Эмчийн буруугаас болоод бяцхан охин амьдаараа тарчилж байна Удвал сайд аа?

2014/01/03
Share |
Хүмүүс:
Эмчийн буруугаас болоод бяцхан охин амьдаараа тарчилж байна Удвал сайд аа?

Зүгээр л зэрлэг балмад аллагаас ялгаа алга. Ийм жаахан хүүхдийг тамлан тарчлаах замаар АЛЖ байна шдээ. Монголд сэтгүүлч гэж байдаг бол ийм асуудлын араас явсан шиг явж, бичсэн шиг бичээрэй. Ийм юм болж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ын дарга З.ЭНХБОЛД, Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ, Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ нарт хандах нь:

Вакцины харшлаас болж амиа алдах эрсдэлд тулаад байгаа охиныг минь авраач!!!

Миний охин Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч Н.Энхбилэг нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нийг хүртэл эрүүл саруул, хичээл номдоо явж байсан билээ. Харин 2013.10.08-нд аймгийн эмч нар охинд минь сахуугийн вакцин хийснээс болж, гар, хэл гэх мэт эд эрхтэн нь хүрэнтэж, хавдаж, улмаар үхжиж, эрүүл мэнд нь хүндэрч эхэлсэн. Одоо охиныхоо зарим хурууг тайруулсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахгүй, бид хандах газаргүй болж, аргаа барж, охиноо алдах эрсдэлд ороод байгаа тул Та бүхэнд хандаж байна. Ингээд чухам юу болсныг яг дарааллаар нь та бүхэнд хүргэе.

 

 

Вакцин хийсэн өдрийн орой охин минь “Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй” гэсээр гэртээ маш хүнд байдалтай уйлсаар ирсэн. Гарыг нь үзтэл вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байсан. Тэр шөнөдөө уйлаад унтаагүй. Өглөө нь “хэл ам бадайраад дотор муухайраад байна” гээд унд цайгаа ч ууж чадахгүй байсан.

 

Охиноо гайгүй болох байх гэж найдаж харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алдсан. Залгаад хагас бүтэн сайн өдөр таарсан тул дөрөв хоногийн дараа буюу даваа гарагт өрхийн эмнэлэг дээр охиноо аваад очсон. Энэ хооронд вакцин хийлгэсэн гарынх нь булчин тэр аяараа хавдаж, хүрэндээд нил бэрсүү үүссэн байсан. Мөн хэл нь бамбайж, хүрэнтсэн. Өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, нэг эм өгөөд, амыг нь зайлж өгөөд явжуулсан. Гэлээ ч тэр шөнөдөө гар нь улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтсэн. Өглөө эрт Хүүхдийн эмнэлэг дээр очиход “Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулз” гэсний дагуу тэр хүнтэй уулзсан. Гэтэл шууд л тэр хүн “Вакцинаас болоогүй, вакцин найдвартай” гээд халгаагаагүй. Бүр үзлэг шинжилгээ ч хийгээгүй байж “Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай...” гэх мэтээр ёс бус аашилж байсан.

 

Ингээд тэр эмчийн зөвлөсний дагуу Чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхэд “Вакцины харшил болсон байна” гээд харшлын эм бичиж өгсөн. Эмийг нь уусан ч охины бие бүр дордсон. Аргаа бараад хүүхдийн эмчид үзүүлэхэд мөн л “Вакцинаас болжээ” гээд хэвтүүлж эмчлэхээр болсон. Эмнэлэгт хэвтэж байх хооронд Цэрэнханд гэх мэргэжилтэн өөрийгөө хамгаалахын тулд бидэнд хавчлага үзүүлж, “Манай вакцинаас ийм зүйл болох ёсгүй. Энэ хүүхдийг энд биш халдвартын эмнэлэгт хэвтүүлэхгүй юм уу. Танай хүүхэд л сахуу татрантай” гэх мэтээр дарамталж байсан.

 

Энэ хооронд охины бие улам дордсоор байсан тул сургуулийнх нь эмч н.Дуламсүрэн, Өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нарыг дуудан ирж харуулаад чухам хэн нь тариа хийснийг асуусан юм. Даваа гэдэг сувилагч вакцин хийсэн гэдгээ хэлсэн. Вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч “Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй” гээд бултсан.

 

Хариуцах хүнгүй үлдэж, аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод ирж, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл хэвтэж байна. Гэлээ ч охины минь бие сайжирсангүй. Юм идэж чадахгүй зовиурладаг. Хэл яриа нь муудаж, бэрхшээлтэй болж эхэлсэн. Өмнө нь зүгээр явдаг байсан бол одоо явж чадахаа больж байгаа. Мөн баруун, зүүн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа үхжиж эхэлсэн тул тайруулсан. Мөн хэлнийх нь зарим үхэжсэн хэсгийг тайрсан.

 

Одоо өдөр ч, шөнө ч унтаж чадахгүй зөвхөн өвчин намдаагч хэрэглэж, өдөр хоногийг аргацааж байна.

 

Ийм ноцтой асуудал үүсч, нялх үр минь эрүүл мэндээрээ төдийгүй амь насаараа ч хохирох хэмжээнд хүрчихээд байхад Баянхонгор аймгийн эмнэлгийн вакцины мэргэжилтэн Цэрэнханд, IV сургуулийн эмч Дуламсүрэн, “Оточ Номгон” өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нар үл тоон хариуцлагаас зугтаж алга болсон.

 

Үүгээр ч зогсохгүй тэд дээд шатны байгууллагуудаар өөрсдийгөө хамгаалуулж, гэм зэмгүй биднийг нь буруутгах мэдээлэл, тайлбар гаргуулаад амжсан байна билээ. Тухайлбал, энэ явдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Вакцинаас болоогүй суурь өвчтэй хүүхэд байсан. Н.Энхбилэг охин төрөхдөө л дутуу төрсөн юм билээ. Вакциныг дандаа хоцорч хийлгэдэг байсан. Яагаад гэвэл жин дутуу гээд дөнгөж төрөхөд нь 24 цагийн дотор хийдэг гурван вакцин хийгдээгүй. Гэхдээ сахуу татрангийн вакциныг энэ охин өмнө нь хийлгэж байсан. Тэр үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин энэ вакциныг хийхэд охинд илэрч байгаа шинж тэмдгүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ асуудлаар мэргэжлийн баг ЭХЭМҮТ-д хуралдсан. Хурлаар вакцинаас болоогүй, бие даасан “Синдромом стивенса джонса” гэдэг өвчин гэж тогтоосон. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчин юм. Энэхүү өвчний илрэл нь вакцинтай зэрэгцэж гарч ирсэн гэсэн дүгнэлт гарсан” гэж хэвлэлүүдээр ярьсан.
Саяд нэг удаа тохиолдод өвчин юм уу, сахуугийн вакцин буруу хийсэн эмчийн алдаа юу гэдгийг эмч нар хуралдаад шийддэг гэж үү? Нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх ёстой бус уу. Өмнө нь олон шатны эмнэлгээс “Вакцины харшил” гэдэг нь тов тодорхой болчихсон зүйл яахаараа гэв гэнэт бараг дэлхийд байхгүй ховор өвчин болж хувирдаг билээ. Тэгээд бүр “Монголын анхны тохиолдол” гээд байгаа шүү. Үнэхээр саяд нэг удаа тохиодог бол Монголд өмнө нь 1-2 удаа ийм өвчний тохиолдол гарсан байх ёстой баймаар. Гэтэл “Монголд анхных” гээд биднийг хөсөр хаяж байна.

 

Охин минь ямар ч эмчилгээ авахгүй, эрүүл мэнд нь дээрдэхгүй, өдрөөс өдөрт дордож, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа тул Монгол Улсын Төрийн тэргүүн болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд болон, салбар хариуцсан сайд та бүхэн анхааран үзэж, бидэнд тусалж, охиныг минь эмчлэх боломжтой газар нь эмчлүүлж, аврахад туслаач хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.

 

Орон нутгаас нийслэлд ирж, олон сар эмнэлэгт охиноо сахиж буй ядарсан эцэг, эх бид хоёрт хариуцлага алдсан эмч нартай хэл ам, хэрүүл зарга хийж явах чадал, боломж үнэхээр алга. Тиймийн тул Та бүхнийг Монгол Улсынхаа иргэний төлөө чин сэтгэл гарган тусална хэмээн гүнээ итгэж, ийн хандав.

Баянхонгор аймгийн харьяат иргэн, Энхбилэг охины аав Д.НАМЖИЛДОРЖ
Холбоо барих утас: 95496963

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.