэн тохиолдолд гаж бодлогод орно. Үүнээс гадна одоогийн улстөрд нөлөөлөөд байгаа бизнес бүлэглэлүүд өөрийнхөө явцуу ашиг сонирхолд ашиглах боломжтой. Ер нь болгоомжлох зүйл их бий. Жишээлэхэд, Оюутолгойн гэрээ байгуулах үед нийгмийн дотор лобби бүлэг үүсч гэрээг магтан дуулах, шахаж тулгах, хохирлоороо далайлгаж нийгмийг сэтгэл санааг үймүүлэх үйл ажиллагаа өргөн явсан шүү дээ. Үүнтэй адилхан бизнес бүлэглэлүүд онлайн парламент, онлайн Засгийн газраар дамжуулж төрөөс шахалт үзүүлэх, өөрсдийнхөө ашиг сонирхолын хэрэгсэл болгож ашиглах юм бол аюултай. Гурав дахь нь гадна дотны элдэв сонирхолоор янз бүрийн үйл ажиллагаа явуулах боломжууд бий л дээ. Энэ гурван аюулыг үргэлж бодож үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг  авсан тохиолдолд онлайн парламент, онлайн Засгийн газрын давуу тал нь илүү болох байх гэж бодож байна.

 

- Онлайн парламент, онлайн Засгийн газарт хуучин буурны хугархай гэгдээд байгаа архаг “мэргэшсэн” улстөрчдийг оруулбал үр дүн нь хэрхэн гарах бол?

- Улстөрд орж чадаагүй, сонгуульд оролцоод ялалт байгуулаагүй, улстөрийн өш хонзон өвөрлөн даагаа нэхэж буй хүмүүс орох юм бол тус болохгүй. Мөн Онлайн парламент, онлайн Засгийн газарт нэр дэвшиж байгаа хүмүүс улстөрийн намуудын төлөөлөл болж цаанаа тэдний эрх ашгийг илэрхийлэх үүднээс орж ирэх юм бол өөртөө ч, улс нийгэмд ч хортой зүйл хийнэ. Ер нь Онлайн парламент, онлайн Засгийн газрын амжилттай ажиллах үндэс нь улстөрөөс аль болох хол хөндий байгаа оюуны нөөц буюу эрдэмтэн мэргэдээ нааш нь татах. Тэднийг идэвхжүүлбэл тэдний мэдлэг чадвар хэрэг болно.

 

- Онлайн парламент, онлайн Засгийн газарт орж ажиллах санал тавьсан УИХ-ын гишүүн байна.  Тэдний тухайд...?

- УИХ-ын гишүүдийн хийх ажил нь багадсан юм шиг үүн рүү орж байгаа нь утгагүй асуудал. УИХ болон Засгийн газрын гишүүн гэдэг чинь нэг хүний яс янгинуулам хүнд ачаа юм шүү дээ. Гэтэл одоо манай УИХ-ын гишүүд алдарт уяач болоод явж байгаа нь уяачийн хөдөлмөрийг доромжилж байгаа юм шиг хандаж байгаа хэрэг. Уяач гэдэг чинь нойр хоолгүй ажилладаг маш хүнд ажил шүү дээ. Үүгээрээ зогсохгүй одоо УИХ-ын гишүүн онлайн парламент, онлайн Засгийн газар руу ороод тэнд давхар үүрэг хүлээнэ гэж байвал цэвэр улстөрийн нэр төрийн хойноос хөөцөлдөж байгаа увайгүй хэрэг. Энэ бол ёстой хэрэггүй зүйл шүү.

 

- Та сүүлийн үед Оюутолгойн гэрээний асуудлыг их хөндөж байна аа. Ялангуяа 20 мянган хувьсагчийг шууд үгүйсгэсэн байсан. Гэхдээ одоогоос бараг 20 гаруй жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оюутолгойн асуудлаар албан бичиг өгч байсан гэсэн. Нэлээд эртнээс мэдэрч байжээ?

- Би Оюутолгойн асуудлаар зөвхөн одоо ингэж хандаж байгаа юм биш ээ. 1990 оны 3 дугаар сарын 31-нд АН-ын парламентын бүлэг Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргахад нь би тэр өдрийн 10 цаг 45 минутад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хандаж санал бодлоо илэрхийлж байсан. “Энэ гэрээг яагаад чиг  ийм байдлаар байгуулж болохгүй. Энэ бол эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол улсын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдал талаасаа байж болохгүй гэрээ” гэж.

 

20 мянган хувьсагчийн тухайд С.Баярцогтын хэлээд байгаа 20 мянган хувьсагч гэдэг нь энэ тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл юм биз дээ. Гэхдээ 20 мянган хувьсагчтай загвар бодоогүй гэдгийг би баттай ойлгож байна. Яг 20 мянган хувьсагчтай загварыг мэдээллээр хангаж болохгүй. Монголд тийм боломж ч байхгүй.

 

Гол асуудал нь эдийн засгийн үр ашиг шүү дээ. Монгол орон баялагаа гадны оронд эзэмшүүлээд өөрөө өртэй хоцорч байгаа нь л үр ашиггүйн гол нотолгоо юм. Үүнээс гадна Оюутолгойн гэрээ байгуулснаар монголын эдийн засгийн нэгдмэл орон зай задарсан. Улс орны эдийн засаг гэдэг чинь нэг цогц бүхэл зүйл. Монголын эрх зүйн орчинд, монголын төрийн хяналтан дор байх ёстой. Гэтэл Монголын эдийн засаг одоогийн байдлаар хууль эрх зүйн орчноор зохицуулагддаг, монголын ядуу зүдүү аж ахуйн нэгжүүд, мал аж ахуй, мөн өмнөд хөршийн хууль эрх зүйгээр зохицуулагддаг нэг бүлэг, дээрээс нь Оюутолгой гээд Фрийдландын ч юм уу, Рио тинтогийн ч юм уу дур зоргоор зохицуулагддаг гурван бүтэцэд хуваагдлаа. Эдийн засаг гурав хуваагдана гэдэг нь ирээдүйд монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх нь хуваагдах үндэс тавигдаж байна гэсэн үг. Энэ бол том аюул шүү. Оюутолгойд шүүмжлэлтэй хандах гурав дахь том асуудал нь монголын нийгмийн баялгийг ухаж аваад оронд нь хоосон нүх, сүйрсэн байгаль үлдээх аюулыг дагуулж байгаа. Усны асуудал, байгаль орчны асуудал гээд дутуу шийдэгдсэн асуудал олон бий л дээ. Оюутолгойн асуудлыг бүхэлд нь аваад үзэх юм бол анхаасаа л монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгсөн. Нөөц нь тогтоогдоогүй байхад ашиглалтын лиценз өгнө гэдэг нь хэнд, хичнээн тонн баялагаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй байна гэсэн үг. Мөн техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад гэрээ байгуулсан. Хэнтэй юу хийж байгаагаа мэдэхгүйгээр гэрээ байгуулж болох уу даа. Гэрээ байгуулахдаа юу хийв гэхээр дээр дурьдсанчлан өөрийнхөө баялгийг хүнд өгөөд өөрөө өртэй хоцрох гэрээ байгуулсан. Энэ бүхнээс бодоод үзэхээр Оюутолгойн гэрээ бүх талаараа Монголд ашиггүй муу гэрээ болсон гэдгийг хэлэх байна. Одоо энэ гэрээг байгуулсан хүмүүс, төр засгийн удирдлагууд хариуцлагыг нь хүлээх ёстой байх. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, дараагийн Ерөнхий сайд Сү.Батболд нар. Мөн тухайн үед Уул уурхайн сайд нь Д.Зоригт гэж хүн, Сангийн сайд нь С.Баярцогт байлаа. Энэ дөрвөн хүнээс монголын ард түмэн хэзээд асуух болно. Асуух асуухдаа хариуцлага асуух болно.

 

- Гэрээ маш муу болсон гэж нэг хэсэг нь шүүмжлээд байдаг. Гэтэл манай үе үеийн төрийн Тэргүүнүүд  Оюутолгойд зөвлөх хийн, дэмжиж ажиллаж байна. Харин таныг Оюутолгойн гэрээний эсрэг хүчтэй дуугараад ирэхээр худалдагдсан, лобби бүлгийн ятгалганд автсандаа эсэргүүцэж байна гэж харах өнцөг нийгэмд байна?

- Ганцхан П.Очирбат, Н.Багабандийн тухай асуудал биш ээ. Ер нь Оюутолгой анх байгуулагдахаас эхлээд Фрийдландын дэргэд төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд, хамаатан садангууд бөөгнөрсөн шүү дээ. Тэдний жагсаалтыг гаргаж бэлтгэхэд одоо ч оройтоогүй байх гэж боддог. Энэ хүмүүс нийлээд монголын нийгэмд маш хүчтэй лобби бүлэг үүсгэсэн. Оюутолгойн тухай асуудлыг ярих юм бол би 2005 оны 1 дүгээр сарын 5-нд интернэтээс Оюутолгойн гэрээний төслийг олж авсан юм. Тэр даруй өөрөө үзээд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга М.Энхсайханд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Готов гуравт би өөрөө аваачиж өгөөд “Энэ болохгүй шүү. Ийм гэрээ хийж болдоггүй юм. Улс эх орны эрх ашигт харшилна” гэж хэлсэн. Тэр үеэс эхлээд л би эсэргүүцэн ярьж эхэлсэн шүү дээ. Гэсэн ч надад хэн ч мөнгө төгрөг санал болгож байгаагүй. Би эх орноо гэсэн сэтгэлээр л ярьж байгаа болохоос биш, өөр ашиг сонирхолоор ингэж яриагүй. Намайг Оюутолгойн гэрээг эсэргүүцлээ гээд “Сайн байна” гэж хэлдэггүй, “Битгий эсэргүүцээд бай” гээд хээл хахууль өгье гэж байгаагүй. Өгье гэсэн ч би авахгүй. Тийм болохоор намайг хардах зүйл байхгүй.

 

- Магадгүй таныг С.Баярцогт руу хүчтэй үгээр “дайрсан” болохоор тэгж хардах шалтгаан болсон байж болох талтай...?

- С.Баярцогт Монголын ард түмнийг хуурч мэхлэх улаан цайм алхам хийсэн. Үүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн өмнө Монголын төр гэж ямар арчаагүй “юм” байдаг юм бэ, Монголын Сангийн сайд гэж ийм хүүхэлдэй байдаг юм гэдгийг харуулснаар Монгол улсыг дэлхий дахинд шившиг болгосон. Тийм учраас би С.Баярцогтын эсрэг байж “Болохгүй юм хийсэн хүн” гэж хэлж байгаа юм.

 

- Оюутолгойн гэрээг Монголд биш, Фрийдландын талд ашигтай хийлгэх “далд хүчин” аль эртнээс хөдөлж эхэлсэн төдийгүй дээрх гэрээнд зориулж Татварын болон Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн гэдэг. Эл бусармаг үйлдэл нь хожим ил гарч нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулж мэдэх учраас ард түмний “нурууг нь авч”  зүрх зоригийг мохоох хүсэл “далд хүчин”-д байсан байх. Гэтэл 2008 оны долдугаар сарын нэгний жагсаал цуглаан нь тэдний хүслээ биелүүлэх боломж болсон байж магадгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн рүүгээ буу шагайсан явдал нь “Жагсаж цуглавал ингэнэ” хэмээн анхааруулсан хатуухан сануулга байж мэдэх юм...?

- 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдал нь сонгуулийн луйвартай холбоотой ч тэр үеийн үйл явдлыг эргээд ярина гэвэл сонин байна. Сонгуулийн сурталчилгааны явцад АН нэг сая төгрөгийн хувьцаа тараана гэсэн нь хүмүүсийн сэтгэлийг нилээд татсан төдийгүй ер нь үндэснийхээ баялгийн эзэн болох нь уу гэсэн найдвар төрүүлж байсан. Гэтэл сонгууль болохоос 7-хон хоногийн өмнө тухайн үеийн МАХН-ынхан “Бид 1,5 сая төгрөг тараана” гэсэн лоозон бариад гэнэтхэн гараад ирснийг санаж байгаа байх. Тус намын нарийн бичгийн дарга нар гэх цагаан цамцтай залуучууд батламж бичгээрээ даллаад хурал дээрээ сууж байгааг телевизүүдээр үзүүлж, үүний дараа батламж бичиг тараалаа шүү дээ. Сонгууль гэдэг бол 4 жил хуримтлагдсан хүлээлтийн тайлал зангилаа байдаг. Гэтэл энэ хүлээлтийг долоохон хоногийн дотор өөрчилж мөнгөний амлалтаар асар их эргэлт гаргана гэдэг бол улстөрийн тогтворгүй байдал үүсгэх хангалттай шалтгаан. Энэ нь  МАХН-ынханы сонгуулийн тактиктай холбоотой байсан л даа. Энэ утгаараа уур хилэн дэлбэрч жагсаал цуглаан болсон гэж боддог.

 

Байшин шатаасны хувьд би одоог хүртэл эргэлздэг. Тэр бетонон байшин яахаараа дээд давхараасаа эхлээд шатсан юм, яасан ч түргэн шатсан юм. Тэр байшин дотор хичнээн литр виски, спирт агуулагдаж байсан юм. Бодвол тэрнийхээ галд шатсан байх л даа. Уг нь намын хуулиар бол үл хөдлөх хөрөнгө түрээслэхийг хориглодог. Гэтэл тэр үед МАХН-ынхан байраа хууль зөрчин түрээслэж байгаад байшингаа шатаасан.

 

Тэр үед Оюутолгойн  асуудал байсан уу гэвэл байсан гэдэг нь илэрхий харагдаж байгаа юм л даа. Үүнээс өмнөх явдлыг аваад үзье. 2006 онд ашигт малтмалын хууль өөрчлөгдлөө. Тэнд юу болов!?. Ашигт малтмалын хуулиа өөрчлөхдөө Оюутолгойн одоогийн нөхцөл байдал бүрдэх бүх үүд хаалгыг нээж өгсөн шүү дээ. Мөн 2006 онд Татварын хууль өөрчлөгдлөө. Хуучнаар бид шаталсан татвартай байсан. Гэтэл одоо нэг шатлалтай болж өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр 2008 оны сонгууль болохоос 2-3 жилийн өмнөөс эхлээд УИХ дотор Оюутолгойн эрх ашгийг хамгаалах лобби бүлэг ажиллаж, монголын хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байсан. Одоо Ашигт малтмалын хуулийг  өөрчлөх ажлын хэсэг гарлаа. Тэр үед Тавантолгойн ордыг хувьдаа эзэмшиж байсан хүн л тэр ажлын хэсгийг толгойлж байсан шүү дээ. Тэрний ар талд гадаадын хөрөнгө оруулалт, өөрөөр хэлбэл Оюутолгойн Фрийдландын компаниар тэжээгддэг, санхүүждэг Монголын уул уурхайн ассиоцацийнхан уул уурхайн  бодлогын голыг тодорхойлж байсан шүү дээ. Тэнд хэн хэн байсныг Монголын ард түмэн мартах ёсгүй. Энэ хүмүүс Оюутолгойн бодлогыг  лоббидож хэрэгжүүлж өдийг хүрсэн. Энэ чинь 2008 оноос өмнөх асуудал байхгүй юу. Тэгэхээр хатуухан сануулга гэж хардах нь зөв л дөө. Амь үрэгдсэн хүмүүсийн асуудал чинь жагсаал цуглаан тарж байхад болсон шүү дээ. Гудамжинд явж байсан хүмүүсийг хөөж буудсан асуудал. Түүнээс биш цагдаагийн өөдөөс мод чулуу бариад дайрч байгаа улсуудыг буудаагүй. Тэр  үеийн бичлэгийг харж байхад их сонин байдаг. Жагсагчид нь чулуу бариад цагдаагийн өөдөөс шиднэ, нөгөөдүүл нь ухарч байгаад чулуу аваад жагсагчид руугаа шиднэ, урагшаа давшина. Нэг үгээр хэлбэл өдөж байгаад хөдөлгөж байгаа байхгүй юу. Тэр явдал илэрхий л байсан шүү дээ.

 

- Ашигт малмалын орд газруудын нөөц, чанар, байршил нь бүгд ганц тохиох өөр өөр. Үүнийгээ дагууд хувь эзэмшил нь хүртэл хөдөлгөөтэй байх ёстой гэдэг. Гэтэл манай улс хувь эзэмшлээ 60:40 гэсэн тоон дээр тогтоочихсон байгаа нь байгалийн баялгийнхаа шим шүлтийг нь гадныханд өгч өөрөө хусамыг нь долоох эх суурь болсон гээд байгаа?

- 60:40 гэдэг нь ч өөрөө оновчтой тоо биш. Ер нь уул уурхай гэдэг чинь их өвөрмөц салбар. Орд газар бүхэн цорын ганц тохиолдох онцлогтой байдаг нь үнэн. Баялагийнхаа  агуулгаар, чанараар, байршилаар, уул геологийн нөхцөлөөр гээд бүгд өөр өөр. Тийм учраас ганцхан стандарт байж болохгүй.  Тэр байтугай нөөцийн төлбөр авахдаа ч гэсэн 5 хувь гээд мунгинаад сууж байж болохгүй шүү дээ. Тухайн орд газрыг эзэмших сонирхол үр дүнгээс шалтгаална. Жишээлбэл, Киргизийнхэн кунторын алтнаас 18.1 хувийн нөөцийн төлбөр авч байгаа. Гэтэл Монголчууд Оюутолгойгоос нөөцийн төлбөрт 5 хувийн татвар авч байгаа. Ийм хандлага байж болохгүй ээ. Ер нь хатуу хууль тогтооно гэдэг нь арчаагүйн шинж. Миний бодлоор бол Монголын төр засаг ямар орд газраа, хэнтэй яаж ашиглах вэ, ямар түвшинд  боловсруулах вэ гэдэг бодлогоо тодорхойлчихоод дараа нь орд газар тус бүр дээрээ хамтрагчидтайгаа ярих ёстой. 100 хувь тэдэнд өгч ашиглуулаад  татвараа аваад сууж байж болно, 100 хувь тэдэнд өгчихөөд түүхий эдээ өөрөө аваад боловсруулаад сууж байж  болно. Ер нь янз янз байж болно. Нөгөө талаас татварын хууль болон эрх зүйн орчин нь боловсронгуй байх хэрэгтэй. Жишээлэхэд, Швед улсад 100 сая кроноос дээш ашигтай газрууд ашгаасаа 70 хувийн татвар төлдөг. Төлөөд л, ажиллаад л байгаа шүү дээ. Гэтэл Монголд 25 хувийн татвар төлдөг. Тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. Тэгэхээр эхлээд эрх зүйн орчноо боловсронгуй болгоод дараа нь төрийн оролцоог багасгах асуудал байж болно. 2006 онд татварын хуулийг өөрчилж байхад бид хэлж байсан. “Наадах чинь хэдхэн олигархиудын капиталын эрх ашигт үйлчилж байна. Сүүлд уул уурхайн томоохон үйлдвэрүүд ашиглалтанд ороход та нар аргагүй байдалд орно шүү” гэж. Гэтэл одоо эргээд харахад ашиг хуримтлалаа хурааж авч чадахаа байчихсан. Тэрнийгээ нөхөхийн тулд 40:60 гэдэг тоог санаачлан гаргаж байгаа юм. Стратегийн орд газруудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг монголын тал эзэмшинэ гэсэн хууль гаргачихсан байгаа. Өөрөө бодоод үз дээ. Хээл хахууль, авлигад нэвт идэгдсэн монголын төр гэж нэг юм байна. Цаад талд нь эрх ашгаа бодож явдаг хөрөнгө оруулагч гэж байна. Тэр хөрөнгө оруулалтынхаа 51 хувийг монголын талд өгчихөөд юу бодож суух юм бэ. Ийм юм байж болох уу даа. Шийдэхэд хэцүү. Тэгэхийн оронд татвараа шатлалтай тогтоогоод “Би хамгийн дээд тал нь ашгийн чинь 60 хувь хүртэл татвар авна” гээд хэлчихсэн бол тэр хүн чинь тооцоо хийгээд илүү олохоор бол өөрөө ороод ирнэ шүү дээ. “Одоо уул уурхайн нөхцөл хүндэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид зугатлаа” гэсэн бөөн гомдол ухуулга яваад байна шүү дээ. Хууль зөрчиж лиценз авсан, шударга бус хуулиар хөнгөлөлттэй нөхцөл эдэлж байгаа компаниуд явбал яваг л дээ. Үүний араас уйлаад яах юм. Өөрсдөө шударга нөхцөлөө бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр татвар багатай янз бүрийн хууль тогтоочихоод тэрнийгээ  хулгайлж авсан лицензээр уургалах гэж оролдох, тэднээсээ хахууль авах гэж оролдох, ийм байдлаар хандах юм бол цаашдаа энэ салбар чинь явахгүй шүү дээ.

 

- Оюутолгойн гэрээг шүүмжлээд л байгаа. Гэхдээ зөв гольдролд нь оруулах, хаана, ямар заалтыг нь засахыг тэр бүр хэлдэггүй. Таны бодлоор гэрээний аль хэсгийн, ямар заалтыг нь яаж засмаар байна?

- Гэрээ рүү орохоосоо өмнө монголын талд засч залруулах юм байна. I-т, татварын хуулиа өөрчлөх хэрэгтэй. II-т Ашигт малтмалын хуулиа өөрчлөх хэрэгтэй. III-т Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Эдгээр хуулиудын өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Үүний дараа тэдэнтэйгээ эрүүл тогтвортой нөхцөлөөр олон жил хамтарч ажиллая гэж  ярих ёстой. Оюутолгойн хувьд нэгэнт технологио оруулаад ажиллаж байгаа Рио тинтотой хамтрах нь зөв. Гэхдээ Рио Тинто нэр төртэйгээр шударга орчинд ажиллахыг эрмэлзэж байгаа бол бид ч гэсэн үндэснийхээ эрх ашгийг хохироохгүй нөхлөөр ажиллахыг эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хоёр гол алхам байна. I алхам нь манайхан эхлээд дотоод хуулиудаа зөв болгож өөрийнхөө эрх ашгийг хамгаалах чадвартай болох. II алхам нь Оюутолгойн зэсийн баяжмалыг Монголчууд дотооддоо боловсруулж зэсээ гадагш нь худалдах технологийн  шатанд нэн даруй шилжих хэрэгтэй. Хоёр сая тонн шороо тээж явах уу, 500 мянган тонн  зэс гадагш нь тээх үү гэдэг хоёр өөр асуудал. Хэрэв ингэсэн тохиолдолд төмөр замын асуудал огт өөрөөр тавигдах болно шүү дээ. Төмөр замын асуудлаар будилаад байгаа чинь ерөөсөө л шороо тээж байгаатай холбоотой. Мөн хөшүүргүүдийн асуудал бий. Оюутолгойн гэрээнд бүтээгдэхүүний экспортлож олсон орлогоо гадаадын банкинд байршуулна гээд заачихсан байгаа. Энэ орлого монголд байх ёстой. Монголын эдийн засагт үйлчилж, монголд эргэлдэх ёстой. Мэдээж Оюутолгой өөрийнхөө зардлыг орлогоосоо санхүүжүүлнэ, татвараа төлнө, ашгаа энд байлгаад дараагийн хөрөнгө оруулалтандаа хийж болно шүү дээ. Энэ талыг бодох хэрэгтэй. Ер нь Оюутолгойн асуудлыг ярихдаа мэргэжлийн түвшинд ярихгүйгээр хэдэн сайдууд гүйж очоод гадаадын хэдэн компанийн доль цохьсон мэргэжилтнүүдтэй уулзаад байх юм бол хоншоор руугаа цохиулаад л буцаад байна шүү дээ.

 

- Монгол улсын газар шороонд байгаа, Монголын байгалийн баялгаас олсон хөрөнгө мөнгө яагаад гадаадын банкинд байршина гэж?

- Үүнийг С.Баярцогт, Д.Зоригт хоёроос л асуух хэрэгтэй болох нь. С.Батболдоос ч гэсэн асуух хэрэгтэй.

 

- Таныг Ерөнхий сайд байх үед стратегийн орд газруудыг ашиглах, хөрөнгө оруулах хүсэлтэй гадны хөрөнгө оруулагчид хэр байсан бэ. Уул уурхайн асуудалд хэр ач холбогдол өгч, хэр хурц яригдаж байв?

- Тухайн үед шилжилтийн маш хурц үе байсан. Гэхдээ бид энэ асуудлыг ор тас орхиогүй. Манай Засгийн газрын үед Монголын газрын тос, зэс, алт гэх зэрэг хөтөлбөрүүд гарч ирсэн. Алтыг бол Ерөнхийлөгч санаачилсан гэж ярьдаг юм. Гэхдээ үүн дээр Засгийн газар шийдвэр гаргаж л байсан. Нөгөө талаас “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээг өөрчлөх асуудал байлаа. “Эрдэнэт” чинь тэр үед 50:50 хувь байсан учраас Зөвлөлтийн талаас захирлыг нь тавьдаг, монголын талд төдийлөн үр ашигтай биш, нөөцийн төлбөр төлдөггүй байв. Тэгээд 1991 онд гэрээг нь өөрчилж Монголын талыг 51 хувь болгож нөөцийн төлбөрийг нь авахдаа 1978 оноос хойш ашигласан бүх төлбөрийг, хүүнд нь 9 хувь тооцоод “Эрдэнэт” үйлдвэрт Монгол талаас оруулах хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэнд тооцож байсан юм. Харин 1991 оноос хойш 6 хувиар тооцож нөөцийн төлбөр авч байсан. Гэтэл 1997 онд 2.5 хувь болгоод өөрчилчихсөн гэх мэт асуудал сүүлд гарч байсан. Уул уурхайн тал дээр чанд бодлого хэрэгтэй. Тавантолгойн асуудал дээр ярих боломжтой байсан. Бид тухайн үед Тавантолгойн асуудлаар ярилцаад 1992 оны 5 сарын 4-10-д айлчлахдаа Хятадын Ерөнхий сайд Ли Пэнтэй санал солилцож л байсан.

 

- Коммунист Хятадын Ерөнхий сайдтай Тавантолгойн асуудлаар санал солилцсон асуудал сонирхолтой байна. Ли Пэн Ерөнхий сайд ямар хариу өгсөн бол?

- Тэр үед байдал өөр байлаа. Хоёр системийн сөргөлдөөний үед Монголын ашигт малтмалыг гадны орнуудаас хэн нэгэн нь сонирхох ямар ч боломж байхгүй байсан. Зөвхөн Эрдэнэт л байлаа. Жоншийг зөвлөлтийнхөн л авдаг байсан. Уул уурхайн бүтээгдэхүүн овор жин ихтэй учраас тээвэрлэхэд хүнд шүү дээ. Хятад улсын тухайд харьцаа муутай байж байгаад 1980-аад оны сүүлээс сэргэсэн учраас тухайн үед хоёр орны харьцаа уул уурхайн асуудлыг нарийн ярих түвшинд хүртэл очиж чадаагүй байснаас гадна тээвэрлэх хүчин чадлын асуудал ч гарч байсан. Ямар сайндаа л “Тавантолгойд хамтарч ашиглая” гэдэг асуудлыг Ли Пэн Ерөнхий сайдад ярихад “Манай нэвтрүүлэх хүчин чадал хүрэхгүй” гээд татгалзаж байсан юм.

 

- Та “Монгол улсад Эдийн засгийн алуурчин аль хэдий ороод ирчихсэн байна” гэж хэлж байсан. Эдийн засгийн алуурчин гэдэг үгтэй ч монголчууд аль хэдий танил болчихжээ. Гэсэн ч “Тэр эдийн засгийн алуурчин гэдэг чинь энэ хүн юм шүү” гээд хэн нэгнийг нэр цохсон, оноож нэрлэсэн хүмүүс байдаггүй. Таны хувьд монголд байгаа эдийн засгийн алуурчид яг хэн хэн бэ?

- Эдийн засгийн алуурчид гэдэг ойлголт А.Ганбаатарын орчуулсан “Хитмэн” гэдэг номноос л эхэлж дэлгэрлээ шүү дээ. Гэхдээ эдийн засгийн алуурчид гэдэг бол тухайн орны баялгийг өөрийнхөө явцуу эрх ашгийн хүрээнд захируулах номлолыг түгээгчид юм. Өөрөөр хэлбэл тархи угаагчид. Нэг үе “Уул уурхайн салбар монголыг авч явна. Хөгжлийн цор ганц гарц нь энэ юм” гэсэн номлол маш хүчтэй явлаа. Манай Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд хүртэл бичээстэй байгаа шүү дээ. Тэгвэл уул уурхайн салбар гэж юу юм бэ?

 

Нэгдүгээрт, байгалийн баялаг, хүний гараар бүтээгддэггүй, нөхөн сэргээгддэггүй баялгийг ашиглах салбарыг уул уурхайн салбар гэдэг. Асар их хэмжээний баялгийг ачаад хол тээвэрлэж чадахгүй, ойролцоох нэг зах зээл рүү орно. Уул уурхайн баялагт зах зээлийн сонголт. Зөвхөн ойролцоох зах зээл чинь хэрэгцээтэй бол авна. Нөгөө талаас уул уурхайн баялаг дэлхийн зах зээл дээр үнэ нь маш их савладаг. Сүүлийн 10-аад жилийн судалгаа хийж үзэхэд ашигт малтмалын үнэ 10 жилийн динамик дундажаасаа доошоо унахдаа 68 хувь унаад, дээшээ үсрэхдээ 105 хувь үсэрдэг. Өөрөөр хэлбэл 200-гаад хувийн савлагаан дотор байдаг. Энэ нь эдийн засагт гол болоод ирэхээрээ маш тогтворгүй байдал үүсгэж байгаа юм. Нөгөө талаас уул уурхай гэдэг нь зах зээлийн сонголт байхгүй болохоор тухайн эдийн засгийг, ялангуяа жижиг эдийн засгийг том эдийн засгийн хавсрага дагуул болгох аюул үргэлж дагуулж явдаг. Мөн Уул уурхайн баялаг нь хожмоо байгалийг сүйрэлд хүргэх гэх зэрэг гурван том аюулыг дагуулж явдаг. Гэтэл үүнийг урвуугаар нь номлогчдыг та бүхэн мэдэх байлгүй дээ. Би дээр хэлсэн. Уул уурхайн ассоциаци гээд Фрийдландын оролцоотой, Паушокийн оролцоотой, гадны  хөрөнгө оруулагчдийн мөнгөөр тэжээгддэг бүлэг хүмүүс монголд эл номнолыг тулгасаар, ярьсаар байгаад хийлээ шүү дээ. Энэ бол эдийн засгийн алуурчдын нэг жишээ. Үүнээс гадна харь улсын хөрөнгөтөн Монголд орж ирээд Монголын эдийн засгийг алах алуурчдыг өөрсдөөс нь бэлтгээд тэднийгээ монголын нийгэмд тавьж байгаа асуудал байна. Хоёр дахь төрлийн алуурчид. Монголын бүх түүхэнд анх удаа 2006 онд Монголын төсөв ашигтай болсон. Гадаад худалдааны баланс нь ашигтай, төлбөрийн баланс нь ашигтай боллоо. Ганцхан 2006 онд шүү. 2007 онд төрийн эрх барьж байсан МАХН-ынхан /одоогийн МАН/ бүтээн байгуулалт гэдэг лоозон гаргалаа. Их бүтээн байгуулалтын жил болгож зарласан хэдий ч барилгын материал байхгүй, ажиллах хүч байхгүй, тээвэрлэх хүчин чадал байхгүй байсан. Тэгсэн мөртлөө монгол төрийн эдийн засгийн эргэлтэнд байсан бүх хөрөнгө мөнгөний гуравны нэг хувийг дуусаагүй барилгад хийлээ. Зам-Үүд дээр вагон хүлээсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсч барилгын материалын болон орон сууцны үнэ өслөө. Энэ нь барилгын компаниудын явуулсан бодлого. Ингээд монголын эдийн засгийг баллаад хаячихсан. Одоог хүртэл сэхэж чадахгүй байгаа. Тэгсэн атал эрх баригчдын амнаас бүтээн байгуулалт гэдэг үг гараад байх юм. Зөвхөн ядуу хүмүүсийг, амьдралд нь гялайх юм харагддаггүй хүмүүсийн нүдийг хуурахын тулд сумын төв дээр хэдэн цагаан байшин барьж түүнийгээ бүтээн байгуулалт гэж нэрлээд, кино гардаг байшин, бүжиг хийдэг байшин гэж нэрлээд сэтгэлээ зогоогоод явах байх л даа. Ийм ухуулга яваад байгаа. Үүнийг эдийн засгийн алуурчид буюу Монгол гэрийн тэжээвэр алуурчид гэж хэлэх юм уу даа.

 

- Олны танил нэгэн эрхэм, улстөрчдийг саарал театрын жүжигчид гэж нэрлэсэн байсан. Нэг талаас энэ хоч ортой ч юм шиг?

- Монголын ард түмний сонгосон бүх хүмүүсийг тэгж хэлэхэд хэцүү. Миний нүдээр харахад наад дотор чинь Монголын эдийн засгийг гартаа атгаж байгаа, монголын баялгийг гартаа атгаж байгаа компаниудын төлөөлөл гол нь болчихоод байна. Жүжигчид бол сэтгэлдээ уйлж байсан ч тайзан дээр инээж дуулдаг. Харин наадуул чинь кармандаа хутга хийчихээд “Би хаанаас нь огтолж идэх билээ” гээд хөлхөж яваа улсууд шүү дээ. Энэ бол огт өөр хүмүүс. Ер нь УИХ-ын гишүүдийг хараад байхад эд нар дотор Дүлзэн явж байна, Молом занги явж байна, Өгөр толгой Гүрсэд гээд янз янзын хүмүүс явж байна шүү дээ. Гэхдээ одоо яая гэхэв бид нар л сонгосон юм хойно. Засаж залруулах, эрүүлжүүлэх гээд л яриад сууж байна. Зарим нь сонсдог л биз. Гэхдээ эд нар дотор эрүүл сэтгэлгээтэй хүмүүс бас байна. УИХ-д орсон залуучуудын ихэнх нь эрүүл саруул сэтгэлгээтэй гэж би боддог шүү.

 

- Та УИХ-д орсон залуучуудыг онцоллоо. Гэтэл тунаж үлдээд байгаа доль цохьсон хаширууд улстөр баяртай гээд явчихаж чадахгүй ширээ сандлаасаа зүүгдээд байна. Тиймдээ ч намын дарга болон “хөгшчүүлд” зориулж намын жагсаалт гэгчийг бий болгочихлоо. Ард түмэн хэзээ ч дугуйлахааргүй хүмүүс залуучуудаар бамбай хийж өөрөө жагсаалт гэх хөшигний араас улстөрд амархан орчихдог боллоо шүү дээ?

- Тийм шүү дээ. Энд байгаа өөр нэг сонин зүйл нь аль ч намын дарга нь нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тэгэхээр тэр намаас УИХ-д суух ганцхан квот авлаа гэхэд намын дарга нь ганцаараа орж ирэх нь л дээ. Ийм байдал улстөрд бий болчихсон. Үүнийг өвчин гэж тооцох юм уу, аль эсвэл ялалт ололт гэж үзэх юм уу. Энэ бол бодууштай л асуудал. Ер нь намын жагсаалт гэдэг бол “Нам гэж хэн бэ?” гэдгийг л  яруу тодоор харууллаа шүү дээ. Гэхдээ би үүн дээр ганцхан сөрөг хүчнийхнийг хэлэмгүй байдаг. Манай ардчилсан нам ч гэсэн дээ. Ямар хүмүүсийг УИХ-д оруулж ирэв. Үүн дотор бодууштай юм их байна. Хараад байхад УИХ-д орж байгаа хүмүүс дотор хотод ирж төсвийн мөнгө угаадаг, газрын наймаа хийж хөрөнгөжөөд, Тоорой банди шиг хөдөө очиж тэр мөнгөө тараагаад санал авдаг хүмүүс олон болох төлөвтэй. Цаашид үүнийг бодохгүй бол горьгүй нь. Хотын газрыг худалдсан наймаачид эндээс олсон мөнгөнөөсөө нэг тэрбумыг нь хөдөө очоод тараахад саналыг нь аваад ирэх жишээтэй. Ийм байдал бодитой байна шүү дээ. Үүнээс гадна намдаа хандив өгсөн хүмүүс өгсөн хандивынхаа хэмжээгээр төрийн суудал эзэлдэг болж дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр нам гэдэг бол улстөр бизнесийг хослуулсан мафоз маягийн бүлэглэл болоход их ойрхон байна. Ер нь адаг сүүлдээ Монголд тус болох уу, хор болох уу гэдгийг бодох цаг ойрхон иржээ гэдгийг харуулаад байна.

 

- Н.Энхбаяраар эхэлсэн гэх “цэвэрлэгээ” өдгөө МИАТ, Татварын Ерөнхий газрын гэх хэргүүдээр үргэлжилж байгаа нь нийгэм цэвэрших нь гэсэн горьдлого төрүүлж байна. Нөгөө талаас өнгөн дээрээ нийгмийн идээ бээрийг шахаад байгаа мэт боловч цаанаа бугшсан асар том бээрний хүүдий улам томорсоор байна гэх хардлага байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм цэвэрших нь, идээ бээрийг нь шахаж өгөх нь гэсэн горьдлого талаар болж сонгууль, албан тушаал, авлига хээл хахууль тойрсон асар том сүлжээг далдлах, асуудлаа хүчээр нуух нэг дарангуйллын хэлбэрт шилжлээ гэх. Цаагуур болж буй асуудал шахагдсан бээрнээс илүү муу урхаг дагуулж байгаа юм биш биз?

- Н.Энхбаярын асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Тухайн үе нь сонгуулийн ид өрнөлтийн үе байлаа. Үнэхээр монгол төрийн Тэргүүн байсан хүн авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдож, эл асуудлыг гаргаж тавиад тэр хүнтэй ярих асуудал байсан уу гэвэл байсан. Гэтэл үхрийн бөөр шиг тав зургаан асуудлаар ял тулгаж тэр нь шүүх дээр очоод няцаагдаад, хүчингүй болоод байгааг харахад Н.Энхбаярын хэрэг давхар тоглоом байжээ гэдгийг харуулаад байгаа юм. Түүнээс хойш олон түмний хүсэл шаардлага, шинэ улстөрийн нөхцөл байдалд тулгуурлаад авлигатай тэмцэх ажил өрнөж байна. Татварынхны асуудал гарч ирлээ. Нэг хүн 10 хэдэн тэрбум төгрөг хураасан байна. Тэгэхээр татварын албанд ажилладаг хүний 5-10 хувь нь ийм байна гэж бодоход хичнээн тэрбум төгрөг займчуулсан бол доо гэдгийг бодоход хэцүү. Үүнийг илрүүлж байгаа нь сайн хэрэг. Оюутолгойн асуудал дээр нийгэм цэгцрэх тийшээ хандаад явчихлаа, Тавантолгойн асуудлыг юу болгосон нь илэрхий боллоо, МИАТ-ын асуудал, махны асуудал гээд л. Бид энд нэг килограмм нь 10 мянган төгрөгийн үнэтэй мах идэж байхад Дарханд махаа өмхийрүүлчихээд улсын нөөцөнд худалдаж авлаа гээд сууж байсан муухай үйлдэл илэрч  эхэлж байна. Энэ бол цаашид үргэжлэх ёстой. Бүр өргөн хүрээтэй том асуудлыг хамрахыг ч байг гэхгүй. Монголын баялаг, Монголын газар шороог худалдсан асуудлыг сөхөгдөхгүй байгаа шүү дээ.

 

- Огт илрэхгүй байгаа асуудлаас гадна илэрчихсэн, илэрхий гэмт хэрэг гэдэг нь харагддаг, эзэн холбогдогч нь албан тушаал хашаад явж байгаа хэргүүд яригддаг. Гэсэн атлаа бугшаад дарагдаад байгаа нь намчирхал, талцалтай холбоотой гэдэг?

- Тийм. Байгаа. Үүнийг зүгээр нэг чимхүүрээр чимхэж гаргах биш нилээд том ор тавих ч асуудал болох байх. Гэхдээ үүн дээр ямар нэгэн намын асуудал юм уу, улстөрийн бүлэглэлийн эрх ашгийн үүднээс хандаж болохгүй. Монголын  нийгмийн эрүүлжүүлэх, эмчлэх талаас нь хандах хэрэгтэй. Ер нь авлигын асуудал хэмжээнээс хэтэрсэн. Хамгийн наад захын нүдэн дээр ил байгаа асуудал нь хүүхдийн паркын асуудал байна. Зайсангийн амны асуудал байна. Монголын хууль байсан уу гэвэл байсан. Гэтэл хуулиа зөрчөөд зөвшөөрөл өгсөн үү гэвэл өгсөн. Хэн өгсөн бэ гэвэл гарын үсэг зурсан гурав, дөрвөн сайд нь нэрээрээ ярайтал жагсаад байж л байгаа. Тэр хүмүүстэй яагаад “Ямар учраас чи Монголын хуулийг зөрчсөн бэ?”  гэдэг асуудлыг ярихгүй байнгаа юм. Гэтэл тэнд мөрөөрөө байж байсан гэр хороололд хамгаалалтын албаныхан очоод эзнийг нь шонгоос хүлж уйлуулж дуулуулж байгаад газрыг нь булаагаад авч л байсан шүү дээ. Яагаад энэ асуудлыг ярихгүй дараад байна. Гэхдээ үүнийг ярих цаг ирнэ ээ.

 

- Бид сайн сайхан цаг ирэхийг, эрх баригчид авчирч өгөхийг хүлээгээд сурчихаж. Дээрх асуудлуудыг ярих, ил болгох, эзэн холбогдогч эрх мэдэлтэнд хариуцлага хүлээлгэх цагийг бид хэр удаан хүлээх вэ?

- Миний бодлоор бол 6 сар, магадгүй нэг жилийн дараа гэхэд асуудал яригдах биз дээ. 2016 оны сонгууль ч ойртоод ирнэ. Монголчууд нийгэмд юу болж байгааг харах, сэрэх чадвартай болно. Чиний хэлээд байгаа 2008 оны долдугаар сарын нэгэнд төрсөн айдас хүйдэс, төр засгаасаа цэрвэдэг байдал алга болоод эхлэхээрээ хүмүүс дуугарч эхэлнэ.

 

- Тэр айдас мөд арилна гэж үү?

- Болох байлгүй дээ.

 

- Зөвхөн жагсаал цуглаан биш хэд хэдэн хүний халуун амь, бүлээн цус урссан айдас шүү дээ?

- Гол нь энэ асуудлаа зөв шийдэх хэрэгтэй. Магадгүй бууд гэсэн хүмүүс нь ч юм уу, буудсан хүмүүс нь илрэх байх. Ямар ч байлаа гэсэн миний мэдэх МАХН-ын байран дотор н.Ганбаатар гэдэг хүнийг халаалтын шугаманд нь хүлж байгаад амь насыг нь бүрэлгэсэн асуудал огт яригдахгүй байгаа. Хүн буудсан асуудлыг л яриад байгаа болохоос биш халаалтын системнээс гавлуулж үхсэн хүний тухай огт яригдахгүй байна. Яагаад энэ асуудлыг ярихгүй байна. Хэн тэгсэн, хэн хийсэн гэдэг асуудал яригдаж байж энэ айдас хүйдэс алга болно шүү дээ.

 

- Айдас хүйдэс, авлигад нэвт идэгдсэн Монголд ардчиллын салхи байна уу?

- Ер нь эрүүл салхи үлээх хандлага байна гэж би хардаг. Үнэний нүүр Монгол руу харах нь уу даа гэсэн бодол байдаг юм.

 

- Аль зүгээс вэ?

- Хамгийн түрүүнд итгэл төрүүлж байгаа зүйл Оюутолгой, Тавантолгойн асуудал. Үүнээс гадна том том салбаруудад гарсан авлигын асуудал сөхөгдөж байгаа нь жаахан эрүүл хандах нь уу даа гэсэн итгэл төрүүлж байгаа. Гэхдээ энэ бол хүлээлт. Лавшраагүй байна. Үүний хажуугаар нь харгислал эхлэх нь, намын байдлаар асуудалд хандаж байна гэж байна. Авлига авсан хүн, хэрэг хийсэн хүмүүс аль нэг улстөрийн хүчинд харъяалагдаж байсан бол, тэр улстөрийн хүчнийг “Төрд чи хэнийг ажиллуулж байсан бэ” гэдэг хариуцлагыг хүлээлгэх л ёстой. Нөгөө талаас цаг хугацааны хувьд өнгөрсөн 22 жилийн ихэнхид нь МАХН /МАН/ төр барьж байсан. Энэ үеийн авлига хээл хахуулийн асуудал энэ намынхантай голлож холбогдох нь зүй ёсны асуудал. Гудамжинд лааз өшиглөж явсан Ардчилсан намынхан очоод авлига авна, авлига өгнө гэдэг асуудал тэнд байхгүй биз дээ. Бүх хороо хорин, Засаг даргаасаа эхлээд л МАХН-ынхан байлаа. Газрын наймаа эднээр л дамжиж явсан. Сумын Засаг дарга нар тэднээр дамжиж уул уурхайн лицензүүд баталгаажиж байгаа шүү дээ.

 

- Ардчилал хүний эрх, эрх чөлөөг төрийн дарангуйлалаас хамгаалдаг гэж ярьж байсныг тань санаж байна. Гэтэл төрийн дарангуйлалын үнэр үнэртээд эхэлснийг нийгэм даяараа ярьж эхэллээ шүү дээ?

- Ардчилал хүний эрх, эрх чөлөөг төрийн дарангуйлалаас хамгаалж байж л ардчилал байна шүү дээ. Ардчиллын тугийг босгож ардчиллын төлөө тэмцэж ирсэн Монголын тэмцэл хоосон байгаагүй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болж. Гэхдээ бидэнд гажуудал бол их бий. Ардчилал гэдэг бол хэдэн баячуудын ноёрхол гэсэн үг биш шүү дээ. Энэ талаараа бол ардчиллын утга агуулга гажуудаад монголын төр өнөөдөр нийт ард түмэндээ биш баячууддаа үйлчлэх хандлагатай байгаа. Үүнийг бид бодох ёстой. Улс орон өөрийнхөө орчин нөхцөлд тохирсон ардчиллын загвартай байх ёстой. Тэр бол ардчиллын загвар гэсэн үг болно биз дээ. Монгол бол энэ загварынхаа эрэлд л явж байгаа. Эрэлхийлж байна.

 

-Б идний төсөөлдөг “Жинхэнэ мөрөөдөл”-ийн ардчилалтай нүүр тулах мөч хэр ойрхон байна вэ?

- Нэг зүйлийг л бид ойлгох ёстой. Бид 22 жилийг ардчилсан хувьсгалын замаар замнаж байна гэж ярьсаар өнгөрөөлөө. Гэхдээ коммунист нийгмийг удирдан зохион байгуулж байсан тэр улстөрийн хүчин ихэнх хугацаанд төр барьж байсан. Коммунист үзэл, коммунист нийгмийг толгойлж байсан улстөрийн хүчин гэдэг бол нийгмийн инженерчлэлийн тухай асуудал болно. Тэгэхээр энэ улстөрийн хүчний ноёрхол зарим талаараа бууж ямар ч байсан орон нутгийн сонгуульд АН ялах хандлагатай төдийгүй УИХ-д хамгийн олон суудал авах маягтай, Ерөнхийлөгч нь гэсэн ардчилсан хүчнээс сонгогдсон байдалтай байж байна. Гэхдээ эмзэг байгааг харж байгаа биз дээ. Орон нутагт тэнцвэртэй нөхцөл бий болох байдалтай байгаа. Ер нь байр суурь батжих хэрэгтэй. Үүний дараа асуудлыг ярьж болно шүү дээ.

 

Ж.Нарангарав /Zindaa.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin СидбанкР¸ голландР¸Ð¸ Купить МЕФ ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆ Где продают наркотиРºÐ¸ ОбезболР¸Ð²Ð°ÑŽÑ‰Ð¸Ð¹ эффект таблетоРº Кетанов: состав и противоР¿Ð¾ÐºÐ°Ð·Ð°Ð½Ð¸ я Ск пробы омск Как открыть паховую вену ГаллюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ грибы споры Купить экстази закладкР¸ ЗакладкР¸ гашиш в Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ð¾Ð¼ Купить АмфетамР¸Ð½ в Балахна АльтернР°Ñ‚Ð¸Ð²Ð° амфетамР¸Ð½Ñƒ Купить Экстази Мдма Пилсы ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº 2 хлорфенР¸Ð½Ð´Ð¾Ð» Ð¥Ð°Ð¼Ð¼Ð°Ð¼ÐµÑ ‚ купить Ecstasy: UPS 90mg ТрамадоР» 90 мг Мягкий гашиш Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НовомосРºÐ¾Ð²ÑÐºÐµ МефедроР½ Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  в моче ИностраР½Ð½Ð°Ñ почта без ввода телефонР° Купить MDMA ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ ИнтимлаР¹Ñ„ разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смесь гашиш купить ТаблеткР¸ розовые в виде сердечеРº Аналог мефедроР½Ð° Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð“Ð¾Ñ€Ð¾Ñ…Ð¾Ð²Ñ †Ðµ Спайс в Абакане АмфетамР¸Ð½ цена за грамм Насвай купить в новосибР¸Ñ€ÑÐºÐµ
IP:188.68.0.102  2018-09-26 20:39:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.