Хүмүүс: Найдан Түвшинбаяр | |
Хорт хавдраар өвдсөн дөрөвхөн настай бяцхан охин Б.Тананд тусалж сэтгэлийн дэм өгч, эмчилгээний зардалд нь хандив өргөхөөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар олимпийн наадам болон дэлхийн аваргад өмсч барилдсан “Кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж Б.Танан охинд туслахаар болсон билээ. Тэдний сайн үйлсийн төлөө явуулж буй үйл ажиллагааг олон хүмүүс ам сайшаан дэмжиж байсан юм.
Тэгвэл хоёр аваргын “кимоно”-ын дуудлага худалдаа зургаан хоногоор сунгагдаж дахин хүмүүсийн санал авсан байна. Өмнө нь санхүүч бүсгүй 4,6 сая төгрөгөөр авлаа гэсэн мэдээлэл ташаа болохыг баталж, энэ талаар олимпийн аварга өөрийн твиттер хуудаснаа "Я.Пүүжээ та ялагч боллоо баяр хүргэе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэв. Мөн аварга Киминогоо өгөхдөө өөрийнхөө гарын үсгийг зурж хамтдаа зургаа татуулсан байна.
Ингээд ялагчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярын кимоног жиргээч Я.Пүрэвсүрэн 5.65 сая төгрөгөөр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын өмсгөлийг “Буяннэмэх сан”-ийн тэргүүн Ш.Алтайсайхан нар 3.1 сая төгрөгөөр худалдан авчээ.