Монголын уул уурхай-Авлигын пирамид

2008/05/15
Share |
Хүмүүс:
Монголын уул уурхай-Авлигын пирамид

“Ил тод байдал” сан “Нээлттэй нийгэм” форумтай хамтран “Уул уурхайн компаниудын ил тод байдлын рейтинг” төслийн хүрээнд компаниудын рейтингийг тогтоожээ. Энэ салбарын мянгаад компаниас хамгийн “ил тодоор” Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалтгай “Эрдэнэт” улсын үйлдвэр, Канадын хөрөнгө оруулалтгай “Айвенхоу Майнз Монголиа” ХХК шалгарчээ. Удаахь ил тодоор 14 компани аман хүзүүдэж бусад нь “нууц” компаниуд болж тодорчээ. Монголд ҮХЯ, СЯ, ХЗДХЯ, БОЯ гэх мэт ганц мянган компанийг бүү хэл дөч, тавин сая малыг үхсэн, амьдтай, ноостой ноолууртай ширхэгчлэн тоолж чаддаг нүсэр аппарат, хүчирхэг түшмэд байдаг. Эдгээр байгууллагуудын түшмэд монголчуудыг хоёр идүүлэхийн төлөө гар хөлөө тасартал өдөр шөнөгүй ажиллаж байгаа тухайгаа өдөр шөнөгүй ТВ-ээр сурталдана. Өнгөрсөн дөрвөн жил орондоо орох завгүй ажилласан эдгээр түшмэдийн ажлын дүн өнөөдрийн уул уурхайнуудын ил тод байдал гэж үзэж болно. Энэ ертөнцөд хамгийн их үнэд орж байгаа уул уурхайн баялаг Монгол орны хаана ч хүрздэхэд гарна. Тэр нь ч батлагдаж өнөөдөр хамгийн ашигтай наймаа уул уурхайн лиценз болж, хамгийн том улстөр “Ашигт малтмалыг ард түмэнд” гэдэг уриа боллоо. Гадаад орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол руу цувж уул уурхайд хамтран ажиллах өргөдлөө барин дугаарлаж байна. Хэдэн зуун сая хүн амтай орны удирдагчид ганц нэг уул уурхайн лицензийг эзэмшдэг компаниудын төлөө Монголд морилсон тохиолдол ч бий. Энэ бүхэн нь Монголд зөвхөн монголчууд идээд барахгүй дэлхийг тэжээх их алт мөнгө байгааг батална. Харамсалтай нь энэ их баялгийн эзэн монголчууд тадаадаас ирж буй “гуйлгачдаас” хэдэн зуу дахин ядуу амьдарч байна. Ерөнхий сайд С.Баяр ядуурлын ёроолд тулчихсан Монголын ард түмнийг “Ахын үгийг авахгүй бол ахиад доошлох газаргүй шүү” хэмээн айлгаж байна. Зах зээлийн үнийг бууруулж болдоггүйг МАХН-ын дарга, Ерөнхий сайд болж зуу хоног оролдон байж ойлгосон С.Баяр “сааль, сав” хоёроо орос ах нарт бэлэглэхийг хүсч байна. Харин АН-ынхан өөр арга олохыг шаардсан боловч Ерөнхий сайдын маань толгойд өндөр үнээр нефть авч ядуучуудыг далд оруулах эсвэл оросуудад хүссэнийг өгөхөөс өөр арга орж ирсэнгүй. Магадгүй тэр хүсэхгүй байж болох юм. Учир нь түүний тайлбарлаж буйгаар “бид өнгөрсөн, одоо ирээдүйд Оросоос нефтиэ авсаар байх болно” гэнэ. Оросууд ингэж даналзсан бол гомдоод яахав. Хэдийгээр Орост боловсорч, Элчин сайдаар сууж байсан ч гэсэн монголчуудаасаа илүү оросууд хайртай болчихно гэдэг нь үнэхээр санаанд багтамгүй. Харин АН олон гарцаас нэгийг санал болгож төсвөөс үнийг зөрүүг төлөх санал тавьсан боловч Ерөнхий сайд маань “Бидний төсөв хэмжээ, хязгаартай” хэмээн гэдийж сууна. Хэдийгээр энэ ертөнцөд огторгуйгаас бусад нь хэмжээ хязгаартай гэдэг боловч монголчуудын жилийн хэрэгцээ ОПЕК-ийн өдөрт олборлож байгаа нефтьтэй харьцуулахад дуслын төдий хэрэгцээ. Энэ бүхэн нь Ерөнхий сайд маань дургүйд хүчгүй байгаа гэдэг нь харагдана. Монголчуудын хэрэгцээ жилд ганц сая тонн нефть хүрэхгүй. Энэ нь Ерөнхий сайдад маань хэмжээ, хязгааргүй болж харагдаж байгаа бололтой. Харин Ёрөнхий сайд маань харахыг хүсвэл монголчуудын хувьд хэмжээ, хязгааргүй уул уурхай яг түүний гар дор бэлэн байна. Хэдэн жилийн дараа байгуулагдах зэс боловсруулах, нүүрс нэрэх үйлдвэрээр цаг хойш татаж сонгууль хүргэхийг хүлээх шаардлага алга. АН-ын гацаасан гээд байгаа “Оюутолгой”, “Тавантолгой”-н гэрээг ч байгуулах шаардлага алга. Хүсвэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мянгаад уурхайгаас татвараа авчихвал “үйлийн үрээ” эдлэлгүйгээр монголчуудыг хангаж сонгуульд ялалт байгуулах бүрэн боломж байна. Тэрбум гаруй хүнтэй хятадуудыг юу ч хийхээс буцахгүй болгож байгаа хэдэн жижиг ордуудаас хуулийн дагуу татвараа авчихад л өнөө маргаашдаа өндөр нефтийн зөрүүг Засгийн газар өгөөд байх боломжтой хэмээн эдийн засагчид үзэж байна. Гэхдээ Ерөнхий сайд С.Баяр уул уурхайн компаниудыг хуульд хамруулахаас илүүтэйгээр Оросын компаниудын нефтийн зах зээлийн баталгааг хуульчлахыг чармайх мэт сэтгэгдэл төрүүлж байна. Үнэхээр монголчууд нефтьгүй дээр нь торхгүй байна уу гэвэл бас тийм биш. Ерөнхий сайдын тайлбарлаж байгаагаар Булангийн орнууд сая тонн нефтийг амласан болохоос ажил хэрэг болгохгүй байж болно. Ажил хэрэг болголоо гэхэд агуулах сав дутагдаж болно. Гэтэл биднийг урьд нь хангаад байсан дотоодын нефтийн компаниуд савгүй байсан гэдэгт хэн ч итгэхгүй. Тэдэнд өссөн үнийн зөрүүг өгчихөд газрын гаваас бензин олоод л ирнэ. Хүсвэл хэзээ хэнтэй дайтаж, хэзээ газар хөдлөхөд хэрэглэх нь мэдэгдэхгүй тэрбум долларын нөөцөөсөө дөрөвхөн зуун саяыг гаргаад шидчихэд Ерөнхий сайд хотойхгүй, өлөн ардууд ч гудайхгүй хоёр жилийг авчих бололцоо байж л байна. Хэн хүүгийн идэж байгаа тэр мөнгийг хэн хүнд гайхуулах гэж л хадгалаагүй юм бол “Хүнд хэцүү цаг ирчихээд байна” гэж УИХ-ынханд загнуулан үйлийн үрээ эдэлж суухаар “Хэдэн ногоон өгчих сонгууль өнгөрөөгөөд учраа ололцъё” гэвэл Ерөнхий сайдын зангараг гэж үзэж болохоор. Хачирхалтай нь өнөөдөр бензин авах мөнгөгүй Ерөнхий сайд маань маргааш монголчуудыг таван мянган ногооноор угжих тухай төгөлдөршсөн үлгэр хүүрнэж сууна. Өнөөдөр байхгүй мөнгийг маргааш ургуулна гэдэгт монголчууд үнэмшээд зогсохгүй итгэх үүрэгтэй болох нь. Хэрэв үл итгэвэл оросууд крантаа хааж, дамын наймаачид үнээ нэмээд Монголыг сүйрүүлчих бололтой юм. Ерөнхий сайдын амнаас дан муу юм гараад байгаа юм биш. Саяхан тэр нэгэн ярилцлагадаа “Монголчууд таргалаад сүйд болохгүй ч, турж үхтэл өдий байна” гэжээ. Америкийн Ерөнхийлөгч иргэдийнхээ хэт таргалалтыг зогсоох гэж үйлээ үзэж байхад Хятадын Ерөнхийлөгч нэг миллиард хүнээ турааж алахгүйн төлөө шар махтайгаа хатаж байна. Харин манай Ерөнхий сайд хоёр сая хүнээ турааж алаагүйгээрээ бахархаж байгаа бололтой. Нэгэнт Ерөнхий сайд маань ингэж сэтгэж байгаа болохоор түүний Засгийн газар монголчуудын төлөө бус гадныхны талд ажиллаж байна уу гэсэн хар төрнө. Монголчуудад бол ихдэх, гадныханд бол багадах ямар их хэмжээний мөнгө хэрхэн гадагш урсч байгааг нотлох баримтыг “Ил тод байдал” сангийн судалгаа харуулж байна. Өвөл, зунгүй, өдөр, шөнөгүй зуун тонны даацтай машинаар зөөж байгаа ашигт малтмал хэнд ашгаа өгч байгаа нь шууд харагдаж байна. Хэдэн зуун км-ийн цаанаас асар хүчтэй тоног авчирч, уул уурхайн аж ахуй эрхэлж байгаа компаниуд хоёрхон мянган ногооны татвар төлсөн гэхэд та итгэх үү. Мянгаад уул уурхайн компани 300 шахам сая долларын татвар төлсөн гэнэ. Түүний 98 хувь нь нөгөө л улстөрчдийн байнгын хэрүүлийн алим болдог Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр. 999 уул уурхайн компани үлдсэн хоёр хувийг хувааж төлжээ. Тэр нь нэг компани дундчаар 2000 ногоон татварт хураалгасан гэсэн үг. Энэ хоёр мянган долларын төлөө манай Засгийн газар зөвшөөрөл олгосон болж таарна. Хамгийн хачирхалтай нь хилээр хэр хэмжээний алт, мөнгө, зэс гарч байгааг мэдэх боломж алга. Ард түмний нүдэн дээр байгаль орчин сүйрч, ус, мод устан, мал амьтан гишгэх газаргүй боллоо. Төв аймгийн Заамар сумын иргэд өөрийн багийн нутаг дэвсгэр дээр явах эрхгүй болж байгаа тухай хэчнээн гомдоллосон боловч хэн ч тэднийг тоож сонсоогүй. Харин тэднийг худалдаад авчихсан мэт загнаж байсан “Алтан Дорнод”-ынхон татвараас зайлсхийсэн хэргээр Интерполоор хайж байгаа мэдээ байна. Хуулиар бол Засгийн газар тэднээс татвар авах ёстой алдана гэдэг нь хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш. Харин “Алтан Дорнод”-ынхон Монголын хуульд захирагдаж, амьдрах үүрэгтэй болохоос монголчуудыг хөөх эрхгүй. Дахиад л гадныхан биднээс илүү эрх эдэлж, биднээс илүү хууль зөрчиж байгааг эндээс харж болно. Ерөнхий сайд С.Баярын харахгүй байгаа юм уу харахыг хүсэхгүй байгаа зүйл нь Монголын газар нутгийг улаан тээрэм болгож байгаа энэ мянгаад компаниас ганцхан компани татвар төлөөд бусад нь төлөхгүй байгаа явдал юм. Рок ярьж, музей хэсэх завтай энэ эрхэм нэг ч алтны уурхайд очиж үзээгүй юм уу, эсвэл , нууцаар очсон юм уу уул уурхайн талаар авсан арга хэмжээ одоохондоо алга. Харин мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгааг харвал олон толгойнууд, оросын колонкууд хоёрыг л УИХ-аар шийдвэрлүүлэх гэж тамаа цайж байгаа бололтой юм. Магадгүй уул уурхайн компаниудын өмнөөс Ерөнхий сайд маань “ашиг орлогогүй юм зайлуул” гэж магадгүй юм. Тэгвэл өөрсөддөө ашиггүй ажиллаж байгаа юм бол биднийг хорлох гэж уул ус, мод бутыг сүйрүүлж байгаа болж таарна. Уул уурхайн 76 компани 16 сая төгрөг төлсөн гэдэг нь Ерөнхий сайд С. Баяраас өөр хүн байсан бол эсвэл эздийг нь эрүү үүсгэн шалгах, эсвэл эрх бүхий байгууллагуудыг хаах ажил баймаар. Харамсалтай нь тайм хариуцлагатай Ерөнхий сайд бүү хэл төрийн байгууллагын үйлчлэгч ч алга. Өнөөдөр хамгийн ил тод гэж байгаа хоёр компани нь Мбнголчуудын хамгийн их хар сэр дагуулсан компаниуд. Олон эдийн засагчид эдгээр компаниудын үйл ажиллагааг хамгийн их авлигад өртсөн гэж үздэг. Харин мянган чавганцаас нэг нь гэгчээр эд “Монголыг сүйрүүлчихээд татвар төлөөгүй компаниудын дэргэд л цэвэр ариун гэж үзэж болохоос байшин барилга, дарга цэрэг нь харагдахыг ил тод гэдэггүй юм бол тэдний ил тод байдалд итгэх хүн олдохгүй л болов уу. Эрдэнэтийн ашиг орлогын тухай шинэ мэдээг удахгүй манай сонин та бүхэнд толилуулах болно. Харин өнөөдрийн байдлаар ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа дүр үзүүлээд байгаа Засгийн газрын нүд, хамар дор байгаа уул, уурхайнууд маань хэнд үйлчилж байгаа нь тодорхой болж байна. Улаанбаатарын гэр хорооллынхон нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр авдаг гэнэ. Харин хятадуудад зах зээлийн үнээс 10 доллараар хямдруулж зарж байна. Өнгөрсөн намар нүүрсний уурхайнхан ажил хаяж хотынхныг түгшээж байсан явдал гарсан. Төр тэдэнтэй яаж тохирсон нь бүү мэд гэр хорооллынхон нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр авдаг болсон. Ерөнхий сайд С.Баяр ард түмэн туйлдаж байна, юмны үнийг бууруулна гэсэн. Яаж бууруулсан бүү мэд тзлх, бензин чинь алга болно шүү хэмээн маргааш нь УИХ дээр давхиж орж ирсэн. Хонгорынхон, Багануурынхан хордсон, Ерөнхий сайд уучлалт гуйж, дарга нарыг ощруулсан. Хариуцлага тооцдог Ерөнхий сайдтай болсондоо монголчууд баярлаж байв. Одоо л уул усныхаа хариуцлагыг тооцно гэж горьдож байв. Харамсалтай нь шударга гар Ерөнхий сайд маань хариуцлага тооцох нь байтугай хэдэн колонкоо яриад давхиж явна. Тайрсан мод ачсан машиныг төр хурааж байна. Монголыгтам болгосон уул уурхайн компаниудыг авлига хамгаалж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.