Б.Мөнхтуяа: 500 “Гэр цэцэрлэг” байгуулвал 25000 хүүхэд хамрагдана

2014/03/07
Share |
Хүмүүс:
Б.Мөнхтуяа: 500 “Гэр цэцэрлэг” байгуулвал 25000 хүүхэд хамрагдана

Жил бүрийн гуравдугаар сарын 08-ны өдөр алдарт эхийн одонтой 1000 ээж  төрийн ордонд чуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг энэ арга хэмжээ нийгэм болоод эмэгтэйчүүд, ээжүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг хөнддөг юм. Энэ жилийн хувьд одонтой ээжүүд “Гэр цэцэрлэг” сэдвийн хүрээнд ярина. Бид “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Мөнхтуяатай ярилцсан юм.

Жил бүрийн “3-р сарын 8”-ны өдөр одонтой ээжүүд ордонд чуулдаг. Энэ жилийн мянган ээжийн арга хэмжээ ямар онцлогтой, яаж зохион байгуулагдах гэж байна?

Уламжлал ёсоороо мартын наймны өдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн одонтой 1000 ээж ордонд чуулна. Чуулган Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддагаараа онцлог.Найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Жил болгон бид  нийгэмд,  эмэгтэйчүүд , гэр бүлд тулгамдаж байгаа асуудлуудыг авч хэлэлцдэг. Энэ жилийн сэдэв бол “Гэр цэцэрлэг” юм.

Яагаад ийм сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болсон бэ?

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг гэдэг утгаараа бид Ерөнхийлөгчийн том төрөөс ухаалаг төр рүү шилжэе гэсэн саналыг дэмжиж байна. Ингээд асуудлынхаа хүрээнд “Гэр цэцэрлэг” гэсэн сэдэвийг сонголоо.

 Монголчуудын хөгжлийн алтан үе ирсэн энэ цаг үед Монгол хүн бүр улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй байна.  Дээр нь хөдөлмөрийн чадвартай  залуучууд, залуу гэр бүлүүд ажил хөдөлмөртэй байхыг хүсч мөрөөдөж байна.

 Гэтэл ээж нь гарцаагүй хүүхдээ хараад 2,3 жил гэртээ суух шаардлага гардаг.  Цэцэрлэг нь олдохгүй бол бүр урт хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийг өөрөө өөрийнхөө баялагийг бий болгох, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцуулахад нь тус дэм болох зорилгоор хүүхдүүдийг нь сургаж хүмүүжүүлэх сургуулийн өмнөх насны цэцэрлэг олноор байгуулах хэрэгтэй.Өмнө нь 5 хүүхэд төрүүлээд 2 дугаар зэргийн одон, 8 хүүхэд төрүүлээд 1-р зэргийн одон авдаг байсан. Харин төрөлт багассан учраас төрөөс  4 хүүхэдтэй ээжүүд 2 дугаар зэргийн одон, 6 хүүхэдтэй ээжүүд 1 дүгээр зэргийн одон авч байна. Энэ хүмүүс ийм олон хүүхдийг төрүүлж өсгөхдөө муухан цэцэрлэгийн багшийн дайны ажиллачихсан байгаа.  Тэгэхээр “Гэр цэцэрлэг”  байгуулах гээд байгаа санаачлагыг дэмжих хэрэгтэй байгаа юм.

Ер нь хичнээн “Гэр цэцэрлэг” байвал хангалттай гэж үзэх юм бэ? Судалгаа хийж , төлөвлөсөн ажил бий юу?

Тэгэлгүй яахав. Нийт 300 гаруй сум,  200 гаруй хороо байна. Дээрээс нь нийслэлтэй нийлээд эхний ээлжинд  500 гаруй “Гэр цэцэрлэг”  байгуулчих юмсан гэсэн бодол бий.  Ингэхдээ тухайн сум, баг дээр байгаа алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоотой хамтран зохион байгуулах хэрэгтэй. Яг хэрхэн яаж хамтран ажиллах тухай болоод бусад судалгааг гаргасан байгаа.

1000 ээжийн чуулганаар нийгэмд, тэр дундаа эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан чухал асуудлыг хөнддөг сайн талтай. Ер нь өмнө ярилцсан асуудлуудын үр дүнд хэр байдаг бэ? Өөрөөр хэлбэл тухайн үед ярьсан асуудлыг шийдвэрлэж чадаж байна уу?

 Ээжүүдийн одонгийн болзолыг харж үзэх, 4,6  хүүхэдтэй ээжүүдийг одон авах боломжтой болгох асуудлыг манай чуулганд оролцсон ээжүүд анх хөндөж байсан. Энэ асуудал нааштайгаар шийдэгдсэн.  Ер нь бол залуу ээжүүдийгээ дэмжих, туслах олон асуудлыг хөндөж байсан. Эхнээсээ үр дүнд хүрч, шийдэгдээд явж байгаа. Цаашид бидний анхаарах хамгийн чухал асуудал бол Монголын бүх хүүхэд цэцэрлэгт явах хэрэгтэй байна. Цэцэрлэгт явахын ач тусыг алдарт эхийн одонтой ээжүүдтэйгээ уулзаж ярилцлаа. “Гэр цэцэрлэг” байгуулах хэрэгцээ шаардлага байгааг алдарт эхийн одонтой 20 гаруй мянган ээж нэгэн дуугаар хэлж байна. Одоо ээжүүддээ даатгаад “Гэр цэцэрлэг” олноор байгуулчихвал олон ээж баярлана гэдгийг хэлэх байна.

“Гэр цэцэрлэг” байгуулахад төсөв мөнгө чамгүй хэрэгтэй болно байх. Ер нь хэрэгцээтэй байгаа зүйлс юу байна?

Хөрөнгө мөнгө мэдээж хэрэгтэй. Дээр нь газрын асуудал чухал. Газрыг нь шийдээд, бага хүүтэй зээл гаргаад өгчихвөл ээжүүд дор нь зохион байгуулчихна.

Ер нь хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй гээд үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн байдаг. Тэгсэн хэрнээ манай улсад боломжтой айлын хүүхэд л цэцэрлэгт хамрагдаж байна гэхэд хилсдэхгүй. Гадаадын улс орон энэ асуудлаа хэрхэн яаж шийдсэн байдаг юм бол?

Маш чухал асуулт. Үнэхээр хүүхэд бүрээ цэцэрлэгт хамруулах шаардлагатай байна. Хятад улсын хувьд цэцэрлэг барина гэнгүүт шууд барих төсөв мөнгийг нь шийдээд , бэлэн гаргаад өгчихдөггүй юм билээ. Гол нь хийх гэж байгаа бизнесээр нь,  тухайлбал цэцэрлэгийн барилгыг нь барьцаалаад зээлийг бага багаар нь шийддэг. Эхлээд суурийг босгох 30 сая төгрөг, дараа нь хана барих 30 сая, эцэст дээврийн 50 сая ч гэх маягаар шийддэг юм билээ. Харин дараа нь банк тэр барилгыг байнга хяналтандаа байлгадаг. Ийм маягаар л зээл авагч , зээлдэгч хоёр хоёулаа нийлж байгаад тэр цэцэрлэгийн барилгыг босгоод авдаг.  Ингэж шийдэж яагаад болохгүй гэж.

Сайхан санаа байна шүү. Манай улс ч ийм маягаар цэцэрлэг, сургуулийнхаа байрны асуудлыг шийдээд, хүүхэд бүрээ тэгш эрхтэй байлгаж болмоор л санагдаж байна.

Тал талаасаа эрвийх дэрвийхээрээ санаачлагатай байвал таны, миний, бидний хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой. Дээр нь тав тухтай орчинд хүмүүжих болно.  Мөн ээжүүд гэртээ уйтгарлаад суух биш тодорхой хэмжээний орлогтой байх боломж нээгдэж байна. 500 цэцэрлэг байгуулчихвал 5000 гаруй ажлын байр бий болно гэсэн судалгаа ч гарсан. Доод тал нь 25000 хүүхэд цэцэрлэгтэй болно.

Энэ жилийн 1000 ээжийн чуулганд та бүхний Герман түнш хамтарч оролцоно гэж дууллаа. Энэ хүн ямар хүсэл, зорилготой дээрх арга хэмээнд оролцох гэж байгаа юм бол?

Герман буюу Европын холбоог төлөөлж байна гэж ойлгож болно. Бидэнтэй 20 жил бизнесийн түнш хийж байна. Европдоо маш их алдартай , бас тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн эмэгтэй бизнесмэнийг урьсан. Өөрөө ч дуртай хүлээж авсан. Тэр эмэгтэй  Герман хүн. Гурван  хүүхэдтэй. Герман улсад 3 хүүхэдтэй байна гэдэг бол том тоо.  Тэгээд хүүхэд өсгөхийн зовлон жаргалыг мэднэ.  Дээр нь Монгол эмэгтэйчүүдтэй нийлж маш сайхан бизнес хийж амжилтанд хүрсэн. Цаашид манай улсад  хөрөнгө оруулах гээд бэлдээд байж байгаа. Монголд нэг ч гэсэн цэцэрлэг бариад өгчих юмсан гэсэн халуун сэтгэл өвөртлөөд ирж байгаа учраас надад ч сайхан санагдаж байгаа юм. Дээр нь манай арга хэмжээнд оролцоё гээд Японоос, Өвөрмонголоос ,Тува, Халимагаас хүмүүс ярьж байна. Энэ байдлаас харахад манай арга хэмжээ олон улсад ч танигджээ.  Зарим нь бидэнд тусалъя гэж байгаа бол, нөгөө хэсэг нь бидний олон хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн туршлагаас хуваалцъя гэж байна. Япончууд Асашорюү  аваргыг ямар хоол хүнс идэж өссөн юм бол гэж гайхдаг гэж байгаа. Ер нь Монгол ээжүүдийг хүүхдээ хэрхэн өсгөдгийг харж, судлах дуртай байдаг юм билээ.

Та бол төр түшилцэж явсан эмэгтэй. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн , нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг олж хардаг байх. Цаашид нэг тийм юм хийхсэн гэсэн хүсэл тэмүүлэл хэр байдаг бол?

Улс төрд орохоосоо өмнө өөрийн бизнес, амьдралаа л боддог байсан. Харин улс төрд ороод Монголын иргэдийн төлөө , эмэгтэйчүүдийн төлөө, улс орныхоо төлөө санаа зовдог болсон гэж боддог.  Нийгмийн сэтгэл зүйг эерэг болгох, сайн сайхныг олж хардаг болгох тал дээр сайн ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Энд дөрөв дахь засаглалынхан гэдэг та бүхний оролцоо маш чухал. Ер нь далд ухамсар, эерэг энерги гэж бий. Монголын иргэд бүгдээрээ  эерэг хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж би хүсдэг. Төр нь ч ийм сайхан байх боломжийг хангаасай гэж хүсч байна. Төр иргэдээ сонч, тэдэнтэйгээ ойр байх тусам улс орон хөгжинө. Ийм боломж ч байгаа шүү дээ. Ер нь бол Монгол хүн бүр  сайн сайханд хүрэхийн төлөө , хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилготой байгаасай гэж боддог.

Эмэгтэйчүүд сайн сайхан явж, өсч дэвжих тоолонд хар бараан яриа давхар явж байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүний ард хэн нэгэн байна, татаастай, тэрэнтэй, энэнтэй явдаг гэх яриа. Үнэн чанартаа  олонх ээжүүд, эхнэрүүд Монголын гэр бүлийн амьдралын хүнд ачааг үүрч байдаг. Та ийм ярианд хэр эмзэглэдэг бол? Надад бол их таагүй санагддаг.

Өөрийнхөө хүч чадлаар гарч ирсэн хүүхнүүд олон байна. Сайны хажуугаар саар яриа байгаад байх шиг байна. Амьдралд стресс, бухимдал, хар цагаан юм сүлэлдэн байдаг. Цагаан нь илүү давамгай байгаасай гэж боддог. Хүн бүр бие биенийхээ сайхныг  олж харах мэдрэмжтэй  байгаасай гэж хүсдэг.  Надад ч, чамд ч дутагдал бий. Хүний дутагдлыг биш , сайн сайхан чанарыг нь олж харах мэлмийтэй байна гэдэг л гоё шүү дээ.

Эмэгтэйчүүдийн баяр буюу эрхийн өдөр болох гэж байна. Та Монголын нийт эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх бэ?

Бүгдэд нь сайн сайхныг хүсье.Өөрөө өөртөө, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарна гэдэг аз жаргал юм шүү. Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр будаа тогтохтой адил том хувь заяа. Нэгэнтээ та хүн болж төрсөн бол тэр тусмаа Монгол хүн болж төрсөн бол тэрэндээ сэтгэл хангалуун байгаарай. Бид нарын өнөөдрийн амьдарч байгаа амьдрал өчигдөрөөс илүү байгаа. Маргаашийн амьдрал өнөөдрөөс илүү сайхан болно гэж бодох хэрэгтэй.  Ирээдүйдээ итгэлтэй жаргалтай сайхан амьдралыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Ж.Батхишиг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.