Онгоцны ослоор сураггүй болсон охин мессеж бичжээ. Ээж ээ, би танд хайртай

2014/04/17
Share |
Хүмүүс:
Онгоцны ослоор сураггүй болсон охин мессеж бичжээ. Ээж ээ, би танд хайртай

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө /IV.16/ 08:58 цагт осолдож, живсэн билээ. Гатлага онгоцонд 475 хүн зорчиж явсан бөгөөд үүнээс 179 хүнийг олж авраад байгаа юм. Өмнөд Солонгосын албаныхны өнөөдөр /IV.17/ мэдээлснээр ослоор есөн хүн нас барсныг тогтоогоод байгаа бол 287 хүн ор сураггүй хэвээр байна. Амь үрэгдсэн хохирогчдын тав нь 17 настай, ахлах сургуулийн сурагчид байжээ.

Одоогоор Өмнөд Солонгосын албаныхан ослын шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа боловч гэрчүүдийн мэдээлснээр гатлага онгоц хад мөргөснөөс живж осолдсон бололтой. Аврах багийн түрүүч ослын газарт 09:30 цагт хүрэлцэн очсон бөгөөд хөлөг хоёр цаг 20 минутын дотор далайд бүрэн живсэн байна.

Гатлага онгоц живж эхлэх үед зорчигчид аврах хантааз өмссөн, өмсөөгүй бүгд далай руу үсэрч байжээ. Энэ үеэр зарим сурагчид ар гэрийнхэндээ хандаж сүүлийнх байж болох сэтгэлийн үгсээ хэлж байсан гэх сэтгэл өвтгөсөн мэдээллүүд цацагдаж эхэллээ. Гатлага онгоцонд суух дургүй учраас ахлах сургуулийнхаа аялалд явахыг хүсээгүй Пак Жи-Ён гэх сурагч өөрийг нь өсгөсөн 74 настай эмээдээ онгоц живж буйг утсаар ярьж дуулгажээ. Пак Жи-Ён “Эмээ, би үхэх юм шиг байна. Гатлага онгоц живж байна. Би хөлгийн хашлаганаас барьж байгаа боловч амьд үлдэхээ мэдэхгүй байна” хэмээн хэлж дуусгаад утас нь холбогдохоо больжээ. Түүнчлэн өөр нэг сурагч “Ээж ээ, надад үүнийг хэлэх боломж дахиж олдохгүй байж магадгүй. Би таньдаа хайртай” гэсэн мессеж явуулсан аж. Гатлага онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 375 сурагч, 14 багш, ажилтан зорчиж явсан гэнэ. Зорчигчдын ар гэрийнхэн гатлага онгоц осолдсон далайн хэсэгтэй хамгийн ойр орших Өмнө Чолла мужийн Жиндо арлын Пэнмок боомтод цуглаад байна.

Ослын газарт өнөөдөр өглөө /IV.17/ 06:00 цагт нийт 171 хөлөг онгоц, завь, 29 нисдэг тэрэгтэйгээр ажиллан, авран хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Гэвч цаг агаар муудсанаас болж үзэгдэх орчин муу байгаа нь хохирогчдыг аврах, хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ. Албаныхны зүгээс сураггүй болсон зорчигчид гатлага онгоцтой хамт далайд живсэн гэж үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн цэргийн долдугаар флотоос Өмнөд Солонгосын гатлага онгоцны зорчигчдыг аврах ажиллагаанд нисдэг тэрэг, хөлөг онгоцоо илгээсэн байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Korea Times












Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.