Хүмүүс: Э Бат-Үүл | |
- Та өнөөдөр аз жаргалтай байна уу?
- Тиймээ, сайн хань сайхан хүүхдүүдтэй. Зорьсон зорилготой учраас аз жаргалтай
- Та шударга уу?
- Найз нөхөд дэндүү шударга гэдэг л юм.
- Гэр бүл бол нэгэн зүгт харахыг хэлнэ гэдэг?
- Үнэн шүү.
- Гэр бүл салалт их байна,та энэ тухай юу гэж боддог вэ?
- Нийгмийн байгуулалт өөрчлөгдсөн, материаллаг зүйлийг хэт шүтэх болсонтой холбоотой байж мэднэ гэж боддог.
- Жинхэнэ эр хүн гээл ярих юм, Жинхэнэ эр хүн гэж хэн бэ?
- Бидний бага залуу байхад хэлсэндээ хүрдэг эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг байлаа. Би тэгж л боддог
- Таны хань, хүүхдүүд таныг магтдаг уу?
- Сайн хань, сайхан аав, ер нь л хорвоод хосгүй гэж магтдаг юм. Ханьдаа магтуулах хүсэлгүй эр хүн, хүүхдээрээ магтуулах дургүй аав хорвоод ховор байх аа
- Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ таны барьдаг зарчим юу вэ?
- Хүүхдийнхээ тусархуу занг дэмжиж урамшуулдаг даа.
- Хүүхдүүдийнхээ шилжилтийн насан дээр та тэдэнд хэрхэн хандаж байсан бэ?
- Санаа зовоогүй гэж хэлэхгүй ч ээж нь илүү анхаарч байсан байдаг юм. Би хүүхдийг загнахыг урьтал болгодог аав биш л дээ.
- Хайр сэтгэлийн тухайд таны ойлголт?
- Хүнийг өөр болгодог зүйл чинь хайр шүү дээ
- Таны насны эрчүүд эхнэрээсээ салаад залуу эхнэр авах тохиолдол цөөнгүй байна. Өдийг хүртэл хамт амьдарсан таны эхнэр та 2-ын нууц юу вэ?
- Миний хань тэвчээртэй, ухаалаг бас наддаа царайлаг бүсгүй. Эр хүнд эхнэр нь таагүй хандсанаас “бусгадаг” ч байж мэдэх юм. Харин би бол эхнэрийн занд хөтлөгдөж бусгахаасаа өнгөрсөн хүн. Миний хань ч намайг “бусгуулахгүй”
- Амжилттай сайн яваа эрчүүдийн ард “хүчирхэг” эмэгтэй байдаг гэдэг.Энэ үнэн үү?
- Хүчирхэг гэхээсээ илүү ханиа ойлгож хүсэл эрмэлзлэлийг нь хүндэтгэдэг эмэгтэй ханиа амжилтад хүргэх нь мэдээж.
- Танай гэр бүл ах дүү нартайгаа ямархуу харилцаатай байдаг вэ?
- Миний эгч, дүү нар манай гэр бүлтэй халуун дулаан харилцаатай.
- Хүнд туслахыг та юу гэж ойлгодог вэ? Өөрөө өөрийгөө авч явах яадвар болон хувиа хичээхийн ялгаа юу вэ?
- Чадвал л тустай дэмтэй байх ёстой. Юуны өмнө эхлээд өөрийгөө л бод гэдгийг зарим хүмүүс ухаантай хувиа хичээх гэж ойлгодог юм. Үүний утга нь өөрөө өөрийгөө хүний туслалцаагүй аваад яв гэсэн утга юм шүү дээ. Мял богд шавь нартаа юуны өмнө эхлээд өөртөө л санаа тавь. Өөрийгөө цэгцлээгүй байж бусдыг цэгцтэй байхад сургана гэж юу байх билээ гэж сургасан байдаг.
- Бид ёс суртхууны доголдолд орж байна уу?
- Аажуу ч гэсэн сайн тал руугаа явж байна. Хамгийн сайн эмч бол цаг хугацаа гэж ярьдаг даа.
- Та шашин шүтдэг үү?
- Манайхан хүрд эргүүлдэгийгээ, намайг сайн ханьтай болгож өгнө үү гэсэн үг бичээд хүрдэнд наах, ажлаа лам, бурханд даатгадагийгаа шашин шүтэж байна гэж боддог. Энэ үүднээс бол би шүтлэггүй хүн. Би асуудлыг бурханд биш өөртөө даатгадаг. Би бурхангүйн үзэлтэн биш шүү. Бурханы шашны философийг хүндэтгэдэг.
- Өнөөдөр хүмүүс материаллаг баялаг руу тэмүүлэх болжээ. Энэ нь аз жаргалыг бий болгож чадах болов уу?
- Гэрээс гарсан тойн биш л бол тодорхой хэмжээгээр бий болгох нь эргэлзээгүй. Харин туйлын зорилгоо болгох нь өөрийгөө болоод бусдыг зовлонд л унагана гэж үздэг.
- Өнөөдөр бид хэд хэдэн хувьсгалын нүүр үзжээ. Одоо оюун санааны хувьсгал хэрэгтэй гэж ярих боллоо. Энэ тухайд таны бодол?
- “Тариа эхлээд тархинд ургадаг” гэсэн үнэн үг байдаг юм. Бидэнд сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй. Энэ хувьсгал руу бид хүссэн хүсээгүй явж л байна.
- Нийгэм болон эдийн засгийн өвчнийг гагцхүү улс төрчид түшмэдүүдийн буруу үйл ажиллагаатай холбож үзэх ойлголт газар авч байна. Гэхдээ бас ард иргэдийн ёс зүй, сахилга баттай холбоотой юм болов уу?
- Би өмнө цухас хэлсэн дээ. Юуны өмнө эхлээд өөрөө бусдаас эдийн засаг, эрхзүйн талаас шууд хамааралгүй болох ёстой. Хувийнхаа амьдралыг төрд буюу бусдад үүрүүлэх бус өөрийнхөө ачааг өөрөө л үүрэх ёстой. Харин явах замыг нь чулуугүй байлгах нь төрийн үүрэг юм аа.
- Албан тушаалын төлөө өвчилж, эрх мэдэлд хүрэхийн тулд нутаг усаа худалдсан 17-р зууны монголын феодалуудын дүр зураг өнөөдөр харагдаж байна гэж та нэгэнтээ хэлж байсан.
- Нийгмээ шинэчлэе,сэтгэлгээг шинэчлэе гэж л би 20 гаруй жил зүтгэж явна. Феодолжиж буйг болиулахад өөрийн хувь нэмрээ оруулах, авилгаас төрөлх хотоо “цэвэрлэх” гэж л хотын дарга болъё гэдгээ ил тод зарласан. Үүнийг мааньч нийслэлчүүд талархан хүлээж авсан.
- Та Улаанбаатар хотыг ямар хот болгох вэ?
- Эмх цэгцтэй, авилгагүй хот болгохын төлөө ажиллана.
- Эрсдлийг та юу гэж ойлгодог вэ?
- Би сая УИх-ын сонгуулиас татгалзаж, нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд орохдоо өөртөө эрсдэл хүлээж орсон. Тухайлбал нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд манай нам ялагдвал би улс төрийг орхино гэж дэнчин тавьж орсон шүү дээ. Эрсдэлгүй олддог ялалт, амжилт гэж байдаггүй.
- Хүн байхын утга учир юу юм бэ?
- “Хүний төрлийг олох нь газарт цацсан арвайн үр зүүний үзүүр дээр тогтохтой адил ховор учрал, дээдийн заяа” гэж Бурхан багш номлосон байдгийг санаж явдаг.
- Уушийн газар, ресторан зэрэгт ихэвчлэн хүүхнүүд алхакол хэрэглэн сууж байгаа харагдах юм.
- Ачааны хүндэд дарагдан нуруугаа амраах гэж байгаа нь энэ үү? Алиа марзан зан гаргаж сууна уу гэдгээс л шалтгаалж сэтгэлд бодол төрнө дөө.
- Монгол эмэгтэйн талаарх таны бодол?
- Ардчилсан хувьсгал, нийгмийн өөрчлөлтийг эрчүүдтэйгээ яг адил хийлцэж, тэнгийн ачааг тэнцүү өргөлцсөн монгол бүсгүйчүүдээ хүндэлж хайрлаж явдаг.
- Хүн эцэг эхийгээ үргэлж хамт байх юм шиг л боддог. Амьд үед нь хэрэлдэж гомдоогоод л. Аавыгаа насан эцэс болох үед таньд бодогдсон зүйл юу вэ?
- Аавыгаа өнгөрөхөд л юугаа эргэлтгүй алдаж байгаагаа ойлгосон.
- Ээж ,аавыгаа цөөн үгээр тодорхойлж хэлбэл та юу гэхсэн бол?
- Хүний дээд
- Та тэдэнд яагаад баярладаг вэ?
- Намайг нарт ертөнцөд ирүүлсэнд нь
- Өнөөдрийн таны амьдралдаа сэтгэл хангалуун байгаа тань тэдэнтэй холбоотой юу?
- Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэж сайхан үг байдаг даа. Эцэг эхийн ерөөл намайг сайн сайхан явуулж байгаа гэж боддог.
- Эр хүнийг насаар нь аваад үзье. Та 20 настай байхдаа ямар хөвгүүн байв?
- Дэврүүн сэтгэлтэй , дурлал хайрандаа шатсан омголон залуу явлаа.
- 30 настай эр хүн?
- Дурлаж бас дурлуулж үзсэн, дүрэлзсэн гал халуун залуу. Асуудлыг амархан шийдэх гэж дайрдаг нас.
- 40 настай эр хүн?
- Хайрт хань, халамжит эцэг болсон эр хүн. Амжилтаараа омогшиж алдаан дээрээ суралцчихсан нас
- 50 настай эр хүн?
- Амьдралыг бодитоор харж хийгүй сэтгэдэг, ач зээдээ амиа тавьдаг нас
- Хүний аз жаргалтай үе яг аль нас нь юм бэ?
- Залуу нас
- Сексийн тухайд таны бодол? Энэ тийм чухал уу эр хүнд?
- Хүн нийгмийн амьтан болохын хувьд ч байгалийн амьтан болохын хувьд ч эмзэг нандин тэгээд зайлшгүй байдаг асуудал
- Бидний ярилцлагыг эхнэр авч амжаагүй яваа эрчүүд уншиж байж болох юм , тэдэнд хандаж хэлэх таны зөвлөгөө юу байх бол?
- Эхнэр авч амжаагүй бол эр нөхөр болох цаг чинь болоогүй л байна. Гэхдээ жилээс жилд сараас сард дөхөж байна гэсэн үг. “Заяаны хань зам дээр” гэж хэлье дээ.
- Эхнэртээ ч юм уу, амьдралдаа сэтгэл дундуур яваа эрчүүд бас байж болох юм. Та тэдний найз байлаа гэж бодъё. Ширээний ард шар айраг шимэнгээ та тэдэнд юу гэж хэлэх байсан бол? нэгэнт зохиосон амьдралаа аварч үлдэхийн тулд
- Бурханаас бусдад дутагдал байдаг. Ханиа сайн талаас нь хар. Эхнэрээсээ бас амьдралаас бус өөрөөсөө л дутагдал, азгүйтлээ хай. Үлдэж байгаа насандаа эхнэрээ бус өөрийнхөө зам мөрийг засах нь арай илүү хялбар гэж хэлнэ.
- Эцэст нь монголын эрчүүд, эмэгтэйчүүдэд таны хандаж хэлэх үг?
- Бид өнөөдрийн төдийгүй маргаашийн Монголыг бүтээлцэж байгаа гэдгээ санаж явцгаая. баярлалаа
Ярилцсан: Н.Болормаа