Согтуу этгээд сургуулийн үйлчлэгч рүү мэс барин дайрч гэмтээжээ

2013/10/07
Share |
Хүмүүс:
Согтуу этгээд сургуулийн үйлчлэгч рүү мэс барин дайрч гэмтээжээ

Манай сонины редакцид "Хан-Уул дүүргийн 60 дугаар дунд сургууль буюу Цэцээ гүн цогцолбор руу хутгатай этгээд дайрч том хүн болон хүүхэд гэмтээлээ" гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн юм. Энэ мэдээллийн мөрөөр тус сургууль дээр очиход тухайн өдөр жижүүрт гарч байсан нөхөр ийн ярилаа. "Өнгөрөгч баасан гаригийн  17 цаг 05 минутын орчимд жижүүр хүлээлцээд сургуулийнхаа байруудыг эргэж явсан.

Тэгэхэд "Хүн хутгалчихлаа" гэсэн шуугиан гарсан. Би гүйгээд ирэхэд согтуу этгээд сургуулийн үйлчлэгчийн гарыг иртэй зүйлээр зүсээд зугтаачихсан байсан. Тэр этгээд гарахдаа хүүхэд хутгалсан гэх мэдээлэл худлаа. Тэгээд ч энэ талаар сургуулийн захирлаас тодруулсан нь дээр байх. Яг юу болсон талаар цагдаа нар мэдэж байгаа. Хяналтын камерийн бичлэг зэргийг үзээд аваад явсан. Сургуулийн жижүүрийн хувьд хариуцлага алдсан зүйл үгүй" гэлээ.

 Тус сургуулийн захирал Д.Ариунаагаас тодруулахад "Манай сургууль дээр тийм гэмт хэрэг гараагүй" гэлээ. "Ямар ч гэмт хэрэг гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна уу" гэхэд "Би өнгөрөгч долоо хоногт өвчтэй байсан" гэлээ. Энэ асуудлыг тодруулахаар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр очлоо.

Тухайн өдөр хэргийн газар очсон цагдаа "Нэг согтуу этгээд сургуулийн бие засах өрөөнд гараа угааж байсан үйлчлэгч рүү дайрч гарыг нь шөвгөөр гэмтээсэн. Тэгээд хүн амьтан шуугиад эхлэнгүүт гараад гүйчихсэн юм билээ. Биднийг очиход сургуулийн хүүхдүүд, багш нар айсан байсан. Гэмт халдлагад өртсөн сургуулийн үйлчлэгчээс мэдүүлэг аваад хэсгийн байцаагчид шилжүүлсэн" гэлээ.

Уг нь Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль гаднаа хяналтын камертай ч тэр нь маш муу бичдэг аж. Ямартай ч гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй этгээдийн дүрс танигдахгүй байгаа гэнэ. "Хүүхэд хутгалуулсан" гэх мэдээллийг албаны болон хууль хяналтын байгууллагууд "Ор үндэсгүй мэдээлэл" гэсэн юм.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар сургуулийн үйлчлэгч эмэгтэй согтуу этгээдийг таньдаг байсан. Тэр ч бүү хэл эр, эмийн холбоотой байсан гэнэ. Согтуу этгээд үйлчлэгч эмэгтэйн араас тэврэн ноцолдсон гэх мэдээллийг хэлж байсан. Ямартай ч энэ хэргийн хохирогч гэгдсэн үйлчлэгч эмэгтэй цагдаагийн байгууллагад "Гомдолгүй" гэсэн өргөдөл гаргаснаас гадна согтуу эрийн тухай ярих сонирхолгүй байгаа аж.

Т.ЭРДЭНЭ

logo

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.