Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд дэглүүлснээс болоод салаагаараа эмнэлэгт хэвтжээ

2008/05/22
Share |
Хүмүүс:
Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд дэглүүлснээс болоод салаагаараа эмнэлэгт хэвтжээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын цэргүүд тасаг, салаагаараа гэнэт Цэргийн төв эмнэлэгт өндөр халууран эмнэлэгт хэвтэн, хөл хорио тогтоолоо гэсэн мэдээлэл манай сонинд ирсний дагуу тус ангид очлоо. Хэдийгээр хаврын сарууд дуусч, зуны эхэн cap эхлээд байгаа боловч Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд өвлийн хувцсандаа орсон байх юм. Харуулын цэрэгтэй нь уулзахад түүний баруун талын нүд хөх эрээн болсон, цохиулсан бололтой нүдний хавдар нь сайн арилаагүй байлаа. Учрыг асуувал “Юм мөргөчихсөн юм” гээд нэг их юм ярьсангүй. Ангийн хашаагаар нэвтэрч орох гэсэн боловч бас нэг цэрэг гарч ирэв. “Ангийн захирагчтай чинь уулзах гэсэн юм” гэхэд “Захирагч одоохондоо гадагшаа гарсан, цайны цаг болж байгаа болохоор ангийн жижүүрээс өөр хүн алга, та жижүүртэй уулзах уу” гэсэн болохоор тус ангийн захирагчийг нь ирэхийг хүлээнгээ байлдагчтай хэсэгхэн хоромд хэдэн үг солилоо. “Ах нь сониноос явж байгаа юм. Танай ангийн цэргүүд салаагаараа эмнэлэгт хэвтсэн гэж дууллаа” гэж асуухад “Ахаа та сэтгүүлч юм бол би танд нэг юм хэлэх гэсэн юм. Миний нэрийг оруулахгүй байж болох уу” гэж асуугаад их л болгоомжилсон байдалтай ингэж ярьсан юм. “Би уг нь хал цэрэг байгаа юм, гэхдээ надад хэлэх юм байна. Одоогоос нэг сарын өмнө манай ангийн халуун ус эвдэрсэн юм. Түүнээс хойш дарга нар халуун усыг янзална гээд яриад байсан боловч өнөөдрийг хүртэл янзлаагүй юм. Тиймээс цэргүүдийг халуун усанд оруулахдаа Улаанхуаранд байдаг нийтийн халуун усанд бөөнөөр нь аваачиж оруулдаг болсон. Тэр халуун ус нь цэргүүдэд зориулагдсан газар л даа. Одоогоос 7-8 хоногийн өмнө шинэ цэргүүдийг халуун усанд оруулаад шууд нойтон хувцастай нь эргүүлээд анги руу гүйлгэснээс болоод тэр оройдоо цэргүүд ханиад хүрч, хоолой нь өвдөж, хатгаа авсан байсан. Түүнээс хойш хэд хоног цэргүүд орондоо хэвтэж байгаад бүр болохоо байгаад ирэхэд нь төв госпитальд хэвтүүлсэн” гэж ярив. Тэр цэргийн гар нь гэмтсэн юм шиг байхыг нь асуухад “Гуравдугаар сарын 27-нд ахлах дэслэгч Түвшинбаяр, дэд ахлагч Өлзий-Орших нар цэргүүдийг зодсоноос
болоод миний баруун гарын шуу гэмтсэн юм. Түүнээс хойш ийм болчихсон” гэж үзүүлэхэд гар нь их хавдартай байлаа тус ангийн захирагч Ч.Баярсайханыг ирэхийг нь хоёр цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь гар утас уруу нь залгахад “Би эмч биш болохоороо тэр цэргүүдийг яасныг нь яаж мэдэх юм. Эмч нараас нь очиж асуу” гэсэн юм. ЗХ-ны 032 дугаар ангийн захирагч Ч.Баярсайханы зөвлөснөөр цэргийн төв эмнэлэг болох госпиталь ороход тус ангийн цэргүүд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн дотрын хоёрдугаар тасагт хэвтэж байсан юм. Энэ талаар эмчилж байгаа эмч нараас нь цэргүүдийн биеийн байдлыг тодруулах гэсэн боловч бүгд С.Балгансүрэн хурандаатай уулз гэв. Харин хурандаа С.Балгансүрэн ажилдаа ирсэн, үгүйг нь мэдэх хүн лав төв госпитальд алга байсан юм. Хүндэт харуулын гэх 032 дугаар ангийн үүдний харуулын цэргүүдээс нь эхлээд нүд, гар нь гэмтсэн,127 шинэ цэргийн 27 нь эмчийн үзлэгээр эрүүл гарч бусад нь нойтон хувцастай дэглүүлснээс болоод ханиад хүрсэн, хоолой өвдсөн, 13 цэрэг хатгаа авч эмнэлэгт хэвтжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.