Урлагийнхан Караоке баарныхантай ширүүхэн тэмцэл эхлүүлэх нь ээ

2013/12/14
Share |
Хүмүүс:
Урлагийнхан Караоке баарныхантай ширүүхэн тэмцэл эхлүүлэх нь ээ
Б.Лхагвасүрэн: “ Бид одоо эрийн цээнд хүрсэн болохоор хамтлаг дуучдынхаа өмнөөс төрийн байгууллагуудтайгаа хамтраад Караокетай үзэж тарах гэж байна...”  

Сүүлийн үед манайд хамгийн их орготой ажиллаж байгаа цэнгээний газар гэвэл Караоке баарнууд болсон. Тэнд бүх насныхан үйлчлүүлдэгээрээ тэдний хувьд энэ нь ашиг орлогын үүд хаалга болдог. Харин тэд үйлчлүүлэгчээ татахын тулд аль хит болж байгаа дуунуудыг цаг алдалгүй Караокедоо суулгаж хоорондоо өрсөлддөг. Энэ нь нэг ёсондоо урлагийнхны оюуны өмчид хууль бусаар халдаж байгаа хэрэг юм.  Иймээс урлагийнхан одооноос тэдэнтэй ширүүн тэмцэж эхлэх гэнэ. Монголын дуу бүтээгч бичлэгийн үндэсний төвийн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд энэ талаар мэдээллээ.  Тус төв нь 2003 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дуу бичлэг үйлдвэрлэгчид болон дуучид, уран бүтээлчдийн санаачилгаар байгуулагдсан ба гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг хамтын удирдлагын төрийн бус байгууллага ажээ. Одоогийн байдлаар 138 орчим монголын бүх жанр стилийн дуучид, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид, бичлэгийн томоохон студийг элсүүлэн бичлэгийн болон зохиогчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын дуу бүтээгч бичлэгийн үндэсний төвийн удирдах зөвлөлийн гишүүн “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгээс дээрх асуудлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Дуу бичлэг бүтээгч үндэсний төвөөс оюуны өмчийн талаар тэмцэж эхэлнэ гэлээ. Тэгэхээр энэ талаараа тодорхой яриач?

Манай байгууллага байгуулагдаад 10 жил болжээ. Нэг талдаа уран бүтээлчид маань өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах нь зүй ёстой юм гэдгийг ойлголоо. Жишээлбэл хөгжмийн зохиолч, яруу найрагчид, дуучид гэсэн гурвалсан холбоо байдаг. Энэ холбоо дунд уран бүтээлийн тал дээр нэгэнтэйгээ зохицож, эрхийг нь албан ёсоор авч явах ёстойгоос гадна тодорхой хэмжээний төлбөр төлөх, эсвэл хоорондоо гэрээ хэлцэл хийж тохиролцох ёстой юм байна гэдэг ойлголтыг авсан.  Хоёрдугаарт  хамтын удирдлагын байгууллага гэдэгт элсэж явбал өнөөдөртөө олж байгаа орлого бага ч гэсэн ирээдүйдээ тодорхой хэмжээний мөнгө олж болдог юм байна гэдэг ойлголтонд хүрсэн. Гуравдугаарт 2006 онд зохиогчийн эрхийн төвд хамаарах тухай хууль шинэчлэгдэж гарсан байдаг. Энэ хуулийнхаа хүрээнд интернэт, IP телевиз,  сүүлийн үеийн тоон технологиудын ring tone, гар утасны компаниудаас тодорхой хэмжээний хураамж авч болно гэдэг зарчмаар хуулийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж явж байгаагаараа энэ 10 жилийн онцлог боллоо.

-Караоке-ны газруудтай  хэзээнээс яаж  тэмцэх гэж байна? ер нь яагаад тэдэнтэй тэмцэх болов оо?

Бид өөрсдийгөө эрийн цээнд хүрлээ гэж бодож байна. Эрийн цээнд хүрсэн хүн эр бяр, зоригтой болдог. Би одоо эрийн цээнд хүрсэн юм чинь Зохицуулах хороо болон Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө Газар, мөн Оюуны өмчийн газартай хамтраад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа,  ялангуяа хит дуунуудаар орлого олдог Караокетай  хамтлаг дуучдынхаа өмнөөс үзэж тарах гэж байна. Соёбо , S Karaoke, Next гэх мэтчилэн олон продакшнуудад санал хүсэлт явуулж байсан боловч тэд бидний саналыг үл ойшоосон. Тэр дотор бидэнтэй хамт нэг хэсэг уран бүтээл хийгээд явж байсан хүн ч байдаг. Үл ойшоосон, доромжилсон маягтай харьцдаг. Монгол улсад хууль гэж байдаг юм бол үүнээс хойш хуулийн дагуу арга хэмжээг нь аваад хаах, мөн уран бүтээлчдийн хувьд дууг нь огт явуулахгүй хэмжээнд таслан зогсоох арга хэмжээг авахаар бид зэхэж байгаа.

-Түрүүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хандсан гэлээ. Тэгвэл шударга өрсөлдөөн бий болгох гэж байгаа бол та нарын зүгээс бас иргэддээ зөв үйлчилж,  дуучдын ам барих тал дээр хэрхэн ажиллах гэж байна?

Дэлхийн оюуны өмчийн хоёр жишиг л байдаг юм байна. Өөрсдөө хувийн найр хуримандаа дуртай дуучнаа авчираад, тэр нь амаа хөдөлгөнө үү , яана уу өөрсдөө худалдаж авч байгаа болохоор тэдний асуудал.  Харин 500-аас дээш хүмүүст такс таслаад тоглолт хийж байгаа бол энэ дээр тодорхой хэмжээний олон улсын стандартын шалгуурууд байдаг. Энэ стандартыг ССАЖЯам дээр тодорхой хэмжээний хуулийг дагуулж өгөх гэж байгаа. Энэ дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.