Ш.Раднаасэд Америк машины дүн монголын ард түмний сонголттой яаж таарахыг одоо л шалгацгаая

2013/06/20
Share |
Хүмүүс:
Ш.Раднаасэд Америк машины дүн монголын ард түмний сонголттой яаж таарахыг одоо л шалгацгаая

УИХ-ын сонгуулиас эхлэлтэй “хар машин” тойрсон үл итгэлцэл эдүгээ ч Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжилж эхэллээ.

СЕХ болон МАН, АН болон төрийн бус байгууллагын төлөөллүүд эргэлзээ, тээнэгэлзлэлээ тайлахаар хар машиныг 341 хувилбараар шалгасан. Харамсалтай нь хайнаагаа хагалж чадаагүй бололтой юм. СЕХ энэ шалгалтыг амжилттай болсон гэж зарласан бол төрийн бус байгууллагынхан эргэлзээтэй хэвээр үлдлээ. Тиймээс МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш. Раднаасэдтэй уулзаж, энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.

-Санал тоолох хар машиныг сонгуульд оролцож буй талууд хамтран шалгасан байна. Энэ шалгалтын дүнг танай намынхан хэрхэн хүлээн авсан бэ?

-Сонгуулийн санал тоолдог машин өмнөх хоёр сонгуульд маш их будлиан гаргасан учраас шалгахаар болсон. Ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг тайлж, энэ машиныг нэг бүрчлэн сайн үзэж, программ хангамж зэрэг бүх зүйлийг нь шалгах хүсэлтийг СЕХ-д тавьсан. Ийм саналыг төрийн бус байгууллагынхан бас тавьсан юм билээ. Тиймээс нэгдүгээрт, программ хангамжийн асуудлыг шалгая. АНУ-ын “Dominion Voting systems” гэдэг компанийн өмч болох энэ машины крограмм хангамж хууль ёсных мөн, эсэх дүгнэлт, баталгааг бид өмнө нь СЕХ-оос олон удаа шаардсан. Харамсалтай нь өнгөрсөн хоёр сонгуулиар үүнийг их нууж, хааснаас эргэлзээ улам нэмэгдсэн. Тийм учраас намуудын төлөөллийг оролцуулаад үүнийг шалгая гэсэн. Гэтэл шалгалтын явцад яг энэ программыг бичсэн сорс код гэдэг задаргаа, тайллыг уншдаг зүйлийг нь нууц гээд үзүүлээгүй. Машин ажиллах ерөнхий танилцуулгыг нь бидэнд танилцуулсан. Тийм учраас манай намыг төлөөлөн шалгалтын багт орсон гурван инженер шалгалт нэртэй энэ үзүүлэнд нь оролцоогүй. Уг нь нам бүрээс гурав гурван инженер орох ёстой байсан. МАХН-аас хүн ирээгүй. Тэгээд СЕХ болон АН-ын төлөөллийнхөн үлдэж, шалгалт нэртэй энэ үзүүлэнд оролцсон шиг байна.

-Энэ программ хангамжтай холбоотой олон улсын баталгаа байдаг юм уу? Ийм баталгаа байдаг бол үүнийг нь ямар байгууллага хийсэн байдаг юм бэ?

-Программ хангамжинд хийсэн олон улсын хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг бид удаа дараа СЕХ-оос нэхсэн. Олон удаа шаардуулсны эцэст нэг гэрчилгээ зэрэг материалыг өгсөн. Гэтэл энэ нь программ хангамжийн түвшинд шалгаад олон улсын шаардлагад нийцсэн, зөв ажилладаг программ гэдгийг нь баталсан гэрчилгээ биш байсан. Зүгээр л АНУ-ын Сонгуулийн комиссоос “Цагаан материалаар энэ машин дээр тест хийж үзэхэд энэ удаа алдаа гарсангүй. Энэ нь 100 хувийн баталгаа гэсэн үг биш. Үүнтэй холбоотой баталгааг бид хийгээгүй. Үйлдлийн системд биш, унших байдалд ажиллахад тестийн үр дүнгээр буруутай зүйл гараагүй” гэсэн утгатай гэрчилгээ байсан. Ийм юмыг олон улсын хөндлөнгийн байгууллагын баталгаа гэж манай СЕХ тайлбарлаад байгаа юм.

-Манайд маргаан дагуулаад байгаа хар машин өмнө нь АНУ-д ч юм уу, санал тоолж байсан уу. Эсвэл шинэ техник, технологи уу?

-Өмнө нь энэ программ хангамжийг Африкийн хэд хэдэн оронд ашиглаж байсан. Үүнээс болж Индонезид мөргөлдөөн гарсныголон улс даяар мэднэ. Мөн хамгийн сүүлд энэ программаар саналаа тоолсон Бостванад өнгөрсөн оны өвөл иргэний дайн гарсан. Гэхдээ Бостванагийн иргэний дайн яг үүнээс болсон эсэх нь баталгаатай биш. Ямар ч байсан “Dominion Voting systems” компанийн программ хангамжаар сонгууль явуулсан маш олон газарт зөрчилдөөн үүссэн нь интернэтэд тодорхой байгаа.

-АНУ өөрсдөө энэ программаар саналаа тоолж байгаа юу?

-Америкчууд машинаас татгалзсан. Миний мэдэхээр хоёр мужил хэрэглэдэг. Олон улс санал тоолох машинаас татгалзах нь зөв гэдэгт байр суурь дээр нэгдэж эхэлсэн. Тиймээс бид ч хар машиныг 99-100 хувийн магадлалтай байлгахын тулд магадлалын онолын дагуу 2500 машинаас 125 машин дээр тест хийж, шалгах санал тавьсан юм. Энэ тестээр гарсан дүнд бид эргэлзэлгүй итгэж болно гэж үзсэн. Харамсалтай нь СЕХ 125 машинд туршилт явуулах боломжгүй гэсэн.

-Яагаад?

-Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймаг руу машинуудыг явуулсан учраас боломжгүй гэсэн. Үлдсэн хэдхэн аймаг буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговьд туршилт явуулж болно гэсэн. Тэгээд 470 гаруй тохиолдлоо шалгахад 47 хуудас хэрэгтэй гэсэн чинь 20 хуудас өгч чадна гэсэн. Тэгээд 20 хуудас дээр 340 тохиолдол хийж үзсэн. Гэтэл үүнд нэг ноцтой зүйл гарсан. Нийт санал өгсөн сонгогчдын тоо, уншигдсан хуудсын тоо 306 болсон. Гурван нэр дэвшигч тус бүр дээр 86 санал гээд үзэхэд хүчинтэй саналын хуудас 258, хүчингүй буюу тэмдэглээгүй нь 44 болсон. Тэгээд нэмэхээр нийт 306 саналаас 302 санал тоологдож дөрвөн саналын зөрүү үүссэн. Өөрөөр хэлбэл, саналын тоо болон санал өгсөн сонгогчдын тоонд ийм зөрүү үүсгэж байгаа юм. Үүнийг СЕХ, улс төрийн намууд болон төрийн бус байгууллагынхан бүгд хүлээн зөвшөөрсөн. АН-ынхан үүнээс болж Сонгинохайрхан дүүрэгт будлиан үүссэн гэсэн хэрүүл, маргааныг ч СЕХ-ныхонтой хийсэн. Шалгалтын үр дүн бодит байдал ийм л болсон. Хоёрдугаарт, саналын хуудсыг тойроод бар код байдаг. Дугуйлж будахаас өөр тэмдэг, тэмдэглэгээгээр энэ машин уг нь унших ёсгүй гэж байсан. Гэтэл бид Б.Бат-Эрдэнэ гэдэг нэрийн өмнөх дугуйг урж байгаад Ц.Элбэгдоржийг тэмдэглээд оруулахад Ц.Элбэгдоржийг уншиж байсан.

-Сонгуулийн ирц болон нэр дэвшигчдийн авах ёстой саналын 50 хувийн босго зэргээс шалтгаалаад Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль дахих магадлалтай гэж зарим ажиглагч үзэж байгаа. Энэ тохиолдолд яах талаар СЕХ-ныхонтой ярилцсан уу?

-Манай нам нэр дэвшигчдэдээ хандаж сонгуулийн хуулийн саналыг гараар тоолох уриалга гаргасан. Гэтэл СЕХ үүний хариуд манайд албан бичиг явуулж, хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдлаар хандсан. Сая бид бас уулзахдаа сонгууль хоёр дахь шаттай болбол та бүхэн бэлтгэлээ бодолцсон уу. Гурван нэр дэвшигчээс хоёр нь үлдэж, саналын хуудсыг дахин хэвлүүлэх шаардлагатай болно. Энэ бэлтгэлийг хуульд заасан хоёр дахь сонгуулийг 14 хоногт багтаан явуулах хугацаанд хангаж чадах уу гэж асуусан. Гэтэл мэдээллийн технологийн хэлтсийн дарга нь “Хоёр дахь шатны сонгууль болох уу” гэж өөдөөс асуусан.

-Тэгэхээр бэлтгэлгүй гэсэн үг үү?

-Бэлтгэлгүй гэж ойлгох уу, эсвэл хоёр дахь шатны сонгууль болохгүй гэдэгт СЕХ ийм итгэлтэй байгаа юм уу. СЕХ бүх бэлтгэлийг хоёр дахь хувилбараар тооцож хйих ёстой. Яагаад гэвэл саналын хуудас, үзэг, бал, бүх машины программ хангамжийг Канад, Америкаас дахин захиалж хйилгэнэ шүү дээ. Өмнө нь Сүхбаатар аймаг болон нийслэлийн хэд хэдэн дүүрэгт гараар тоолсон санал хар машиныхаас зөрсөн. Энэ талаар бид тагнуулын ерөнхий газарт хандсан. Бидэнд ямар ч хариу өгөөгүй. Тийм учраас энэ эргэлзээш арилгах үүднээс энэ удаагийн сонгуулийг гараараа тоолж баталгаажуулья. Ядаж Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймаг, Улаанбаатарт хот гээд төвлөрсөн газруудын саналыг гараар тоолж, эргэлзээгээ тайлья гэсэн. Гэвч СЕХ үүнийг хууль зөрчсөн, ард түмэнд эргэлзээ төрүүлэх оролдлого гэж биднийг буруутгаж, айлгаж дарамталсан өнгө аястай албан бичиг явуулж байгаа нь эргэлзээг улам нэмэгдүүлж байгаа.

-Тэгэхээр танай нам цаашид хяналтаа яаж тавья гэж бодож байна вэ?

-Алд түмнийхээ сонголтод найдахаас өөр зүйл бидэнд үлдсэнгүй гэж л хариулья. Ард түмэн өөрсдийнхөө хийсэн сонголтыг хар машиныхтай тулгаж үзье, ард түмэн аврагадаа саналаа өгье. Тэгээд Америк машины дүн Монголын ард түмний сонголттой хэр нийцэж, таарахыг нь шалгацгаая гэж хэлье дээ. Өөр бидэнд хар машиныг хянах, шалгах боломж алга.

-За баярлалаа. 
 

Д. ОЮУН-ЭРДЭНЭ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.