Баян-Өлгийн хэт улсжилтөөс илүүхэж улс төржиж чадсан нь сонгогдоно

2008/05/14
Share |
Хүмүүс:
Баян-Өлгийн хэт улсжилтөөс илүүхэж улс төржиж чадсан нь сонгогдоно

“Парламентын шинэ төрх” булангийн энэ дугаартаа Баян-өлгийн тойрогт нэр дэвших хүмүүсийн талаар болон хэн ялалт байгуулж парламентын гишүүнээр сонгогдох магадлалтай байгаа тухай таамаглалыг хүргэе.

Баян-Өлгий аймаг бол сумынхаа тоогоор цөөн боловч хүн ам ихтэй аймгийн нэг билээ. Ялангуяа өрхийн тоогоороо улсдаа тэргүүлдэг гэж хэлж болно. Ирэх сонгуулиар Баян-Өлгий аймгаас 48000 гаруй сонгуулийн насны иргэн санал хураалтад оролцоно. Аймгийн төв Өлгий сумтайгаа нийлээд 13-хан сууринтай энэ аймаг  эрс тэс сонголт хийдгээрээ эрсдэлтэй тойрог.
1992 оноос хойш “ув улаан” байсан энэ тойрог өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “цэв цэнхэр” болсон нь одоо хэр улс төрчдийн гайхлыг төрүүлсээр байдаг. 1992 оны сонгуулиар МАХН-ын гурван кандидат болох А.Болат, Т.Султан, Х.Володя нар гурвуул 60-аас дээш хувийн санал авч сонгогдож байсан. Түүнээс хойш мөн л МАХН-ын улаан зүтгэлтнүүд болох Р.Сандалхан, А.Болат, Т.Султан нар 1996 онд сонгогдож байлаа. Тэр гурав сөрөг хүчний байр суурьнаас ажиллаж байсан болохоор дараагийн сонгуулиар МАХН дахин Баян-Өлгийд ялалт байгуулах “нүх сүвийг малтаж” өгсөн хэрэг. Тэгээд ч 2000 оны сонгууль бол Ардчилсан хүчнүүдийн хувьд арчаагаа алдсан сонгуулийн жил байсан нь үүнд бас нөлөөлсөн хэрэг. 2000 оны сонгуулиар хуучин “улаан батлахтан” Р.Сандалхан, О.Нигамет, Х.Жекей нар ялалт байгуулсан.
Харин өнгөрсөн сонгуулиар Баян-Өлгийчүүд улс төрийг үзэх үзэлдээ шинэ эргэлт хийж  “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг олонхиороо дугуйлжээ. Баян-Өлгийнхэнд өмнөх сонгуулиар АН-ын гишүүдийг сонгох болсон ганц л шалтгаан байсан гэж нутгийн хүмүүс ярих юм билээ. Тэр нь Хүүхэд бүрт 10.000 төгрөг өгнө гэдэг амлалт. Учир нь Баян-Өлгийн нийт хүн амын тал шахам хувь нь 15-аас доош насны хүүхдүүд байдагтай холбоотой. Тэгээд ч нийт өрхийн дийлэнх нь дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй байдгаараа  энэ аймаг улсдаа толгой цохидог. Тэр үүднээсээ “Эх орон-Ардчилал” эвслийн амлалтыг тооны машинаар үржүүлсэн байх. Гэхдээ өөр бас хүчин зүйл үүнд нөлөөлснийг үгүйсгэхгүй л дээ. Харин улаан батлахтангууд бага саналаар ялагдсан байдаг. 2004 оны сонгуулийг аваад үзэх юм бол   АН-ын гурав маш цөөхөн саналаар ялалт байгуулсан байдаг. Энэ нь улс төржилт тэнд  хэтэрхий хавтгайрсантай холбоотой. Баян-Өлгийд халх хүн нэр дэвшээд гарна гэсэн “теором” байхгүй. Нийт хүн амын 88,7 хувийг казах үндэстэн , 7.2 хувийг урианхай ястан, 1,5хувь нь дөрвөд, нэг орчим хувийг тува ястан тус тус эзэлдэг болохоор казах үндэстнээс өөр хүн нэр дэвших тухай бодохын ч хэрэггүй. Тэгэхээр бусад аймгийн харъяат улс төрчид үндсэндээ 25 тойрогт нэр дэвших боломжтой гэж тооцох нь зүйд нийцэх нь дамжиггүй. Одоо ч гэсэн улс төрчид Баян-Өлгийд тэр бүр харц чулуудаад байдаггүй. Энэ байдлаас болоод Баян-Өлгийнхөн дотроо “алалцсаар” улс төржилт нь хэтрээд байгаа тухай тэндхийн нөлөө бүхий хүн ярьж байна лээ.Тэнд  улс төрийн гол өрсөлдөөн МАХН, АН-ын хооронд л өрнөдөг. Зарим жижиг намын хүн юм уу бие даагч нэр дэвших нь байдаг боловч төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Хэрэв гуравдагч нөхөр нэр дэвших юм бол бараг 10 хувийн санал авч байсан удаагүй гэх аж. Ахуй амьдрал нь сайнгүй ч улс төржилтөөрөө хотын биднээс илүү гарчихсан Баян-Өлгийд одоо мөн л АН, МАХН-ын кандидатууд л нэр дэвшихээр бэлтгэлээ хийж байна.
Аймгийн МАХН-ын хороо хуралдаж эхний байдлаар саяхан генерал цолыг  хүртээд байгаа Х.Жекей, аймгийн засаг дарга асан Х.Баделхан, ТЭЦ III-ын дарга асан Телехан нарыг нэр дэвшүүлэхээр сонгож намын бага хуралдаа илгээгээд байгаа. Харин АН-ынхан энэ тойрогт “бантангаа хутгаж” байгаа. Намын анхан шатанд яаж “хор найруулдаг”-ийг яруу тодоор харуулсан гэдэг. УИХ-ын гишүүн А.Мурат, А.Бакей нар парламентэд дахин залрах горьдлого өвөрлөн дахин сонгогдохын тулд нэр хүндтэй нэгийгээ жийх хутгуурыг урьдаж очоод бэлтчихсэн инээж угтсан гэнэ лээ. К.Сайраан гишүүний хувьд Баян-Өлгийн алдартан мөнөөс мөн. Монгол улсын нүүрийг тахлах парламентын ордоныг, Үндэсний номын сантай нь барих хөрөнгийг сул олоод ирсэн хүнийг дахин сонгох нь монголчуудад хэрэгтэй талаар Баян-Өлгийчүүд бодож л байгаа. Баян-Өлгийд гэхэд л жишиг хороолол барихаар Арабын баячуудаас дахин 60 сая ам.доллар олчихсон боломж олгооч гээд  яваа хүнийг сонгохгүй бол хэнийг сонгох билээ дээ. К.Сайраан гишүүн шиг Арабын баячуудын “судас”-ыг нь олчихсон хүн казахчуудын дунд бий юу гээд бодох юм бол бас нэг зүйл бодогдохоор л байгаа юм. Сайраан гишүүнийг тэнгэрт гартал магтах гэсэнгүй. Зүгээр л эх орны минь алслагдмал бүс нутаг орчин үетэйгээ хөл нийлүүлж явах боломж байгааг л энд өгүүлэх гэсэн юм. Хэрэв К.Сайраан гишүүнд АН мандат олгохгүй бол бие даан нэр дэвших тухай яриа ч гарч байна.
Ингээд үзэх юм бол Баян-Өлгийгөөс ирэх сонгуулиар УИХ-ын гишүүний тангараг өргөх эрхэмүүдийн нэр бараг тодорхой болчихсон мэт. Казахчуудын дундаас анхны  зэвсэгт хүчний генерал цол хүртсэн Х.Жекей нэр хүндтэй байгаа. Мөн нутгийн зөвлөлийн дарга гэдгээрээ ч тэрээр гурван мандатын нэгийг нь хүртчих боломжтой. Мөн К.Сайраан гишүүн 60 сая ам.доллараа төрөлх нутагтаа зарцуулах юм уу, Ховд, Баян-Өлгийг баруун хилтэй холбосон хатуу хучилттай зам тавих амлалт өгчихвөл сонгогдох магадлал өндөртэй болчихно. Харин үлдэж байгаа ганц мандат дээр нь МАХН, АН-ын дөрвөн нөхөр “эрэгчин эмэгчнээ үзэлцэх” шинжтэй. Тэгэхээр аймгийнхаа хэт улстөрчилтөөс илүү гарч “улсжөржиж” чадсан нь сонгогдох гэнэ лээ.

Эх сурвалж: Өглөө орой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.