МТШХХ-ы салбарын 2013 оны онцлог үйл явдлуудыг нэрлэж байна

2014/01/14
Share |
Хүмүүс:
МТШХХ-ы салбарын 2013 оны онцлог үйл явдлуудыг нэрлэж байна

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 2013 оны онцлог үйл явдлуудыг нэрлэж байна.

1. “Шинэчлэлийн 7 зорилт” –оо танилцууллаа

Мэдээлэл харилцаа холбооны салбарт 2013-2016 онуудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон “Шинэчлэлийн 7 зорилт” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Төрийн ордны их танхимд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт бүх яам, агентлаг, төрийн болон төрийн бус нийт 150 гаруй байгууллагуудаас 900 орчим төлөөлөгчид оролцсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын Засгийн газрын шинэчлэл өөрчлөлт, төрийн түгжрэлгүй үйлчилгээнд мэдээллийн технологи гол чухал үүрэгтэй” гэдгийг онцолсон.

ШИНЭЧЛЭЛИЙН 7 ЗОРИЛТ

1. Төрийн түгжрэлгүй үйлчилгээ,
2. Үндэсний хиймэл дагуул-2016
3. Орон нутагт өндөр хурдны хямд интернэт,
4. Үзэгч төвтэй ТВ, Сонсогч төвтэй радио,
5. Дэлхийн стандартын Э-Бүтээгдэхүүн,
6. Оюуны бүтээмжтэй өндөр цалинтай ажлын байр,
7. Шууданд суурилсан дэвшил


МТШХХГ-ын харъяа 7 байгууллагын удирдлага тус бүр байгууллагынхаа өмнө тавигдаж байгаа шинэчлэлийн зорилтуудаа танилцуулсан илтгэлүүдийг тавьсан нь ирэх 4 жилд хийж бүтээх ажлын царааг зураглан товч тодорхой илэрхийлж чадсанаараа онцлог байлаа.

2. Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр батлуулж, Сансрын Үндэсний зөвлөл байгуулав

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 137 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг батлууллаа Хөтөлбөрт сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуулыг 2016 он гэхэд хөөргөх зорилтыг тусган хэрэгжилтийг хангуулах талаар олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна. Сансрын технологийг хөгжүүлэн, хэрэглээг нутагшуулж, улс орны бүхий л салбарт өргөн хүрээтэй ашиглах боломж бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тандан судалгааны мэдээгээр хангах тогтвортой эх үүсвэрийг бий болгох, өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан өрх бүрт цаашлаад иргэн бүрт харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран хүргэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Дээрх ажлын хүрээнд Олон улсын Цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/-д Монгол Улс анх удаа хиймэл дагуул хөөргөх хүсэлтээ илгээн, хамтран ажиллаж байна.

Мөн “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах “Сансрын үндэсний зөвлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар захирамжаар байгуулав.

3. Интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэв

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран Орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гаргууллаа.

Үүний үр дүнд цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг иргэд байршлаасаа үл хамааран цаг алдалгүй, түргэн шуурхай хүртэх зэрэг олон таатай боломж нээгдлээ.


4. “ICT-EXPO-2013” үзэсгэлэн
Монгол Улсад “Орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2013 оны 5 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын 5 байгууллага, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 60 аж ахуйн нэгж, Төрийн 5 байгууллага, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компани, Холбоо мэдээллийн технологийн сургууль, 130 сайтыг эгнээндээ нэгтгэсэн сайтуудын 2 холбоо оролцож, арилжааны 7 телевиз хамтран ажиллав. Үзэсгэлэнг давхардсан тоогоор нийтдээ 66150 хүн /онлайн болон бодитоор/ үзэж сонирхсон байна.


Үзэсгэлэнгийн хүрээнд “Flash mob & Harlem shake” онлайн бүжгийн тэмцээн, ”ICT for Life” компьютер графикийн уралдаан, Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Хурдан бичилт, компьютер угсралтын тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа. Мөн энэ үеэр ICT-EXPO-2013 үзэсгэлэнгийн “Шилдэг”-үүдийг шалгаруулж өргөмжлөлийг гардууллаа.

5. “КАНСАТ” хиймэл дагуул

Мэдээллийн технологи, Шуудан харилцаа холбооны газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “КАНСАТ” хиймэл дагуул бүтээж, хөөргөх Үндэсний анхдугаар уралдаан яармагийн “Морин уралдааны төв”-д зохион байгуулав.

Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэн бэхжүүлэхэд энэ уралдаан ач холбогдолтой юм.


6. Төрийн үйлчилгээний цахим машин

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын дор “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ныг ашиглалтанд орууллаа.

“ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломж бүрдлээ.

7. Орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээ

Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан шуудангийн үндсэн сүлжээний техник хангамжийг сайжруулах "Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх" багц төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн нэгдүгээр багц буюу хот хоорондын шуудангийн тээвэр логистикийн зориулалтын найман автомашиныг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол шуудан” ТӨХК-д хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашинууд нь БНСУ-д үйлвэрлэгдсэн, даац, туулах чадвар, чингэлэг, бараа материалын чанарыг алдагдуулахгүй байх, хөдөлгөөнийг хяналтыг хэрэгжүүлэх бүх төрлийн техник хэрэгслээр тоноглогдсон хамгийн орчин үеийн машин хэмээн танилцуулав.

8. Програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол Ухаан-Монгол брэнд” уриатайгаар Мэдээллийн технологийн консерциум, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Масс Медиа хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус чуулганы гол зорилго нь Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход оршиж байсан юм. Чуулган Програм хангамж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт ба санхүүжилт, Програм хангамжийн зах зээл, Програм хангамжийн салбарын өрсөлдөх чадвар гэсэн гурван чиглэлээр хуралдаж зорилтоо тодорхойллоо.

9. Гамшгийн аюулыг урьдчилан анхааруулах төвийн нээлт

Монгол Улсын Засгийн газар болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас иргэд, байгууллагуудыг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломжийг дээшлүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглан “Газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан анхааруулах систем байгуулах” төслийг хэрэгжүүлж эхний шатны ажлыг ашиглалтад хүлээн авлаа.

Уг төслийн хүрээнд ОБЕГ-т шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв, Улаанбаатар хотод дуут дохиоллын 40 цамхгийг байршуулан богино долгионы холболт болон хиймэл дагуулын нөөц холболтоор холбосон байна. Мөн холболтоор МҮОНТелевизын 1-р суваг, UBS TV, МонголHD телевизүүд, МҮОНРадио 1-р суваг, Улаанбаатар РМ 102.5, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Авто радио 96.3 гэх радионуудыг бүрэн холбож гамшгийн үед ард иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх цогц системийг ашиглалтад хүлээн авчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.