Шинэ цагийн малчныд зочилсон нь

2013/07/25
Share |
Хүмүүс:
Шинэ цагийн малчныд зочилсон нь

Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолт хэмээх газарт  нутагладаг “Үүрд мандах” бүлгийн ахлагч  Т.Жавзангийнд очлоо.  Хашаа хороо нь цэвэр цэмцгэр. Эмх цэгцтэй. Малын хашаа нь битүү.  Салхи орох сиймхийгүй болтол дулаалсан байв. Цонх хүртэл хийж шиллэсэн  нь содон харагдана.

 

Т.Жавзан хэмээх  энэ эмэгтэй 40 гаруй жил мал маллаж байгаа аж.  Хэдийгээр нас  нь ахиж байгаа ч хөнгөн шингэн,  зүгээр суудаггүй,  яриа хөөрөө сайтай гэж жигтэйхэн.  Энэ хот айлынхан 75 үхэртэй. Дэлгэр зуны цагт  25 үнээ нь тугаллаж сааль, сүү элбэг дэлбэг.  Өдөрт  250-300 литр сүү саана. Түүнийгээ худалдааны төвд  болон Багахангай, Налайхын гэрээт байгууллагууддаа нийлүүлнэ.

 

“Тэжээл өгөөд  саадаг үнээ ширгэнэ гэж үгүй. Өвлийн сар гарсан ч  сүүгээр тасрахгүй, малын буян гэж мөн ч их шүү” хэмээн  Т.Жавзан  гуай хуучилна. Тэрээр хоёр охин, хүргэчүүлийнхээ хамт одоогоос таван жилийн өмнө малчны бүлэг байгуулжээ. Тэд ээжийгээ  бүлгийн ахлагчаар  сонгосон аж. Энэ  цагаас  хойш  малынхаа үүлдэр угсааг сайжруулах, өрхийн орлогоо хэрхэн өсгөх вэ гээд нэлээд шинэчлэл хийсэн ажээ. Хэдийгээр Т.Жавзан ахлагч  мал маллахаа марксизмаар заалгахгүй гэж хэлэхээр, ном тэвэрсэн мэргэжилтнээр бэлчээрээ мэдүүлэхгүй , малчин удамт монголын үр сад, хар багаасаа мал дагасан нэгэн гэж тоомжиргүй хандаж болохоор л хүн. Гэхдээ тэрээр тэгсэнгүй.    Хангай, хээрийн бүсэд малчид  уламжлалт  аргаар малаа өсгөж, харин хот   бараадсан  бол  эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх цаг нь иржээ хэмээн  их л итгэл үнэмшилтэй хүүрнэнэ.

 

"Үүрд мандах" бүлгийнхэн жалгын мухарт ганц гэрээрээ бууцгааснаас, хоршиж ажиллах нь илүү өгөөжтэйг ухаарчээ.   Тэд  ажлаа  хуваарилж хийнэ.  Нэг нь үнээгээ сааж, цагаан идээгээ боловсруулж  байхад  нөгөөх нь  суурин газар аваачиж сүүгээ борлуулна  гээд өдөр бүхэн борви бохис хийхгүй хөдөлмөрлөнө.

 “Үүрд мандах” бүлгийнхэн сумын засаг даргатайгаа гэрээ байгуулан 604 га газар буюу нэг уулын амыг 15 жилийн хугацаатай  ашиглаж байна. Ингэж авсан бэлчээрээ тэмдэгжүүлээд, гүний худаг гаргаад, өвс ногоог өтгөрүүлж ургуулах арга чарга хэрэглээд л бэлчээр эзэнтэй болохын давуу тал гэж их.     Ерхөг, царгас зэрэг уургаар баялаг  ургамал тарьжээ.  Хэсэг газарт ургамал, өвсийг өтгөрүүлж ургуулахын тулд шуудуй татаж цасны ус ашиглаад, бас болоогүй өтгө бууц, үр цацдаг аж.

Хот орчимд ойрхон нутагладаг болохоор байгалиас хадлан хангалттай хадах боломж тааруу.   Өнгөрсөн жил гэхэд л тэжээлээс гадна 882 боодол өвс худалдаж авчээ. Үүнээс ногоон, нарийн ширхэгтэй өвсийг түүж шинэ төлдөө хадгалдаг байна. Т.Жавзан ахлагч  хаанахын өвс илүүг андахгүй. Сэлэнгийнх илүү бүдүүн ширхэгтэй , Дорнодынх дориун шүү гээд л.

Бүлгийн  ахлагч  тоо бодож, данс тооцоогоо хөтлөх болохоороо нүдний шилээ зүүчихнэ.  Тэрээр хувийн журнал хөтлөөд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Том далбагар дэвтэрээ гаргаж ирээд л өдөрт саасан, борлуулсан сүүнийхээ тоог алдалгүй бичнэ.  Сүүлийн хэдэн жилд нийтдээ хэдэн литр сүү борлуулж, хэдэн төгрөгийн ашиг олсон нь тов тодорхой .  Тэр ч байтугай  энэ жил ямар үнээг  ямар зүсмийн бух дагаж, хээлтүүлэв , хэзээ тугаллах гээд мөн ч нарийн тэмдэглэгээ хөтөлдөг юм билээ. Жишээ нь энэ жилийн хувьд бор үнээг  хамар халзан бух дагасан. Тэгэхээр төл нь гунж болоод ирэхээр нь “эцэгт”  нь буханд гаргахгүй, өөр бух тавина гээд тооцоолно.

Шинэ цагийн  малчин, хагас эрчимжсэн аж ахуйн эзэн Т.Жавзан   “Монголын  Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөлд таван жилийн өмнөөс  хамрагдаж, шинэлэг арга барилаар ажиллах болсондоо  баярлаж, олзуурхаж явдгаа яриад заавал бичээрэй  гэж сануулна .

 Тус төслийнхнөөс сард нэг удаа зөвлөх багш, сумын захиргаанаас нь сургагч багш ирж номын дуу сонсгоно. Өрхийн амьжиргааны болон бизнесийн сургалтад хамруулна. Бас хэрэгтэй гарын авлагаар хангана. Ногоон тэжээл хэрхэн бэлдэх, жимс жимсгэнэ тарих  арга заана.

Бүлгийн ахлагч  Т.Жавзан  “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг. Бидний мэддэг зүйлийг сануулаад,  шинэ санаа өгөөд, ном товхимлоор хангаад ирэхээр урам зориг улам нэмэгдээд хийх, бүтээх хүслээр жигүүрлэх юм аа. Арай жаахан залуу байсан бол мөн ч их зүйл хийхээр байна. Гэхдээ манай бүлгийнхэн, хүүхдүүд маань  сүрхий суралцаж байгаа шүү. Малчдын хувьд  “ толгойны өвчин” болсон  бэлчээрийн доройтлыг энэ төслийнхөн олоод л харчихсан байгаа юм даа. Бэлчээр эзэнтэй болсноос  хойш илүү хайрлаж гамнах, сэлгэж ашиглах гээд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна  ” хэмээн яриад инээмсэглэнэ. Эднийд төслөөс    гүний худаг гаргаж өгөхөөс гадна хашаа хороо засч тохижуулахад эд материалын болон санхүүгийн  дэмжлэг үзүүлжээ. Гүний худаг гаргахад зах зээлийн ханшаар бол 18-30 гаруй  сая төгрөгийн өртөгтэй гэдэг. Энэ мэтчилэн санхүүгийн дэмжлэг  төслөөс хүртсэн бол тодорхой хувийг нь сумынхаа Засаг даргын Тамгын газрын “Сум хөгжүүлэх сан”-даа   төлж барагдуулна. Гүний худаг гаргуулсан бол ердөө 4.8 сая төгрөг л төлнө.  Энэ мөнгийг Хот орчмын бэлчээрийн төслийнхөн буцаагаад  авч байгаа юм биш. Сум хөгжүүлэх сангийнхэн эргээд хоршоолж ажиллах, малчдын шинэ бүлгийг дэмжихэд зарцуулахаар онцлог. Энэ нь төсөл  хэрэгжээд дууссан ч цаашид үргэлжлэх боломжийг олгож байгаа аж. Одоогийн байдлаар  Т.Жавзангийнх  шиг 387 малчдын бүлэг байгуулагдаж, бэлчээрээ гэрээлэн авч ашиглаж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлсээр  байгаа юм. Мал дагасан хүн ам тосдоно оо гэж.

Д.Пагма

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.