“Эко констракшн”-ы “Голдэн парк” гэх шавар овоолго үстэй дээл, үнэгэн малгайтай өвөлжүүлж байна

2014/01/20
Share |
Хүмүүс:
“Эко констракшн”-ы “Голдэн парк” гэх шавар овоолго үстэй дээл, үнэгэн малгайтай өвөлжүүлж байна
МАН-ын дарга М.Энхболдын хүн гэгдэх С.Нямдаваагийн толгойлдог “Эко констракшн”-ы хотын төвийн байршил сайтай газруудыг авч байгуулсан шавар овоолгууд ар араасаа гай дагуулж, зарим үед хүний аминд хүрэх нь ч энүүхэнд байдаг. “Муу байр болгон Экогийнх” гэдэг явган яриа ч хэдийнэ хүмүүсийн чихний танил болсон. Энэ дундаа Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганыг хулхидан рекламаа хийсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг, 10 дугаар хороололд байрлах “Голдэн Парк” хотхон иргэд, оршин суугчдынхаа уур цухлыг барж байгаа өдрүүд үргэлжилсээр байна. Ямар сайндаа л Гавьяат тамирчинд байр өгнө хэмээн баахан реклам цацаж аваад байраа ч өгсөн юм байхгүй бөөн хэл ам болж, эцэст нь нэг өр салж байхав дээ.

Гэтэл болоогүй одоо 1000 гаруй айл өрхийг жинхэнэ утгаар нь хохироож байгаа аж. 2011 онд ашиглалтад орсон 1000 гаруй айлын орон сууцны тус хотхоны юуг нь харсан болоод Улсын комисс үг дуугүй хүлээгээд авчихсаныг өдгөө асуух хүмүүс олон байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхны шүдний өвчин болсон барилгуудын нэг болох “Голдэн парк” хотхонд ус алдах, паар задрах, ариун цэврийн өрөөний хатаагч задрах асуудал энүүхэнд гэнэ. Үүний хажуугаар халаалт гээд хэлчих юмгүй, үстэй дээл, үнэгэн малгайтай өвөлжүүлж байгаа аж. Хоёр өвлийг ийнхүү өнгөрөөж буй оршин суугчид асуудлыг “Эко констракшн”-д хэлээд ч нэмэргүй нөхцөл байдалд оржээ.

Тус хотхонд туслан гүйцэтгэгчээр ажилласан зарим нэгэн ажилчдын ярьж байгаагаар хугацаандаа ашиглалтад оруулаад, айлуудаасаа мөнгөө гүйцэд л авч байвал чанар, аюулгүй байдал хоёр бол тийм ч ноцтой асуудал биш аж. Цахилгаан шатгүй хэрнээ 12 давхар барилга барьж, нэг орцонд 12 айл байх ёстой зураг төсөл батлуулчихаад, 16 болгож өөрчлөөд квадрат метрээс нь мөнгө завшиж зүрхэлсэн “Эко констракшн”, түүний захирал С.Нямдаваа өнөөдөр хариуцлага гэдэг зүйлийг огт мэдрээгүй амьдарч яваа нэгэн. Барилгууд нь хэд хэдэн хүний эрдэнэт амь насанд хүрчихээд байхад тэр өдгөө уучлал ч гуйж үзээгүй. Тэгсэн хэрнээ хуулинд бас захирагддаггүй. Түүний хямд зардлаар босгосон шавар овоолгоны нэг болох “Голдэн парк” хотхонд өдгөө яаж ийгээд байраа зарах гэсэн нэг хэсэг айлууд крантнаас нь зэвтэй ус гоожиж, паар нь халдаггүй байдалд байж байна.

Мөн стандартын бус материалаар баригдсан учраас хананы цаадахь чимээ шууд л сонсогддог, барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилсөн гээд явцын дунд ч бөөн зөрчил илэрч байсан хэдий ч комисс нь хүлээгээд авчихсан байдаг нь хачирхалтай. Хамгийн эмгэнэлтэй нь, 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчдад олгосон байруудыг “Голдэн парк” хотхоны шахаасаар зарсан байдаг бөгөөд хөгшчүүл лифтгүйн дээр халаалтгүй байранд амьдарч байна. Уул нь бол гараараа дараад үзэхээр паар нь халж байдаг ч хамгийн чанар муутай вакуумаар хийгдсэн цонхоороо дулаан алдаж, айлуудын тагтан дээр хуруу зузаан мөс хөлдсөн байгааг тэнд очсон хэн ч харж болно. Нэг метр квадрат бүрийг нь 1,2 сая төгрөгөөр бодон худалдаж авсан иргэд өдгөө байраа буцаагаад зарна гэсэн ч авах хүн олдохгүй эцэст нь өөрсдөө эрүүл мэндээрээ, насаараа цуглуулсан мөнгөөрөө хохирч байгаа аж. Хэд хэдэн газруудад иргэд удаа дараалан хандсан ч “Эко констракшн”-д засч янзлах үүрэг, шаардлага хүргүүлсэн болоод л өнгөрдөг, харин өнөөх хуулийн дээгүүр гишгэсэн ар томтой гэх газар нь иргэдийн шаардлагыг биелүүлэхгүй хоёр дахь өвөл, гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Улсын комисст ийм чанаргүй байрыг хүлээж авсан асуудалд огт хамааралгүй гэсэн тайлбарыг хийж байна. Тэгэхээр Барилга, хот байгуулалтын яам энэ асуудалд хамааралтай болж таарч байна. Барилга, тэр дундаа орон сууцны барилга бол мөнгө босгож, иргэдийн халаасыг тэмтэрч, мөнгө угаах хэрэгсэл биш гэдгийг “Эко констракшн”-д ойлгуулахгүй бол энэ мэтээр хотын дүүрэг бүрийн байршил сайтай газар бүхэнд балаг ихтэй шавар овоолгуудыг энэ компани лав барих ажлаа зогсоохгүй нь бололтой.

Залилангийн хэргээр шүүхэд шалгагдаж, мөнгөний буянаар хэргээ хаацайлсан С.Нямдаваад төр төмөр нүүрээ үзүүлж, өмнө нь олноор барьсан шавар овоолгуудынх нь баримт бүртэй хатуу ярьж, хариуцлага тооцох цаг нь болжээ. Тэгэхгүй бол энэ мэтээр өвлийн улиралд эсгий гуталтай, хөвөнтэй дээлтэй, гэртээ байгаа ч гадаа суугаа мэт байруудын тоо нэмэгдэх болно. Үүнээс үүдэн өвчин ч салахгүй, сэтгэл ч амрахгүй, хүүхэд хөгшдөө хөнжлөөс нь ч цухуйлгаж чадахгүй байна гэх зовлонг “Голдэн парк” гэх хотхоноор дүүрэн байна билээ.

Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.