Г.Дэлгэрмаа: Би хүний гэр бүл үймүүлж явах хүн биш/ ЯРИЛЦЛАГА/

2014/04/10
Share |
Хүмүүс:
Г.Дэлгэрмаа: Би хүний гэр бүл үймүүлж явах хүн биш/ ЯРИЛЦЛАГА/

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Мон-Эрдэнэ” группийн дэд ерөнхийлөгч П.Энхмөнхтэй холбоотой хэрэг нэлээд дуулиан тарьж байгаа. Бид энэ хэргийн хохирогч гэх Г.Дэлгэрмаатай уулзаж ярилцлаа.

-Таны талаар таагүй мэдээлэл хөвөрч байна. Сэтгэл тавгүйтэл, айдсаасаа ангижрах амаргүй байгаа болов уу?

-Тийм ээ, хүн өөрөөс нь огт хамааралгүй гэнэтийн аймшигтай хэргийн золиос болохоороо маш гүн “шок”-нд ордог юм байна. Эхэн үедээ маш их айдастай байдаг байсан. Харин цагдаад мэдэгдсэний дараа хэсэг тайвширсан ч өөрт тохиолдсон бусармаг зүйлд итгэж ядаж, нэр төрөө бодохдоо аль болох хүмүүс буруугаар, муугаар бодох вий гэх айдаст автдаг юм билээ. Хүмүүс мэдчих вий гэж бодохоос л өөртөө гутарч, өөрт тохиолдсон аймшигт хэргийг хүлээн зөвшөөрч чадамгүй санагдаж, тэр талаар нэг үг олж сонсох, хүчин гэдэг үгийг сонсохоор уур уцаар, гомдол хорсол буцалж байсан. Эсрэг талын хүмүүсээс ирэх аймшгийн дайралтууд, нийгэм тэр аяараа захиалгатай худал мэдээлэлд автаж байхад маш хүнд байсан.

-Одоо нэг үеэ бодвол таны сэтгэл санаа арай гайгүй болсон байх?

-Би гэр бүлтэй, тогтсон амьдралтай, мэдлэг боловсролтой хүн. Тиймээс хүмүүсээс ирэх янз бүрийн хандлагыг ялгаж салгаж ойлгоно л доо. Зайлшгүй учирсан нөхцөл байдлыг бодолцоно. Би өөрөө сэтгэлийн маш их тэнхээтэй байж л энэ хэргийн ард гарч, үнэн ялдаг юм шүү гэдгийг олон нийтэд харуулна. Мөн нэр төрөө сэргээнэ.

-Энэ хэрэг таны амьдралд шууд нөлөөлж гэр бүлийнхээ хүнээс салсан гэж бичсэн байна?

-Миний хань шиг ухаантай эрчүүд Монголд олон байгаа гэж бодож байна. Гайхалтай ухаантай аав хүн. Энэ хэрэг бидний амьдралд маш том шалгуур болсон. Найман жилийн хамтын амьдралын үнэ цэнийг мэдрүүлсэн. Бидний амьдралд шууд нөлөөлөөд салж сарних дээрээ тулсан юм байхгүй ч бидний гэр бүлийг гутаасан энэ үйлдлийг хэзээ ч зүгээр орхихгүй.

-Танд тохиолдсон хэргээс болж хоёр хүүхэд тань гадаадад амьдарч байгаа гэсэн үү?

-Тийм ээ, санаанд багтамгүй хэргээс болж хүүхдүүдээ гадаад руу явуулсан байгаа. Хоёр хүүхдээ маш их санаж байна. Би их олон ахтай. Гүйцэтгэх албанд ажилладаг ах нар минь мэргэжлийн үүднээс зөвлөсний дагуу гэрээ нүүлгэсэн.

-Хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой хэрэг яагаад олон нийтэд тарчихсан юм бэ. Хүмүүс таныг өөрөө тараасан гэж ярих юм?

-Миний найз гэж явсан бүсгүй Индра олон нийтэд зарласан. Дараа нь “Соронз” сэтгүүлийн хоёрдугаар сарын 14-ний дугаарт нэр, зураг, гэр бүл гээд бүх мэдээллийг нийтэд зарласан байсан. Ийм зүйл болсны дараа ч би хэсэг хугацаанд тэвчсэн. Гэтэл Индрагийн зүгээс ирэх хандлага даамжирч, намайг эрүүгийн ялтан мэт олон нийтэд зарласан. Тиймээс би тодорхой мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөн дээр үндэслэн нэр төрөө хамгаалах арга хэмжээ авсан. Хэргийг сэргээх биш зөвхөн хамгаалах арга хэмжээ шүү.

-Мэдээж энэ хэрэг олон нийтэд тарсны дараа хүмүүсийн хандах хандлага илт өөрчлөгдсөн үү?

-Тэгсэн, бүгд намайг гайхаж эхэлсэн. Намайг сайн мэдэх дотны найз нөхөд л надад итгэсэн хэвээр байсан болохоос бусад бүх хүнд эргэлзээ үүссэн байсан. Нийгмийн буруу ташаа мэдээлэл, хэвлэл мэдээллийн байгууллага мөнгөний төлөөх үйлдэл маш гашуун хор уршигтай гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Уг нь надаас eagle.mn анх ярилцлага авч гаргаж байсан. Гэтэл Индра очиж хаалгасан байсан. Миний үнэнийг илчилсэн мэдээ ердөө ганцхан цаг л тавигдаад устгагдсан. Мөнгөөр бусдын эрх чөлөөг хааж боодгийн тод жишээ ийм л байна.

-Уг нь та хоёр чинь сайн найзууд гэсэн биз дээ?

-Тийм, найзууд байлгүй яахав дээ. Харин Royal HD телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг ердөө хоёрхон удаа гуйж хамт зургаа авахуулсан хүн гэж зарлаад байгаад гайхаж байна. 

-Таныг гэр бүл үймүүлж мөнгө нэхдэг гэж бичсэн байсан?

-Би хүний гэр бүл үймүүлж явах хүн биш ээ. Хүн хүнээс өө хайж ядахдаа өөр шигээ дүгнэж, гүтгэн доромжилж байгаа юм. Надаар гэр бүлээ үймүүлсэн гэх хүн байвал гарч ирээд тэр бүхнээ яриач гэмээр байна. Тэр бол 100 хувь Индрагийн худал гүтгэлэг. Нэгэнт хэрэг ийм болчихсон учир надад Индраг өмгөөлөх хүсэл алга. Би өөрийнх нь тухай харин ч бусдын мэдэхгүй олон баримтыг дэлгэж чадна шүү.

-П.Энхмөнхийн зүгээс ямар нэгэн дарамт, шахалт ирдэг үү. Хэрэг болсноос хойш ахиж уулзсан уу?

-Энэ асуудал мөрдөн байцаалтын ажиллагааны нууцад хамаарах болохоор ямар нэг зйл хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад П.Энхмөнхтэй таарсан. Над руу толгой сэгсэрч “Чи намайг барах уу” гэсэн доромжилсон өнгө аястай харцаар харсан. Хэрэг болсны дараа утсаар болон интернетээр заналхийлж байсан.

-Хамгийн анх П.Энхмөнхтэй яаж яваад холбогдчихсон юм бэ. Таныг өөрөө өдсөн гэх юм?

-Би хүнд худлаа ярьж, хуурч мэхэлж чадахгүй хүн. Нүгэл хийвэл хариу ирдгийг бэлхнээ харж байна. Тиймээс наад хүмүүсийнхээ хэлсэн ярьсныг миний саяын явуулсан баримтаас уншаад ойлгосон байх. Захиалгат мэдээ л бол худал гэсэн үг. Фэйсбүүкээр холбогдож бизнес зарын дагуу ирж уулзсан. Фэйсбүүкээр юу ярьсан гээд бүх зүйл хэргийн материалд тодорхой байгаа. Надад өдөж хоргоосон зүйл огт байхгүй. Намайг өөлж ядахдаа өөрөө өдсөн гэсэн авцалдаагүй логиктой юм бичиж байгаа юм. Ер нь бүх хүчингийн хэрэг эцэстээ ийм л гүтгэлэг хэрэглэдэг гэж сонссон.

М.АМАРЖАРГАЛ

medee.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.