Б.Батгэрэл: Г.Дэлгэрмааг уучлалт гуйна гэж найдаж байна

2014/04/02
Share |
Хүмүүс:
Б.Батгэрэл: Г.Дэлгэрмааг уучлалт гуйна гэж найдаж байна

Нэгэн үе Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Мах импэкс”-ийн хиамнаас цэнхэр бэх шиг бодис гарсан хэмээн өөрийн цахим хуудаснаа тарааж, улмаар зарим мэдээллийн сайтууд үүнийг өөр өөрийн өнцгөөс тайлбарласан билээ. Тиймээс “Мах импэкс”-ээс хэвлэлийнхэнд хандаж тайлбар хүртэл хийж байсан бол энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Эцэслэн шийдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батгэрэлээс тодрууллаа.

-Нэгэн үе танай үйлдвэрлэсэн хиамнаас цэнхэр бэх гарлаа хэмээн шуугиж, та нар хариу тайлбар хийж байсан. Чухам яг ямар үйл явдал болсон талаар албаны хүний үгийг сонсох нь зүйн хэрэг гэж бодлоо?

-Тухайн үед Г.Дэлгэрмаа гэгч иргэн манай бүтээгдэхүүнийг худалдаж аваад цэнхэр бэх ч юм уу ямар нэгэн бодис гарлаа хэмээн өөрийн цахим хуудсаар худлаа мэдээлэл тарааж, улмаар зарим сайтууд үүнийг нийтэд дэлгэсэн. Манай үйлдвэрлэлийн орчинд тийм цэнхэр өнгийн зүйл хиаманд орчих ямар ч нөхцөл үгүй. Тийм технологи байхгүй л дээ. Үнэнийг хэлэхэд чухам юу байсан гэдгийг бидэнд тайлбарлаж хэлэх ч боломж олгоогүй.

-Бэх үү, гаднын нөлөө юу гээд чухам юу байсныг нь мэдэх боломж олгоогүй гэж үү?

-Бид Г.Дэлгэрмаад хандаж, та манай бүтээгдэхүүний дээжийг аваад ир. Бид шинжлүүлээд чухам ямар учраас ийм зүйл болсныг магадлах хэрэгтэй гэтэл тэр дээж авчирч өгөөгүй. Өөрөөр хэлбэл цахимаар тарааж байсан тэр хиам шүү дээ. Үнэхээр тийм зүйл байгаа бол бидэнд эхлээд ханд. Тэгэхдээ тэр бүтээгдэхүүнээ авирч үзүүл гэсэн шаардлага тавьсан ч тэрээр авчирч өгөөгүй.

-Энэ нь танай бизнесийн нэр хүндэд халдсан хэрэг үү, эсвэл ямар нэгэн шантааж байсан ч байж болох юм. Би Г.Дэлгэрмаа гэгчийг танайхаас мөнгө нэхэмжилж шантаажилсан тухай мэдээллийг хөндлөнгийн эх сурвалжаас сонсч байсан л даа?

-Манай удирдлагууд болон бусад алба хаагчдаас мөнгө төгрөг нэхсэн тохиолдол байхгүй л дээ. Гэхдээ энэ нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байсан үгүй эсэхийг мэдэх юм алга. Магадгүй, бизнесийн нэр хүндэд халдах, мөнгө төгрөг нэхэмжлэх гээд нийгэмд ийм асуудал үүсч байдаг учраас хардаж болох юм.

-Мэдээжийн хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай бүтээгдэхүүний тухай таагүй мэдээлэл цацагдаад байхаар борлуулалтаас эхлээд олон зүйлд нөлөөлсөн байх. Танай байгууллагын хувьд ямар хохирол амсав?

-Тухайн үед буюу 2013 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд борлуултаас 15 сая төгрөгийн хохирол амссан. Бид энэ тухай мэдээлэлдээ дурдсан даруй Г.Дэлгэрмаа ахин цахим хуудаснаа “Мах импекс”-ийн хиамыг худалдан авч идэж болохгүй шүү. Тэгвэл жирийн нэг худалдан авагч иргэнээс 15 сая төгрөг нэхэмжилж байна” хэмээн зарласан. Мөн зарласан даруй нэр бүхий мэдээллийн хэрэгсэлүүд нийтэд дэлгэсэн. Тухайн үед манай байгууллага Г.Дэлгэрмаа болон мэдээллийн хэрэгслийг бизнесийн нэр хүндэд халдсан тухайд Баянгол дүүргийн шүүхэд хандсан юм. Энэ нэхэмжлэлийн хугацаа дуусаагүй хэлэлцэж байхад ийн элдэв мэдээлэл тараах нь хуулиар хориотой юм билээ.  

-Тэгэхээр Г.Дэлгэрмаа хуулийн энэ хугацааг мэдэж байх учиртай. Гэтэл мэдсээр байгаад ахин ийн дайрсан нь цаанаа ямар нэгэн зорилго байсан юм биш үү?

-Бидэнд одоогоор мэдсэн юм алга. Уулзаж учирч мөнгө төгрөг нэхсэн юм алга. Гэхдээ болгоомжлоход илүүдэхгүй. Уг нь манай байгууллага Г.Дэлгэрмааг шүүхэд өгөөд элдэв шийтгэл, мөнгөн торгууль нэхэмжлээгүй. Тухайн үед мэдээлэл тараасан өөрийн хувийн цахим хуудсаар болон мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг л хүссэн. Энэ уучлалтыг тав хоногийн дотор гуйх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Мэдээллийн хэрэгслүүдийн хувьд бол уучлалт гуйсан. Харин Г.Дэлгэрмаа одоо болтол уучлалт гуйгаагүй л байна.

-Тэгэхээр Г.Дэлгэрмаа танай байгууллагын шүүхэд хандсан хүсэлт, шүүхийн шийдвэрийг одоо болтол биелүүлээгүй юм байна. Ахин шүүхэд хандах уу?

-Г.Дэлгэрмааг уучлалт гуйна гэж найдаж байна.

Ч.Дорж

Эх Сурвалж GoodNews.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.