Сайншанд бас хоёр сумыг Нийслэлтэй холболоо

2013/08/22
Share |
Хүмүүс:
Сайншанд бас хоёр сумыг Нийслэлтэй холболоо

Монгол Улс америкуудын тусламж, санхүүжилтээр хоёр аймаг, таван сумын нутгаар дайрсан нэгэн шинэ автозамтай боллоо. Энэ талаар Монголын Мянганы сорилтын сангийн Автозамын төслийн захирал П.Батсайхантай ярилцлаа.

 


-Чойр-Сайншандын чиглэлийн замыг яг хэдий хугацаанд тавьж дуусгав аа


Монголын Мянганы сорилтын сан ММСС-гийн замын төслийн хүрээнд Чойр-Сайншандын чиглэлийн 176.4 км авто замыг барьж дуусгаж байна. Энэ есдүгээр сарын эхээр улсын комисст бүрэн ашиглалтад хүлээлгэж өгнө. Америкийн Мянганы сорилтын корпорацаас /МСК/ Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн жагсаалтад энэ чиглэлд зам барих төсөл анх байгаагүй. Харин төмөр замын төсөл хэрэгжих боломжгүй болж , түүнд зориулсан санхүүжилтийн тодорхой хэсгээр Чойр-Сайншандын автозамыг барихаар болсон. Анх гэрээг 2010 оны хоёрдугаар сарын 02-нд Монгол улсын УИХ-аар соёрхон баталсны дараа зам барих ажлыг шуурхай зохион байгуулж хугацаанд нь дуусгах шаардлага гарсан. Замынхаа нийт уртыг 90 ба 86 км-ээр хоёр хувааж тендерээ зарласан. Солонгос, Хятадын компани шалгарч ажилдаа орсон.Энэ үеэс тоолж, зам барилгын ажлын улирлаар тооцвол 2.5 жилд барьж дуусгаж байна.Дөнгөж сая, наймдугаар сарын 1 гэхэд хучилт бүрэн дууссан. Өнөөдөр замын тэмдэг тэмдэглэгээ, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд үндсэндээ дуусч байна.

 


-Ийм хэмжээний урттай замыг 2.5 жилд барина гэдэг цаг хугацааны хувьд ердийн стандарт уу. Хурдан, удааны тухайд . . .


Хэрвээ ажлыг зөв төлөвлөж , оновчтой зохион байгуулж чанартай гүйцэтгээд явбал ийм хэмжээний замыг 3 жилд барих бүрэн боломжтой нь харагдлаа. Энд мэдээж боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, хугацаанд нь санхүүжилтийг хийх,Монгол орны цаг агаарын нөхцөл байдал, улирлын онцлог, аливаа гарч болох эрсдлийг тооцоолох гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Миний бодлоорМонголын гайгүй чадалтай компаниуд жилдээ 50-60 км зам барих бүрэн боломжтой нь харагдаж байна.

 


-Танай төслийн замын гол менежментийг хаанахын мэргэжилтнүүд хийсэн бэ


-Уг нь Данийн компани хийх гэрээтэй байсан. Гэвч яг үнэнийг хэлэхэд төдийлэн хангалттай хийж чадаагүй. Тийм учраас гол менежментийг Монголын автозамын нэгжийнхэн, манай үндэсний инженерүүд хийсэн. Төслийн удирдах нэгжийнхэн гэсэн үг л дээ. Дээрээс нь мэдээж АНУ-ын Мянганы сорилтын корпораци(МСК)-н холбогдох мэргэжилтнүүд чиглэл, зөвөлгөө өгөх байдлаар оролцсон.

 


-176 км замыг бүрэн ашиглалт өгснөөр нь харвал төмөр замын төслөөс буцсан санхүүжилтын яг хэдийг энэ замд зарцуулав, нэг км замыг ямар өртгөөр барив, энэ нь бас жишиг байж чадах уу


- Төмөр замын төслийн санхүүжилтын 50 орчим хувийг манай замын төсөлдүлдсэн 50 хувийг Цэвэр агаар төсөлд болон бусад ММСС-гийн төслүүдийг өргөтгөхөдзориулан хуваарилсан. Чойр-Сайншандын зам барих үндсэн ажлаас гадна нутгийн ард түмний хүсэлтээр төсөлд тусгагдаагүй байсан хоёр сумыг мөн энэ замтайгаа автозамаар холбож байгаа. Шинэчлэлийн Засгийн газар гарсны дараа Ерөнхий сайд говийн аймгуудад ажилласан. Тэр үеэр Айраг, Даланжаргалан сумынхан улсын төсвийн хөрөнгөөр Чойр-Сайншандын чиглэлийн автозамтай сумдаа холбож өгөхийг хүссэн. Ерөнхий сайд энэ жилийн улсын төсөвт тийм мөнгө тусгагдаагүй , харин ММСС-гийнхан та нар Америкийн талтайгаа яриач, төслийнхөө хүрээнд хоёр сумыг холбох асуудлыг тохиролцохыг зөвлөсөн. Бид тэр дагуу Америкийн талтай шаргуу ярьж, энэ бол нутгийн зон олны хүсэлт гэдгийг ойлгуулсаны үр дүнд нааштайгаар шийдүүлж чадсандаа баяртай байна.Энэ төслийн хүрээнд шинээр Айраг, Даланжаргалан сумууд Улаанбаатар хоттой шууд автозамаар холбогдож байгаа, энэ замын нийт өртөг л гэхэд 2 тэрбум шахуу төгрөг болж байна шүү дээ. Америк нөхөддөө баярлалаа гэдгийг танай сониноор дамжуулан хүргэж байна.

 


-Бусад замтай харьцуулбал танай замын онцлог гэвэл юу юу байх вэ


-Хийц талаасаа гэвэл анх буталсан чулуун суурьтай байсныг 20 см-ийн зузаантай цементээр бэхжүүлсэн сууриар сольсон. Анхны зургаар замын өргөн долоон метр байсныг найман метр болгож өргөтгөсөн.Асфальтан хучилтын зузаан нь 5 см. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, 176 км замын эхний хэсэгт байгалийн материалыг цементээр бэхжүүлж, хоёрдугаар хэсэгт буталсан чулууг цементээр бэхжүүлэн суурь хийсэн. Энэ нь цаашдаа Монголд аль хольц нь илүү тохиромжтойг мэдэх зорилго агуулсан.Технологийн бус онцлогууд гэвэл, нэлээд олон “хамгийн хамгийн”-тай байх болов уу.Нийт замд 296 хоолой, 8 гүүр бий. Хамгийн чанартай, хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр хяналттай, хамгийн олон орны мэргэжилтнүүд оролцож барьсан зам гэх мэтээр онцлогуудыг нь тодорхойлж болно. Жишээ нь: 160 гаруй км замын хучилтыг 4 сарын дотор тавьж байсан тохиолдол Монголын автозамын салбарын түүхэнд байгаагүй юм билээ. Хяналт л гэхэд эхлээд инженерүүд нь өдөр тутмын хяналтыг,тэдний араас манай төслийн нэгжийнхэн долоо хоног бүр багаараа газар дээр нь очиж ажлын хяналтыг тус тус хийнэ. Дээрээс нь МСК-ийн дэд бүтэц хариуцсан багийнханболон бие даасан зөвлөх инженерүүд,түүнчлэн салбарын яам давхар хяналт хийж байна. Зам дээр ажилласан боловсон хүчний тухайд зөвлөхөөсөө эхлээд туслах ажилчнаа хүртэлх 800-гаад хүний дотор тендерт ялсан солонгос, хятадууд, төслийг менежментийг хийдэг болон зарим ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон монголчуудаа оролцуулбал Дани, Австрали, Энэтхэг, Пакистан, Филиппин,Непал гээд нийтдээ 14 улсын мэргэжилтэн нар тус тус оролцсон байна Тиймээс бид олон улсын баг оролцсонолон улсын зам гээд байгаа юм. Яагаад гэвэл Чойр-Сайшандын замын энэ чиглэл бол хоёр хөршөө холбосон манай улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий зам шүү дээ.

 

-Хяналт гэснээс зам тавихад зарим нь өргөнөөс, зарим нь зузаанаас иддэг гэдэг. Танай төслийн зам дээр тийм боломж байгаагүй гэсэн үг үү


Энэ бол утгагүй, хоосон яриа шүү дээ.Өргөн зузаанаас нь тэгж “идээд” байх боломж байдаггүй гэдгийг энэ салбарт ажиллаж буй мэргэжилтний хувьд баттай хэлэх байна.Манай зам дээр гэхэд бид 30-80 метр тутамд тест/ шинжилгээ/ авч асфальтны зузаан болоод замын материалын хольц орцыг лабориторийн шинжилгээгээр оруулж хянадаг журамтай.Хэрвээ зузаан болоод хольц орцод алдаа гарсан бол тухай бүр нь засуулна. Тэгэхээр 80 метр тутамд гэхээр 176 км замд нийтдээ 2000гаруй удаагийн ийм шинжилгээхийсэн гэсэн үг. Бас заавал 80 метр тутамд гэхгүй инженер болоод хяналтынхан шаардлагатай гэвэл түүнээс бага зайд ч тест авч шалгалт хийж байсан. Манайхан энэ буруу ойлголтоо одоо больмоор байгаа юм. Ингэж хий хардахын оронд замд тавих хяналтаа сайжруулах, хүнээ олж хянуулах тал дээр анхаарах хэрэгтэй.Гаднынхнаар хянуулна л гэдэг. Гэтэл яваад өгөх гадныхан замтайгаа үлдэх монголчууд шиг сэтгэлтэй ажиллаж чадах уу, үгүй гэдгийг бас бодолцох л хэрэгтэй. Гадныхны туршлага хүчийг авах нь зөв.Гэхдээ цаашид дандаа хятад, солонгосуудаар замаа бариулаад явах юм уу, үндэсний боловсон хүчнээ бэлтгэх үү гэдэг нь үүнээс чухал.

 


-Суурийг нь цементээр бэхжүүлсэн гэлээ. Ийм зам Монголд өөр бий юү. Цементээр бэхжүүлснээр замын насжилт уртсах уу


-Миний мэдэхийн Хятадын тусламжаар Замын-Үүдийн хил орчмын замыг давхар цементээр бэхжүүлсэн сууриар хийсэн. Бас бараг манайхаас туршлага судалж байгаад “Энержи ресурс”-ийн бариулсан Гашуунсухайт руу тавьсан замыг цементээр бэхжүүлсэн сууриар хийсэн гэсэн.


Хэрвээ стандартын дагуу арчлалт хийгээд явбал цементээр бэхжүүлсэн суурьтай замын насжилт хамгийн багадаа 20 жил гэж байгаа. Хамгийн гол нь цементэн суурь хийснээр даацыг 30-40 хувь нэмэгдүүлж байгаа.

 

Тээвэрлэлт нэмэгдэж, хүнд даацын тээвэр Замын-Үүдээс Улаанбаатар руу ихэсч байгаа. Тийм учраас замын зүүн талын зорчих хэсэг илүү гэмтээд эхэлсэн учраас цементээр бэхжүүлэх нь зөв гэж үзсэн юм. Салбарын яам ч дэмжсэн.

 


-Чойр-Сайншандыг автозамаар холбосны эдийн засгийн үр ашгийг та юу гэж тодорхойлох вэ.


-Эдийн засгийн үр ашиг бол асар их. Хойд урд хилийг холбосон учраас автотранзит тээвэр хөгжихөд чухал ач холбогдолтой. Орос Хятадыг холбож байгаа хамгийн богино автозам зам болно. Манай улсын бүтэн байгуулалтын болон хүнсний голлох материалыг урдаас татаж байна. Энэ үед түргэн муудах, гэмтэх юм уу, барилын гол гол материалуудыг цаг алдалгүй татах боломж бүрдэнэ. Мөн аялал жуулчлалын хөгжилд асар нэмэртэй. Энэ замыг барьж байх явцад говийн Догшин ноён хутагтын дараагийн дүр тодорч сэнтийдээ заларсанд бид их бэлгэшээж байгаа. Мэдээж, одоо Хамарын хийд, Хүслийн уулыг чиглэх жуулчдын цуваа саадгүй, аюулгүй боллоо. Үүнээс гадна зам дагаад малчид төдийгүй орон нутгийнханд их өгөөжтэй. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Дугуй засвар, хоолны газар, амралтын газар байгуулах зэргээр орон нутгийн хөгжилд, иргэдийн орлогод хувь нэмрээ оруулна. Түүнчилэн төмөр замын ачааллыг ихээхэн багасгана. Төмөр зам зах зээлийн өрсөлдөөнд орж үнэ тарифын бодлогод нь өөрчлөлт орно. Галт тэргээр өглөө гарахад маргааш нь очдог байсан бол одоо энэ ажлыг нэг өдөрт амжуулдаг болж байна. Монгол оронд эдийн засгийн үр ашгаа өгөөд зогсохгүй олон улсад Монголыг гаргана.

 


-Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй автозамаар холбоно гэсэн. Үүний нэг нь танай зам уу


-Тийм. Зургаан аймгийн төвийн ашиглалтад орж байгаа эхнийх нь манай төслийн зам, эхний аймгийн төв нь Монгол улсын аж үйлдвэрийн парк болох Сайншанд болж байна.

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.