Заамарын иргэдийг үзлэгт хамруулав

2013/08/05
Share |
Хүмүүс:
Заамарын иргэдийг үзлэгт хамруулав

“Алтан Дорнод Монгол” ХХК БНСУ-аас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, Заамар сумын иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулав

 

“Алтан  Дорнод Монгол” ХХК нь 100 хувь монголчууддаа ажлын байр олгож байгаа уул уурхайн компани гэдгээрээ онцлог. 2012 оноос шинэ бүтцээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн үндэсний олборлогч тус компани БНСУ-ын EWHA WOMANS эрүүл мэндийн төв нэгдлийн профессор, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнийг урилгаар авчирч, долдугаар сарын 29-31-ний хооронд Төв аймгийн Заамар сум, Хайлааст багийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, чанартай эм тариагаар хангасан юм. Тус үйл ажиллагаанд эмчилгээ оношлогооны чанар үр дүнгээрээ  олонд танигдсан Сонгдо эмнэлгийн эмч нарын баг хамтран ажилласан байна. Ингээд эхний өдөр уурхайн  ажилчдыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоонд хамруулж, тэд ээлжийн ажлаа зохицуулан эрүүл мэндийн оношлогоонд хамрагдаж, нийгмийн хариуцлагаа ямагт нэр төртэй биелүүлж байдаг компанийхаа удирдлагуудад баярлаж байгаагаа илэрхийлсэн. Уул уурхайн ажил хүнд хүчир учраас ажил амралтыг зөв зохицуулж, ажилчдын хоол хүнс амт чанартай, хүн бүрийн эрүүл мэнд сайн байхад тодорхой ажлуудыг төлөвлөж энэ бүхний хэрэгжилт сайн байгаад ч уурхайн ажилчид сэтгэл өндөр байлаа. 

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Төв аймгийн Заамар баазын дарга С.Мөнхнасан:

-Манай компани ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг маш их анхаарч ажилладаг.  Ер нь уурхайн ажилчид уул уурхайн хүнд техник төхөөрөмжтэй ажилладаг учраас маш сайн амарч, бие эрүүл байх шаардлагатай байдаг. Тиймээс ч бид ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг компанийн хүрээнд зорилт болгон хэрэгжүүлж байна. Уурхайн ажилчид маань сэтгэл өндөр байна. Хариуцлагатай уул уурхайн компани гэдэг утгаараа ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалж, иж бүрэн оношлогоо хийлгэхийн зэрэгцээ  орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд санаа тавьж өндөр мэргэжлийн эмч нарын багаар оношлогоо хийлгэж байна. Энэ бол “Алтан Дорнод Монгол” компаниас явуулж байгаа нийгмийн хариуцлагын бодлогын нэг илрэл юм.  

Барилгын хяналт, шалгалтын албаны байцаагч Ц.Бямбаа:

-Миний хувьд сүүлийн арваад жил “Алтан Дорнод Монгол” компанитай хувь заяагаа холбон ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд үйл ажиллагааныхаа чиглэлийг шинэчлэн, Монгол удирдлагуудтай болж, Хариуцлагатай уул уурхай гэсэн уриаг бий болгож энэ зорилтоо биелүүлж ажилчид болон сум орон нутгийн хөгжилд чухал ажлуудыг зохион байгуулж байгаад баяртай явдаг. Энэ бүхний нэг тод жишээ нь БНСУ-ын эмч нарын багийг урьж авчран бидний эрүүл мэндийг үнэ төлбөргүй үзэж, эм тариагаар хангаж зөвлөгөө өгсөнд үнэхээр их талархаж байна.  

 

Жолооч Ч.Дамдинсүрэн: 

-Би “Алтан Дорнод Монгол” ХХК-д  уурхайн том тэрэгний жолоочоор ажилд ороод жил гаруй болж байна. Иргэдийн зүрх судас, дотор зэрэг гол гол эрхтэнийг нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь үнэ төлбөргүй үзэж зөвлөгөө өгч байгаа нь сайхан байна. Ийм боломжийг бид алдахгүй үзүүлээд эрүүл мэнддээ зөвлөгөө аваад явбал бидэнд л хэрэгтэй ш дээ. Ингээд компанийхаа удирдлагуудад баярлалаа гэж нийт ажилчдынхаа өмнөөс хэлье. 

Ингээд Өмнөд Солонгосоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын баг сүүлийн хоёр өдөрт Төв аймгийн Хайлааст баг, Заамар сумдын иргэдэд үзлэг оношлогоог үргэлжлүүлэн хийж, эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээг үзүүлсэн. Заамар сум л гэхэд аймгийн төвөөсөө алслагдсан атлаа улсын хэмжээнд хүн амынхаа тоогоор хамгийн том сумдад ордог. Албан тоогоор 5000 гаруй хүн амтай ч сүүлийн жилүүдэд түр суурьших иргэд нэмэгдсэн нь арван мянга гэх тоо руу албан бус байдлаар хөтөлжээ. Нутгийн иргэдийн гол амьжиргаа нь “Алтан Дорнод Монгол” компанид ажилласнаар өдрөөс өдөрт айл өрхийн амьдрал өөдлөн дэвжсээр байгааг сумын засаг дарга Д.Болормаа онцолсон. Уул уурхайн компаниуд дундаа үндэсний гэдэг утгаараа монгол хүнээ дэмжиж ажиллуулдаг тус компаний үйл ажилагаанд сум багийн удирдлагууд амжилт хүсч байсан юм. Хот руу явж эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл тэр бүр гардаггүй учраас нутагт нь эмч нарын томоохон баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, орчин үеийн тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүнээр үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд сум, багийн иргэд сэтгэл өндөр байлаа. 

БНСУ-ын эмч нарын багийг ахлагч, БНСУ-ын “EWHA WOMENS” эрүүл мэндийн төв нэгдлийн захирал, профессор Нам Сан Пак: 

-“Алтан Дорнод Монгол” компаниас биднийг урьж авчирсанд үнэхээр их баяртай байна. Монгол, БНСУ хоёр орон бол 1000 жилийн өмнө нэг улс ч байсан байж магадгүй гэж боддог. Яагаад гэвэл бүгд хөх толботой төрдөг, басхүү хэл соёл адилхан байдаг. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, дотоод ажилтнууд болон иргэндээ үр өгөөжтэй  ийм чухал арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж байхыг хүсч байна. Бид энэ үйлст хэзээд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Эмнэлгийн үзлэгийн үеэр нутгийн иргэдийн дунд элэг цөс, ходоод, зүрх судас, даралт ихсэх өвчин зонхилж байна. Эрүүл мэндийн үзлэг оношилгоог эхо, хавдар, эмэгтэйчүүд, мэс засал гэсэн дөрвөн төрлөөр явууллаа, нутгийн иргэд маш идэвхитэй хамрагдсанд бид сэтгэл хангалуун байна. 

Ийнхүү харь хүний мэдэлд байсан тус компанийг монгол удирдлагууд авч, дан монголчууддаа ажлын байр бий болгож, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхийн зэрэгцээ улсад төлөх ёстой татварын өрийг төлж барагдуулж байгааг дуулгахад таатай байна. Тус компанийнхан нөр их ажлын хажуугаар орон нутаг, нийгэмд хандсан ажлуудыг хэрэгжүүлж тун удахгүй Заамар сумандаа 120 хүүхдийн цэцэрлэгийг 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар барьж дуусган энэ сардаа багтаан хүлээлгэн өгөх гэж байгаа тухай сайн мэдээг бидэнд дуулгасан юм. Мөн хүн ардынхаа эрүүл ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна байгаль орчинд хор нөлөө бага үзүүлэх, дэлхийн дэвшилтэт техник технологоор үйл ажиллагаагаа явуулан, байгалийн нөхөн сэргээлтийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна. Үндэсний олборлогч “Алтан Дорнод Монгол” компани нь ийнхүү нутгийнхаа иргэд болоод ажилчдадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх ажлаа үр дүнтэй, амжилттай өндөрлүүллээ. Гэхдээ ганц үүгээр зогсохгүй цаашид нутаг орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдралд хийгээд байгаль орчны нөхөн сэргээлтэнд чухал нөлөөтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!