Гадаад харилцааны жинхэнэ сайд хэн бэ?

2013/11/20
Share |
Хүмүүс:
Гадаад харилцааны жинхэнэ сайд хэн бэ?

     Албан ёсоор бол Монгол улсын гадаад харилцааны сайдыг Л.Болд гэдэг. Харин бодит байдал дээр тэрбээр нэр төдий сайд бөгөөд Гадаад харилцааны яамыг нутаг нуга, фракцаараа холбогдсон нэгэн бүлэг удирддаг гэж улс төрийн хүрээний эх сурвалжууд шивнэлдэж эхэлжээ.

        Энэ бүлэглэлийн гол удирдагч нь өдгөө Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж буй А.Баттөр юм. Нэгэн цагт Гэгээрлийн сайд хүртэл хийж явсан ноён А.Баттөр МоАХ фракциараа дамжин улс төрд нөлөөтэй болсон нэгэн бөгөөд элчин сайд, гадаад хэргийн дэд сайд зэрэг албыг богино хугацаанд хашсан тул шинэчлэлийн засгийн газарт Гадаад харилцааны сайд болно гэдэгтээ итгэлтэй байжээ. Гэвч эдгээр албыг хашиж байхдаа Европ дах манай дипломатуудын тамхины наймааны хэрэгт нэр холбогдож байсан нь түүнийг сайд болоход саад болсон бололтой. Хэдий энэ хүсэл нь биелээгүй ч тэрээр өнөөдөр өөрийн нутгийн голдуу хамсаатнуудаараа дамжуулан Гадаад харилцааны яамыг алсаас удирдаж байдаг гэнэ.

        Түүний бүлэгт хэн хэн багтдаг вэ? Бүлгийн гол зохион байгуулагчид нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг гүйцэтгэгчид нь ГХЯ-ны зарим газрын дарга, орлогч дарга нар байдгийг нэрлэж байна.

        Энэ бүлэглэл гадаад харилцааг удирдаж байгаагийн хамгийн сүүлийн нотолгоо нь сарын өмнө Франц, Герман, Канадад элчин сайд, Женев дэх байнгын төлөөлөгч нарын томилгоо юм. Шинээр томилогдсон элчин сайд нарын хувьд салбарын сайдаа алгасан А.Баттөр нартай ойртож Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нь төрийн тэргүүнд ойр байдгаа ашиглан томилуулж чаджээ.

        Ер нь Л.Пүрэвсүрэнгийн энэ мэтээр хувийн сонирхолоо тэргүүнд барьж түүнийгээ ерөнхийлөгчийн нэр сүрээр гүйцэлдүүлж байгааг хязгаарлах болсон гэж Гадаад харилцааны яаманд газрын даргаар ажиллаж байгаад элчин сайдад нэр дэвшсэн нэгэн ярьж байв. Түүний хэлснээр Л.Пүрэвсүрэн нь тус яаман дахь өөрийн талын хүмүүсээ байнга дуудаж уулзан жирийн мэргэжилтэн томилох асуудалд хүртэл хутгалддаг бөгөөд Засгийн газар, сайдын бодлого гэж юу байдаг юм, миний хэлснийг л хий хэмээн загнадаг гэдэг. Чухам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уран илтгэлдээ дурьдсанчлан зөвлөх нэрээр төрийн албыг завхруулж хоp хутгадаг хүмүүсийн сонгодог жишээ өөрийнх нь хажууд байгааг тэрээр анзаарч харалгүй өдий хүрчээ.

        Гадаад яаман дах нууц бүлэглэлийн өөр нэг лидер болох дэд сайд Д.Ганхуягийн хувьд ч салбартаа олон жил болсон боловч төдийлөн сайн нэр хүндгүй нэгэн. Ногоон пасспортыг үнэ ханш тогтоон зарах явдал түүнийг Консулын газрын захирлаар ажиллаж байхад цэцэглэсэн гэж гадаад яамныхан ярьдаг. Саяхан л гэхэд Ховд аймгийнхаа бүх эвэртэн туурайтанд ногоон паспорт гаргуулж ирэх сонгуулиар нэр дэвших бэлтгэлээ эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй ихээхэн vнэтэй пасспорт хэвлэх үйлдвэрийг Д.Ганхуяг, Л.Пүрэвсүрэн нарын шахаа байсан гэх яриа бий. Ингэж хардах үндэс нь паспортын нөөц дуусаагүй байхад Германаас өндөр үнэтэй машин яаралтай авах ажлыг Л.Пүрэвсүрэн санаачлан дэмжиж тухайн үеийн консулын газрын захирал Д.Ганхуяг гардан хэрэгжүүлсэн байдаг.

        Удахгүй БНХАУ-ын Хайлаар хотод Монгол улсын консулын газар нээгдэх гэж байгаа бөгөөд консулаар нь дэд сайд Д.Ганхуягийн төрсөн дүү Д.Ганболд нэгэнт тодорсоноос үзэхэд тэрээр улсын ажлыг хувьдаа эрээгүй ашигладаг нэгэн болох нь харагдана. Гадаад харилцааны яамны нууц ноёнтон гэх А.Баттөрийн бүлэглэлийн хуудуутай үйлдлүүдийн талаар хараахан нотлогдоогүй боловч өөр олон яриа байдаг. А.Баттөр нар үйлдэл бүрээ Ерөнхийлөгчийн нэрээр зөвтгөж эрх сүрээр нь далайлгадаг талаарч бор шувуу жиргэж эхлээд байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.