Банкны эзэд ард түмний халааснаасаа бохир гараа сугалж, улстөр лүү дүрэхээр сандарцгааж байна

2008/05/16
Share |
Хүмүүс:
Банкны эзэд ард түмний халааснаасаа бохир гараа сугалж, улстөр лүү дүрэхээр сандарцгааж байна

Сонгууль дөхөв. Энэ жилийн хувьд мөнгөтэй зальтай болгон нэр дэвших хүсэлтэй байгаа бололтой. 2004 оны сонгуульд компанийн захирлууд хүч үзэж байсан бол энэ жил банкны боссууд шинээр нэмэгдэв. Нэг шооч нөхөр “Хаан банкны Петр Морроу, Хадгаламж банкны Чимэдцэрэнгээс бусад нь л өрсөлдөж байна даа” гээд инээж байх юм. Энэ яриа ор хоосон зүйл бас ч биш бололтой. “Хадгаламжийн банкны 14 тэрбумаар гараа угаасан Чимэдцэрэн Ганц худагт хоригдоогүй байсан бол, Хаан банкны гадаад захирал Монголд төрсөн бол бас л нэр дэвших байсан нь тодорхой. Энэ жилийн сонгуульд “Анод”, “Монгол шуудан” “Голомт” зэрэг банкны нэр дэвшигчид тодроод байна. Энэ нэрсийн жагсаалт цаашид ч үргэлжлэх бололтой. Хамгийн инэздтэй нь өнөөдөр нэр дэвшигчээ тодруулаад байгаа гурван банк гурвуулаа “Номарангийн хэрэгт холбогдогсод”. Өнгөрсөн гурван жилийн турш хэл ам таталсан банкууд. Тэд улс төрд орох нь хэл амаа нууж, хааж болдог сайхан арга гэж ойлгоцгоосон улс бололтой юм. Бас болоогүй “Голомт”, “Анод” банкны талаар асар их “Но” бий. Төдийлөн өндөр нэр хүндтэй гэж хэлэхэд хэцүү эдгээр банкнуудын хүү харин ч өндөр шүү.Тиймээс банкны боссуудад нэр дэвших сонирхол, бас бэл бэнчин хангалттай байгаа бололтой. “Монгол шуудан” банкнаас нэр дэвшиж байгаа Нарантуяа гэгчид банк нь асар их хэмжээний мөнгө өгч, лоббидож байгаа гэнэ. Харин “Анод” банкнаас гарч ирж нэр дэвших санаатай гүйж яваа сахалтай өндөр эр хамгийн түрүүнд хүүхдүүдэд хайртай хэмээн зарлаж, өөрийн нэрэмжит анги гэгчийг бий болгон жүжиг тавьж байна. Хийсэн зүйл, хэлэх үгээр маруухан
энэ нөхөр хүүхдүүдээр дамжуулан санал авахыг горилж байгаа бололтой. “Голомт” банкны эзэн Лу.Болд “Лувсанвандан сан” гэгчийг байгуулж “Бүгдээрээ баян амьдарцгаая, би санхүүжүүлье” ч гэх шиг хачин хачин юм яриад явж байх юм. Банкны эзэд баярхуу гэдэг нь ч жигтэйхэн, бас түрэмгий гэж ч хачин. Тэд мөнгөтэй хүн яаж ч нэр дэвшээд юу ч яриад гараад ирчихнэ гэж тооцож байгаа бололтой. Харамсалтай нь тэдний барж ядаад байгаа мөнгө нь ард түмний халааснаас унагаасан мөнгө гэдгийг бүгд мартсан бололтой. Зээлийн хүүгээр хөлжиж босч ирсэн энэ “Гобсек”-чууд “Гадны бохир мөнгө угаасан хэрэг”-т нэг бус удаа орооцолдож байсан. Энэ талаар гэнэт баяжсан эрхмүүд мартсан байж болох юм. Тэгвэл сануулаад өгөх баримт хангалттай бий. Төрийн өмчийг өөрсдийн болгож хувиргасан эдгээр эрхмүүдийн талаарх мэдээллийг “Тэргүүн” сонин дэлгэх болно. Ард түмний халааснаас бохир гараа татаж аваагүй байж улс төр рүү шургалахаар зүтгэж байгаа эдгээр банкны эздийн тухай цуврал нийтлэлийг та манай дараагийн дугаараас уншаарай.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.