Маск продакшн:Хариуцлагаа хүлээх чадвартай бол юу ч гэж мутарлаж болно

2013/11/08
Share |
Хүмүүс:
Маск продакшн:Хариуцлагаа хүлээх чадвартай бол юу ч гэж мутарлаж болно

“Best of Mask” хэмээх тоглолтоо СТӨ-нд тоглож байгаа МАСК продакшн тоглолт хийнэ гэж халтуурддаг болжээ. Тодруулбал тоглолтын таван номерын хоёр нь өмнө нь тоглогдож байсан, зурагтаар өчнөөн гарсан хуучин тоглолт байлаа. “Best of Mask” гэсэн нэрийг барьж шинийг сэтгэж үзэгчиддээ бэлэг барихгүй үзэгчид өчнөөн үзсэн, хуучин тоглолтыг тавиад байх нь бусад хошин урлагын хамтлаг продакшнуудтай өрсөлдөх цаашдын өрсөлдөөнд нь хэрхэн нөлөөлөх юм бол. Тоглолт эхлээд л эхний хоёр номер нь хуучин тоглолт байсан учраас үзэгчдийн эмоци шууд л унаж байгаа ажиглагдсан. Харин дараагийн гурван номер нь тийм ч хөгжилтэй, сайхан номерууд байсангүй. Ингээд л өөрсдийн гэсэн үзэгчидтэй байдаг тус продакшны тоглолтыг үзсэн фэнүүд нь сэтгэл дундуур гарцгааж, ирсэн үзэгчдийн сэтгэл рүү ус цацах шиг л боллоо.  Ер нь аливаа юмыг халтуурдаж, чин сэтгэлээсээ биш гүйцэтгэж эхлэхээрээ л аливаа ажил явахаа байдаг. Үүний нэгэн адил шинэ уран бүтээлийг нь үзэж сэтгэлээ онгойтол инээхээр зорьж очсон үзэгчдийг энэ мэтээр хуураад байвал МАСК продакшн удахгүй олонд онцгой сэтгэгдэл төрүүлэхээ болих нь ээ. 

“Best of Mask” тоглолтын билет 12 000 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Шагчид нь цааш дамлахдаа 20 000 төгрөгөөр борлуулж байна лээ. Ажил ихтэй үзэгчид оройн цагаар очоод дөрвөн билет авахад л 80 000 төгрөг болж байгаа юм. Бараг л 100 000 төгрөгөөр үзсэн тоглолт ийнхүү амтгүй байхаар ямар хэрэг байх билээ. Иймээс “МАСК”-ынхан хэдэн бор цаасны төлөө халтуурдаж, үзэгчдийг хуурч өнөө маргаашаа аргацаахын оронд чанартай,чансаатай тоглолт хийвэл яасан юм бэ. Хүнийг инээлгэнэ гэдэг хэцүү шүү дээ хэмээн нэр нь үл мэдэгдэх сэтгүүлч бичин сайтууд нийтэлсэн юм.

Үүний хариуд "МАСК" продакшны хамт олон "Сайн байна уу? Таньд энэхүү захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе. Туурга тусгаар Монгол улсад маань тэртээх 90 оны цагаан морин жил АРДЧИЛАЛ айлчлан ирснээр Шинэ Монгол улс маань дэлхий дахинд дахин мэндэлсэн билээ. Тэр цагаас хойш манай улсад нийгэм хөгжиж, улс орон минь өргөжин дэвшиж шинжлэх ухаан, боловсрол, урлаг соёл, спорт гээд бусад бүх салбарууд хүрээгээ тэлэн энэ Монгол улсынхаа төлөө иргэн бүр дор бүрээ сайн сайхныг тээн ажиллаж амьдарч байгаа билээ.

Бид ч бас өөрсдийн салбартаа үргэлж тэргүүлэгч байж сайн чанартай уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулан тоглолт бүрийг хариуцлагатай, чанарын өндөр түвшинд хийхийг чармайн ажилласаар өдгөө 7 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 17 шоу тоглолт 1 уран сайхны кино хийсэн хамт олон юм. Яг одоо буюу өвлийн эхэн сарын энэ өдрүүдэд бид нийслэлийн Соёлын Төв Өргөөнд "Best of Mask" нэртэй шоу тоглолтоо үзэгчиддээ амжилттай тоглож байгаа гэдгийг эрх биш та мэдэж байгаа байх.

Өнөөгийн нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөөг үл таних сэтгүүлч таньд болон захидал бичигч надад бас өгсөн болохоор би өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа энэхүү захиаг чадан ядан мутарлан сууна. Харин үл таних сэтгүүлч та өөрийн веб сайтандаа "Маск үзэгчдээ хуурч байна" гэсэн нэртэй худал мэдээг мөн л надтай адил мутарласан байх. Таньд манай тоглолт таалагдахгүй байж болно. Таалагдахгүй байгаагаа худал мэдээлэл бичиж дургүйцлээ илэрхийлж болохгүй. Яагаад гэвэл сэтгүүл зүйн салбарт "МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ ЭСЭХ" гэдэг ойлголт бас байдаг гэдгийг санах хэрэгтэй. Худал мэдээлэл хүргээд хариуцлагаа хүлээгээд гарах чадвартай бол та юу гэж ч мутарласан болно!

"Маскынхан эхний хоёр номероо телевизээр гарсан номер тоглож байна лээ" гэсэн утгатай зүйл бичсэн байхыг хараад бид үнэхээр цочирдсоныг нуух юун. Хамгийн эхний номер - Өвөөгийн хүү. Энэ номерыг өнөөдөр монголын аль ч телевизээс та хайгаад олохгүй. (Учир нь бид өгөөгүй болохоор тэр). Удаах номер - Фльетон. Энэ номер бол тусдаа урлаг болоод хөгжчихсөн өөр нэгэн урлагийн төрөл юм. Бид дээр дурьдсан 17 тоглолтын 3-д нь энэхүү фльетон хэлбэрийн үзүүлбэрийг өөр өөр хэлбэрээр тоглож байсан юм. Хамгийн эхний Фльетоноо бид хамтран ажилладаг бүх телевизүүддээ өгч байсан. Одоо ч интернэтээр хангалттай тарсан байх. Харин таны үздэг бол манай 3 дах фльетон байсан юм шүү. (Телевизээр үзсэнээс чинь шаал өөр юмнууд орсон байгаа). "Гэхдээ сэтгүүлч минь аль андуурч бичихийг тэр гэхэв дээ. гээд өнгөрөх үү? Яах уу?" хэмээн бичиж хамтлагийнхаа цахим хуудснаа бичжээ.

Д.Ана

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.