Б.Болдсайхан: Зүрх сэтгэлийн боловсролыг хууль тогтоомж, сургууль номоор олж авдаггүй

2014/01/08
Share |
Хүмүүс:
Б.Болдсайхан: Зүрх сэтгэлийн боловсролыг хууль тогтоомж, сургууль номоор олж авдаггүй

-Үндсэн ажлаа хийж чадахгүй байж нэг нэгэн рүүгээ дайрах юм бол галзуу нохдын тамын орон л болж хувирна-

Төрийн шагналт Бундан эмчийн хүү, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийг монголчууд зөвлөгөө өгдөг, хэвлэл мэдээлэлд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн нийтлэл бичдэгээр нь багагүй танина. Түүний сэтгэлгээний этгээддүү өнцөг нийгмийн сэтгэл зүрхний бичлэг болох нь олонтаа. “Сонгда” эмнэлгийн дөрвөн давхар дахь ажлын өрөөгөө тэр нүүдэлчин ахуйд ойртуулж хуучин авдар сав, айраг цэгээ сөгнөөгүй хөхүүр, хатсан үдээр сураар зангидсан чөдөр ногтоор дүүргэсэн нь монголоо алдсан эл цаг дор монголоороо үлдэх гэж хичээдгийнх нь илрэл биз ээ. Түүнтэй уулзаж ийн хөөрөлдлөө.

-Та ажлын өрөөгөө сүрхий монголжуу маягаар тохижуулж. Хэлбэр талаасаа бол ч ороод гарсан хүнд боломжийн л сэтгэгдэл үлддэг биз. Гэхдээ өнөөдөр анзаараад байхад монгол ёс зүй алдагдаад, нэг л “харьшаад” байх шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Ёс зүй гэдэг уул нь хууль зүй, хэл зүй гэдэг шиг шинжлэх ухааны өөрийнх нь нэршил байгаа юм. Ёс суртахууны тухай судалдаг шинжлэх ухаан л даа. Англи, оросоор “этик” гэдэг. Ёс суртахуун буюу мораль гэдэг хувь хүн бидэнд хамаатай юм. Ёс суртахууны тухайд  хувь хүний, нийгмийн гэсэн хэм хэмжээ нь өөр өөр ойлголтууд байдаг. Хууль, зарлиг, тогтоол, журмаар бичигдэж журамлагдаагүй эмээ өвөө, ахмадуудын амаар дамжин, үлгэр түүх, тэр нутгийн зан заншил, шашны сургааль номоор дагаж ирдэг хуулиас ч илүү эрхэм хувь хүний зүрх сэтгэлийнх нь боловсролтой ойрхон байдаг тэр ёсыг л хэлдэг болов уу. Монголчуудын хувьд өнгөрсөн зуунд хэд хэдэн хүчтэй өөрчлөлтөд орсон. Хоёр, гурван зуун жилийн турш Манжийн холбоотон улс гээд зовлонтой ч юм шиг, жаргалтай ч юм шиг явж байснаа 1911 он, 1921 он, тэндээсээ социализм гэдэг юм руу орлоо. Тэр нь дорнын ард түмэн монголчуудын нүүдэлчин ахуйн хэдэн мянган жилийн бүхий л ёс заншил, амьдрал, сэтгэхүй, сэтгэлийн ертөнцийг орвонгоор нь эргүүлж далан жил боллоо. Өмнөх зуунд монголчууд бүх түүхийнхээ туршид анх удаа хот гэдэг юманд амьдарч эхэлсэн. Их Монгол Улсын үед Хархорин хот бол монголчууд амьдардаггүй, зоопарк маягийн юм байсан гээд байгаа ш дээ. Дэлхийн бүх ард түмний, бүх шашны, бүх сүмийн, бүх дэлгүүрийн цуглуулга маягийн дэлхийн зоопарк байсан гэж байгаа. Монголчууд өөрсдөө энд амьдардаггүй, гадуур нь тойроод хаан нь хүртэл өөрийн зусаал, өвөлжөө орд өргөөндөө амьдраад хааяа орж очоод гараад явчихдаг ийм л зүйл байсан гээд бод доо. Ийм ард түмэн хот гэдэг юмтай улаан нүүр туллаа. Цаг барихаас авахуулаад морь харах, шүлсээ хаях хүртэл амьдралын наад захын хэв маягийг өөрчилж эхэлсэн. Хойт, урд хоёр хөршөөсөө эдийн засаг, нийгэм, улс төрийн хувьд гурван зуун жилийн турш хараат байсан төв Монгол 1990 оноос эхлээд анх удаа бие даасан шийдвэр гаргаж эхэлсэн. Энэ олон хүчтэй өөрчлөлтүүд богино хугацаанд болсон болохоор нийгэмд ч, хувь хүнд ч сайн, муу олон нөлөө үзүүлсэн л дээ. Хагас унтаа нойрмог байдалд байсан монгол угсаатан ард түмэн дахин сэрж, босон, дэлхийн газрын зураг дээр дахин өөрийгөө зурж, дэлхийн зуу гаруй улсаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрөө өөрийгөө авч явж чадсан. Муу тал нь гэвэл хувь хүн, нийт олны ёс суртахуун олон дахин хугарч нугарч гажуудсан тал бий.

  -Та зүрхний мэс засалч хүн. Зүрх сэтгэлийн боловсрол гэж таны ярианд дурдагдлаа. Хүний мөс чанарыг та зүрх сэтгэлийн боловсрол гэж байна уу?

-Олон хэл сурах, математикт толгой цохих энэ тэр бол оюуны боловсрол. Хүнийг энгийн болгоод загварчилбал гурван хэсгээс бүтнэ. Зуун кг мах байна. Энэ бол бие нь. Хүний уураг тархины бүтээгдэхүүн болсон оюун ухаан байна. Гуравдугаарт, хүний гол мөн чанар болсон сэтгэл зүрх байна. Биеийн боловсролыг хүмүүс спортоор, зөв хооллолтоор бий болгочихно. Албан ёсны сургууль ном, их дээд сургууль, амьдралын туршлагаараа бид оюуны боловсролыг олчихдог. Хуулиар юм уу, хичээл сургуулиар олдоггүй, ард түмэн, аав ээж, өвөг дээдсээсээ, ард түмнийхээ ёс заншлаас, хоёр мянга гаруй жил шүтсэн шашнаасаа олж авдаг тэр үнэт зүйл бол хүний зүрх сэтгэлийн боловсрол юм. Үүнийг юугаар ч үнэлж баршгүй. Өнөө цагт хүмүүс илүү идээд, жаахан таргалах гээд байгаа болохоос биеийн боловсрол гайгүй байна л даа. Эрдэм мэдлэг, оюуны боловсрол өндөр байгаа. Харин зүрх сэтгэлийн боловсролын хувьд үнэндээ шалдаа буугаад байна. Намайг багад аав ээж маань “Даруу бай, хүний өмнүүр битгий яв, танихгүй хүний өмнөөс хамаагүй олон юм бүү өгүүл” гэх мэтээр сургадаг байсан. Гэтэл өнөөдөр миний хүүхдүүдэд сургуульд юу зааж байна гээч. Америкт “Би АНУ-ын Ерөнхийлөгч болно” гэж илтгэл тавьдаг шиг “Даруу биш, их мөрөөдөлтэй (орчин үеийн хэлээр амбийцтай) бай, тэрийгээ бусдын өмнө илэрхийл, бусадтай өрсөлд, сөргөлдөж бай” гээд заахаар чинь ёс суртахуун яах аргагүй зөрчилдөж байгаа юм. Хөдөө өвөө эмээгээсээ даруу байх сургааль сонсож өссөн хүүхэд хотод ороод ирэхээр шал өөр үзэлтэй нүцгэн духаараа тулж байна шүү дээ.

-Даяаршлын энэ эрин үед тэгвэл үр хүүхдүүдээ яаж монгол хүн болгон хүмүүжүүлэх вэ?

-Та бидний багаасаа сонсож өссөн “Бусдад мууг бүү хэлж бай, мууг бүү санаж бай, мууг бүү үйлдэж бай” гэдэг ёс суртахууны сургаалийг өвлүүлж байх учиртай. Сайнаар бодоод, сайхнаар үйлдээд явах юм бол хэн хүний амьдрал сэтгэлийн диваажин болно. Тархитай хамт оюун ухаан үхэж болно. Хамгийн гол нь хүний сэтгэл үеийн үед, үрийн үрд үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуульд “Оюун түлхүүр”, “Цаасан шувуу”, “Таван сургамж”, Нагаржунайн “Рашаан дусал”, “Чингэс хааны билэг сургааль” зэргийг заах хэрэгтэй. “Цаасан шувуу”-наас илүү гарах ёс суртахууны сургааль гэж бараг байхгүй.  Одоогийн “Цагаан толгой” шиг “Маам сам авав”, “Самдан буу буудав” гэсэн амьдралд ямар ч нэмэргүй тэнэг юм цээжлүүлдэггүй л байсан байхгүй юу.

-Зөрчилдөх гэснээс гурван сая хүрэхтэй, үгүйтэй цөөхөн монголчуудад намын талцал тийм ч их хэрэггүй юм шиг санагддаг. Талцал хэт даамжирвал улс орны хувь заяанд ч хор хөнөөл учруулж мэдэх байх. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Бид цоо шинээр юм зохиож чадахгүй. Нам бол үүний л нэг жишээ. Ерэн он хүртэл ганц намын тогтолцоотой байлаа. Ерэн оноос хойш 23 жил улаан, цэнхэр болоод, нэг багийн гучин айл гэхэд арав нь улаан, арав нь цэнхэр, дунд талын арав нь ад үзэгдсэн байдалтай явж ирснийг монголчууд ойлгож л байгаа байх. Тэгэхээр энэ УИХ, хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгчөөс миний хүсэж явдаг зүйл маань “Улс төрийн намуудын тухай хууль”, “Үндсэн хууль”, “Сонгуулийн тухай хууль”-ийг өөрчлөөсэй гэж боддог. Сонгуулийн дөрвөн жилийн цикл гэхэд дунд талын ганцхан жил нь л сонгуулийн бус жил байгаа нь ажил хийхэд туйлын хэцүү байгаа биз дээ. УИХ-ын 76 гишүүн, арваад сайд гээд улс төрийн сандлуудаа хамгийн дээд тал нь арваар үржүүлэх тооны хүмүүс л намын гишүүд байг л дээ. Үсрээд хоёр гурван мянган хүн. Бусад нь дэмжигчид л байна биз. Тэрнээс биш улс орноороо намчирхаж талцаад яах юм бэ. Хамгийн гол нь өмнөх ажлаа төвөггүй хийчихдэг бай л даа. Гэхдээ би улстөрч биш, улстөр судлаач биш.

-Таныг улстөрч гэж байгаа юм биш л дээ. Улстөрч болооч ч гэж байгаа юм биш. Зүгээр л үзэл бодлыг чинь сонирхсон юм. Гэхдээ та өнгөрөгч намар Чингэсийн талбай дээр цайныхаа цагаар салаавч гаргаж хөөрхөн сенсааци дэгдээсэн дээ?

-Би хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 11-12 хувьтай мөртлөө 26-27 хувийн алдагдалтай гарсан. Миний хувийн болоод эмнэлгийн маань эдийн засаг 15-15 хувиар буурсан гэсэн үг биз дээ. Энэ бууралт зөвхөн энэ Засгийн газрын алдаа биш л дээ. Өмнөх Засгийн газар, түрүүчийн Их хурлуудын үед гаргасан алдаа. Намчирхлын гай жирийн ард түмний нуруун дээр ингэж л тусч байна. Гэхдээ энэ Засгийн газар гол нь өнгөрөгч зунаас уг алдааг мэдрээд хурдан арга хэмжээ авах ёстой байсан. Тэгэхгүй зунжингаа найрлаад, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ амраад алга болчихсон. Үүнийг л би хувь хүнийхээ хувьд эсэргүүцсэн. Хувь хүний бөгөөд нийгмийн ёс суртахуун хоорондоо үргэлж зөрчилдөж байдаг. Би яг үнэндээ гэр, ажлаас гарахгүй, үзүүлэх гэж юм уу, хагалгаа хийлгэх гэж ирсэн өвчтнөөс өөр хүнтэй уулзахгүй амьдрахыг хүсдэг. Гэтэл нэг сая гурван зуун мянган хүнтэй хотод талхны мөнгөнөөс авахуулаад таксины үнэ хүртэл хамаагүй юм алга. Гурван сая хүнтэй улсын, нэг сая хүнтэй хотынхоо иргэний хувьд бидэнд үйлчлэх үүрэгтэй Засгийн газрын гишүүд хэмээх төрийн үйлчлэгч нар маань ажлаа хийхгүй болохоор хувь хүнийхээ хувьд саналаа хэлсэн. Явган хүний зам дээр гурван секунд ийн зогссоны төлөө Сүхбаатар дүүргийн цагдаагаас эрүү үүсгэх гэж хоёр гурван долоо хоног байцаасан. Салаавч гэдэг эртний Ромын үржил шимийг бэлгэдсэн дүр юм билээ. Оросууд юу гэж ойлгодгийг би мэдэхгүй. Би бол орос хүн биш. Засгийн газрыг хөдлөөч ээ, ажлаа хийгээч ээ л гэж бид сануулсан. Монгол бол дэлхий дээр хамгийн эртний хаант төртэй улсын нэг. Хаан бол тэнгэрийн элч гэж ойлгогддог. Хааны хэлсэн үг зарлиг бол хэний ч амь, амьдралыг бусниулах хүчтэй байдаг гэдгийг хоёр гурван мянган жилийн турш ойлгож ирсэн ард түмэн. “Төрийн сүлд өршөө” гэдэг чинь нэг их гоё үг биш юм байгаа шүү дээ.

-Ямар утгатай үг юм бол?

-“Хаан уурлаад цаазалчих вий, тэрнээс л хол яваасай” гэсэн утгатай юм. Тэрнээс хойш төр өөрчлөгдсөн. Төрийн мөн чанар өөрчлөгдсөн. Төрийн ордонд байгаа үйлчлэгчид бол тэнгэрийн элч нар биш. Зоргоороо цайгаа ууж суухдаа “Хороо” гээд хэлчихэнгүүт хүн хороож болдог, насаараа томилогдсон тэнгэрийн амьтад биш. Бид дундаасаа дөрвөн жилийн түр хугацаанд бидний хоорондын харилцааг аль болохоор аятайхан болгоод, бидний төлж байгаа мөнгөөр ажиллаадахаач ээ гэж түр томилсон үйлчлэгч нар байгаа юм. Тэр хүмүүсийг шүтээд, мөргөөд, бишрээд байх зүйл ерөөс байхгүй. Сайн байвал магтаад, муу ажиллаж байвал шахаж шаардаад, дундуурхан шиг байвал аль алиндаа хал балгүйхэн шиг чимээгүй байх ёстой юм. “Төрийн сүлд өршөө” гэж шавар байшиндаа мөргөөд байх утгагүй. Ээбээ Ерөнхийлөгчийн Ухаалаг төр гэсэн шиг зөв юмыг дэмж. Идэж ууж байгаа муу муухай юм байвал сонгуулиас ч өмнө огцруул.

 

-Төрийн үйлчлэгчид тэгвэл өнгөрөгч онд тааруу ажиллажээ дээ?

-Миний ойлголтоор 2013 онд сайн, муу хоёр том үйл явдал боллоо. Эерэг нь Эрдэнэтээс ч том, хорь гуч, зуун жил монголчуудад ашгаа өгөх Оюутолгойн үйлдвэр ажилд орлоо. Хүссэн, хүсээгүй бид үүний үр ашгийг хүртэнэ. Тэрбум тэрбумаар тоологдох доллар энэ он жилүүдэд ирнэ. Муу нь юу вэ гэвэл эс үйлдлээрээ, яст мэлхий шиг удаан үйлдлээрээ төгрөгийг хорь гучин хувиар унагаад хувь хүн, айл өрх, компани болгонд, улс оронд хасах 15-16 хувийн алдагдалтай эдийн засгийг бий болгосон. Таны идэж байгаа талх, таксины үнэ бүгд нэмэгдээ биз дээ. Цалин нэмэгдээгүй биз дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр бид энэ сайд нарыг амьдруулж, ажиллуулж, цалинжуулж байгаа. Тэгтэл тэд тэгж бүгдээрээ ажил хаяад амрах ёсгүй л байхгүй юу.

-Улстөржилт ихдэхээр улс орны эрх ашиг л хохирдог. Үүний оронд яавал дээр юм бэ дээ?

-Жирийн ажилчин ч бай, төрийн үйлчлэгч ч бай хүн бүхэн өөрөө хичээн чармайж, ажилдаа чин сэтгэлээрээ хандан, сайн үг хэлж, сайн үйлдэл хийж амьдрахаас өөрөөр энэ улс орныг хөгжүүлэх арга байхгүй. Бүгдээрээ улстөр, эдийн засаг, нийгмийн тухай яриад үндсэн ажлаа хийж чадахгүй нэг нэгэн рүүгээ галзуу ноход шиг дайрах юм бол галзуу нохдын тамын орон л болж хувирна.

-Галзуу нохдын тамын орон болохгүйн тулд тусгаар тогтнол маань туйлын үнэ цэнэтэй байх нь дамжиггүй...

-1690 оны Далан нуурын чуулгыг дагасан бичиг баримтаар монголчууд тусгаар тогтнолоо алдаагүй юм. Энэ бол Манж-Монголын цэргийн холбоотон улсын харилцан бэлтгэлцэх гэрээ байсан. Манжийн хаад үеийн үед Монголыг цэргийн том хүчин гэж хардаг байсан. Манж төрийн бүхий л цаг хугацаанд монгол цэргийн хүчийг л ашиглаж байсан. Манж Чин улс 1911 онд унаснаар гэрээ цуцлагдаж, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн. 1921 онд ардын хувьсгал гарсан. 1990 онд наян жилийн настай Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан гэж би боддог. Модунь шаньюй, Чингэс хаанаас уламжтай монгол зан заншил, үүх түүх, тусгаар бардам улс гүрэн явсны тэр бүх шинж чанар бидний үед өвлөгдөн хөгжих учиртай байж. Өнгөрөгч зуунд тусгаар тогтнолоо ололгүй Орос, Хятадын бүрэлдэхүүнд үлдсэн маш олон улс байдаг шүү дээ. Энэ хоёр аварга том гүрний дунд хэдийгээр бид мянганы нэгд нь хүрэхгүй жижигхэн эдийн засагтай, мянганы нэгд нь хүрэхгүй цөөхөн хүн амтай боловч Монгол Улс босоод ирсэн нь сэргэн мандлын гайхамшиг. Үүгээрээ монголчууд маань үеийн үед бахдаасай гэх байна даа.


Ярилцсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cqryiwkxzo 1O1sMYrcwrbbbdjpzu, [url=http://foyvjbmrxjmw.com/] foyvjbmrxjmw[/url], [link=http://rpvzycmmwqhx.com/ ]rpvzycmmwqhx[/link], http://xuyhgmwsjqax.com/
IP:5.101.64.74  2018-05-03 04:14:57
rpixhlabbcd QlpagXllwbqqputorr, [url=http://joohbauuakbd.com/] joohbauuakbd[/url], [link=http://vlmxdaotcdci.com/ ]vlmxdaotcdci[/link], http://zehvuwuvgsqo.com/
IP:5.101.64.70  2018-05-03 18:29:20
ixacragdbl 3bbof4axeqkyisevsj, [url=http://qatchaodqbfk.com/] qatchaodqbfk[/url], [link=http://ytybtxjqkbnu.com/ ]ytybtxjqkbnu[/link], http://vrihqfyuhvaq.com/
IP:5.101.64.73  2018-05-04 19:12:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.