Г.Ганхүү: Бүтэн зууны өмнө жоотуугаар метро тавьж болсон байхад бид өнөөдөр хийх ёстой

2013/06/19
Share |
Хүмүүс:
Г.Ганхүү: Бүтэн зууны өмнө жоотуугаар метро тавьж болсон байхад бид өнөөдөр хийх ёстой

НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүүтэй ярилцлаа.

- Та багагүй хугацаанд Улаанбаатар хотыг метротой болгох тухай ярьсан. Харин өнөөдөр хүн бүр ярьж, хийхээр төлөвлөж байна. Таны хувьд энэ ажилд гар бие оролцож байгаа байх аа?   

- Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 2004 онд Улаанбаатар хот сая дахь иргэнээ өлгийдөн авч байхад “Нийслэл дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хотод заавал метро байх ёстой” хэмээн хэд хэдэн үндслэлээр нийтлэл бичиж байсан юм, би. Тухайн нийтлэл гарснаас хойш найз нөхдийн болоод зарим улс төрчдийн хүрээнд бага зэрэг басамжлах, шоолох, үл итгэх хандлагууд давамгайлж байсан. 

Нийтлэлийг харсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л “яагаад байж болохгүй гэж” хэмээн ярьж байлаа. Харин арваад жилийн дараа буюу өнөөдөр эргээд харахад байдал өөр болсон байна. Сонгуульд оролцсон 17 намын дийлэнх нь, парламентад суудалтай таван нам бүгдээрээ Улаанбаатар хотыг метротой болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ бол арван жилийнх өмнөхтэй харьцуулбал дэвшил. Нэг үеийг бодвол хүмүүс метро байгуулагдсанаар замын түгжрэл, утаа униар, авто осол буурна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Ингээд өнөө жилээс шинэ удирдлагууд нийслэлийг авлаа. Бид эрч хүчтэй ажиллаж “Метро” төслийг шуурхай хийж эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн гуравдугаар сард “Метро” төслийг НИТХ баталсан юм. Одоо бид төслөө УИХ, Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлэх зам үлдсэн. Мөн уржигдар буюу зургадугаар сарын 9-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Зам, тээврийн сайд А.Гансүх уг төслийг танилцуулснаар төрийн гурван өндөрлөг “Нийслэлд шаардлагатай” хэмээн зөвлөмж гаргасан. Шууд хэлбэл энэ төсөл нийслэлийн хэмжээнээс хальж, төрийн, улс орны бодлого болж байна гэсэн үг. 

- Урьдчилсан судалгаа хийгдсэн гэсэн. Нийслэл хэрхэн өөрчлөгдөж хаагуур метроны зам тавигдах юм бол. Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөгөөр метроны зам тавьж дараа нь босоо тэнхлэгийг холбоно гэл үү?

- Төрийн өндөрлөгүүд 2013 ондоо багтааж “Метро” төслийн бүтцийг тодорхойл гэсэн. Ямар бүтэцтэй байх юм, төрийн өмчит байх уу, хувийн өмчит байх уу энэ бүх зүйлийг судалгааны үндсэн дээр бий болгож өртөг зардлыг нь тодорхойлж хаанаас мөнгө босгож болох вэ гэдгийг судал гэж бас хэлсэн. Тэгэхээр энэ төсөл маань энэ жилээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс “Өдрийн сонин”-оор дамжуулан Японы Засгийн газар, олон улсын байгууллага “Жайка”-д төслийн судалгааны ажлыг хариуцан хийж өгсөнд талархлаа гэж нийслэлийн иргэдийнхээ өмнөөс хэлмээр байна. Би метро гэдэг зүйл ярьж эхэлснээсээ хойш их олон судалгааг хийсэн. Очсон газар бүртээ метрог нь үзэж сонирхож явлаа. Харин “Жайка”-гийнхан Монголын цаг уур, бусад нөлөөлөлд тохирсон системийг гаргаж ирсэн юм. Төслөөр Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км-т 14 өртөөтэйгээр байгуулагдана. Ингэхдээ таван өртөө нь  газрын доор, нэг өртөө нь газрын гадарга дээр, үлдсэн нь газрын түвшнээс өргөгдсөн байдлаар баригдах юм. Төсөл маань хоёр үе шаттайгаар хийгдэнэ. Эхний шат буюу бидний төлөвлөж байгаа 17.7 км метро 2020 онд дуусах бол дараа нь Долоон буудлаас Буянт-Ухаа хүртэл метро тавих ажил хийгдэнэ. Давхар зураг төсөл нь хийгдээд явна. Гэхдээ эхлээд төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй.

- Метротой болсноор ямар давуу талууд бий болох вэ. Замын түгжрэлээс эхлээд асуудлууд шийдэгдэх байх л даа?

- Метро гээд ярихаар хүний толгойд нийтийн тээврийн асуудал орж ирдэг. Үндсэндээ нийтийн тээврийн асуудлыг шийдэхээс гадна олон талын ач холбогдолтой. Хамгийн адаглаад утаанаас үүдэлтэй хорт хийг 18 хувь хүртэл бууруулах тооцоо гарсан байгаа. Аюулгүй байдлын тухайд гэвэл Энхтайваны өргөн чөлөөгөөр, тэр дундаа бага насны хүүхэд авто осолд өртдөг байдал бараг зогсоно гэж хэлэх байна. Яагаад вэ гэвэл метроны зам барьснаар иргэд зам дээгүүр гарах ямар ч шаардлагагүй болно. Дандаа нүхэн гарц буюу өргөгдсөн гарцаар гарах боломжтой болох юм. Мөн төв зам дагуу автомашины нэвтрэх чадвар 25-30 дахин нэмэгдэх юм байна лээ. Учир нь төв замаар автобус, троллейбус, бага оврын автобус явуулах шаардлагагүй болж явган зорчигч нь нүхэн болон өргөгдсөн гарцыг сонгохоор шууд явж байгаа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн саад учрахгүй гэсэн үг. Ингээд суллагдсан автобуснуудыг бусад чиглэл рүү өгөх боломж бас нээгдэж байгаа юм.

- Метро баригдсанаар хичнээн ажлын байр нэмэгдэх юм бол оо. Метроны зам дагуу үйлдвэр, үйлчилгээний газрууд байгуулагдах боломж байдаг?

- Метротой болсноор Монгол Улсын 150 мянган иргэн ажлын байраар хангагдаж олон аж ахуйн нэгжүүд шинээр бий болно. Үүнийг дагаад нийслэлийн төсөвт жилд 250-260 сая ам.доллартай тэнцэх татварын орлого орохоор харагдаж байгаа. Яг метроны үйлчилгээний ажлын байр гэдэгт нэг мянга гаруй хүний л асуудал яригдана. Харин үлдсэн 149 мянган хүн нь хаана ажиллах вэ гэвэл Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх зайд газар доорх хот бий болгохоор төлөвлөж байгаа юм. Би өнгөрсөн өвөл Канадын Торонто, Монтреал хотуудаар явлаа. Тэгэхэд гадаа хасах 30 хэм давж хүйтэрч байхад иргэд нь өмд, цамтай явж байсан. Учир нь тэдний хотын зохион байгуулалт нь их өвөрмөц хийгдсэн юм билээ. Гадагшаа гарахыг хүсэхгүй бол бүтэн өдөржин дотор байж болдог. Гэрээсээ гараад метро руу орж ажилдаа ирнэ. Ажлаасаа метрогоор яваад дэлгүүр хэсчихнэ. Үйлчилгээний газар, кино театр, баар ресторанууд нь бүгд газар доороо байж байдаг. Энэ мэтээр Улаанбаатарт ч гэсэн өвөл хүйтэн болдог учраас дээр дурдсан хэсэгт газар доорх хот бий болгох гэж байгаа юм. Энд л яриад байгаа 149 мянган ажлын байр бий болно. Үсчин, кинотеатраас эхлээд байж болох бүхнийг энэ л хэсэгт  байгуулах боломжтой. Мөн “Park and go” систем байдгийг нэвтрүүлэхээр болж байна. Тодорхойлбол метроны эцсийн буудал дээр хэдэн мянган автомашины зогсоолыг бий болгох юм. Давхар, далд, дан гээд. Ямар учиртай вэ гэвэл алслагдсан дүүргээс ирж буй хүмүүс метроны эцсийн буудал дээр машинаа тавьж болно. Тэгээд метрогоороо зорчиж, метроны тасалбараараа зогсоолынхоо төлбөрийг хийдэг юм байна. Үүнийг нэвтрүүлж хоёр эцэст нь авто зогсоолууд байгуулж өгнө. 

- Метроны системийг нэвтрүүлчихвэл нэг захаас нь нөгөө зах руу нь хүртэл хэдэн минут явна гэсэн үг вэ?

- Өнөөдөр бизнес эрхэлж байгаа, ажлаа хийж байгаа хүмүүст мөнгөнөөс гадна хамгийн хэрэгтэй дараагийн асуудал нь цаг хугацаа байдаг. Өчигдөр хотын төвөөс Амгалан орохын тулд нэг цаг 20 минут явж байна. Харин метротой байсан бол 10 хүрэхгүй минутын дотор л оччихно шүү дээ. Энэ мэтээр шууд болон, шууд бус давуу талууд олон байна.

- 2020 он гэдэг байж болох хамгийн богино хугацаа. Тэр цагт метроны давуу талыг хүмүүс мэдрэх биз. Харин барьж байгуулагдахад хөрөнгө хүч ихээхэн шаардагдах байх?

- Ойролцоогоор нэг тэрбум 500 сая ам.доллар болно гэж яригдаж байгаа. Энэ бол урьд өмнө Улаанбаатарт хийгдэж байгаагүй томоохон төсөл, хөрөнгө оруулалт. Гэхдээ метро төслийн хувьд байж болох хэмжээ гэж яригдаж байна. Баруунаас зүүн тийш сунасан, голоороо  нэг төв замтай ийм хотод эхний ээлжинд ганц зам барихад л хангалттай байдаг юм байна. Энэ хөрөнгийг богино хугацаанд олох бүрэн боломжтой. Төр ба хувийн хэвшил, Засгийн газрын буцалтгүй тусламж, удаан хугацааны зээлүүд ч авах боломжтой. Японы Засгийн газар л гэхэд нийт хөрөнгө оруулалтын 50 хүртэлх хувийг нь санхүүжүүлье гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ “Хөгжлийн албан ёсны тусламж” зээлийн хүрээнд 30-40 жилийн хугацаатай, эхний таван жил хүү төлөлгүй зээл авах боломжийг нээж өгч байгаа. Үлдсэн 35 жилд нь 0.2 хувь байдаг. Нью Дели, Ветнамын Ханойд яг энэ зээлийн хүрээнд метро баригдаж байна. Үүнээс гадна бонд гаргах гэх мэтээр хөрөнгийг босгож болохоор байна. Мөн нийслэл энэ жилээс бие даан бонд гаргах эрх зүйн орчинтой болсон. 

- Санхүүжилтийг олж болох байх. Харин яаж, ямар хөрөнгөөр эргүүлж төлөх бол?

- Улсын төсөвт дарамт болохгүй байх бүх гаргалгааг хайж байна. Гэхдээ 200 орчим сая ам.доллар төсвөөс яалт ч үгүй гарна. Энэ мэтээр хөрөнгө оруулалтыг хийсний дараа яаж зардлаа нөхөх вэ гэдэг асуудал босно. Нийт орлогын 30-40 хувийг нь тасалбарын олдог юм билээ. Харин хамгийн их орлого оруулдаг хэсэг нь түрээс. Мөн реклам сурталчилгаа явуулах хамгийн боломжтой орчин болдог. Бидний тооцоогоор 2020 он гэхэд өдөрт 300 гаруй мянган хүн, 2030 он гэхэд өдөрт 500 мянган хүн зорчих судалгаа гарсан. Тэгэхээр бүх сурталчилгаа газар дор орох нь. Энэ мэтээр богино хугацаанд зардлаа нөхөх боломжтой. Тендер зарлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулна. Тэгэхэд хэзээ бид зарлагаа нөхөх вэ гэдэг судалгааны хариу он сартайгаа гарах байх. Бүтээн байгуулалт 2016 оноос эхэлж 2020 есдүгээр сарын 1-нд тууз хайчлах боломжтой болно. 

- Орон оронд олон төрлийн метро байна. Алийг нь манайх сонгох вэ?

- Бидэнд санал болгож байгаа нь “MRT” гэдэг метро байгаа юм. Энэ нь газар доогуур болон газар дээгүүр явах чадвартайг хэлж байгаа юм. Мөн жилийн дөрвөн улиралд саадгүй ажиллах чадвартай. Тиймээс бидэнд хамгийн тохиромжтой нь “MRT”. Метрог 150 жилийн өмнө Лондонд жоотуугаар газар ухан барьж болсон байхад бид өнөөдөр, хөгжлийн энэ эринд, хүчтэй техникээр хийж ёстой.

- Энэ төсөл бүтэлгүйтнэ гэж төсөөлөх ч эрхгүй биз дээ?

- Ажил хийж байгаа хүнд алдаа оноо байх нь ойлгомжтой. Гэхдээ тийм муу байдалд орох магадлал бараг байхгүй. Тэгээд ч одоо нийслэлчүүд маань нэг тийм гоё хандлагатай болчихож. Ялангуяа АТГ, хууль цагдаагийн газар нь эрч хүчтэй ажиллаж байна. Их ч олон хүн “Ганхүү одоо л нэг сайхан амьдрах нь. Буруу замаар тээсэн мөнгө будаа болдгийг харуулж байна” гэж хэлж байна. Шууд хэлбэл хүмүүсийн хандлага тийм гоё сайхан руу тэмүүлэлтэй байна. Удахгүй, Улаанбаатарт засвар хийчихсэний дараа нийслэлдээ тансаг амьдрах боломж байна. Одоо жаахан л хүлээцтэй хандаж, зөвөөр хүлээж авах хэрэгтэй байгаа.
Л.МӨНХТӨР - See more at: http://www.wikimon.mn/content/48090.shtml#sthash.NVQzCFvm.dpuf

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
i yamar saihan oodrog setgeltei hun ve. ajil chin urgelj butej, ard olondoo heregtei mash ih zuiliig hiigeerei. amjilt huseye
IP:124.163.100.36  2015-04-07 12:56:06
Smith 3
IP:112.72.13.61  2015-06-02 22:51:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.