Лу.Болдын хууль бус үйлдлээр ард түмний хэлэлцүүлэг хийхээр боллоо

2008/05/22
Share |
Хүмүүс: Лу Болд | 
Лу.Болдын хууль бус үйлдлээр ард түмний хэлэлцүүлэг хийхээр боллоо

-Баримт түшсэн сэтгүүлчийн асуултад бүдэрч, бүдэрсэндээ уурлаж мэнчийсэн Лу.Болдын хувьд энэ өдөр, мөн өдрийн сайныг харж зарласан хэвлэлийн хурал “хатуухан боорцог” болов-

Халуун сүү ууж, хошуугаа түлсэн хүн дараа нь тараг уухдаа өөрийн эрхгүй үлээдэг гэдэг л Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдод тохиолдоод байх шиг. Тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнийг цуглуулж өөрийн хийсэн ажлынхаа талаар ихэд додигор байдалтай ажлаа тайлагнах гэж оролдсон юм. Түүгээр зогсохгүй хэвлэлийнхэн олноороо ирснийг далимдуулан ээлжит шоугаа хийсэн нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй, хэд хэдэн голыг ширгээсэн “Зүг гол” ХХК гэгчийн ашиглалтын лицензийг цуцалж байгаагаа олонд дэлгэж “алдарт” гарын үсгээ таталгаад авав. Харамсалтай нь түүний дэглэсэн ээлжит шоу нь төсөөлж байсан шиг нь амжилтад хүрсэнгүй. Харин ч эсрэгээрээ эргэж, сүүлдээ урьж залан байж цуглуулсан хэвлэлийнхнээсээ зугтах шахаж “хөгөө хөлдөө чирэв”. Өчигдөр 15 цагт Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 304 тоотод хэвлэлийн бага хурал хуралдсан. Зарласан цагаасаа хагас цаг шахам хүлээлгэж, сунжруулсан Лу.Болд дарга сэтгүүлчидтэй уулзахдаа тус газрын Геологи, уул уурхай, кадастарын газрын дарга Т.Бат-Оргил, Уул уурхайн газрын дарга Ж.Билэгсайхан нараар “хүч нэмэгдүүлсэн” байв. Хэвлэлийн хурлын уур амьсгал эхлээд хэвийн байсан. Харин яриандаа халсан Лу.Болд хууль бус үйлдлийг нь баримттайгаар хэд хэдэн удаа гаргаж тавьсан сонин, телевизийн сэтгүүлчид рүү гэнэт дайрснаар уур амьсгал багагүй ширүүссэн юм. Тэрбээр ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Отгоны тавьсан баримт түшсэн асуултад хариулахаас илүүтэй түүний нэр төрд аймшиггүйгээр халдаж, өөрийгөө гэм буруугүйг тогтоохоор шүүхэд хандсанаа өндөр дуугаар зарласан. Түүгээр ч зогсохгүй хэвлэлээр бичигдэж, цацагдаж байгаа түүнтэй холбоотой хууль бус үйлдлүүдээ үгүйсгэж, өөрийнх нь нэр төрд халдсан зохион байгуулалттай улс төрийн явуулга болгон хувиргахыг оролдож, баримт нотолгоотой олох хууль бус үйлдлээсээ бултахыг хичээж, үнэн мөнийг шүүх тогтооно гэж даналзсан юм. Харин түүний хууль бус үйлдлийг илчилсэн сэтгүүлчийг хэнээс хэдэн төгрөг авснаа хэл гэх мэтээр хэл амаараа доромжлоод шүүхийн танхимд уулзая гэсэн нь эрх мэдлээрээ далайлган, үнэнийг илчилсэн сэтгүүлчийг, хэвлэлийнхэний амыг барих гэсэн ээлжит оролдлого болов. Баримт түшсэн сэтгүүлчийн асуултад бүдэрч, бүдэрсэндээ уурлаж мэнчийсэн Лу.Болдын хувьд энэ өдөр, мөн өдрийн сайныг харж зарласан хэвлэлийн хурал “хатуухан боорцог” байлаа. Учир нь сэтгүүлчдээс гадна хэвлэлийн хуралд оролцохоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн эрхийг хамгаалах “Ардын элч” хөдөлгөөний гишүүн Б.Нямхүү, Хүдэр сумын иргэдийн эрхийг хамгаалж, өдөр өдрөөр устаж үгүй болж байгаа байгаль дэлхийдээ санаа зовнисон “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа нар ирсэн байв. Урилгагүй, санамсаргүй зочилсон тэдгээр иргэдэд Лу.Болд дарга таатай хандаж нэг л чадахгүй байсан. Тэгээд урилгагүй зочин татаараас доор гэдэг хойно түүнийг ийнхүү хандаж байгааг буруутгах аргагүй байж болох юм. Харин гэнэт дайрч орж ирсэн тэдгээр хүмүүст хэчнээн дургүйцэж байсан ч удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаагаа ухамсарласан тэрбээр, сэтгүүлчдэд хандаж, өнөө л улигт үг болсон хэн нэгний захиалга, улс төрийн хорт явуулга гэсэн тайлбарыг өгсөөр… Энэ үед түүнд туслахаар амаа нээсэн хүн бол тус газрын Геологи, уул уурхай, кадастарын газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Т.Бат-Оргил. Тэрбээр тус сумын нутагт үйл ажиллагаа явуулах нэрээр байгаль дэлхийг сүйтгэж байгаа нэр бүхий 19 компанийн лиценз эзэмших тусгай эрхийг цуцалж өгөхийг хүсч, холбогдох баримтыг харуулж, зохих тайлбарыг өгөхийг хүссэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн эрхийг хамгаалах “Ардын элч” хөдөлгөөний гишүүн Б.Нямхүүд хандан, та нар ямар нэг хөдөлгөөн гэхээр л ааг амьсгаагүй дайраад, элдэв тайлбар нэхэх эрхтэй гэсэн үг биш юм. Тэгээд наад асуудлаа надтай ярьж болох байхад заавал хэвлэлийн хурал дээр орж ирээд үймүүлээд байх хэрэггүй гэв. Харин Б.Нямхүү, “би таньд зөндөө хандсан. Тэр бүү хэл таны гарын үсэгтэй манай хөдөлгөөнд хандсан албан бичиг хүртэл байна” гээд та надтай уулз гэх юм. Гэтэл бид таньтай уулзах гээд чадахгүй албан бичиг хүргүүлсэн. Харин та тэр бичгийн хариуг “Сэлэнгэ аймгийн болон Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2003-2007 онд аймаг, сумынхаа зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоол шийдвэрүүдээ дээрх хуульд заасны дагуу манайд ирүүлж зураг зүйн бүртгэлд бүртгүүлээгүй байна… Иймд танай албан бичигт дурдсан аж ахуйн нэгжүүдийн 19 тусгай зөвшөөрлийг цуцлах буюу хүчингүй болгох нь хуулийн үндэслэлгүй байна” гэж өгсөн 2008 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Геологи, уул уурхайн кадастарын газрын дарга Т.Бат-Оргил гэсэн гарын үсэгтэй албан бичгийг харуулсан. Харамсалтай нь баримт болсон албан бичгийг Т.Бат-Оргил, Лу.Болд нар хангалттай баримт гэж үзэхгүй байгаа бололтой. Өмнө нь хэлсэн үгээ давтаж чигээрээ зүтгэснээр дахиад л хэвлэлийнхэний асуултад ээрэгдэж эхэлсэн… Гэтэл үнэнийг олох гэсэн хэвлэлийнхэн болон үзэг нэгтнүүдийнхээ өмнө хэн нэгний халаасанд багтсан, бусдаас мөнгө авч, захиалгат нэвтрүүлэг бэлтгэсэн гэсэн гүтгэлэгт унасан сэтгүүлчид ямар ч тайлбарыг өгч чадсангүй. Харин ч гал дээр тос нэмж, тэдгээр сэтгүүлчтэй шүүхийн өмнө уулзахаар “тохирч” салсан. Үгийн зөрөөгүй шүүхээр далайлгаж, өөд уруугүй дайрч давшилсан Лу.Болдоос нэгэн сэтгүүлч, яагаад хууль хяналтынханаас сүрдүүлээд байгааг нь асуусан биш гайт гүтгэлэгийнх нь байнд оногдсон. Лу.Болд ихэд уурлаж, мэнчийсээр босч ирэн өөрийн эрхгүй долоовор хуруугаараар чичлэн, та нар хэний захиалгаар ингэж байгааг би мэдэж байна. Хэнээс хэдэн төгрөг авсныг ч бас мэдэж байна. Энэ бүхэн улс төрийн хорт явуулга, Намайг унагах гэсэн өөдгүй зүйл гэсээр гарч одсон юм… Ийнхүү тэрбээр хэнийг хэдэн ч төгрөгөөр худалдаж авч болдог юм. Би мэдэж байна гэж, өөрийнхөө хэнийг ч “халаасандаа” багтааж хууль бус ажиллагаагаа явуулдаг гол үйлдлээ ичсэн хүн хүн ална гэгчээр сэтгүүлчид рүү дайрав.
Лу.Болдын хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрснийг ганц манай сонин илчлэн дэлгэсэн ч юм биш. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх нь баримт нотолгоотой дэлгэн нийтэлж байсан. “Хөрөнгө мөнгөөрөө дулдуйдан шүүхийг ч худалдан авч чадна” гэдгээ баталж, бүр шүүх хурлыг зарлахаас ч өмнө аль хэдийнэ шийдэгдсэн мэтээр олон нийтэд зарлаж шүүхийг гартаа оруулснаа ойлгуулж байв. Ард түмний мөнгийг “хайр найргүй хувьдаа завшчихаад” тухайлбал тэр хүүхэд асрах төвд хандивлана гээд шоудаад байгаа нь харин ч “өнчин ядуу хүүхдүүдийн амьдралд зарцуулагдах мөнгийг өөрөө халааслан” амьдарч явдгаа шууд илэрхийлээд байх шиг. Лу.Болдын хууль бусаар олгож байгаа тэр лицензүүд монголын бүх ард түмний эд баялаг ирээдүйн амьдрал. Бидний баялгийг үнэ хүргэж, хариуд нь өөрөө баяжиж түүнийгээ илчлэгдсэнд уурсан суугаа “луйварчин”-ы хувийн газар нутаг биш гэдгийг дахин онцолъё. Тиймээс сэтгүүлчид бид нэгдэн Лу.Болдын хууль бус үйлдлүүдийг баримттайгаар дэлгэн ард түмний дунд хэлэлцүүлэг хийж, үнэний төлөө тэмцэхээ илэрхийлж байна.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.