АВРАЛЫН ЕРӨНДГИЙГ ХЭНЭЭР БАРИУЛАХ ВЭ?

2013/06/19
Share |
Хүмүүс:
АВРАЛЫН ЕРӨНДГИЙГ ХЭНЭЭР БАРИУЛАХ ВЭ?

Үдийн зуур анагаадаг

Үрлэн цагаан эм

Хоногийн зуур анагаадаг

Хонин цагаан эм …

Яахав, энэ бол үлгэрийн явдал. Гэвч бас үүнээс санаа аваад бодох юм байна. Тэр тусмаа энэ өдрүүдэд монголчууд бидний хамаг оюун ухаан төвлөрөөд байгаа 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг гаргавал зохистой вэ гэдэгтэй холбон бодож байна. Ерөнхийлөгчөө сонгоно гэдэг нь зүгээр нэг ингэс тэгэсхийгээд шийдчихдэг ажил биш. Айл авдар дээрх юмныхаа байрлалыг нь солиод тавьчихын төдий зүйл яасан ч биш ээ. Саяхан анхны Ерөнхийлөгчөө сонгов гэж Пунсалмаагийн Очирбатад элбэг сайхан дээл, ёслолын малгай хийж өгөөд ширээнд нь залж байснаас хойш бас ч овоо хэдийг сонгочихлоо. Тэр ч байтугай хэн юу ярьж, юу хийснийг нь мэдэхтэйгээ болжээ. Тэгэхлээр Ерөнхийлөгчийн малгай, дээлийг өмсгөх л гэж хэн нэгнийг сонгодог биш, ажил хийлгэх, улс орны амьдралын жолоо, цулбуурыг бариулах гэж сонгууль хэмээх бөөн ажил явдал болдог нь мэдэгдэж байна.

Энэ удаагийн сонгуулийн босгон дээр Монголынхоо улс төр, эдийн засаг, ард түмнийхээ амьдрал ахуйг улсынхаа хэмжээгээр бодоод үзэх юм бол санаа зовоох юм их болчихжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид ажлаас өөр юм харагдахгүй янзтай юм. УИХ, Засгийн газарт ч ялгаагүй. Эндээс “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар урьд нь ч байсан биз дээ” гэх зүй ёсны нэхэл хатуутай асуулт гарна. Үнээн, төрийн гурван өндөрлөг байсан, бараа харагдаж л байсан. Тэдэнд ард түмэн итгэж, арай гэж олсноосоо татвар төлсөн.

Нэг үе манай улсын хувьд мөнгө яаж олох нь асуудал биш, газраа саагаад олсон мөнгөө нийгэмдээ хэрхэн шингээх, яаж хуваарилах нь асуудал болов гэсэн дээдсийн ярианд итгэж, хүн ам ядуу зүдүү амьдралтайгаа эвлэрч, сайн сайхан цагийг хүлээсэн юм. Улаанбаатарын утаанд хахаж цацаж, эдгэрэшгүй өвчин олж, оюутны төлбөр, шинэ орон сууцны дийлдэшгүй үнэ, юмны үнийн галзуурал, мөнгөний инфляцид дарлуулж хүлээсэн юм. Ажилгүйдэл улс орныг багалзуурдаж, ид хөдөлмөрийн насны хэдэн аймгийн хүн амтай тэнцэх тооны залуус гадаадад гарч, ар гэр аль аль талдаа зутарч, ажилгүйчүүд, архичид, тарвага зурам мэт газар дор хонгилд амьдрагсад, тэнэмэл хүүхэд тоогоо алдаж хүлээв. Амьдралынхаа хайран хорь гаруй жилийг авлига, хахуульд булаалган хүлээв.
“Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн эцэг дээдсийн захиастай газар нутгийнхаа аль баялагтай, сайхныг нь гадныханд хямдхан, заримдаа огт үнэ төлбөргүй тавьж туув. Үеийн үед хүн амаа мах, сүү, ноос, арьс ширээрээ тэтгэж ирсэн таван хошуу мал сүргээ бэлчих бэлчээр, уух усаар гачигдуулах байдалд оров.

Урьд ноёны найранд очсон ясны агсам нэг эр найран дээр хоёр хоног дуугүй, томоотой суугаад дараах өдөр нь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд босон харайж халуун тулгыг нь шүүрэн авч ноёныхоо толгойд угласан домог байдаг. Гэвч одоо бол домог ярьж суух цаг биш ээ. Монгол төр, ард иргэдээ бодох ёстой цаг. Алдсан цаг хугацаагаа нөхөж, тэднийхээ амьдралыг өөд нь татах цаг. Ном соёлд нүд нээсэн эрдэм боловсролтой ард түмэн, өөд татаад мэргэжил боловсрол олгоод өгвөл гялалзаад явчих залуу үе, зовж жаргахын хат суусан буянт ахмад үе байна. Эднээ зөв удирдаад явсан бол улс орны царай ядмаг ийм бүрсгэр байхгүй. Хүнтэй жишээд үзвэл эх орны маань лагшин сайн биш, хурдхан эмчилж эдгээгүүштэй болжээ гэсэн үг. Эмгэг бүхэн өөрийн эмч отчийг, ерөндөгийг ч ялгаагүй шаардана. Улсынхаа Ерөнхийлөгчийг хэнээр сонгох вэ гэж ярилцаад буй маань ч үүнтэй л холбоотой. Энд өвгөн шүлэгч миний нэмэрлэх санал байгаа юм аа.

Ард түмний эв нэгдэл шиг чухал юм манайд байхгүй. Тэгтэл эв эеийг минь өнөөдөр намаар гэж нэг, насаар гэж нэг, шашинаар гэж нэг, нутаг усаар гэж нэг, баян хоосноор гэж нэг эвдэж гүйцэв. Үүнээс болоод айл гэр дотроо, уулын жалганд суугаа айл, саахалтынхан хоорондоо мэндгүй болохдоо хүрээд байна. Хүн төвтэй хөгжлийн тухай ярьдаг ч тэр нь сүүлдээ мөнгө төвтэй болох тийшээ хандав. Бэлэнчиллээ гэж манай дээдэс ард түмнээ зэмлэх аястай байдаг ч гадны шинэ туршлага, тийм ч туршлага гэсээр монгол уламжлал, аж төрж ирсэн хязгааргүй үнэт туршлага мартагдаж “Өөрийн юм үгүй бол өөрснөө үгүй болдог” гэх гашуун үнэн үе үе санагдах боллоо. Улс орны байдал нэгэнт ийм болсон тул энэ үе урьд урьдынхаас огт өөр хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгоё, жинхэнэ төрийн хар хүнийг, шударга голч хүнийг сонгохсон гэж бодогдох юм. Олон түмэн ч ийм саналтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

МАН-аас, намаас ч гэж дээ нийт ард түмнээс нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга л тэр сонгомоор огт өөр хүн мөн байж таараад байна. Б.Бат-Эрдэнэ аварга маань нас ид сайхан тогтчихоод улстөрчийн хувьд ид ачаа даадаг үедээ байна. “Нэр нь цэвэр, гар нь цэвэр, сэтгэл нь цэвэр” ийм хүн яг өнөөдөр төр түмэнд хэрэгтэй байна. Энэ хүн ид залуудаа хуульчийн мэргэжил эзэмшиж, хуульчийн хувьд сүүлийн олон жил чамбайрч, УИХ-ын байнгын хороог удирдаж явсан хуульч юм. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад гурвантаа сонгогдсон өндөр нэр хүндтэй улстөрч. Жинхэнэ монгол ахуйд төрж, монгол амьдралаар боловсорсон төв шударга, олондоо нэр хүндтэй хүн.

Дахиад хэлье. Ийм хүн төр, түмэнд маань хэрэгтэй байна. Чухамхүү ийм хүн л өнгөрсөн олон жилийн намчирхал, талцал, үргүй хэрүүл, мөнгөний дон, хувийнхаа эрх ашгийг түмнийхээс дээгүүр тавих увайгүй зан гээд аливаа муу бүгдтэй эвлэршгүй, холбиршгүй тэмцэж чадна. Ингэнэ гэдгээ ч хэлээд байна. Тэр амласан бөхөө давдаг шигээ санаанд багтсан юмаа хэлж байгаа. Тэр худал ярихгүй, үнэн ажиллана. Үүнд нь эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл тэр гадна, дотны хэнд ч барьцаалагдаагүй байна, цаашдаа ч барьцаалагдахгүй.

Зарим нь төрийн тэргүүний албаа цэх шударга хийе, нийгэмдээ шударга үйлчилье гэхээр нам нь гэсэн бодол санааны нь угт сүүмэлзээд болж өгдөггүй шиг байна. Түүнээсээ болоод нийгмийг талцуулах, эвийг нь эвдэх замд орж, “Адууны алгаас аяганы алаг” гэж цээрлэдэг, ард түмнээ ялгаварлаж, хохироож, дургүйг нь хүргэдэг шиг байна. Өөрөөр хэлбэл, шударга, шулуун байж чаддаггүй шиг байна.

Б.Бат-Эрдэнэ гишүүн жинхэнэ төрийн хар хүний хувьд яасан ч иймд хүрэхгүй. Төрийн тэргүүний албыг шударга, үр дүнтэй хашиж чадна гэдгээ тэр УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон хугацаандаа үйл ажиллагаагаараа хангалттай нотолж чадсан. Сэглэгдэж гүйцсэн эх орныхоо газар нутаг, баялгийг авч үлдэх авралын ч гэмээр эцсийн горь найдвар ч гэмээр “Урт нэртэй хууль”-ийг боловсруулан УИХ-аар батлуулж явахдаа, төрийн буруу бодлогоос үүдэлтэй Оюу толгойгоос эхлээд олон алдаа мадагтай тэмцэж, эзэн Чингис хоёр загалаа усалж, Өүлэн хатан ижий өглөөний цайгаа чанаж явсан домогт их усан-Хэрлэн мөрнийг замрахын даваан дээр хамгаалан босч, аварч явахдаа ард түмний гүн хүндэтгэл, өндөр итгэлийг олж авсан юм. “Эх оронч түшээ” цолыг ард түмэн түүнд зүгээр ч нэг өгөөгүй дээ. Өөрөөр хэлбэл, энэ хүн ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хураасан юм.

Б.Бат-Эрдэнэ залуухан начин байхыг нь, монголын домогт их аварга болоод байх үеийг нь би мэднэ. Тэр гэр орондоо гэргий хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж, хүүхдийн даавуу угааж, хоол унд хийж, орж гарсан хэн бүхэнтэй хэрхэн дотно сайхан ярьж хөөрч, түүнд нь хүмүүс ямар их баярлаж урам зориг авч байсныг нь ч санаж байна. Тэр төрийнхөө алтан соёмбот далбааг нар зөв тойрон дэвэх наадмын саруул талбайд ч, УИХ-ын танхимд ч, малчны хотод хэн нэгэнтэй хөөрөг зөрүүлэн энгүүн сайхан ярьж хөөрч суухдаа ч эгэл жирийн хэвээрээ, Б.Бат-Эрдэнэ Б.Бат-Эрдэнээрээ л байдаг.
Аварга маань ажлыг үүсгээд орхидоггүй, тэвчээр заан эцсийн үр дүнгий нь үздэг нэг онцлогтой. Б.Бат-Эрдэнэ улсын цол ч аваагүй ид барилдаж эхэлж байлаа. Бөхчүүд байшингийн адраас унжуулсан бүдүүн олсонд авирч дасгал хийнэ. Зарим нь авирахаасаа ч халширч байхад тэр 10-20 жингийн туухайнууд хийсэн хүүдий үүрч, дараа нь хөнгөвтөр жингийн найзуудаа үүрээд авирдаг байж. Энэ дасгал нь ч жинхэнэ өгөөжөө өгсөн байна. Ингэж л явж тэр үндэсний бөхийн дээд амжилтад хүрсэн юм. Бас самбо, сумо бөхөөр дэлхийн таван ч удаагийн аварга болж, болох болохдоо өөрөөсөө яг хоёр дахин хүнд жинтэй буюу 280 кг жинтэй, дэлхийн олон удаагийн аварга Америкийн аварга том амьтныг бяр, ухаан хослуулан байж давсан даа. Тэр барилдааныг нь хараад өөрийн эрхгүй хайр хүрч, нүдний нулимс бүрхээд ирсэн сэн. Би ч ганцаараа биш монгол хүн бүр л тэгээ биз дээ.

Аварга Бурхан Халдуны тэнгэрийн тахилгад заавал очдог, хүмүүс том том машинаараа уул өөд зүтгэж байхад аварга “Жийп”-ээ уулын бэлд орхиод тэр их өндөрт явган мацаж очдог. Зуун жилийн өмнө Халхын их аварга, их дуучин Р.Мөрринчин аварга мөн тэр замаар авиран авиран очдог байсан уламжлалтай байж. Б.Бат-Эрдэнэ аварга энэ үед дээд үеийнхээ энэ сайхан уламжлалыг сэргээсэн нь энэ.

Өдгөө гэвэл монголчууд аваргынхаа энэ мэт хатан тэвчээр, их ухааныг төр улсдаа зарж, үр дүнгий нь үзэх цаг боллоо гэцгээж байна. Уламжлалаа хүндэтгэдэг, Монголоо мэддэг, хүмүүсийг үл ялгаварладаг, эв эеийг сахиулдаг хүн л эх орноо үнэнээр нь мэдэрнэ. Ийм хүнийг л ард түмэн дэмжинэ. Төв шударга, мэдлэг туршлагатай Б.Бат-Эрдэнэ шиг хүн эх орондоо шүгэлсэн муу муухайг арилгах ерөндөгийг ухаан билиг, ажил үйлсээрээ олж чадна. Хэдийн олчихоод сэтгэл оюундаа бясалгаж яваа ч байж мэднэ.

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, 

Төрийн шагналт яруу найрагч Дөнгөтийн Цоодол

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.