АРДЧИЛАЛГҮЙ ОРОНД ЮУН АРДЧИЛСАН ОРНУУД ХУРЛЫГ ХИЙХ ГЭЭД БАЙНА..,

2013/04/22
Share |
Хүмүүс:
АРДЧИЛАЛГҮЙ ОРОНД ЮУН АРДЧИЛСАН ОРНУУД ХУРЛЫГ ХИЙХ ГЭЭД БАЙНА..,

Монгол Консерватив намын дарга  Н.Дашдаваатай улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар байр суурыг нь тодрууллаа.

 

МОНГОЛ ДОТООДЫН ХАР ЖАГСААЛТАЙ БОЛОХ ЁСТОЙ.

 

Саяхан танай намаас хэвлэлийн бага хурал хийсэн үүнээс яриагаа эхлэх үү?

Нэгдүгээрт Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол улсыг дэлхийн хар жагсаалтанд ойртож буй сануулга өгсөн. Хар дансанд ороход 2 сар хүрэхгүй хугацаа үлдсэн тухай мэдээллэсэн. Үлдэх хугацаанд хэд хэдэн хуулд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, мөнгө угаахтай тэмцэх мэргэжлийн байгууллага байгуулах гээд шаардлага бий үүнийг хийж чадахгүй бол хар жагсаалтанд орно. Нэгэнт орчихвол гарахад удаан хугацаа орохоос гарна макро эдийн засагт ихээхэн хохирол учирдаг. Ерөнхийдөө эдийн засаг царцанги байдалд орж, санхүүгийн салбар бүхэлдээ хямралд орох аюултай. Хоёрдугаарт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас 2.5 нууц дансыг илрүүлж дэлхий нийтэд зарлаж эхэлсэн тухай мэдээллэсэн. Тухайн орнууд дотооддоо мөнгө угаах 20 төрлийн гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадахгүй бол олон улсын эрх бүхий байгууллагуудаас санаачлага гаргаж ажилладаг. Түүний нэг жишээ саяхан гарлаа. Олон улсын конвеци, хууль, дүрмийг сахихгүй бол олон улсын эрх бүхий байгууллагууд авдаг арга хэмжээгээ аваад л явдагаараа явна. Гуравдугаарт Монгол улс дотоодын хар жагсаалттай болох санаачлага асуудлыг хөндөж гаргаж тавьсан.

 

Дотоодын хар жагсаалт гэдэгээ жаахан тодруулаач..,

Монгол улс дотоодын хар жагсаалттай болох ёстой. Энэ жагсаалтыг улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд, Авилгатай тэмцэх газар, шударга иргэд хамтран энэхүү жагсаалтыг гаргаж ард түмэнд зарлах хэрэгтэй. Мөнгө угаах гэмт хэрэгт  холбогдсон хүмүүс , авилга авч баяжсан улс төрчид, албан тушаалтан, өмч хувьчлалаар баяжсан бизнесийнхэн, тендерээр баяжсан хүмүүс, гадаадынханд тал засаж эрх орныхоо баялагыг хямд үнээр зарсан хүмүүс, ард түмний эсрэг мөнгө угаах гэмт хэрэг хийсэн улс төрчид, бизнесийнхэн болон хэн бүхнийг Монголын улс төрийн намууд намын гишүүнчлэлээсээ хасаж,  ард түмэнд нээлттэйгээр зарлаж УИХ болон шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, төрийн өндөр дээд албан тушаалд томилохгүй ажлыг эхлүүлэх санаачлагыг гаргасан. Эдгээр хүмүүсийг Монголын төрөөс холдуулахгүйгээр хөгжлийн тухай ярихад хүнд байна. Эдгээр төрөөс төрсөн болон шударга бусаар олсон бүх мөнгө ард түмний татварын мөнгөөр хөлжсөн хүмүүс шүүдээ. Ард түмний хөдөлмөрлөж, хөлсөө гоожуулж олсон мөнгийг инфляци, үнийн хөөрөгдөл, банкны хүү, алдаатай эдийн засгийн хахир бодлогоор шулж байж баяжсан хүмүүс гэдгийг санаж явах ёстой. Улмаар ард түмний итгэлээр төрийн дээд албанд гарч ирчээд олон улсын мөнгө угаадаг гэмт бүлэглэлүүдтэй хамтран ард түмнээ хар жагсаалтанд оруулахаар болгосонд хариуцлага тооцох ёстой.


АРДЧИЛАЛГҮЙ ОРНЫГ АРДЧИЛСАН ОРОН ГЭЖ НОТЛОХОД ХЭЦҮҮ БАЙХДАА..,

 

Удахгүй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурал болох нь та оролцох уу?

Монголд Ардчилал байгаа юм уу? Ардчилал нэрийн дор өмч хувьчлалаар ард түмний өмчийг дээрэмдэж, эрх мэдлээр далайлган байгалийн баялагаа гаднханд хямд зарж баяжсан эрх мэдэлтэнгүүд, бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийг устгаж үгүй болгосон, хүний эрх ярих мөртлөө ард түмний хүүхдүүийг буудаж алж болдог тэгш биш тогтолцоо, коммунист сэтгэлгээнээс салаагүй улс төрийн хүчин, чөлөөт зах зээл нэрээр ард түмний түрүүвчнээс инфляци, үнийн хөөрөгдөл, банкны хүү нэрээр эдийн засгийн луйвар хийж буй хүмүүс, эрх баригчдаас гаргаж буй ардчилалын үнэт зйүлийн эсрэг шийдвэрүүд гээд олон зүйлээр ардчилал ийм байдаггүй гэдгийг хэлж байна. Ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн орнуудад амьдарч сурч байсан хүмүүс Монголд ардчилал байхгүй байна гэж шууд хэлж байна шдээ. Ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн оронд амьдрах хүсэл тэмүүлэлтэй иргэд олон болсон байна. Аргагүй шүү дээ ардчилалгүй оронд айж ичиж амьдарсанаас иргэн сонголтоо хийж байна. Улс төрчид, эрх баригчид арьсныхаа цаана нууж байгаа үнэнээ хэлэх хэрэгтэй.

 

Та хэнийг арьсныхаа цаана үнэнийг нууж байна гэж хэлээд байна?

Улс төрчидөөс эхлээд багаа тайлах цаг нь болсон. Ардчилалгүй оронд юун ардчилсан орнуудын хурал хийх гээд байна. Ардчилал  амаар ярьж хийдэг зүйли биш. Ардчилсан Монгол орон гээд цээжээ дэлхэээс өөр юм алга. Ардчилсан орнуудын сайд, тэргүүнүүдэд бид уул уурхайгаа ингэж сүйтгэж байна гэдэгээ үзүүлэх хэрэгтэй. 7 сарын нэгэнд хүн буудснаа хүртэл хэлэх хэрэгтэй. Асар олон залуучуудыг хэлмэгдүүлж дарамтлаж золиолсолсоноо хэлэх хэрэгтэй. Гэр хороололоор явж ардчилсан оны иргэд ингэж ядуу, тарчиг амьдардаг гэдгээ хэлэх хэрэгтэй. Албан тушаалтанууд нь авилага авч баяждаг гэдгээ хэлэх хэрэгтэй. Тендерийг томчуул нь аваад идчихдэг гэдэгээ хэлэх хэрэгтэй. Хууль шүүх нь энгийн иргэнд хатуу, өндөр албан тушаалтан, нам дагасан хүнд зөөлөн ялгавартай гэдэгээ хэлэх хэрэгтэй.  Мөнгө өгч ард түмнийхээ санйлыг худалдан авдаг гэдгээ хэлэхт хэрэгтэй. Хууль зөвхөн жирийн иргэдэдэ үйлчилдэг, эрм мэдэлтэнд үйлчилдэггүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Намд элсэхгүй бол ажил олддогүй гэдгээ хэлэх хэрэгтэй.  Энэ бүхнээ нуугаад үлдэх үү? Ардчилалын индексээр 89 дүгээр байранд орчихоод бид агуу Монголын үр сад гээд түүхээ яриад зогсох уу? Ардчиллын үлгэр жишээ орон, биднээс сурах гэж ирж байна гэж хошгоруулах вий дээ. 

 

 

НАМЫН ТАЛЦАЛ БАГА ЯРЬЖ ХӨГЖИЛ ИХ ЯРИХ ЦАГ БОЛСОН.

Танай нам одоо ямар улс төрийн акц хийж байна?

Одоо бид нар нам бага ярьж зөв хөгжил их яримаар байна. Нам талцал, сонуулийн будлиан, худал амлалт, үзлэ баримталгүй ижил намууд гээд маш олон утга учиргүй зүйлээс ард түмнийг залхаж байна. Бид Монгол орны хөгжлийн асуудлыг ард түмний хүсэл гэдэг өнцөгөөс харж байгаа. Ард түмэнд ямар хүсэл тэмүүлэл байна түүнийг л хэрэгжүүлэх гэж намууд засаглалын эрхий төлөө өрсөлддөг. Түүнээс биш дээгүүрээ цатгалдаж, ард түмнээ өлсгөх гэж төр байдаггүй байх.  Олон байгууллагын оролцоотойгоор Монгол Үндэстний хүсэлд нэгдэх хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ хөдөлгөөний эхний ажил Монгол хүний хүслийн тунхаг баримт бичгийг гарган ард түмэнд тарааж байна. Ард түмний хүсэл агуу байх хүсэл энэ хүсэл биелэх ёстой. Тиймээс ч энэ хүслийг хэрэгжүүлэх гэж манай нам байгууллагдсан шүү дээ. Одоогийн эрх баригчдын явуулж буй бодлого ард түмнийхээ хүслийг гүйцэхгүй байна. Ард түмний хүсэл эрх баригчдын бодлого хоёр их зайтай байна. Ийм учраас л ард түмний уур бухимдалын эх уурхай нь эрх баригчдын үйлдэл болж байна. Үзэл баримтлал нь тодорхой намаас ингэж хийнэ, ингэж ажиллана гэсэн тодорхой л бодлого гарна. Одоо бол намууд бүгд л зүүний чиглэлийн үзэлд тулгуурласанж ижил мөрийн хөтөлбөр, бодлого гаргаж тавьж байна.

Үзэл баримтлалаас бүх юм эхлэх юм байна гэж ойлголоо. Танай намын эхлэх цэгээсээ тайлбар өгөөч..,

Манай үзэл баримтлал бол баруун төвийн консерватив үзэл баримтлал. Консерватив үзэл баримтлал бол түүхийн хамгийн үнэт зүйлээ цаашид үргэлжүүлэн авч явахыг л хэлдэг. Жишээ нь Их Британ л гэхэд эзэн гүрэн байсан тэр хүчирхэг байсан үеийнхээ үнэт зүйлийг л авч авж хэрэглэснээрээ даяарчилалд өөрийн үндэстэнйи дархлааг хадгалаж, хүчтэй хэвээрээ оршин байна. Монголын консерватив үзэл бол дэлхийд хүчтэй байсан шигээ дахин хүчирхэгжиж юм. Монгол хүн бүр хүчтэй байхыг хүсдэг. Энэ хүслийг илэрхийлсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энд тулгуурласан улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг боловсруулсан. Эдгээр бодлогуудаа шат дараалалтайгаар ард түмэнд хүргэж байна. 

Танай нам тэгвэл одоогийн бодлогоос ямар ялгаатай бодлого гаргаж ирж тавьж байгаа юм?

Бодлого ярихын тулд хамгийн түрүүнд эдийн засгийн бодлогын тухай ярих шаардлага гардаг. Эдийн засгийн бодлогын хувьд  хамтын зах зээлийн эдийн засагтай байх ёстой. Хамтын зах зээлийн эдийн засгийн онцлог бол төр, хувийн хэвшилээс гадна олон нийт оролцдогоороо ялгаатай.  бий болгосон хариуцлагатай, хамтын хяналтыг хэрэгжүүлдэг учраас нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Хамтын зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бол нэг компани, нэг хоршооны тухай ярьдаггүй, харин үндэсний ажил эрхлэлт, үндэсний байгууллагууд, үндэсний асуудлуудыг ярьж шийдвэрлэнэ. Инфляци, ажилгүйдлыг хэзээ ч дураар нь тавихгүй. Төрийн зохицуулалтаар барьж  ажиллана. Хамтын зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд Үндэсний хөрөнгө оруулалтын санг байгуулна. Үндэсний хөрөнгө оруулалтын санг тэтгэвэр тэтгэмжийн сан, гадаад вальютын нөөц, байгалын баялаг, даатгалын сан, үндэсний корпариацуудын орлого гэсэн 5 эх үүсвэрээс нэгтгэж бүлдүүлнэ. Түүний удирдлагыг төрөөс ангид хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бүрдүүлсэн хөрөнгөөрөө Үндэсний эрх ашгийг өмнөө тавьсан үр өгөөж нь иргэн бүр очих үндэстэн  дамнасан корпорациудыг байгуулах болон улс орны холыг харсан бүтээн байгуулалтанд зориулах ёстой.

 

Нийгмийн халамж намуудын амлалтаас болоод хавтгайрлаа гэх яриа болж танай нам ямар бодлоготой байна?

Бид нийгмийн бодлогоо бид халамжилдаг биш сайхан амьдрах боломжийг бодлогоор олгодог байна гэж тодорхойлсон. Монгол хүүхдийг Монголын ирээдүй хэмээн хүндэтгэж Монгол хүний генд тохирсон Монгол гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх залгамж үеийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол оюутнуудыг Монголын ирээдүйн сэхээтэн хэмээн хүндэтгэж, сургалтын төлбөрийг нь үнэ төлбөргүй болгоно. Монгол оюутныг тусгай зорилго өвөртлүүлэн гадаадын их, дээд сургуульд сургаж, бэлтгэх замаар мэдлэгт суурилсан үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боловсон хүчнээ бэлдэнэ. Монголын ахмад өндөр настангуудыг төрийн хамгаалалтанд авч сэтгэл амар үр хүүхдээ хүмүүжүүлэх боломж орчныг бүрдүүлж өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг онцгой анхаарч, энгийн хүн шиг амьдрах баталгаа бий болгоно гэм мэт заалтууд орсон байгаа.

 

ДАЯАРЧЛАЛД УУСАХ БИШ ҮНДЭСНИЙ ДАРХЛААЛТАЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ ИРСЭН.

 

Үндэсний сэтгэлгээний дархлаа суларсан тухай хүмүүс ихээр ярих боллоо. Энэталаар  таны байр суурьямар байна?

Гадынханыг шүтэн биширдэг улс олзлогдоход бэлэн гэсэн үг. Үндэсний үзлийн дархлаа сул, төр засаг нь тусгайлсан бодлого явуулдаггүй улс орнуудыг соёл урлаг, хүмүүжил, боловсрол, шашин, итгэл үнэмшил, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд маш олон зүйлээр өөрийн нөлөөллийг тогтоохыг хүссэн улс үндэстэн олон байна. Энэ даяарчлалын эрин үед Монгол хүн бүр үндэстний өөрийн үзлийг байнга бодож түүний нөлөөлөлд автахгүйгээр оршин тогтох ёстой. Тиймээс бид үндэсний дархлагаа хүүхдэд бага наснаас нь суулгаж өсөх насанд нь байнга сануулж, сэрээж байх ёстой. Шинэ үе маань өөр үндэстний соёл хүмүүжилээр хүмүүжүүлж болохгүй. Сүүлийн гадаад соёл урлаг, кино, дуу хөгжим, шашин зэргийн нөлөөлөл залуучууд өсвөр насныханыг ихээр уургалаж байна. Мөн худалдан авах чадваргүй иргэдийг шашин нэрээр, хүмүүнлэгийн байгуулллаг нэрээр сэтгэлгээнд нь, итгэл үнэмшилд нь нөлөөлөх оролдлогууд их байна. Ингэж бид үндэсний сэтгэлгээнийхээ дархлааг алдаж болохгүй. Аажимаар уусгадаг 50, 100 жилийн алсын хараатай ноёрхолын бодлого хэрэгжүүлж банйа. Тэр хавханд нь дархлаагүй үндэстэн шууд л орно. Ард түмэн нь даяарчлалд уусаад алга болчихвол төр хаана, юун дээр оршин тогтнох юм.

Төрийн дархлаа сул байна гэж саяхан Р.Амаржаргал гишүүн хэлсэн байсан. Үүнтэй санал нийлэх үү?

Аливаа үндэстний улс төрчид, эрх мэдэлтэй хүмүүс алвилга, хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдоод, ард түмний эрх ашгийг умартаж хувийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаад ирэхлээр тухайн улсын төрийн дархлаа суларч гадныханы өгөөш болдог. Монгол орны эрх мэдэлтэнгүүд нь хувийн болон бизнесийн эрх ашгаар гадныхантай сүлбэлдсэн байдал төрийн дархлааг сулруулж, хэн нэгэн хувийн компани ирээд монголын төрд нөлөөлж болдог гэдэг ойлголт, жишиг тогнох нээ. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ихээхэн сөрөг нөлөөтэй. Тиймээс л хувийн эрх ашгийнхаа төлөө улс эх орноо худалдаж буй хүмүүсийг илрүүлж зарлах ёстой гээд байгаа юм  шүү дээ. Төр хүчтэй байх анхдагч үндэс бол төрийн дээд эрх мэдэлтэнгүүд ард түмний эсрэг аливаа төрлийн үйл хэрэгт оролцохгүй байх юм. Санаандгүй юм уу мэдлэг муутайгаас орсон бол шударгаар хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг шүү дээ. Тэгж байж төр цэвэр байна. Төр цэвэр байвал төрийн дархлаа сайн байна шүү дээ.

 

МАН, АН НАМУУД ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, АРД ТҮМЭН УЧРУУЛСАН ЗОВЛОН ХОЁРОО ЭРГЭЖ ХАРАХ ЁСТОЙ.


Танай намаас улс төрийн намуудад хандан урилага гаргасан байсан тэр талаараа тодруулаач..,

 

АН, МАН нам гэдэг зүйлийг ард түмний эсрэг ашиглаж дэндүү олон алдаа гаргасан энэ алдаагаа засахыг сануулсан. Манай урилагад намуудыг үзэл баримталаа эргэн харж, үүгээрээ ялгаръя. Гишүүнчлэлээр уралддаг биш бодлогоор уралддаг бодлогын нам болж  төлөвшцөөе. Ард түмний сонголтонд хүндэтгэлтэй хандъя. Ар өвөрөөр, элдэв аргаар ард түмний сонголтонд нөлөөлөхөө зогсооцгооё. Ард түмний сонголт төрийн эрх барих дээд сонголт байх учиртай. Үндэсний эрх ашгаа намын эрх ашгаас дээгүүр тавъя.  Улс төрийн шантааж, улс төрийн тохироо, улс төрийн наймаа хирээс хэтэрлээ. Үндэсний эрх ашиг бол хамгийн дээд эрх ашиг байх ёстой. Жирийн ард түмнийг хатуу гишүүчлэлээр талцуулахаа зогсооё. Намд элсэхгүй бол ажилгүй, амьдралгүй гэдэг айдаст автуулахаа болъё. Хөрөнгөтөн нам байхаа больцгооё. Намын их хөрөнгөжилт бол хээл хахуулийн хардлагад өртүүлжж байна. Авсан, өгсөнөө ил тод нээлттэй болгоё. Санхүүжилтээ ил тод болгоё. Зарцуулсан санхүүгийн тайлангаа ил тод нээллтэй болгоё. Төрийн албыг улс төржүүлж явцуу зорилгод ашилахаа зогсооё. Мөнгө тарааж санал авдаг ядуу аргаасаа салья. Эдийн засагт ачаалал өгдөг амлалтуудаа больё  гэх мэт зүйлийг уриалсан.

Намын хүрээнд ийм алдаа гаргасан байж, засаглал хэрэгжүүлэх явцыг юу гэж харж байна?

 

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг үг байдаг даа. Гээндээ бий гоондооч бий гэж тус тусдаа ч засаг барьж үзлээ. Нэг гэрт ч сууж үзлээ. Хамтарч ард түмнийг зовлонд унагачихаад тэр хийсэн, энэ хийсэн гэж хүмүүжилгүй хүүхэд мэт аашлах нь ард түмэнд дэндүү инээдэмтэй харагдаж байна. МАН-ны тарьсан гай ч бий. АН-ны тарьсан, тарьж байгаа гай ч байна. Эдийн засгийн хөрөнгө оруулалтын үр дүнгийн аудит, нийгмийн хариулцагын аудит гэж юм алга. Жишээ нь жижиг дунд үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтууд ард түмэнд ямар бодит үр дүнг өгсөн, утаа арилгах хэдэн тэрбум төгрөг ямар үр дүн өгсөн, боловсруулан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд чинь ямар үр дүн өгсөн гээд олон зүйлд үр дүнгийн аудит хийх ёстой. Хамгийн аймшигтай нь инфляцийн далд хөнөөл, хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, хүнсний импортын хараат байдлыг бодлогоор зохицуулж  чадахгүй байгаа нь ард түмний түрүүвчнээс мөнгө хулгайлж байгаатай агаар нэг байна. Тиймээс эрх баригчид ард түмний хүслийг илэрхийлсэн бодлого явуулж байна уу гэдгээ эргэн харж явах хэрэгтэй.

 

АРД ТҮМНИЙ ИТГЭЛЭЭР ГАРЧ ИРЧЭЭД ЦӨХӨРӨӨЖ ХАРИУ БАРЬЖ БОЛДОГ ЮМ УУ?

 

Жил бүр хашуу л сонгууль болдог болж ард түмэн залхах шинжтэй байна.

Төрийн сонгууль болох л ёстой. Гэхдээ ард түмний сонголтыг бүдүүлэгээр олон шатанд будилуулдагаа зогссох ёстой. Санал өгөхөөс эхлээд сонгуулийн эцсийн дүн  гартал л луйвардах болж дээ. Санал өгөхийг мөнгөөр худалдаж авахаас эхлээд иргэдийн саналыг янз бүрийн аргаар худалдаж авдагаа болих хэрэгтэй. Иргэд ч гэсэн үнэхээр сайн сайхан амьдралыг хүсэж байгаа бол мөнгө төгрөг элдэв юманд саналаа өгдөгөө болих хэрэгтэй. Нэг удаагийн сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Нэг удаа аваад нэг будаад 4 жил цөхрөх гэж сонголт хийж болохгүй. Таньд биш юм гэхэд үр хүүхэд, ач, гуч, зээ нараа бодож намаа зөв сонгож будах цаг болсон. АН, МАН-ыг үнэхээр олон жил сонголоо таны амьдралыг сайжруулсан нь хаана байна? Өнгөрсөн хойно нь бухимдаж суух хэрэг байна уу? Ард түмнийг эдийн засгийн чадавхитай болгож байж л ард түмний худалдан авах чадвар сайжирч хүчтэй урсгалтай эдийн засаг бий болдог. Ард түмнийг эдийн засгийн чадавхигүй байлгах сонирхол эрх баригч намуудад байна уу гэж хардахад хүргэж байна.

Сонгогч, сонгогдогч хоёр яавал дээр үү?

Сонголтоо худалдахаас татгалзаж үгүй гэж хэлэх хэрэгтэй. Энэ өөрийгөө бас үр хүүхдийнхээ төлөө шүү. Сонгогдсон нь соногчдынхоо өмнө хариуцлагатай байх ёстой. Сонгогдсон тойргийнхоо хүмүүсийн амьдралыг очих хардаг л байх үнэхээр хүнд байна шдээ. Ард түмэн үнэхээр цөхөрч байна. Итгэлийг цөхөрлөөр  хариулж болдог юм уу? Аар саархан юмаар хийсэнээ гайхуулах гэж сонгогдоогүй байлтай. УИХ-ын  гишүүний тойрогтоо хийсэн ажлын тайлан бол бүгд усан оргилуур барив, ахмадуудыг цагаан сараар авч уулзав, сагсны шийд барив гэх мэтээр дүүрсэн байдаг. Нөгөө тэрбумаараа шүү. Ард түмний мөнгө шдээ. Сууриар нь өөрчлөх бодлого алга уу? Аль эвсэл бодож чадахгүй байна уу? Тийм бол тэрийгээ хэлэх хэрэгтэй л дээ. Ард түмэн ойлгоно шүү дээ.

АН, МАН хоёрыг яах вэ?

Тар эвсэл ухамсараараа зайгаа тавь. Ард түмэн ингэж л хандаж байна.МАН Ард түмнээ сонсьё гээд бүтэн жил явсан тэр сонссоноо яаж ажил болгохгүй байна. АН Монгол хүн 2020 гээд бүтэн жил явсан тэр асуусанаа яагаад ажил болгохгүй байна. Шоу байсан уу? Шоудагч намыг, ард түмнээ сонсчоод захиасыг нь мартдаг намыг, ард түмнийг зовлонд живүүлдэг намуудыг тараах ёстой. Таныг сонсоод л бид хийх гээд байна гэсэн хаана байна. Ард түмэн харц доогуур, бухимдалтай хэвээрээ байна.

Та хэтэрхий туйлшираад байгаа юм биш үү?

Үгүй. Бодит үнэн. Намын гишүүд нь хүртэл өөрийнхөө зүтгэсэн намаас ичиж байна шдээ. МАН-аас насаараа зүтгэсэн Сүхбаатарын одонт гишүүд нь ичиж байна. АН-аас ардчилсан хувьсгалд оролцсон Эрх чөлөөний одонт партизанууд нь ийм нийгмийг төлөө тэмцээгүй юм даа гэж ичиж байна шдээ. Ийм хүмүүс надтай зөндөө уулзсан. 


ЦУСААР ОЛДСОН ЭХ ОРОНЫГ ЦААСААР ЗАРЖ БОЛОХ УУ?


Байгалийн баялагын хуваарилалт, гэрээнүүд муу болсон талаар танай намын байр суурь ямар байна?

Энэ асуудал дээр ганцхан зүйлийг ярих биш маш олон зүйлийг цогцоор нь ярих хэрэгтэй.  Оюутолгойг ярьж байх хооронд ард түмний мэдээгүй олон ордуудыг гадныхан эзэмшиж монгол хүнийг газар нутагтаа тайван амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Монгол хүн эх орондоо хөөгдөж туугдаж амьдрах хувь тавилантай байж болохгүй. Аль газрын баялагтай газар нутгийг нутгийн иргэдийг харуулдан хамгаалж бай гэж бүрэн эрхийг нь өгч ирсэн түүх бий. Одоо эрээ цээргүйгээр тэднийг хөөн ад үзэж байгаа нь үндсэн хууль зөрчиж байна. Эрх мэдэлтэн ингэж түрэмгийлдэг байдлыг зогсоож Монгол хүн газарт нутагтаа эзэн байх эрхийг олгох ёстой. Баялагтай газар нутагт гадныхан, гадныханд тал зассан эрх мэдэлтэй хүмүүс амьдарч, бизнесээ явуулж Монгол хүнийг хөөн нүүлгэж, дүрвүүлэхэд хүргэж байгаа нь ард түмний бухимдал дургүйцлыг хүргэж байна.Цусаар олдсон эрх орныг цаасаар сольж болох юм уу?

 

Та 15 жилийн дараах Монголыг яаж харж байна?

Сайн муу хоёр мэдээ байна. Мууг нь эхлээд ярья. Үзэл баримтлалгүй манарсан улс төрийн намууд, эх оронч биш улс төрчид, авлигад автсан эрх мэдэлтэнүүдээс эхлээд хар жагсаалт гаргаж цэгцлэхгүй бол Монгол хүний хувь тавилан ашиг харагч орнуудын найрын ширээний ууц болж дуусна. Монгол хүн газар нутгийнхаа баялаггүй хэсэгт цугларч баян ядуугийн ялгаа улам ихсэж, ардчилал үнэ цэнээ алдаж нийгэм бүхэлдээ хямралд орно. Эдийн засаг гаднаас хараат болж бүх баялагаа түүхийгээр нь хямд үнээр зарж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэргүй болно. Монгол хүний нэг хүнд ноогдох өр одоо 3500$ байна. Энэ тоо 2-оос 4 дахин өсөж 7000$-оос 14000$-т хүрнэ. Энэ бол наад захын эмгэнэл. Энэ бол юуг ч өөрчлөхгүйгээр одоогийнхоор цааш явахад шүү дээ.

 

Тэгвэл сайнаар яаж харж байна?

Сайн мэдээ байнаа. Бид бол шүүмжлэхтэй зэрэгцээд шийдлийг бас ярина. Бид авилгыг зогсоож, тендерийг шударга явуулж, мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцэж, байгалийн баялагт шударга хяналттай, үндэстний эрх ашгийг тугасан гэрээнүүд байгуулж, баялагт тулгуурласан хотууд биш мэдлэгт тулгуурласан хотуудыг байгуулж, ард түмний эдийн засгийн чадавхийг одоогийнхоос 3-5 дахин өсгөж эдийн засгийн даяарчилсан бодлого хэрэгжүүлж, гадны хөрөнгө оруулалтыг олон салбарт үндэсний эрх ашгийн үүднээс оруулж, хамтын зах зээлийн хяналттай эдийн засгийг хэрэгжүүлж, даяарчлалын эсрэг үндэсний дархлаатай бодлогыг хэрэгжүүлж, үнэт уламжлалд тулгуурласан төрийн бодлого хэрэгжүүлж, үндэстэн дамнасан хамтын эдийн засагт тулгуурласан хувийн хэвшлийг гаргаж ирж, төрөөс ангид менежменттэй үндэсний хөрөнгө оруулалтын санг байгуулж, буруу төлөвлөлттэй Улаанбаатараасаа нийслэлээ хар хорин руу нүүлгэж, дотоодын автозамын болон хурдан галт тэргийн сүлжээ байгуулж, баруун, зүүн, хангайн, говийн, төвийн бүсийн мэдлэгт суурилсан хөгжлийн хотуудыг байгуулж, Хор хорин нийслэлд тулгуурласан олон улсын нисэх буудал, ачаа тээврийн ложистик төв, олон улсын санхүүгийн төв байгуулж чадвал дэлхийн хүн төрөлхтөний өмнө Монгол хүнийг дахин агуу гэдгийг нотлох болно. Энэ бол олон өөрчлөлтийг дэс дараатай хийснээр бий болно. Энэ бол мөрөөдөл биш Монгол хүн бүрийн хүсэл шүү дээ. Энийг хийхэд улс төрийн зоримог шийдэл, мэргэдийн зөв бодлого, хувийн эрх ашиг ороогүй менежмент л хэрэгтэй.

 

Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

Болохгүйгээс салах хэрэгтэй. Бидний ухамсар, сонголт хоёр бидний ирээдүйг тодорхойлох тэр зүйл рүү явах цаг болсон. Маргаашийг бүтээхийн тулд бид энэ цаг үед түр ирсэн гэдгээ мартах ёсгүй. Бидэнд маргааш байгаа гэдгийг л сануулья даа.

 

Ярилцсан Х.Энхнаран

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.