Монголын байгалийн түүхийг харуулсан гэрэл зургийн сан хөмрөгтэй болно

2013/12/20
Share |
Хүмүүс:
Монголын байгалийн түүхийг харуулсан гэрэл зургийн сан хөмрөгтэй болно

Манай орны байгаль, ан амьтдын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой “Хүрээлэн” төслийг санаачилан хэрэгжүүлж буй Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн уран бүтээлчид өчигдөр БОНХЯ, ССАЖ-ын яамдтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар дээрх хоёр яам “Хүрээлэн” төслийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд энэхүү төсөл нь манай орны үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтдыг кино гэрэл зургийн хальснаа буулгаж түүндээ тулгуурлан Монгол орны байгалийн түүхийн нэгдсэн санг бий болгох ихээхэн ач холбогдолтой юм. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж баримтат кино бүтээж, ном гаргах бол төслийн багийн аян замд тохиолдсон элдэв сонин хачинаар 60 цуврал аян замын тэмдэглэл нэвтрүүлгийг бэлтгэж эхэлжээ. Эхний нэвтрүүлэг ирэх бямба гарагаас “МҮОНРТ”, “Боловсрол тв”, “NTV” телевизүүдээр үзэгчдийн хүртээл болно. Энэ үеэр “Хүрээлэн” төслийн уран бүтээлчид төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй “Төрийн банк”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн уран бүтээлчид өөрсдийн эхний аялалаар авсан гэрэл зургуудийг төслийг дэмжигч бизнессийн байгууллагуудын төлөөлөлд дурсгал болгон гардуулсан юм.

“Хүрээлэн” төслийн удирдагч, “Байгаль Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн У.Ганбаяраас дараах тодруулгыг авсан юм.

-Яагаад ийм төсөл хэрэгжүүлж эхлэх болсон бэ?
- Бидний хэсэг уран бүтээлчид биологи судлаачидтай хамтран “Байгаль зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” гэж ТББ-ыг байгуулсан. Энэ байгууллага нь манай орны ан амьтан, жигүүртэн шувууд, хорхой шавьж, загас жараахай байгалийн үзэсгэлэнт тогтоц, өвөрмөц үзэгдэл зэргийг кино гэрэл зурагт буулган авч Монгол орныхоо байгалийн түүхийн тухай сан хөмрөгтэй болох юм. Өнөөдөр бидэнд ийм сан хөмрөг байхгүй учраас танин мэдэхүйн хувьд төөрөгддөг. Энэ төөрөгдлийг арилгах, улс орноо гадаадад сурталчлах гол материалыг бий болгох үүднээс төслийг хийж эхэлсэн. Бид гурван жилийн хугацаанд үндсэндээ алтай, хангай, тал, хээр гэсэн дөрвөн бүс нутгаар явж мөн тооны баримтат кино, ном зэргийг бүтээх юм. Мөн энэ ажлыг хийж байх хугацаандаа бид ямар адал явдал тохиолдсон, яаж амьтантай ойртсон зэргээрээ танин мэдэхүйн агуулгатай аян замын тэмдэглэл нэвтрүүлэг хийхээр болсон байгаа. “Хүрээлэн амьд ертөнцийн цувралаас” нэвтрүүлгийн эхний дугаар энэ бямба гарагаас эхлэн үзэгчдийн хүртээл болно.

-Төсөл эхлээд удаагүй байна. Эхний ээлжинд хэдэн аймгийн нутгаар аялав?
- “Байгал, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг” энэ оны дөрөв дүгээр сард байгуулагдсан. Түүнээс хойш бид судалгаа хийх, баг бүрдүүлэх зэрэг бэлтгэлээ хангасаар анхны аялалаа өнгөрсөн 10 дугаар сард хийсэн. Ингэхдээ говийн нутгуудаар Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн зах, эх орны урд хязгаар хил ороод буцахдаа Төв аймгийн Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт очиж буга, тахийн зураг авлаа.

- Дараагийн аялал хэзээ вэ?
-Бид нэг газраа бараг жилийн дөрвөн улиралд очих юм шиг байна. Тэр үүднээс Өмнөговь аймагт өвөл ид цастай үед аялж зураг авахаар төлөвлөж байна. Мөн өдийд зээрийн ороо орж маш олон зээр цугларч байгаа. Түүний зургийг авах санаа байна. Бас хандгай гэх мэт том туруутан амьтдын зургийг энэ өвөл авах төлөвлөгөө байгаа. Цастай үед байгаль ямар харагддаг вэ? Зун цагт ямар амьтдын зургийг авахад илүү боломжтой байдаг юм? Хавар амьтан төллөх цагт ямар байдаг юм бэ? гээд очсон газраа дахин очиж зураг авах шаардлагатай. Амьтны зураг авахад хамгийн тохиромжтой үе нь хавар байдаг. Хавар нүүдлийн шувууд ирж, говь нутгийн жижиг нуур цөөрмүүд дээр дамжин өнгөрнө. Тэр үед л нүүдлийн шувуудын зургийг авахад хамгийн боломжтой үе байдаг. Мөн намар нүүдлийн шувууд маань буцна, амьтад тарга тэвээргээ авчихсан өнгө зүс засчихсан, төл нь эхээ дагаад явдаг болчихсон байдаг. Энэ үед нь бас очиж зураг авах хэрэгтэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.