Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд уушгины хатгалгаа тусч эмнэлэгт хэвтсэнийг нууцалж байна

2008/05/22
Share |
Хүмүүс:
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд уушгины хатгалгаа тусч эмнэлэгт хэвтсэнийг нууцалж байна

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салаа цэрэг төв госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Харин энэхүү мэдээллийн мөрөөр хэвлэлийнхэн өчигдөр 032 дугаар ангийг зорьсон боловч тус ангийн захирагч, хурандаа Ч.Баярсайхан тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзан их л бухимдангуй байлаа. Ер нь 032 дугаар ангийн захирагчийн бухимдах болсон шалтгаан нь их энгийн. Тэрбээр ангийнхаа халуун усны газрыг эвдчихсэн болохоор шинэ цэргүүдээ усанд оруулахын тулд ойрхон Улаанхуаранд байдаг цэргийн халуун усны газар авч очдог болсон гэнэ. Гэтэл шинэ цэргүүдийг усанд орсны дараа нийт 127 цэргийг “Гараад жагс” команд өгч анги руу нь гүйлгэсэн байна. Тухайн өдөр тэнгэр бурхны “ааш нь хөдөлж” их салхитай, хүйтэн байсан тул усанд орсон цэргүүд тэр оройдоо хоолой нь өвдөж, өндөр халуураад зарим нэг нь бүр хэвтэрт ороход хүрсэн байна. 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Баярсайхан том толгой гаргаж халуураад хоолой нь өвдсөн цэргүүдийг нуун дарагдуулснаас болоод 2-3 хоногийн дараа арав гаруй шинэ цэрэг хатгалгаа болсон гэнэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр захирагч гуай гэнэт их уяхан амьтан болж, төв Госпитальд хатгалгаа авсан 13 цэргээ хэвтүүлсэн байна. Хэрэг нэгэнт биш болсныг мэдсэн Ч.Баярсайхан тэр өдөр усанд орсон шинэ цэргүүдийг бүгдийг нь эмчийн үзлэгт оруулжээ. Эмчийн үзлэгторсон 127 цэргээс 27 нь эрүүл гарч, бусад нь ханиад хүрсэн, хоолой нь өвдсөн, өндөр халуунтай байсан байна. 13 цэрэг нь хатгалгаа туссан байжээ. Байдал нэгэнт эвгүйгээр эргэсэн болохоор харуулд гарч байгаа болон бусад бүх шинэ цэрэгт өвлийн ногоон эрээн хүрэм өмсгөсөн байна. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн” эрхэм хурандаагийн балгаар энэ хэрэг нэгэнт нийтэд ил болсон. ЗХЖШ-аас хяналтын баг гаргаж 032 дугаар ангийг шалгуулж эхэлсэн гэнэ. Шалгалтаар цэргүүдийг зодсон танхай этгээдүүд болох ахлах дэслэгч Түвшинбаяр, дэд ахлагч Өлзий-Орших нарыг цагдаагийн газар хүлээлгэн өгч, ангийн захирагч Ч.Баярсайханд жичд нь арга хэмжээ авах болжээ. Харин хэргийн эзэн болох Ч.Баярсайханаас уушгины хатгалгаа аваад эмнэлэгт хэвтэж байгаа 13 цэрэг болон танхай хоёр албан хаагчдаа ямар арга хэмжээ авсан талаар холбогдон асуухад: ” Би чамд юу ч хэлэхгүй. Чи тийм л мундаг юм бол өөрөө яваад ол. Зүгээр байсан хүний мууг нь үзээд чи яах гэж ингэж бичсэн юм бэ. Миний хэдэн цэргүүд зүгээр л эмнэлэгт хэвтсэн юм. Тэр цэргүүдийг ямар би зодсон юм уу. Чи зодсон хүмүүстэй нь очоод уулз” гэж хэлээд утсаа тасаллаа. Түүний ингэтлээ бухимддаг нь ч аргагүй бололтой. Тэр хүнийг зүгээр ажлаа хийгээд явж байхад цэргүүд нь усанд орчихоод гэнэт гүйгээд, даараад, хатгаа авсныхаа дараа өөрсдөө очоод төв Госпитальд хэвтсэн болж таарч байна. Ч.Баярсайхан дарга цэргүүдээ зодоогүй гэж байгаа боловч түүний удирдлагад нь байдаг ахлагч, офицерүүд нь цэрэг зодож гарыг нь хүртэл хугалсан байна. “Миний хүү цэргийн албаа сайн хаагаад ирээрэй. Эр хүн гэдэг чинь энэ албыг зайлшгүй хаах ёстой юм шүү” гэж аав, ээжээрээ үнсүүлээд цэрэг болсон тэр хөвгүүд өнөөдөр хэн нэгэн даргын зугаа гаргах хэрэгсэл нь болж байдаг. Уг нь хавар намар цэрэг татлага болох үед манай орны өнцөг булан бүрээс татагдан ирсэн бие хаа сайтай залуусыг сэнхрүүлэн байж “Төрийн хүндэт харуулын цэрэг болгоно” гэж аль л cop гэснийг нь шилж сонгон энэ ангид авчирдаг биш билүү. Тэр нь ч аргагүй биз. Төрийн хүндэт харуул гэдэг бол Монгол Улсын нүүр царай, цэрэг дайчдын сүр, жавхаа болдог билээ. Харин эрхэм ангийн захирагч гуай уушгины хатгаа аваад эмнэлэгт хэвтэж байгаа цэргүүдээ эргэж очих нь бүү хэл, тэднийг үзэн ядаж “Одоогийн хүүхдүүд гэж ёстой сүртэй нуснууд юмаа” гэж хэлж байдаг. Харин Ч.Баярсайханы өмнөөс хатгаа авсан цэргүүдэд нь “санаа тавьж” цэргийн төв эмнэлэг Госпиталь орлоо. Тус эмнэлгийн хордлогын II тасагт хэвтэж байгаа 13 цэргийн биеийн байдлыг эмчлэгч эмч болох дэд хурандаа Д.Наранхүүгээс тодруулах гэсэн болов ч тэрбээр, “Дээрээс эдгээр цэргүүдийн талаар мэдээлэл өгөхийг хориглосон. Ерөнхийдөө бол анх ирснийгээ бодвол биеийн байдал.нь сайжирч байгаа. Би ч гэсэн даргатай болохоор нэгэнт тушаал өгсөн хойно ямар ч арга алга. Хэрвээ манай дарга нартай уулзаад ярилцлага авах зөвшөөрөл аваад ирэх юм бол би эдгээр цэргүүдэд юу болсон талаар чөлөөтэй ярьж өгч болно. Дээр нь хэвтэж эмчлүүлж байгаа цэргүүдээс ч юу болсон талаар асууж болно шүү дээ” гэдэг хариу өглөө. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн уушгины хатгаа авсан 13 цэргийг ямар учраас ингэж нууцлаад байгааг сонирхож үзтэл өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд манай оронд айлчилж байгаа ажээ. Мөн маргааш Номхон далай дахь АНУ-ын тэнгисийн явган цэргийн командлагч ирэх сургаар 032 дугаар ангитай холбоотой хэргийг дээрээс нь нууцлах болсон байна. Арга ч үгүй биз. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн өмнө Монголын цэргийг төлөөлж байдаг ганц анги нь болохоор тэгэхээс ч аргагүй биз. Ямар нэгэн байдлаар цэрэг зодсон, дэглэсэн тохиолдол бүрийг зохион байгуулалттайгаар нууж хаагаад байдаг. Гэтэл илэрсэн нь л 032 дугаар анги болохоос биш үүний цаана илрээгүй мянга мянган тохиолдол байгаа ч юм билүү.

 Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.