Шинэлэг хийгээд содон арга барил

2013/08/08
Share |
Хүмүүс:
                               Шинэлэг хийгээд содон арга барил

Монголд олон ч төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Мэдээж үр өгөөжөө өгсөн нь гарцаагүй. Харин тухайн төслийг хэрэгжүүлэх хугацаанд болон дараа нь ямарваа нэгэн сөрөг нөлөө гарах вий хэмээн  төдийлөн анхаардаггүй талтай. Харваас үр шимийг нь хүртэж байхад юуг нь гоочилдог юм гэх нь ч бий. Гэвч өнөөдөр өгөөжтэй боловч маргааш нь бэрхшээлтэй асуудал болж  хувирахыг байг  гэхгүй. Африкийн нэгэн оронд төслийн хүрээнд хурдны зам барьж өгчээ. Гэвч тус улсын ард түмэн өнөөдөр баярлах биш үхлийн хар зам хэмээн цэрвэдэг болсон байх жишээний. Үнэхээр энэ замыг барих нь эдийн засгийн хувьд  асар их ач холбогдолтой ч  оршин суугчдад нь  хэрхэн зорчих, аюулаас  сэргийлэх гээд мэдээлэл, сургалт, сурталчилгаа дутмаг байсан нь зам тээврийн осол ихээр гарахад  нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс аливаа төслийг хэрэгжүүлэхдээ хүрээлэн буй орчин, нийгэм, хүн амд нь учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж,  сөрөг нөлөөллийг бууруулах нь хамгийн чухал асуудал юм. Жижигхэн, аар саархан гээд тоохгүй орхидог асуудлаас болоод  иргэн хүн та хохирч,  байгаль дэлхийд хор хөнөөл учрах ёсгүй.

Харин Монголын Мянганы сорилтын сан нь  та бидний ач холбогдол төдийлөн өгдөггүй   асуудлыг онцгойлон авч үздэг. Америкийн талаас  төсөл хэрэгжүүлж байгаа орон бүртээ ижил шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, төсөл  эдийн засгийн үр ашигтай байхаас гадна аливаа сөрөг нөлөөллийг тодорхойлж, бууруулах арга хэмжээ авч, түүндээ хяналт тавьж,  мэдээлж байх үүрэгтэй гэсэн үг. Энэ ч үүднээс Монголын Мянганы сорилтын сан Хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний нэгжийг байгуулжээ.

Энэхүү нэгж нь  бүх зургаан төслийн явцад байгаль орчин, нийгэмд ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлж, сөрөг нөлөөллийг бууруулахын төлөө ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй төслүүдийн үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг уялдуулан нэгтгэж, хэрэгжилтэд хяналт тавьдаг. Их л чимхлүүр ажлыг гүйцэтгэдгээрээ онцлог. Бас сонгож байгаа асуудал, хэрэгжүүлж байгаа арга барил нь  ч шинэлэг хийгээд содон.

                                           Содон мэдээ- 1

Авто замын төслийн хүрээнд Чойр- Сайншанд чиглэлийн 176.4 км авто зам баригдаж дуусгаад ашиглалтад удахгүй орох гэж байна. Энэ зам ашиглалтад орсноор  эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтойг  нурших шаардлагагүй. Бүгд л мэднэ. Харин энэ бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд  Хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний нэгжийнхэн хэрхэн ажилласан нь сонирхолтой байлаа.

Зам барихад хайрга, чулуу их хэмжээгээр хэрэгтэй болдог. Тиймээс ойролцоо газруудад энд тэндгүй том нүх ухаад,  хөрсийг сэндийчээд орхисон харагддаг.

Харин энэ нэгжийнхэн 176.4 км зам барьж байгаа бол байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй, өмнө нь яг ямар байсан тийм байдалтай болго гэсэн шаардлага тавина. Зам ч дууслаа, хайрга, шорооны орд ч хуучин хэвэндээ орсон байх учиртай. Ийм хатуу шаардлага тавьдаг учраас нөхөн сэргээлгүй булзах, бултах аргагүй, стандартынх нь дагуу л гэрээт  байгууллага гүйцэтгэж дуусгана. 

За бас болоогүй ээ. Зөвхөн байгаль орчин сүйтгэгдэхээс хамгаалаад зогсохгүй зам дээр ажиллаж байгаа Хятад, Монгол, Солонгос ч бай үндэстнээр нь ялгаварлалгүйгээр хандана. Энэ хүмүүс ажлаа тараад ая тухтай орчинд амарч, хийсэн ажилдаа тохирсон боломжийн цалин хөлс авах ёстой гэсэн шаардлага тавина.  Ямарваа нэгэн аюул ослоос сэргийлж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангагдаад зогсохгүй эрх нь зөрчигдөхгүй байх талаар анхаарч, сургалт ч явуулна.  Хятад иргэд биднийг тоохгүй орхилгүй  өгөөмөр хандаж байна гээд  ихээхэн баярладаг гэсэн. Хятад, Монгол, Солонгос гэлгүй тэдний өмнөөс тэдний  төлөө ажиллаж байгаа болохоор арга ч үгүй биз.  Хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний нэгжийнхэн ухуулга, сургалт хийгээд, ажил гүйцэтгэгч байгууллагынхандаа шаардлага, арга зүйгээ танилцуулаад орхичихгүй. Долоо хоног бүр газар дээр нь очиж шалган хяналт тавина.

Чойр-Сайншандын чиглэлийн авто зам хоёр аймаг, хэд хэдэн сумын нутгийг дайран өнгөрч байгаа. Тиймээс зам  барьж байгаа ажилчдаас гадна ойр орчмын иргэдэд ч сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэгт анхаарна. Тэр дундаа олон сараар гэр орноосоо, эх орноосоо хол ажиллаж байгаа гадаад ажилчид орон нутгийн охид, бүсгүйчүүдийг садар самуунд уруу татах вий, хүн худалдаалах гэмт хэрэг гарах вий гэдгийг анхаарлынхаа гадна орхисонгүй. Хэрвээ иймэрхүү асуудал гарвал ажилтны гэрээний асуудалтай ярина хэмээн анхааруулдаг учраас тэнд дэг журам чангатай. Хөдөлмөрийн ба бэлгийн мөлжлөгт өртөх, бие үнэлэх асуудалд орооцолдохоос сэргийлэхийг  зөвхөн ажил олгогчид даатгаад ч орхилгүй, дунд сургуулийн сурагчдад ч   сургалт явуулна, ажилчдынх нь дунд ухуулж сэнхрүүлэх ажил тасралтгүй үргэлжилнэ. Бүүр хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гээчийг ч боловсруулан хэрэгжүүлдэг .

Содон мэдээ-2

Барилгын аюултай материал,  хаягдлын менежментийн үндэсний бага хурлыг гурван жил дараалан зохион байгуулав. Цаашид аюултай хог хаягдлыг эцсийн устгалд оруулах талаар зөвлөмж боловсруулжээ.  Энэ нэр томьёог сонсохоор чихэнд нэг л наалдаж өгдөггүй. Гэтэл та бидний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахад ихээхэн хамааралтай. Миний нэг таньдаг багш “Манай сургууль дээр Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд анги танхимуудыг тохижуулж, тоног төхөөрөмж нийлүүлсэн юм. Засвар хийх гэж ядаргаа болсон. Нэг хана будах гэж будагнаас нь тест аваад, өдрийн гэрлийг солиход л аюулгүй байдлыг хангана гээд үнэхээр яршигтай шүү” гээд ярьж байсан нь санаанд оров. Гэтэл манайхан тааз, ханыг хар тугалган суурьтай будгаар будчихдаг, хагарсан өдрийн шилийг хаа хамаагүй хаячихсан байдаг. Гэтэл энэ нь хүүхдийн эрүүл мэндэд асар хортой, бас аюултай. Тиймээс Хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний нэгжийнхэн эхлээд хана, шалыг ямар будгаар будсаныг тогтоохын тулд тестээр шалгана. Түүнд хугацаа их орохгүй. Будган дээр түрхээд харахад л тухайн будаг нь хар тугалга агуулсан эсэхийг ядах төдөх зүйлгүй ялгаад өгчихдөг юм билээ.

Ингээд хар тугалган суурьтай будгаар будсан бол хусч авахад тухайн засварыг хийж байгаа ажилтны  хөдөлмөр хамгааллын хэрэгслийг дээд зэргээр хангуулна. Тэгээд гарсан хаягдлыг тааралдсан газраа асгачихгүй. Эргээд хүнд, орчинд хор учруулахгүйн үүднээс аюулгүй газарт аваачиж булшилна. Дахиад хар тугалган суурьтай будгаар будахыг зөвшөөрөхгүй. Хэмждэг багажийг гүйцэтгэгчид нь өгчихдөг болохоор  будаг сонгохдоо толгой эргэх зүйлгүй юм билээ.

Бид хөрөнгийг нь гаргаад өгчихлөө, ямар материал ашиглах нь хамаагүй гээд орхилгүй хүмүүсийн эрүүл мэнд  хохирчих вий гэж онцгойлон анхаарч байгаад нь баярлахгүй байхын аргагүй юм. Жишээ нь Эрүүл мэндийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд засварын ажил олон хийгджээ. Энэ бүхэнд тус нэгжийнхэн хяналтаа тавина, аргачлалаа танилцуулна, америк стандартыг нэвтрүүлэхийг чармайна. Өдрийн гэрэлд мөнгөн ус байдаг учраас хаа хамаагүй газар хаяж болохгүй. Мөнгөн ус байгаль болон хүнд ямар хор хөнөөл учруулдагийг бид бүхэн мэднэ. Мэддэг атлаа  аюулгүй болгохоо  мартчихдаг. Эдгээр төслүүд зөвхөн хотод хэрэгжээгүй. Хөдөө орон нутагт гээд  өргөн хүрээг хамарсан.  Аюултай хог хаягдал бүрийг бүхээгтэй машинаар тээвэрлэж Улаанбаатарт авчраад, Нарангийн энгэрийн  хогны цэг дээр түр хадгалж, устгасан гэж байгаа. Үүнээс харахад л ямар их сэтгэл, зүтгэлээ шингээж ажилладагийг илтгэнэ.  Тэд бас 100 айл дээр барилгын материал зардаг худалдаачдад хүртэл хар тугалган суурьтай будаг гээд барилгын аюултай материалыг танилцуулж, аль болохоор ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодохыг анхааруулна. Ингэж л шинэ стандарт, технологийг Монголд нутагшуулахыг зорьж  байна.

 

Содон мэдээ-3

Бас нэгэн содон жишээг онцлоё. Монголын Мянганы сорилтын сан зургаан багц төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ төсөлд хамрагдаагүй нэг ч хүний эрх ашгийг хөндөж, хохироож  болохгүй гэсэн зарчим баримталдаг. Жишээ нь Хот орчмын бэлчээрийн төслийн хүрээнд 387 малчдын бүлэг байгуулагдсан юм. Тэгэхэд, малчин  Дорж хоёр дүүгийнхтэйгээ нийлээд бүлэг байгуулж, нэгэн уулын амыг 15 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгууллаа. Гэхдээ тэдний хилийн зурваст Дондогийн бэлчээр орсон байвал төслийнхэн гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй. Хэрэв Доржийг бодоод төсөлд хамруулбал, Дондогийнх малаа хаана бэлчээх вэ эсвэл нүүхэд хүрч эрх ашиг нь хөндөгдөнө. Тиймээс Америкийн татвар төлөгч ард түмний мөнгөөр хэрэгжиж байгаа төслүүд хэн нэгэнд давуу эрх олгоод, өрөөл бусдыг хохироож болохгүй. Төслийн үр өгөөж нь иргэндээ “наалдсан”, хүртээмжтэй, хэрэгжээд дууссан ч монголчууд үр шимийг  хүртэж байхад онцгойлон анхаарч байна.

 

Содон мэдээ-4

Жендэрийн тэгш бус байдал нь ядуурлыг бууруулахад тулгардаг томоохон саад бэрхшээл болдог гэдэг. Тиймээс жендэрийн асуудлыг төслүүдийн үйл ажиллагаанд уялдуулан тусгажээ. Жендэр гэхээр зөвхөн бүсгүйчүүдийн эрхийн тухай биш эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хэн бүхэн төслийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болох юм.

Зам барилгын ажил гэхээр зөвхөн эрчүүд л хийж чадна гэсэн хэвшмэл ойлголт бий. Гэвч үнэндээ бүсгүйчүүд ч ханцуй шамлаад ороход чадахгүй зүйлгүй. Энэ ч үүднээс Чойр-Сайншандын зам барилгын ажилд орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулах, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихэд анхаарсан юм. Ойролцоо сумуудад эмэгтэй ажилтан ажиллуулна гэсэн зар тарааж, тэдэнд сургалт явуулж, ажлын байраар хангасан гээд тоочоод байвал үлгэр жишээ болохуйц зүйл олон. 

Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд айлд ороод хашааны газраа өмчлөхийн ач холбогдолыг танилцуулахдаа зөвхөн гэрийн эзэнтэй нь ярилцаад гараад ирэх биш гэрийн эзэгтэйд ч мөн мэдээлэл хүргээрэй хэмээн захина.

Төслийн хүрээнд 2010 онд хийгдсэн суурь судалгааны дүнгээс харахад бүсийн 8 тулгуур төвүүдэд 65 хувь нь буюу эрчүүд хашааны газраа өөрийнхөө нэр дээр өмчилсөн байв. Эр нөхөртэйгээ газраа булаацалд гэж байгаа юм биш. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дахиад өөр газар өмчлөхөд эзэгтэй та ч гэсэн нэрээ оруулж, өмчтэй болохын давуу талыг ухуулна. Энэ сургалтад хамрагдсан  бүсгүй мэдээлэл багатай нэгэндээ тусалж, амьжиргаагаа өөд татахад нь дэм болсон  жишээ ч бий.

Эрүүл мэндийн төслийн хүрээнд халдварт бус өвчний дөрвөн төрлийн эрт илрүүлгийн үзлэгийг явуулж буй. Эрчүүд чихрийн шижин, цусны даралт өвчнөөр цэл залуухнаараа өвчлөх нь эрс нэмэгдэж байгаа ч үзлэгт тэр бүр хамрагддаггүй. Тиймээс эрчүүдийг аль болохоор түлхүү хамруулахаар  ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд умайн хүзүүний хорт хавдар ба хөхний хавдар, даралт, чихрийн шижин гээд эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах хүсэл байвч тэргэнцэртэй болохоор өрхийн эмнэлэг дээр очиж чадахгүй үлдэх нь олонтаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан унаа тэрэг гаргаж, үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан гээд хүйс, нийгмийн байдлыг үл харгалзан төслийн өгөөжийг  хүнд нь хүргэхийн төлөө ажиллаж байна.

Мөн  “Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо,  манлайлал” аяныг  3 дугаар сарын 7-ноос  эхлэн хэрэгжүүлж, зургаан төслийн манлайлагч эмэгтэйчүүдийн амжилтын түүхээр товхимол хэвлүүлжээ. “Гэрэл түгээгч эмэгтэй”, “Тамхигүй аймгийн төлөөх эмч бүсгүйн тэмцэл”, “Малчин эмэгтэйн манлайлал”, “Инженер бүсгүй говьд зам барьж явна” , “Газар өмчлөл эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нээсэн түүх”, “Бэрхшээлийг давах тэнхээтэй хүн барилгын салбарын сайхныг мэдэрнэ” гэсэн гарчигтай зургаан ажил хэрэгч, дайчин, хөдөлмөрч  бүсгүйчүүдийн тухай нийтлэлийг уншихаар бахархахгүй байхын аргагүй. Эзэн хичээвэл, ажлыг хүнд гэж зүрхшээхгүй байваас “уулыг нураах, усыг өргөх” хүч чадал ч эмэгтэйчүүдэд бий. Тэд улс эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулаад зогсохгүй өрх гэрийнхээ амьжиргааг ч өөд татаж чадна. Монголын Мянганы сорилтын сангийн 6 төслийн үр шимийг хүртэгч болоод оролцогч талуудын төлөөлөл болсон 6 манлайлагч эмэгтэйн амжилт бүтээл, сургамж захиас  ажил мэргэжлийн гараагаа эхлэх гэж буй залуу охид бүсгүйчүүдэд үнэхээр үлгэр дуурайлал болж чадна.

Энэ мэтчилэн жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө уйгагүй ажиллаж байгааг Америкийн Мянганы сорилтын корпораци  үнэлж төсөл хэрэгжиж байгаа 24 орноос онцлон “Шилдэг орон” шагналыг Монголын Мянганы сорилтын санд өнгөрсөн жил ёслол төгөлдөр гардуулсан юм. Энэ нь төслийн үр шимийг хүртэх боломжийг эмэгтэй, эрэгтэй хүн бүхэнд адил тэгш олгох, тэдний оролцоог хангах зорилгоор олон чиглэлийн үйл ажиллагааг авч хэрэгжүүлснийг нь сайшаасан хэрэг.   

Монголын Мянганы сорилтын сангийн  Хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний нэгжийнхий хийж  хэрэгжүүлж байгаа ажлаас цухасхан дурдахад нэг иймэрхүү.

Д.Дэлгэр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.