НИЙГМИЙН САЙН ХҮНЭЭСЭЭ

2013/06/24
Share |
Хүмүүс:
НИЙГМИЙН САЙН ХҮНЭЭСЭЭ

Нийгмийн нэг хэсэг нь биш нийтээрээ аз жаргалтай амьдрах ёстой.

 

Нийгмийн хөгжил дэвшил хувь хүний хөгжил дэвшлээс шууд хамаарна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнгөрсөн жилийн 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сурагчдын төлөөлөгчтэй уулзах уулзалтан дээр нэгэн гайхамшигтэй үгийг хэлж үлдээсэн билээ. Тэр нь афоризм болон тогтсон төдийгүй хувь хүний хөгжлийн төлөө нийгэм, эдийн засаг, төрийн бодлого боловсруулж түүнийг хэрэгжүүлэх хараа, мөрөөдлийг надад өгсөн билээ. Нийгмийн сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэж хэлсэн үг энэ цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй хэлц үг болон тогтлоо.

Хувь хүний хөгжил гэж чухам юу юм бэ? Хүн тухайн орны хөгжлийн цөм байдаг.  Нобелийн шагналт Аманда Сен хувь хүний хөгжил нь хүмүүсийн сонголтууд, боломжуудын хүрээг нэмэгдүүлэх үйл явц гэж тодорхойлсон байдаг.

Хувь хүнийг хөгжүүлэх нь цөөн тооны эрх мэдэлтнүүд биш нийтээрээ хөгжлийн үр шимийг хүртэж амьдрах боломжийг бий болгодог. Хувь хүнийг хөгжүүлэх нь хөгжлийн төлөө шинэчлэлд хүн бүр оролцох боломжийг бүрдүүлж өгдөг. Учир нь хөгжсөн хувь хүн хүчирхэг хувь хүн байдаг. Хүчирхэг хувь хүмүүс хэн нэгэн нь дээрээс ивээл буулгаад ирэхийг хараад суудаггүй, хэн нэгнийг буруутгахаас илүү өөрөө болон бусадтай нийлэн хөгжилд хувь нэмрээ оруулж, өөрчлөлтөд өөрсдөө оролцдог. Хөгжсөн хувь хүн өөрийн үнэ цэнээ мэддэг. Өөрийнхөө үнэ цэнээ мэддэг хүн ямар эрхтэй вэ гэдгээ мэддэг мөн тэр хэмжээгээрээ ямар хариуцлага өөрийнхөө болон бусдын өмнө нийгмийн өмнө хүлээхээ мэддэг.

Хөгжсөн бөгөөд хүчирхэг, үнэ цэнээ мэддэг хүн төрөөс, нийгмээс, бизнесийн байгууллагаас ямар чанартай үйлчилгээ авахаа мэддэг. Тийм учраас нийгмийн хөгжлийг урагшлахад, нийгмийн хөгжил, дэвшил болон өөрчлөлтөд хувь нэмрээ оруулдаг.

Хувь хүний хөгжил нь эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь концепци байдаг. Нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжлийг тогтвортой, өсөлттэй болгодог. Ялангуяа уул, уурхайн баялаг дээрээ суурилж хөгжих эдийн засгийн бодлоготой манай улс орны хувьд энэ нь улам бүр ч илүү чухал ач холбогдолтой юм. Бид уул, уурхайн баялаг дээрээ түшиглэж хөгжих нь гарцаагүй. Үүнийг бид зөв хөгжүүлэх ёстой. Гэхдээ уул, уурхайн баялаг тодорхой хэмжээний нөөцтэй байдаг. Харин хувь хүний оюун ухаан, сэтгэлийн их хүч тэдний дотор байдаг потенциал , авъяас билэг, чадвар үнэлж баршгүй бөгөөд шавхагдашгүй их баялаг юм. Тэгэхээр хувь хүнээ хөгжүүлж, хувь хүндээ оюуны хөрөнгө оруулалт хийж чадсан улс орон байгалийн баялаггүй ч гэсэн тэргүүлэх зэргийн хөгжил дэвшилд хүрсэн байдгийг бид мэднэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээр хэлсэн үг түүний хийсэн үйлдэлүүдтэй холбогдож байгаад бид талархалтай байдаг. Оюуны чадвартай залуучууддаа төрийн бодлогоор хөрөнгө оруулалт хийж, тэднийгээ дэмжих, дэлхийн чансаатай боловсролыг эзэмшүүлэхэд анхаарч байгаа нь үүний нэг илрэл. Ерөнхийлөгчөөс авсан хараа мөрөөдлийнхөө дагуу шинэчлэлийн засгийн газрын тэргүүн, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор хувь хүний хөгжлийн “Амьдралын дасгалжуулагч- Амжилтын хөтөч” төсөл хэрэгжүүлж эхэлсэн маань шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Эрдэмтэй боловсролтой Монгол хүн”,  “Зөв Монгол хүүхэд”, “Эрүүл чийрэг Монгол хүн”- ийг бий болгох эрхэм үүргийг биелүүлэхэд чиглэгдэж буй гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна.  Энэхүү хөтөлбөр нь гуравхан сарын дотор 800 гаруй хүнд танхимаар сургалтаа хүргэн аз жаргалтай, амжилттай, сэтгэл хангалуун амьдрал, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг нь тавьж өгсөн төдийгүй төрийн байгууллага, бизнесийн салбарт хувь хүний хөгжлийн сургалтуудаа хүргэж байна.

Ухаантай төр иргэдээ хүчирхэгжүүлж, дэмжиж, тэдэндээ итгэл урам өгч байж улс орныхоо урагшлан хөгжих замыг тавьдаг.  Жинхэнэ удирдагчид ард түмнийхээ хөгжил дэвшилд анхаарал халамж тавьж, бодит хөрөнгө оруулалт хийдэг. Зөв бодлого, зөв үйлсийн гинжин хэлхээ үргэлжлээсэй, бүү тасраасай, улс гүрнийхээ төлөө үйлчлэх сэтгэлтэй, зүтгэлтэй удирдагчдын эхлүүлсэн үйлсээ дуустал нь хийх боломжоор хангахад ард түмний маань мэргэн ухаан, сонголт, шийдвэр маш чухал байна.

 

Хувь хүний хөгжлийн институтийн захирал

Хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.