Хүмүүс: |
Магадгүй, одоогийн даргынх нь хэлж яриад байгаа шиг МАН-ыг түүхийн тавцангаас арчигдан одохыг харах сонирхол нэгээхэн хэсэгт байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ түүнээс илүүтэйгээр тэд сэхэж чадах болов уу, гол нь хэрхэн яаж вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа хэсэг нийгэмд давамгайлж байгаа болов уу. Тиймээс ч энэ долоо хоногийн сүүлээр эхлэх намын Их хурлаас гарах шийдвэрийг урьдчилан прогнозлох хандлага багагүй хугацааны өмнөөс эхэлсэн. Түүнчлэн манай сайт МАН-ын хувьд энэ удаад намын дарга болоод генсекийн хоршил нь тун зөв байх хэрэгтэй байгааг өгүүлсэн. Дутуугаа дүүргэнэ гэдэг шиг тийм л хоршилыг томилж чадвал унаж доройтох мөчлөгтөө саатаад байгаа энэ улстөрийн хүчний хувьд сэргэн мандах шинэ замналыг наашлуулах цаг ойртох боломжтой талаар хөндсөн. Тэгвэл өнөөдөр намын удирдлагыг эргүүлэн гартаа оруулах сэдлээр хөшигний цаанаас зааварлах эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөхдүүдийн талаар хөндөж байна.
С.Баяр, Сү.Батболд нарын хувьд намын дарга болоод Генсекийн суудалд өөрсдийн хүмүүсээ суулгахыг чухалчилж байгаа бол Ерөнхийлөгч асан Н.Багабандийн тухайд шинэчлэл ярьсан Т.Аюурсайхан нь энэ удаагийн сунгаанд хол явахгүй нь тодорхой болоод байгаа. М.Энхболдын хувьд “хотын бүлэглэл”-ээ хүч нэмэгдүүлэхээ умартаагүй. Гэхдээ энэ удаад өөрийн хүчинд давамгай найдаж байгааг нь өмнө нь дуулгасан. Ц.Нямдорж эрхмийн тухайд нэгэн цагт Монголын улс тєр, эдийн засаг дахь “УВС” намын тэргүүн гэгдэж явсан оргилуун үе бий. Харин одоо бол тэр цаг МАН-ын доройтолтой хамтдаа балрах тийшээгээ хандсан. Тэгвэл Ж.Энхбаярын хувьд харьцангуй бүлэглэлд данслагдаагүй нэгэн. Тэгэхээр намын даргад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн ар талуудыг нь эрэмбэлвэл Н.Энхболдын ар болох С.Баяр, Сү.Батболд нараас боломжийн даац харагдаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд тэдний улстөрд тавьж ирсэн сценариудыг өнгийгөөд харахаар бохир дүр зураг нь давамгайлаад тиймэрхүү л дээ.
Ер нь бол энд нэр нь гарч байгаа нөхдүүдээс элдэв хор зууралцаагүй нэгнийг олоход хэцүү. Өдгөө хамгийн магадлалтайд тооцогдож буй М.Энхболд нэгэнтээ Н.Багабандийн бүлэглэлтэй эвсэж байсны жишээг тухайн үед Оюутолгойн худалдааны гэрээ хэмээн нэрлэгдэж байсан гэрээтэй холбоотой үйл явдлуудаас харж болдог. Тэд хамтын хүчээр өнөөх муу нэртэй Н.Энхбаярыг засгаас шахахаар гар нийлж байсан удаатай. Сонирхолтой нь, түүний дараах сценарийн дагуух үйл ажиллагаанд гар бие оролцох хуваарилалттай байсан Санжийн Баяр өмнөд хөршид хэд хоног саатаад ирснийхээ дараа Н.Энхбаярт үйлчилсэн талаар ч яригддаг л юм. Гэхдээ дараа нь Н.Багабанди С.Баяртай эвсэн М.Энхболдынхоо эсрэг хөдөлж байв. Нэг ёсондоо Н.Багабанди С.Баяртай нар сайн ойлголцож байсан гэсэн үг. Мөн тэдэнд адлагдан улмаар тэдний нөмрийг чухалчлах болсон хүмүүсийн нэг нь Сү.Батболд юм. Ер нь бол энэ удаа С.Баяртай эвсэн Н.Энхболдыг гаргаж ирээд генсекээр нь Д.Цогтбаатарыгаа суулгачих гэж үзээд байгаа Сү.Батболд тухайд ч хорноос хол байгаад байсан явдал үгүй.
Тэгэхээр эдгээрийг өгүүлэхийн учир нь холдсон эрх мэдлийг эргүүлэн авахаар оролдож буй нөхдүүдэд сайн бас саарын аль аль нь холбоотой гэдгийг хүргэх гэснийх. Гэхдээ одоо цаг үе, улстөрийн орчин тэднээс өөр байр байдлыг хүсч, хүлээж байгаа. Нэг хэсэг бүлэг фракцийн бус бүхэл бүтэн намынх нь уруудан доройтолтын асуудал хурцаар тавигдаж байна. Тийм байхад өөр зуураа хэмлэлдэхээс зарим үед хойш суухад гэмгүй. Үгүй дээ л нийгмийн хурц хараан дор байгаа ийм үед шүү дээ.