13 хүний амь аварсан “Шударга журам”-тан

2013/07/24
Share |
Хүмүүс:
13 хүний амь аварсан “Шударга журам”-тан

Төв аймгийн Заамар сумын нутагт алтны далд уурхайд хууль бусаар алт олборлож байгаад угаартаж, үхлийн аюултай байдалд ороод байсан 13 хүнийг аварсан хүнлэг залуу “Шударга журам” медалиар шагнуулжээ. Тус сумын нутагт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Алтан Дорнод Монгол” группийн Аюулгүй байдал, хяналт, шалгалтын албаны хамгаалагч Д.Баасандорж өнгөрсөн оны долдугаар сарын 24-ний өглөө үүрээр ойр орчмын газраа шалгаж яваад алтны далд уурхайгаас тэдгээр “нинжа” нарыг аварсан байна. Уурхайн хашаан доогуур нүх ухаж орсон байх магадгүй байдал харагдсан тул Д.Баасандорж тэр хэсэг газрыг нарийвчлан шалгажээ. Гэтэл хууль бусаар хувиараа алт олборлодог 13 хүн нүх ухан орж, агааргүй орчинд 220 кВт-ын хоёр ч мотор ажиллуулсны улмаас угаартсан байдалтай байсан гэнэ. 13 хүний ес нь арай наана байсан тул Д.Баасандорж битүү утаа, угаар болсон нүх рүү орж, нэг нэгээр нь үүрч гаргажээ. Тэдгээр есөн хүний дөрөв нь огт ухаангүй байсан гэнэ. 13 хүний үлдсэн дөрөв нь уурхайн бүр гүнд байсан тул Д.Баасандорж 1,5 км зайд байрлах уурхайн бааз дээрээ очиж, бусад хамгаалагчдаа сэрээж дуудаад дөрвүүлээ ирж, тэднийг аварч, гаргасан байна. Ингээд тэдгээр хүмүүсийг сумын эмнэлэгт хүргэсэн гэнэ. 

Бусдын төлөө өөрийнхөө амь насыг үл хайрлан 13 хүний амийг аварсан түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медаль хүртээснийг баяр наадмын өмнөхөн гардуулсан байна. 

Мөн наадмын өмнө Заамар сумын уурхайд ажиллаж буй хамгаалалтын ажилчин голд живж байсан дөрвөн хүнийг аварчээ. Зургадугаар сарын 23-нд Заамар сумын нутаг дахь Туул голд сэлж байсан хүүхдүүд гэнэт шар усны үерт автаж, живэх үеэр “Алтан Дорнод Монгол”-ын Аюулгүй байдал, хяналт, шалгалтын албаны хамгаалагч н.Шинэхүү голд орж, тэднийг аварсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Тэр өдөр би голын эргээр хамгаалагч Б.Ялалтын хамт явж байтал гэнэт шар усны үер бууж, голд сэлж байсан хүүхдүүдийг голын гүн рүү хамаад явсан. Би бушуухан хувцсаа тайлаад, эрэг дагаж гүйгээд нэг нэгээр нь  аварч гаргасан юм. Хамгийн түрүүнд хүүг  эмээтэй нь хамт аварсан. Дараа нь  нэг охиныг авсан. Хамгийн сүүлд голын бүр цаад талд нь шахам нэг охин тогтсон байсныг нь  дээрээс нь урсгал дагаж сэлсээр байгаад аварсан. Сүүлд тэр охиныг нуруун дээрээ сэлж гаргахад их хэцүү байлаа. Би багадаа Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрөнд сэлж сурсан. Өмнө нь өөр хүн голоос хүн аварч байхыг л харж байснаас бус өөрөө ингэж байсан удаагүй. Хүүхдүүдийг нуруундаа үүрч, голын эрэгт ирэхэд Ялалт маань татаж гаргасан” хэмээн ярьжээ. 

А.АМАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.