Кёкүшюзан Батбаяр ааваасаа `татгалзлаа`

2008/05/17
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Кёкүшюзан Батбаяр ааваасаа `татгалзлаа`

Эцгийнхээ нэрнээс татгалзаж байгаа хүнд улс эх орноосоо татгалзахгүй гэх баталгаа байна уу

-Монгол төрд анх удаа “самурай” нэр шургалахаар санаархаж эхэллээ-

Монгол хүн анх удаагаа Японы мэргэжлийн сумод амжилт гаргасан нь Д.Батбаяртай салшгүй холбоотой. Даваагийн Батбаяр гэгч жирийн нэгэн хүүг арлын Японыг зорьж байхад хэн хүнгүй төдийлөн тоож авч хэлэлцээгүй ээ. Гэвч “Мэхний их дэлгүүр” гэж нэрлэгдтэлээ алдар хүндийн оргилд гарсан түүнд Японы дэвжээнээс нь Кёкүшюзан хэмээх нэр хайрласан. Энэ л нэрээрээ Японд төдийгүй Монголд нэрд гарсан тэрээр нүдэндээ нулимстайгаар сумод зодог тайлан эх орондоо ирээд байгаа. Кекүшюзан Д.Батбаяр эх орондоо ирсэн даруйдаа л их улстөрд хөл тавихаар санаархаж буйгаа мэдэгдэн, нэг суудлын төлөө юу ч хийхээс буцахгүй улстөрийн намуудын арааны шүлсийг асгаруулж орхисон. Монгол төрд мода болоод байгаа хууль зүй, улстөрийн боловсрол зэргээсээ илүү олны танил, түмний хайрыг хэн илүү татаж чадсан нь сонгогддог бичигдээгүй хуулийн дагуу үнэхээр ч нэр дэвшвэл Кёкүшюзан ялалт авч ирэх магадлал өндөртэй юм. Харин урлаг соёл, спортынхон улстөрд ороод төдийлөн амжилт гаргах нь битгий хэл бусдынхаа амыг харсан утсан хүүхэлдэй болдог гэдгийг мань хүнийг нэр дэвшүүлэхээр талдаа татаж үнэмлэхээ атгуулж чадсан Ц.Элбэгдорж дарга эрхбиш гадарлаж байгаа ч тэр бол түүнд падгүй асуудал. Харин ганц ч гэсэн суудал. Гэвч олныг нуршилгүй хамгийн сүүлд түмний чихийг сортойлгоод байгаа нэгэн сонин олныг цочирдоход хүргээд байна. Учир юу хэмээвээс Японы их сумоч Кёкүшюзаны сонгуулийн PR-ыг хийж байгаа гэх нөхдүүд түүнийг төрсөн эцгийнхээ нэрнээс татгалзахыг санал болгоод байгаа гэнэм. Эдний тооцоолж буйгаар Даваагийн Батбаяр /АН/ гээд саналын хуудсан дээр бичигдээд ороод ирэхээр мулгуу ард түмэн нь танихгүй тул парламентын суудал эзэгнэх нь лөөлөө болох юм байх. Тэгэхээр Кёкүшюзан Батбаяр гэж бичигдэж байж л өнөөх аймаар сүртэй сумочоо ард түмэн нь танин УИХ-ын гишүүн болгох юм гэнэ. Практик талаас нь аваад үзвэл энэ үнэхээр магадлал өндөртэй сайхан санал мэт. Гэвч Монгол хүний ёс жудаг, эцэг эх, эх заншил талаасаа аваад үзвэл аргагүй л хөгшдийн даралтыг ихдүүлж, залуусын зэвүүг хүргэхээр алхам болох нь гарцаагүй. Хаанаас сонгуульд үзэхээ шийдээгүй байна хэмээн нэг хэсэгтээ л олны анхаарлыи төвд байж бяцхан аальгүйтээд авсан Кекүшюзан үнэхээр Иргэний бүртгэл мэдээллийн газарт хандан овог нэрээ солиулсан бол ард түмнийхээ итгэлийг хүлээн парламентын гишүүнээр суухаасаа илүү олж авсан өмнөх нэр хүндээ будаа болгон, бусдын жигшил зэвүүцэл дунд хүндхэн байдалд орох биз ээ. Тэгээд ч УИХ-ын гишүүн болохын төлөө овог нэрнээсээ татгалзаж байгаа хүн эх орноосоо урвахгүй гэх баталгаа хаана байх вэ. Уг нь Даваагийн Батбаяр, Кёкүшюзан Батбаяр хоёр нэг л толгойтой ч түүний энэ толгой нь биш зөвхөн Кёкүшюзан гэдэг нэр л улс төрд орох аж. Монгол төрд ашиг хонжоо хайн шунан дурлагч биш, ард түмнийхээ сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй, өндөр боловсролтой, хувь хүнийхээ болоод улстөрийн ноён нуруутай хүмүүс л хэрэгтэй сэн дээ. Гэтэл сүүлдээ зөвхөн нэр л сонгох болох нь ээ. Энэ бол жинхэнэ сонгуулийн эмгэнэл.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.