Хүмүүс: Бадмаанямбуу Бат-эрдэнэ | |
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол бөхөд гаргасан амжилт, эр хүнийх нь жудаг ноён нуруу, улс төрчийнх нь байр суурийг хүндэлж явдаг хүний хувьд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Бөх хүн УИХ-ын сонгуульд гурвантаа ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллана гэдэг том амжилт. Тэгж ярих юм бол Х.Баттулга ч, В.Путин ч бөхийн татами дээр зодоглож л байсан. Бат-үүл ч, Элбэгээ ч бусад монгол хүүхдүүдийн адил багадаа ноцолдож л өссөн байж таараа. Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр 12 жил босоо байж, самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга болж байсан. Их спорт дахь карьераа дуусгаад улс төрд хөл тавьсан нэгэн.
Барагтай аавын түрүүлээд байдаггүй ардын наадамд арвантаа түрүүлж, хүссэн аавын хүү бүр нэр дэвшээд байдаггүй Монгол улсын төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг. Ц.Элбэгдорж ч баяр хүргэж байсан, Б.Бат-Эрдэнэ ч Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшин өрсөлдөх болсонд нь баяр хүргэж байсан санагдана. Монгол бөх бол жудагтай эрсийн наадам. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль ч ийн жудагтай сайхан эхэлсэн. Гэвч эхэлсэн шигээ жудаг зааж чадсангүй. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр Б.Бат-Эрдэнэ аваргын нэр хүндэд халдсан, гүтгэж гүжирдсэн нэвтрүүлгийг ТВ-9 телевизээр МАХН-ын сурталчилгааны цагаар олон нийтэд цацлаа.
МАХН-ын дэд дарга, сонгуулийн сурталчилгааны штабын дарга Д.Тэрбишдагва нар “энэ бол гүтгэлэг, би сонгуулийн штабын даргаасаа огцороход бэлэн” хэмээн мэдэгдэв. Хамгийн харамсалтай нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй” гэдгийг тэр мэддэгүй бололтой. Б.Бат-Эрдэнэ аварга өөрөө уг гүтгэлэгт няцаалт хийж “Энэ бол бохир гүтгэлэг. Далай түмэн минь надад итгээрэй” гэж хэллээ. Далай түмэн буруу зөвийг ялгах ухаантай дархан аваргадаа итгэлгүй яах вэ.
Аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойлоо ч аварга гэдэг нэрнээс нь салгаж болохгүй юм байна гэдгийг өрөөлийн байтугай өөрсдийнх нь пиарчид ч хүлээн зөвшөөрсөн. Учир нь түүнийг монгол хүн бүр “аварга аа” л гэдэг. Хэдийгээр зүлэг ногоон дэвжээн дээр зодог шуудагтай гарахаа болиод удаж буй ч хүмүүс “аварга аа” л гэх. Их улс төрийн зам мөрийг хөөж, УИХ-д гурвантаа сонгогдож, парламентын танхимд арван жил суучихаад байхад нь ч бас л “аварга аа” гэнэ. Хуульч мэргэжил эзэмшиж, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай болгохын төлөө зүтгэж, өөрчлүүлж, Монголынхоо гол мөрөн, ой тайгыг хамгаалахын төлөө тэмцэж, хэдэн арван хууль санаачлан батлуулчихаад байхад УИХ-ын танхимд гишүүд нь ч “Аварга аа” л гэсээр.
Монгол төрийн сонгууль ч жудагтай эрсийн наадам байгаасай. Далай түмэн минь дархан аваргадаа итгээрэй