МАН-ын шинэчлэгчид хэн нь хэн бэ

2013/08/02
Share |
Хүмүүс:
МАН-ын шинэчлэгчид хэн нь хэн бэ

Монголын улс төрийн орчин халуун байна.

Улс төрийн голлох намууд дотооддоо элдвийн асуудлаар дүүрчээ. ИЗНН-аас нэг хэсэг нь гарч, нөгөө хэсэг нь жигүүр байгуулна гэж байгаа бол АН-ынхан фракцын эрх ашигт дөрөөлсөн Засгийн хувь заяагаа шийдэх, МҮАН-ын парламентистууд уугуул сүрэгтээ буцах замаа эрэлхийлж, МАХН-д даргаа дагах эсвэл сэнтийдээ үлдэх сонголтын тэмцлүүд ил, далд тавилтаар өрнөсөөр буй.

Харин улс төрийн ууган хүчин, өнөөгийн УИХ дахь ганц сөрөг хүчин болсон МАН-д шинэчлэлийн түрлэг эхлээд удлаа. 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуультай зэрэгцэн мэндэлж, төрийн тэргүүний энэ удаагийн сонгуулийн сүүл мушгин бүл нэмж, хүч нэгдсэн МАН-ын шинэчлэгчдийг нийгэм анхааралтай ажиглаж байна.

Нийгмийн идэвхитэй гишүүн байж, намаа шинэчлэх ажилд оролцогчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас (сошиал медиа)-аар элдэвлэн бичих, хардан нэрийдэх, “захиалагч эзэн”-ийг тодруулах, ташаа тайлбарлах нь цөөнгүй. Тиймээс МАН-ыг шинэчлэх хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллээр зүтгэж буй залуусын тухай өөрийн мэдэхийг уншин судлагч, сурвалжлан нийтлэгч та бүхэнд зориулан бичиж сууна.

Гагцхүү “улс төрийн нам хэмээх нийгмийн идэвхитэй оролцогч”-ийг эрүүл, амьд сэрүүн байлгах, улс орны нэгэн түүхийг авч үлдээх, өөрийн төдийгүй цаг үеийнхээ шастирыг туурвих сэтгэлээр тэд учран ирэх элдэв бэрхшээлийг сөрөн явааг энд урьдчилан сануулахыг хүслээ. Тиймээс тэднийг хэн болох, юу хийж байсан бас юуг илүү хийх туршлагатай, юуны төлөө зүрх нь зохилон яваа гэдгийг энэхүү бичвэр тодотгохыг нэгэнтээ зорьсон болно.

Ингээд МАН-ыг шинэчлэх жигүүр, хөдөлгөөн, клуб, бүлгэм, бүлэг, хороо, холбоо, хувь улс төрчдийн нэгдэл болж буй “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний тэргүүлэх гишүүдийн тухай энд хүүрнэе.

Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ
1974 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо УИХ-ын гишүүн. Ардын хувьсгалын өлгий нутгийг нэгэн бүрэн эрхээр удирдахдаа иргэдийнхээ дунд орж, тэдний ойр ажилласан шударга төрийн албан хаагч хэмээн Сэлэнгэчүүд үнэлдэг юм билээ. 

Түүнийг нотлох нь аймгийн Засаг ноёноос туршлагатай улс төрч С.Баярцогттой дөрөө харшуулан улсын хууль тогтоох байгууллагад илгээсэн явдал юм. Аймгийн Засаг даргаас УИХ-д шууд орж ирэх давааг баргийн аавын хүү давдаггүй болсон цаг үе. 

Олныхоо итгэлийг тээсэн тэрээр зүгээр л УИХ-д суудал бөглөөд суугаад байхыг хүсдэггүй, улс төр болоод нийгэм, эдийн засгийн олон асуудлаар байр сууриа илэрхийлж, идэвхитэй ажилладаг. Тэрчлэн олон удаагийн сонгуульд ялагдаад байгаа намаа “сэргээн шинэчлэх” нэгэн үйлийн төлөө журмын нөхдийн хамт зориг мэдэн зүтгэж явна.

Нямтайширын НОМТОЙБАЯР
1978 онд төрсөн. Улс төр бизнесийн хос мэргэжилтэй ч тагнуулч мэргэшилтэй. Одоо УИХ-ын гишүүн. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч. 

Энд тэнд бичиж, нийтлэснийг харвал түүний төрж, өссөн гэр бүлийнх нь талаар олон нийт бараг өөрөөс нь илүү мэдэх байх. Гэхдээ зуны их халуун, өвлийн тэсгим хүйтэнд харуулын ээлжинд жижүүрлэж, төрийн тусгай албанд зүтгэсэн тэрбумтан бас улс төрч залуу үеийнхэнд түүнээс өөр бараг байхгүй биз. 

НАМЗХ-оор дамжиж намд элссэн нь үнэн. Хамт явсан Засгаасаа ардчилагчид зугтаж, “ачаа үүрэх” үүрэг МАН-д ирэхэд залуусаа төлөөлж дэд сайдын ямба, яланд буусан. Хүсээд хийдэггүй, хийгээд бардаггүй хариуцлагатай албыг бусдаас дутуу хийж, төрийн албыг зулгайдуулаагүй нь түүний намтарт зурвас атугай ч бий. Мөнгөөр сайд болж, гишүүн суусан мэт ихэнх нь ойлгодог. Бүгдийг тэгж ойлговол монголын төрд мөнчгөрөөрөө явааг нь тоолоход арван хуруу хол давахгүй. Бизнес хийж, намд элсэж явсан үетэй нь харьцуулахад улс төрд харьцангуй хурдан суралцаж буй нь түүний үг, үйлдлээс илэрхий харагддаг. Бизнесмен гэр бүлд төрсөн нь түүний буруу биш. Харин давуу тал. Түүнд мөнгөөс хүн чанар нь илүү. Тиймээс тэр “ард”-ын хүүхдүүдтэй нөхөрлөж, ардын намыг шинэчлэх хэргээс бултсангүй.

Отгонбилэгийн СОДБИЛЭГ
1979 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч. Партизан өвөө, баатар аавынхаа удам залгаж, хорин найман насандаа МАН-ыг итгэл үнэмшилтэйгээр сонгосон. 

Нийслэлийн НАМОХ-г удирдалцаж, хотын намын хорооны тэргүүлэгчдэд оюутнуудыг төлөөлж, 2008 оноос хойшхи сонгуулиудад намын анхан, дунд шатны байгууллагыг хариуцан ажиллаж, намын ажилд туршлагажсан залуу үеийн төлөөлөл. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цалин (тэтгэлэг)-г Ё.Отгонбаяр, Б.Чойжилсүрэн (одоо УИХ-ын гишүүд) нарын хамт сэргээн санаачилж, цөөнгүй залууст эрдэм сурах урам өгснөөс эхлүүлээд олон ажлыг тэр хийж чадсан. Аав, ээж, хүү гурав хууль тогтоох байгууллагад сонгогдсон “монгол элитизм”-ын анхдагч. Хөдөлмөрийн баатар эцгийнх нь хүмүүжил, хатуужил түүнд бий. Тиймээс тэр юм бүхний түрүүнд гарч, өмнө дуугараад байдаггүй. Гэхдээ бусдаас хоцорч, үерхлээс урваад байдаггүй чанар нь хүнд үе дэх намаа шинэчлэх хариуцлагатай ажилд нөхдийнхөө хамт оролцох замнал нь болж байна.

Төмөрбаатарын АЮУРСАЙХАН

1975 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны Бодлогын зөвлөлийн дарга. 

Турк, Япон, БНСУ-д суралцаж төгссөн. Англи, орос, турк, солонгос, япон хэлийг чадмаг эзэмшсэнээс гадна Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаар ажиллаж, хувь хүний төлөвшил болоод төрийн албаны дадал суусан илүүрхэл түүнд бий. Түүнчлэн МАН-д ажлыг гололгүй хар бороос нь эхлэн хийж, жирийн улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Нийслэлийн хяналтын хорооны гишүүн, намын Бага хурлын гишүүн хүртэл ажиллаж байсан туршлага нь намын шинэчлэлийн үйл хэрэг дэх түүний үнэт капитал гэж болно. 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, дүүргийн хурлын төлөөлөгчөөс хурлын хорооны дарга, дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажилласан түүхүүд түүний намтарт бичээстэй. “Анкарагийн гудамж”-ны хөрөнгө оруулалтыг босгож ирсэн түүнийг дүүргийн даргаар ажиллаж байх үед хотын төвийн дүүргүүдээс ганцхан Чингэлтэйд МАН ялсан тэмдэглэл бий. Намын шинэчлэлдээ тэр ганцаараа бус Чингэлтэйн залуустайгаа оролцож яваа. Аливаад тууштай, тэвчээртэй, олон талаас ханддаг чанар нь түүнд давуу тал болдог. Намын “ерөнхий дарга”-ын зөвлөхийн албыг саналаараа өгч, нөхөдтэйгээ нийлэн “Шинэчлэлийн хороо” байгуулсан тэрээр намын шинэчлэлээс ухрахгүй нь лавтай.

Баттулгын ГАНХУЯГ

1977 онд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны Ерөнхий зохицуулагч. 

Үйл ажиллагааны бүрэн уналтанд ороод байсан МОХ-ыг нөхдийн хамт хөл дээр нь босгож, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан үеэсээ эхлэн олон нийтэд танигдсан. МОХ-ыг удирдаж байхдаа оюутны эрхийг хамгаалахаар багагүй ажил санаачилж, хэрэгжүүлсэн. Цөөнгүй удаа нийтийг хамарсан жагсаал, цуглаан  зохион байгуулж, төр засгийн удирдлагуудыг цочирдуулж явсан намтартай. Мөн МЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн тэрээр удаан хугацаанд салхи ороогүй байсан “Ц.Зоригтбаатарын толгойлсон МЗХ”-ны үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж, “Залуу хос орон сууцны хөтөлбөр”-ийн хохирсон залуучуудыг өмгөөлж, эрхийг нь хамгаалж явсан. Эрдэнэтийн овоогоор овоглосон тэрээр монголчуудын их хөрөнгө оруулалт, хөгжлийн ирээдүй болсон Эрдэнэс таван толгой төслийн ажлыг эхлүүлж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ыг зургаан жилийн хугацаанд удирдалцаж явсан нь төрийн алба, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, уул уурхайн салбарт өөрийн мөрийг үлдээсэн. Дэлхийн тэргүүлэх сургууль Харвардад боловсрол эзэмшсэн монгол залуусын тоог нэмэх, МАН-ын залуу боловсон хүчний нэг тэрээр намын шинэчлэлийн асуудлаар жилийн өмнөөс дуу хоолойгоо илэрхийлж, “МАН-ын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр” боловсруулах ажлыг санаачилж, түүнээ бодит ажил болгохын төлөө ардын армид “цэргийн тангараг” өргөсөн эрийн ёсоор зүтгэж яваа нэгэн.  

Мягмаржавын ГАНБААТАР

1975 онд төрсөн. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд “Шинэ эхлэл” бүлгэмгийн тэргүүн. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга. 

2004, 2008 онуудад Баянзүрх дүүргээс НИТХ-д улиран сонгогдож байсан МАН-ын залуу боловсон хүчин. Хувийн салбарт ажиллаж байсан хүн гэнэт улс төрийн тогоонд ороод явчих амар байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэр суралцаж, бас өөрийнхөөрөө байж чадсан.

НИТХ-ын даргаа шүүмжилж, огцруулах санаачлага гаргаж, дарга нарын бурууг тэмдэглэсэн “Эсэргүү төлөөлөгч”-өө хэвлүүлж өөрийн явах жимээ гаргасан.

Дан ганц шүүмжлээд байсангүй. Монгол шуудан ХХК-д хэлтэс хариуцаж, Нийслэлийн өмчийг удирдаж, хотын бизнес хөгжлийн төвийг залуурдаж төрийн ажилд туршлага суусан. Ардын намаа шинэчлэх, улс төрийн үйл хэргийг идэвхижүүлэх ажилд “армийн офицер”-ийн тэмцэгч хүүгийн үүрэг их бий.

Жамъянгийн МӨНХБАТ
1979 онд төрсөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Одоо “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч. МАН-ын Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч. 

Их сургуулийн оюутан байхаасаа идэвх, манлайлалаараа бусдаас ялгарч 25-хан насандаа МАСЗХ (одоогийн НАМЗХ)-ны генсекийн тушаалд дэвшсэн.

Үеэсээ бас цагаасаа эрт улс төрд орсон тал түүнд бий ч бэрхшээл, саадыг эр биений ир, зоригоор давахаас өөр сонголт өргөгч крангүй “хөдөөний хүү”-д байгаагүй байх. Утга зохиолын унаган авъяастай түүний намтрыг элдвийн хачиртай, хачиргүйгээр нь хаанаас ч харж болно.

Сайн, муутай нь хутгалдан байж, Ардын намын төлөө тууштай зүтгэсэн түүнийг өнгөрсөн оны сонгуулиар арын сайхан хангайд дэвшүүлсэн. Гэсэн ч намаа шинэчлээд эргэн ирэхийг сонгогчид мань эрд даалгасан. Шинэчлэгдсэн МАН, шилэгдсэн туршлагаар буцан ирэхийг нутаг нь хүлээж суугаа.

Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ
1980 онд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд НАМЗХ-ны Ерөнхийлөгч. Бэрх тосгоноос ажлын гараагаа эхлэж, Баянзүрхийн ИТХ-аас намын замналаа эхлүүлсэн түүний албан намтар цахим хуудсаар дүүрэн. 

Намын гал тогооны ажлыг хэлтсийн даргаас “генсекийн үүрэг гүйцэтгэгч” хүртэл хашиж явсан түүнд үргэлжлүүлэхээр үлдээсэн, дутуу орхисон, санаж бодож явсан ажлууд цөөнгүй нь мэдээж.

УИХ-ын сонгуулийн намын жагсаалтанд залуусаа төлөөлж бичүүлсэн ч урдуураа “стоп” татуулж, нам ялагдсан хариуцлагад УЗ-ийн гишүүнээс татгалзан ч орон нутаг ба Ерөнхийлөгчийн сонгуульд залуустайгаа намаа дэмжиж ажилласан.

Залуу настайгаа эхлүүлсэн намын шинэчлэлээ “Алсын хараа”-тайгаар үргэлжлүүлэх үүргийг  ардын залуус түүнд даалгасан.

 Үүнээс буцах зам үгүй.

Дашзэвэгийн АМАРБАЯСГАЛАН
1981 онд төрсөн. Одоо МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга.

Түүний удирддаг НИТХ дахь намын бүлэг нь УИХ дахь ах нараа ичээтэл ажилладаг.

2008 онд Баянзүрхээс сонгогдож, өнгөрсөн онд намын жагсаалтаар НИТХ-д дахин орж ирсэн тэрээр хотын “Үүлэн үст” баатартай нийслэл дэх хэтийдсэн улс төржилт, буруу бодлого, зарчимгүй үйлдлийнх нь эсрэг тууштай тэмцдэг.

Сүүлийн жилүүдэд сүүдрээс өөргүй болсон “Хүрээний МАН”-ынханд энэ залуу л хонгилын үзүүр дэх гэрэл нь болж байна.

Улаанбаатар дахь дараалсан МАН-ын ялагдлуудыг намын шинэчлэл л зогсоох байх. 

Баатарын АМАРСАНАА

1977 онд төрсөн. Инженер мэргэжилтэй.

Одоо МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд НАМОХ-ны Ерөнхийлөгч.

Хувийн компанид ажилтнаас эхлүүлсэн гараагаа дөтлөн “НАБ” гэх томхон групп компанийг байгуулж, бизнесийн салбарт өөрийн мөрийг тамгалсан. 

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд намаа төлөөлөн Дундговьд өрсөлдөх үүргийг МАН-чууд түүнд даалгасан. Богд хаант Засгийн “сангийн сайд”-ын ач хүү нутгийнхаа дэвжээнд “шинэ монгол”-ын толгой баяныг буулгах дөхсөн. Их хуралд “бяр дутавч” орон нутгийн эрхийг түүний залуус авсан.

Харин одоо ардын намаа бодлогоор шинэчилж, их улс төрд хүчээ дахин сорих урт холын зам түүний өмнө чилийж байна. Ухрах бус урагшлах цаг түүнийг хүлээнэ.

Ч.Тэлмэн

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.