Америкийн гадаад бодлого газрын тос

2008/05/16
Share |
Хүмүүс:
Америкийн гадаад бодлого газрын тос

Өнөөдөр газрын тосны үнэ тэнгэрт хадаж байгаа үед Ерөнхийлөгч Ж.Буш Саудын Арабт айлчлал хийж байна. Үнэнийг зөвшөөрөх цаг иржээ. Америкийн гадаад бодлого бол газрын тос эрэл. Үүнийг яагаад ч юм үл ойлгогдох шалтгаанаар ил тод хүлээн зөвшөөрөхгүй өдий хүрсэн билээ. Дөнгөж сая л Холбооны нөөцийн системийн дарга асан Алан Гринспен, сенатор Джон Маккейн нар Иракийн дайн газрын тосноос болж эхэлсэн гэдгийг хэрэг дээрээ хүлээн зөвшөөрлөө. Мэдээж Иракийн дайнд олон шалтгаан байсан. Үй олноор устгах зэвсэг, Ойрхи Дорнодын хурцадмал байдал, ардчилал, хүний эрх, Израйль, алан хядагчидтай хийх тэмцэл гээд л. Гэхдээ л газрын тос нэг шалтгаан болсон нь үнэн. Персийн буланд дэлхийн газрын тосны илрүүлсэн нөөцийн 2/3 байдаг. Нэг баррель газрын тос 2003 онд 26 доллар байсан бол өнөөдөр 126 доллар, зарим судлаачдын тооцоогоор 2008 оны эцэст 200 долларт хүрнэ. Америкийг газрын тосны хамаарлаас салгаж чадна гэж Дж.Маккейн, Б.Обама, Х.Клинтон бүгд л амалж байна. Дж.Буш ч хоёр жилийн өмнө мөн амалж байсан. 70-аад оньг хямралын дараа Ричард Никсон адилхан зүйл амалж л байсан. Харамсалтай нь яг эсрэгээр болж байна . АНУ 1973 онд газрын тосны хэрэглээнийхээ 30 хувийг импортолж байсан бол өнөөдөр 60 хувьд хүрсэн бөгөөд 2020 он гэхэд 70 хувьд хүрнэ. Америкийн тээврийн сүлжээ 100 хувь газрын тосноос хамааралтай байгаа. Газрын тосноос хамаарлаа багасгахын тулд биотүлш үйлдвэрлэхэд их мөнгө зарж байгаа хэдий ч энэ нь хүнсний хомсдол, үнийн өсөлтийг дагуулж байна. Америкийн хууль тогтоогчид ОПЕК-ийн орнуудыг хуйвалдан үнээ өсгөж байна гэж буруутгахыг Засгийн газраасаа шаардаж байна. Гэхдээ үүний хариу болгож ОПЕК-ийн орнууд өөрсдийн долларын асар их нөөцийг худалдаад эхэлбэл америкийн эдийн засаг долларт хүнд цохилт болно гэдгийг мөн тооцоолох ёстой. Газрын тосны зах зээл хангалттай байгаа. Саудын Араб гэхэд л нийт газрын тосныхоо тэн хагасыг Ази руу зарж байна. Хятадын газрын тосны хэрэглээ 1994-2003 онд хоёр дахин өссөн бөгөөд 2010 он гэхэд дахиад хоёр дахин өснө. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор Хятад 2010 он гэхэд дэлхийн хамгийн том хэрэглэгч болно. Өнөөдөр Хятадын мянган хүн тутамд 10 машин ногдож байхад АНУ-д 480 машин ногддог. 2015 он гэхэд Хятад дэлхийн автомашины хамгийн том хэрэглэгч болно. Барууны хэрэглээний загвар даяаршиж байгаа нь тун хүнд нөхцөлийг үүсгэж байна. Хэрэв хятадууд болон энэтхэгүүд америкууд болон европчуудтай адилхан хооллож, машин унаж эхэлбэл өнөөдрийн түлш, хүнсний үнийн өсөлт зөвхөн эхлэл нь байх болно. Байгаль орчинд учруулах хохирлыг нь урьдчилан хэлэхэд төвөггүй байна. Эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын төлөө АНУ, Европын холбоо, Азийн тэргүүлэх орнуудын явуулж байгаа гадаад бодлого энэ асуудлыг урт хугацаанд үндсээр нь шийдвэрлэж чадахгүй нь тодорхой. Асуудлыг шийдвэрлэх гол арга зам бол шинэ технологи боловсруулж, амьдралын хэв загварыг өөрчлөх явдал юм. Наад зах нь ядаж машин бага унах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.