Хонгор сумын иргэн Б.Батболдыг хууль бусаар яллаж, гэрчүүдийг дарамтлан мэдүүлэг авчээ

2008/05/22
Share |
Хүмүүс:
Хонгор сумын иргэн Б.Батболдыг хууль бусаар яллаж, гэрчүүдийг дарамтлан мэдүүлэг авчээ

Хуулийг гууль болгоно гэдгийг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б. Ууганбаярын мөрдөн шалгаж, хяналтын прокурор, шүүх шатны байгууллагуудаар дамжин шийдэгдсэн иргэн Б. Батболдын хэрэг харуулж байна. 2008 оны 4-р сарын 02 -ны өдөр Дархан-уул аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ё. Ринзаан, Д. Цагаандарь, Б. Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж иргэн Б. Батболдод 6 жил 6 сарын хорих ял, мөн 27 сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял оноожээ. Түүнд ял оноосон учир нь химийн хорт бодисыг хууль бусаар олж авсан, химийн хорт бодис хэрэглэх журам зөрчиж ашигт малтмал олборлосон, газрын хөрс усыг бохирдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Б. Батболд нь Хонгор сумын ИТХ-ын тэргүүлэгч, 1-р багийн ИНХ-ын даргаар ажиллаж байсан Хонгор сумандаа нэр төртэй нэгэн гэдгийн нутгийнхан ам уралдан ярьдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө “Мич” компани Хонгор суманд шувууны үүр шиг болж навсайсан уурын зуухыг менежментын хувьчлалаар авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Уг уурын зуухын ард хашаатай талбай засаж, тээрэм бэлтгээд алттай шороо, чулуу тээрэмдэх, угаах хүмүүст ажлын байртай болоход Б. Батболд дарга дэмжлэг үзүүлсэн гэдэг. Тухайн үед бүх ажлууд хууль ёсны дагуу явагдаж 2006 оны 10 сард Дархан-Уул аймгийн МХГ-ын уул уурхайн улсын байцаагч Навчгэрэл, аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч ахмад Саруул, дэслэгч Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй шалгалт уурын зуухны ар талбайд мөнгөн ус хэрэглэсэн эсэхийг шалгаад ямар нэг химийн хорт бодистой холбогдох зөрчил илрээгүй гэдэг тодорхойлт гаргажээ. 2007 оны 5 сард Хонгор суманд бий болсон хор уршгийг арилгах ажлын хэсэг тээрэмдсэн шорооноос дээж авахад мөнгөн ус илрээгүй, мөн оны 7-р сард Хонгор суманд ажилласан Үндэсний зөвлөлийн ажлын хэсэг уурын зуухны арын талбайн хөрсөнд мөнгөн ус тодорхойлох нарийвчилсан шинжилгээг хийхэд тус газраас мөнгөн ус илрээгүй гэнэ. 2006 онд ажиллаж байсан хүмүүс ямар нэг химийн бодис хэрэглээгүй гэдэг нь мэргэжлийн олон байгууллагаар нотлогдоод байгаа.Тэгэхээр Батболдыг буруутгах баримт харагдахгүй, гарт ч баригдаагүй байхад мөрдөн байцаагч ямар билгийн нүдээрээ харж Батболдыг буруутай болгосон нь хачирхалтай. Тэгэхээр цагдаагийн мөрдөн байцаагч өөр өөр цаг хугацаанд болсон хоёр өөр ажлыг нэг ажил мэт бусдад ойлгуулж, үнэн худлыг ялгахаасаа илүү Хонгор сумынхан тэр аларам хордсон их хэргийг бушуухан хэн нэгэнды тохохыг хүссэн байж таарна. Уг нь Батболд “Мич” компаний 25 хувийг эзэмшдэг. Өнөөдөр хувь эзэмшсэн гэж буруудав уу? эсвэл Хонгорын иргэдэд ажлын байртай болгосноороо буруудав уу. Хамгийн гол нь цаг хугацаа ялгадаггүй, нотлох баримтын үнэ цэнэ мэддэггүй энэ эрхмийн эсрэг Батболд гомдол гаргажээ. Гомдолдоо “2007 оны 4-р сард Хонгор суманд цианит натри болон мөнгөн усны хордлого гарч мал амьтан үхэж, худаг ус бохирдож иргэд хордож, орчны агаарт мөнгөн усны агууламж өндөр гарч байсан. Энэ нь 2007 оны 2-4-р сард “Мич” компаний хашаанд үйл ажиллагаа явуулсан Хятадуудтай шууд холбоотой. Энэ нь мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлт бусад баримтаар нотлогдоод байхад намайг буруутгаж яллаж байгаад гомдолтой байна. “Мич” компаний байрыг түрээслэж байсан хүмүүс үйлдвэрлэл явуулахдаа Төв аймгийн Борнуур сумаас их хэмжээний мөнгөн ус агуулсан 1000 гаран тонн шороог авч иржхашаанд буулгаснаас тэр орчмын хөрс мөнгөн усаар бохирдсон. Тэд шороогоо шигшин ялгаад түрээслэн авсан байрандаа оруулан цианит натригаар боловсруулж хаягдал усаа бохирын систем рүү хаяж байснаас бохир ус цэвэршүүлэх холболттой байгууламж, лагийн талбай түүний ойр орчим, түрээсийн талбайн дотор тал зэргийг цианит натри, мөнгөн ус хоёроор хоёулангаар нь бохирдуулсан. Энэ үйлдвэрлэлд хэрэглэсэн шороог шигшсэн шороо, угаасан шороо, тунасан шороо, гаргаж асгасан шороо, асгасан шороо гэж ангилан тус бүрээс нь дээж авч шинжилж байсан бөгөөд бүгдэд нь мөнгөн усны агууламж хэмжээнээсээ хэд дахин их байсан нь УМХГ-ын шинжилгээний жагсаалтаар харагддаг” гээд өөрийнхөө буруугүйг тайлбарласан байгаа. Энэ хүн өнөөдөр байраа бусдад түрээслүүлснийхээ төлөө, бусдыг ажлын байртай байлгах гэснийхээ хариуд эцэст нь ялтан болж байгаа нь манай хуулийн байгууллагын дэндүү харанхуй, ажил мэргэжилдээ тэнцэхгүй боловсон хүчин байгааг харуулж байна. 2006 он, 2007 оны дээрх хэргүүдийг ялгаж шалгаж чадаагүйгээс мөрөөрөө ажлаа хийж явсан нэгнийг яллаж, зургаан жил шоронд суулган олон сая төгрөгөөр торгох нь өнөөдөр хэнд ашигтай хэнд хэрэгтэй байгааг эргэж харахаас өөр аргагүй байна. Бусдыг яллахдаа гаргуун мөрдөн байцаагч нь Батболдыг буруутан болгохын тулд хэд хэдэн гэрч дуудаж байцаажээ. Гэрчүүд бүгд Б Батболдыг буруугүй гэдгийг мэдүүлсэн аж.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.