Ц.Энхбаяр: Дараагийн эмч нарийг бэлэн байлгах ёстой

2013/10/30
Share |
Хүмүүс:
Ц.Энхбаяр: Дараагийн эмч нарийг бэлэн байлгах ёстой

ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Энхбаяртай ярилцлаа. Нэг хэсэг нь эмч нарыг ажил хаясан гэх, нөгөө хэсэг нь ажлаа хийж байгаа гэх юм. Бодит нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

Би ГССҮТ-ийн Ерөнхий захирал гэх энэ албан тушаалд томилогдоод 33 хонож байна. Энэ хугацаанд эмнэлэгийн эмчилгээ, үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал яасан гэхээр 160 орчим эмч, сувилагч, асрагч нар халагдах өргөдлөө өгсөн байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар ажил, албан тушаалаа орхиод явсан хүн байхгүй байна. Эмч, ажилчдын ажлаасаа халагдах өргөдлийн сүүлийн хугацаа 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болно.

Ажлаас халагдах өргөдөлд нь хариу өгсөн үү? Өөрсдөө халагдъя гээд байгаа юм бол халчихаж болохгүй байгаа юм уу?

Бид өгсөн өргөдөлтэй танилцаад эмч, ажилчиддаа мэдэгдэх хуудас өгсөн. Ямар мэдэгдэх хуудас вэ гэхээр “бид таны өгсөн өргөдлийг хүлээн авч үзээд, таньтай хөдөлмөрийн гэрээ цуцлах боломжгүй гэж үзлээ. Тийм учраас та бүхэн ажлаа хэвийн үргэлжлүүл” гэсэн мэдэгдлийг эмч, ажилчиддаа өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар эмч нар ажил хаяад, өвчтнүүд эмчгүй, эмчилгээ үйлчилгээ доголдсон тохиолдол байхгүй байна. Эмчилгээ, үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Яаралтай хагалгааг Эх нялхсын эмч нар ирж хийж байгаа гэл үү?

Өнөөдрийг хүртэл манай эмнэлэг дээр Эх нялхсын төвөөс ирж хагалгаа, эмчилгээ хийж байгаа эмч байхгүй байна. Энэ ямар үндэслэлээр гарсан яриа вэ гэхээр хэрэв энэ сарын 30-ны өдөр буюу маргааш эмч, эмнэлэгийн ажилчид ажлын байраа орхиод явсан тохиолдолд бид дараагийн бэлэн байдлыг хангах ёстой гэж үзэж байгаа. Үүн дээр манай эмнэлэг Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Хэрэв эмч, ажилчид 30-ны өдөр ажлын байраа орхиод явбал дараагийн эмч нар ажлын байран дээр бэлэн байх ёстой.

Тэгэхээр дараагийн эмч нарыг бэлтгэж байгаа гэсэн үг үү?

Бид улсын хэмжээний хүний нөөцөд судалгаа хийгээд хүмүүсээ зоочихсон байгаа. Эндээс үүдээд Эх нялхсын төвийн эмч нар болоод 1, 2, 3 дугаар эмнэлэг, ЭМЯ-ны харъяа бүх эмнэлэгүүдийн дарга нартай ярилцаад дараагийн хүмүүсийг бид бэлэн байлгаж байгаа. Гэхдээ би энэ эмнэлэгийн захирлын хувьд мөн өөрөө эмч хүний хувьд 30-ны өдөр манай эмч, ажилчид ажлын байраа орхиод явахгүй байх гэдэгт итгэж байна.

Хамгийн гол нь эмч нар таны томилгоог эсэргүүцээд байгаа шүү дээ?

Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг хэзээ хийх юм бол? Эмч нар томилгоог эсэргүүцээд байгаагийн учрыг асуухаар сонгон шалгаруулалтаар орж ирээгүй гэж яриад байгаа. Гэтэл сонгон шалгаруулалт ГССҮТ дээр өнөөдрийн байдлаар явагдаагүй, хүлээлтийн байдалтай байгаа. Би өөрөө энэ эмнэлэг дээр сонгон шалгаруулалтанд орохоор нэрээ өгсөн хүнийх нь нэг. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлөөс ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хийх хугацааг бидэнд арай өгөөгүй байна. Тэр хугацааг бидэнд өгвөл миний хувьд сонгон шалгаруулалтанд ороход бэлэн байна. Хугацаагүй, хэзээ сонгон шалгаруулалт явагдах нь мэдэгдэхгүй байсан учраас Эрүүл мэндийн сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд, энэ эмнэлгийг эзэнтэй байлгахын тулд, энэ эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээг хэвийн байлгахын тулд намайг томилсон. Үүнийг би эмч, ажилчдад тайлбарлаад байгаа.

Таныг ГССҮТ-ийн захирал болсноосоо хойш хоёр эмчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гээд байгаа энэ үнэн үү?

Олон эмч нарыг ажлаас нь халсан, халагдсан гэх асуудлыг яриад яваад байгаа. Гэтэл ажлаас гарсан эмч нар өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөөч ээ гэсэн өргөдөл өгсөн. Би өнөөдрийг хүртэл нэг ч хүнийг захиргааны санаачлагаар ажлаас нь халаагүй. Халахгүй гэдгийг ч эмч, ажилчдад хэлээд байгаа. Тийм учраас л ийм мушгисан яриа нийгэмд яваад байна. Тэгэхээр Бүргэдэй эмч болоод өмнөх 3 дэд захирлууд бүгд өөрсдийнхөө хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Зарим нь “яг одоо халж өг” гэсэн тулган шаардалт тавьсан асуудал байгаа. Тэгэхээр би нэг ч хүнийг захиргааны санаачлагаар ажлаас нь халаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: www.aravt.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.