Хилийн чанад дахь Ерөнхийлөгчийн сонгууль нөгөөдрөөс эхлэнэ

2013/06/12
Share |
Хүмүүс:
Хилийн чанад дахь Ерөнхийлөгчийн сонгууль нөгөөдрөөс эхлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийнхуульд зааснаар 6 сарын 14-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд анх удааЕрөнхийлөгчөө сонгох эрхийг эдлэх гэж байна.Энэ талаар “Онлайн Парламент”-(eparliament.mn )ад Европ тивд суугаа Монголчуудаа төлөөлөн сонгогдсон “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” ТББ-ын тэргүүн Ганболдын Билгүүнтэй ярилцлаа.

Гадаадад амьдарч буй Монгол улсын иргэд маань хоёр дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. 2012 оны УИХ-н сонгуульд 4329 иргэн бүртгүүлж байсан бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 иргэн бүртгүүлжээ. Энэ хэр хангалттай тоо вэ?

Юуны өмнө  гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн сонгууль өгөх  хууль, эрх зүйн орчин бүрдэн хэрэгжиж байгаа нь том дэвшил  юм. Тухайн үеийн Засгийн газар, СЕХ болон ТББ-уудын идэвхи санаачлагаар олон жил яригдсан санал бодит байдал болсон. Энэ удаагийн сонгуульд хуульд заасны дагуу гадаад дахь монголчууд өнгөрсөн тавдугаар сарын 5-30 ны өдрүүдэд нийт 39-н Дипломат төлөөлөгчийн газруудаас өөрийн харъяалагдах аль ойр газарт биечлэн ирж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх ёстой байсан.  Санал өгөх өдрийг хуулийн дагуу 6 сарын 14-16-ны өдрүүд гэж тогтоосон бөгөөд сонгогчид нь Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж санал өгөх үүргийг хүлээж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгөхөөр 6494 иргэн бүртгүүлсэн байна.

Хэрэв албан бус тоогоор 200.000 Монголчууд гадаадад амьдардаг гэж үзвэл тэдний зөвхөн гурван хувь сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Энэ тоо санал өгсний дараа буурах магадлал бий. Яагаад гэвэл өнгөрсөн онд УИХ-ын сонгуулиар 4276 иргэн бүртгүүлснээс 2777 иргэн саналаа өгсөн. Энэ нь нийт сонгогчдын зөвхөн нэг хувь нь л сонгуульдаа оролцсон байдаг. Энэ онд, санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо өссөн  харагдаж байгаа хэдий ч энэ бол маш чамлалттай тоо.

Гэвч чамлахаар чанга атга гэдэг шүү дээ.

Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байхад бид хөнгөн хандаж болохгүй юм. Үндсэн хуулийн 2 бүлгийн 16.9 зааснаар Монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Олон Монголчуудын эрх зөрчигдөж, тэд  эрхээ эдлэх боломж нь бүрдээгүй байна гэсэн үг юм.  Мөн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч сонгох эрх зүйн орчин нь огт бүрдээгүй байна. Улс нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрх зүйн орчныг бүх боломжтой талаас нь бүрдүүлж өгөх ёстой. Нэг жишээ авбал ХНБГУ-д амьдарч буй иргэд маань сонгуулийн саналаа нийслэл хот  Берлинд суугаа  Элчин сайдын яаманд өгөх учиртай. Гэвч Монголчууд ихээр ажиллаж амьдардаг Штуттгарт хот л гэхэд нийслэлээс нь 600 км хол оршдог. Өнөөдөр амьдралын төлөө хэдэн төгрөг олохоор зүтгэж яваа тэр хүмүүсээс бүтэн өдрийнхөө ажлыг алдаад, бас замын зардлаа өөрсдөө төлөөд, ирээд саналаа өгөөд буцаад явна гэдэг бол тэднээс дэндүү их зүйл шаардсан асуудал юм. Бид үүнийг зохицуулж,  тэдэнд  боломжийг олгох хэрэгтэй. 

Сонгууль өгөх өөр арга зам хайх хэрэгтэй гэсэн үг үү?

Тийм. Манай улстай хүн амын тоогоор ижил төстэй буюу 1,2 сая гаруй хүн амтай Эстони улсад л гэхэд 2011 оноос гар утсаар буюу интернэтээр парламентийн сонгуульд оролцох боломжийг нэвтрүүлсэн байна. Зөвхөн манай улсын Дипломат төлөөлөгчийн газрууд байдаг 39 орноос өөр олон оронд ч гэсэн сонгууль өгөх хүсэл, сонирхолтой олон монголчууд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Үүнээс гадна сонгууль болох 39 салбар хороонд  нийт зуун дал, наян хүнийг ажиллуулж үргүй  зардал их гаргаж байна. Герман, Америк мэтийн өндөр хөгжилтэй оронд аль 50, 60 жилийн тэртээгээс “шуудангаар сонгууль” өгөх тогтолцоо нэвтрүүлсэн байдаг. Анх хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон, гадаадад суугаа иргэдийнхээ санал өгөх боломжийг бүрдүүлэх зорилготой нэвтрүүлсэн боловч иргэдээ сонгуульд идэвхитэй оролцуулах зорилгоор бүх хүнд энэ боломж нээлттэй болсон байна. ХБНГУ-д 2009 оны сонгуульд л гэхэд сонгогчдын 21% нь шуудангаар саналаа өгсөн байна. Бидний ардчилалын үлгэр дуурайлал болдог Швейцарьт иргэд нь ихэвчлэн шуудангаар л сонголтоо хийдэг байна. Ийм жишээнүүд байхад бид үр дүн муутай, үрэлгэн ажил хийж байгааг засаж залруулах шаардлагатай байна.

 

Энэ талаар СЕХ болон бусад холбогдох газруудаас санал гарч байсан уу? Та энэ талаар тэдэнд хандсан уу?

СЕХ сонгуулийн хууль дүрэм боловсруулахдаа иргэд, иргэний нийгэм ТББ-ийн саналыг бүрэн  сонсохгүй байна. Ингэснээрээ үндсэн хуулийг зөрчин, амьдралаас тасархай, хуучинсаг сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Би иргэн хүнийхээ хувьд СЕХ-нд хандаж байсан. Огт авч хэлэлцээгүй. Миний бие Онлайн парламентад Европод суугаа Монголчуудаа төлөөлөн сонгогдохдоо хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдийнхээ эрх зүйн орчинг дээшлүүлэхийг амласан байгаа. Сонгох сонгогдох эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх гэдэг бол яах аргагүй хамгийн нэгдүгээрт тавигдах болно. Энэ тал дээр СЕХ болон хууль  санаачлагчидтай хамтран ажиллаж дээр дурдсан саналуудаа бодит байдал болгохоор идэвхитэй ажиллах болно.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.